Дорноговь аймагт сургалт зохион байгуулав /2010.10.08/

A- A A+
Дорноговь аймагт сургалт зохион байгуулав /2010.10.08/
“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээр ахлуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байгаа талаар өмнө мэдээлсэн.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах 0108 дугаар анги, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх асуудлаар энэ сарын 7-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагуудын удирдлага, ажилтнуудад “Авлигын хор хөнөөл”, “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнийг удирдах нь”, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг үнэн зөв бүрдүүлэх арга зүй” сэдвүүдээр нийт 300 гаруй төрийн албан хаагчид сургалт зохион байгуулсан байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан томоохон хэмжээний “Төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал” сэдэвт өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газар сумын төрийн байгууллагуудтай хамтран иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох гомдол, санал, мэдээлэл хүлээн авах, бүртгэл, боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ иргэдэд зориулсан сурталчилгаа явуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Нээлттэй хэлэлцүүлэгт авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлагыг багасгах, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, импортын хүнсний аюулгүй байдлыг хангах, нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог бүрдүүлэх зэрэг чиглэлээр тус сумын төрийн байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, оролцох юм.