Авлигатай тэмцэх газар газар дээрэмдээгүй /2011.03.24/

A- A A+
Авлигатай тэмцэх газар газар дээрэмдээгүй /2011.03.24/
Авлигатай тэмцэх газрын үүдэнд өнөөдөр “Авлигатай тэмцэх газар дээрмийн үйл ажиллагаагаа зогсоо”, “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн уриа зоозон барьж хэсэг иргэд ирсэн. “Сэргэлт” сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс “Дээрмийн үйл ажиллагаа явуулах гэж буйгаа түргэн зогсоо” гэсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдэж ирсэн тус Сууц өмчлөгдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Чойндон, болон удирдах зөвлөлийн гишүүдтэй Авлигатай тэмцэх газрын ажилтнууд уулзлаа.

Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга болон гишүүдэд Авлигатай тэмцэх газрын ажилтнууд” Авлигатай тэмцэх газар албан хаагчдын орон сууц барих газар эзэмших хүсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар Авлигатай тэмцэх газарт газар эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байгаа. Одоогоор барилга орон сууц барихад холбогдох газруудаас авдаг зөвшөөрөл, техникийн нөхцөл, зураг, төсөв зэрэг үйл ажиллагааг судлах түвшинд л байна. Газар ухаж, шав тавьж, барилга бариагүй. Орон сууц барихын тулд Авлигатай тэмцэх газар дээрэм хийж байгаа зүйл огт байхгүй. Бидний зүгээс Сууц өмчлөгчдийн холбооны холбогдох хүмүүс, иргэдтэй өмнө нь уулзаж, энэ талаар хэлж байсан” гэж тайлбарлалаа.

Хот төлөвлөлтийн нормд тухайлбал, 75 ортой эмнэлэг, 60 хүүхдийн цэцэрлэг, сургууль, 100 айлын орон сууц барихад энэ барилгуудад таарсан, үйлчлэх хүрээний стандартад нийцсэн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг нэмэгдэл талбайг тухайн барилгын бүрэлдэхүүнд оруулж эзэмшүүлэхээр тусгасан байдаг аж. Гэвч ийм нэмэлт талбайгүй, зөвхөн барилга барих талбайг иргэд, байгууллагуудад эзэмшүүлдгээс үүдэлтэйгээр газрын маргаан үүсдэг байна. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр болох 9, 10 дугаар байранд мөн ийм нэмэлт талбай байхгүй, эрх бүхий байгууллага олгоогүй байна. Энэ байдал “Сэргэлт” сууц өмчлөгчдийн холбоо болон тус байрны зарим оршин суугчдыг Авлигатай тэмцэх газар газар дээрэмдэж байгаа гэж үзэхэд хүргээд буй юм. Авлигатай тэмцэх газар албан хаагчдын орон сууц барих газар эзэмшиж, гэрчилгээ авахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно.