Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.07-11/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.07-11/
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-аас авлигатай тэмцэх сүлжээ байгуулахаар болов.

ANTARA. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд авлига саад учруулж байна гэж үзлээ.
Авлига нь олон нийтийн болон хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, цэвэр зах зээлийн өрсөлдөөнд хохирол учруулж, хэрэглэгчийн аюулгүй байдалд нөлөөлж, бизнес эрхлэх, олон нийтэд үйлчилгээ хүргэх болон дэд бүтцийн төслүүдийн зардлыг нэмэгдүүлж байгаа юм.
Тиймээс, тогтвортой, бодит өсөлтийг бий болгох зорилгоор APEC-ийн гишүүн орнууд авлига, хээл хахууль, мөнгө угаах, хууль бус худалдааг устгах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
2013 оны 10 дугаар сарын 7-8-ны өдөр Индонез Улсын Балид болсон APEC-ийн гишүүн орнуудын 21 дэх дээд хэмжээний уулзалтаар, APEC-ийн гишүүн орны тэргүүлэгчид авлигын асуудлыг хөндсөн “Балигийн тунхаг” баримт бичгийг батлав.
Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд албан болон албан бус байдлаар улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тухай бүсийн Авлигатай тэмцэх байгууллагууд болон Хууль сахиулах байгууллагуудын сүлжээг (ACT-NET) байгуулахаар болжээ.
ACT-NET-ийг байгуулснаар авлига, хээл хахууль, мөнгө угаах, хууль бус худалдаатай тэмцэхэд гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагуудын дундах хамтын ажиллагаа бэхжинэ гэж талууд үзэж байгаа юм.
Индонез Улс нь APEC-ийн гишүүн орнуудын Авлигатай тэмцэх, ил тод байдлын бүлгийг 2013 оноос тэргүүлэх болсон бөгөөд Индонез Улс ACT-NET сүлжээг байгуулах санаачилгыг анх гаргасан юм.
ACT-NET-ийг байгуулахыг Индонез, Хятад, АНУ, Тайван зэрэг APEC-ийн гишүүн орнууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
1989 онд байгуулагдсан APEC нь Ази-Номхон далайн бүс дэх эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг дэмжих зорилго бүхий эдийн засгийн хамтын ажиллагааны форум юм.
APEC-ийн гишүүн орнуудад 2,7 тэрбум хэрэглэгч, дэлхийн эдийн засгийн нийт эргэлтийн 56 хувь оногддог юм.
Эх сурвалж: http://www.antara.co.id/en/news/91082/apec-establishes-network-to-fight-corruption

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгой компанийн үйл ажиллагаанд хяналт тавихыг АТГ-аас хүслээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2013 оны 10 дугаар сарын 3-нд, Рио Тинтогоос ихээхэн хэмжээний мөнгө авсан байгууллага, компаниудад хяналт тавих албан хүсэлтийг АТГ-т гаргав.
Оюу толгой төслийн санхүүгийн тайланд түүний хийсэн судалгаагаар, төслийн нэлээдгүй хэсэг нь төрийн болон төрийн бус байгууллагуудад зарцуулагдсан бөгөөд эдгээрт төсөлд оролцогч бус байгууллага, компаниуд багтсан байгаа аж.
Рио Тинтогоос ихээхэн хэмжээний санхүүжилтийг авсан дээрх байгууллагуудын нэрсийг гишүүн С.Ганбаатар зарласан юм. Үүнд:
  • “Mongolian Arts Council” ТББ – 17’274’000’000 Төг
  • Хил хамгаалах ерөнхий газар – 129’207’904 төг
  • Монголын Уул уурхайн ассоциац – 89’434’400 төг
  • “ZIBRO Z” компани - 1’400’000’000 төг
  • “Их уст туул” ТББ-600’000 ам. доллар
С.Ганбаатар гишүүний үзэж байгаагаар эдгээр төрийн бус байгууллагуудаар дамжуулан Рио тинто зарим албан тушаалтанд хээл хахууль санал болгосон байж магадгүй аж. Тиймээс Оюу толгойн санхүүгийн тайланд цогц хяналт хийх, дээрх байгууллагууд ямар шалтгаанаар тэрхүү мөнгийг хүлээн авсан, авсан мөнгөө хэрхэн зарцуулсан зэргийг шалгуулах хүсэлтээ тэрээр АТГ-т тавьсан байна.
Эх сурваж: http://www.infomongolia.com/ct/ci/6813

НҮБ-ын Rebeca Grynspan /Under-Secretaries-General/: Засаглал, авлигын эсрэг асуудлыг анхааралдаа авах тохиромжтой үе

Rebeca Grynspan: “МХЗ-уудыг 13 жилийн өмнө баталж байсан ч засаглалтай холбоотой зорилго, зорилтууд МХЗ-уудад багтаагүй юм. Гэвч авлига, нөөцийн хувиарлалт, Засгийн газрын институцийн чадавх сул байдал зэрэг засаглалтай холбоотой асуудлууд байсаар байна.
2015 оноос цааших хугацаанд дэлхийн хөгжлийн хүрээний зорилтуудыг тодорхойлох “the MYWorld global survey” судалгаагаар 1 сая гаруй хүн “шударга, хариуцлагатай засаглал”-ыг хамгийн чухал асуудлуудын нэг хэмээн санал өгсөн байна.
Дэлхийн банкны судалгаагаар жил бүр 1 триллион ам. долларыг хээл хахуульд өгч байгаа бөгөөд энэхүү авлига нь улс орнуудын ДНБ-ий зардлыг 17 хувь хүртэл нэмэгдүүлж байгаа аж. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 76 хувь нь төрийн байгууллагын үйлчилгээг авахад авлига саад учруулж байна гэж үзсэн байна.
2015 оноос цааших хугацаанд хөгжлийн асуудлыг төлөвлөх энэ үеийг зөв ашигласнаар татвараас зугтах явдлыг төгсгөл болгох улмаар засгийн газрын төсөв, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй болгох, ойлгомжтой байдлыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм” гэж тэрээр хэлжээ.
Эх сурвалж: http://www.undp.org/content/undp/en/home/ourperspective/ourperspectivearticles/2013/09/30/the-time-is-right-to-place-governance-and-anti-corruption-at-center-stage-rebeca-grynspan.html

Жил бүр 300 гаруй төрийн албан хаагч хээл хахууль авч байна.

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газар мягмар гарагт Үндэсний Ассамблейд өргөн барьсан тайланд дурдсанаар сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр дунджаар 300 гаруй төрийн албан хаагч хээл хахууль авсан аж.
Үндэсний Ассамблейн аюулгүй байдал, төрийн захиргааны дэд хороонд танилцуулсан уг тайланд 2008 оноос өнгөрөгч оныг дуусталх хугацаанд нийт 1731 төрийн албан хаагч хээл хахууль авсан байгаа бөгөөд дунджаар нэг жилд 346 төрийн албан хаагч оногдож байгаа юм. Харин энэ онд, эхний 7 сарын байдлаар 109 төрийн албан хаагч хээл хахууль авсан аж.
Ангилан авч үзвэл, нутгийн захиргааны байгууллагын 1279 албан хаагч хээл хахууль авсан байгаа бол төрийн захиргааны төв байгууллагын 341 албан хаагч хээл хахууль авсныг нь тогтоосон байна.
Сөрөг хүчин болох Ардчилсан намын төлөөлөл Kim Hyun хэлэхдээ “төрийн албан хаагчид хээл хахууль авч байгааг хангалттай нотолж байна. Ялангуяа, орон нутагт хээл хахууль их авч байна. Тиймээс хууль бус үйлдэл гаргаж байгаа төрийн албан хаагчдад анхааруулах илүү үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна гэжээ.
Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2013/10/116_143622.html

Хятад Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хятад Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2006 оны 2 дугаар сарын 12 нэгдэж орсон цагаасаа хойш тус конвенцийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хороо, Хяналтын яамны албан ёсны вэбсайтад гаргасан мэдэгдлийг Хятадын Синхуа мэдээний агентлаг иш татан мэдээлснээр “НҮБ-ын авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Хатад улс амжилттай ажиллаж байгаа” аж.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2003 онд энэхүү конвенцийг баталсан юм.
Конвенцид заасны дагуу, Хятад улс авлигатай тэмцэх байгууллага буюу Хятадын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо (NBCP)-г байгуулсан, мөн мөнгө угаахын эсрэг хуулийг баталсан байгаа юм.
Эх сурвалж: http://www.bernama.com.my/bernama/v7/wn/newsworld.php?id=984060

Эцэг, эх “од” сургуулиудад хүүхдээ сургахын тулд 3000 ам. доллар төлөхөд бэлэн.
 

Хүүхэддээ хамгийн сайн боловсрол олгохыг хүссэн Вьетнамын эцэг эхүүд “од сургуулиудад” хүүхдээ сургахын тулд олон мянган долларын төлбөр төлөхөд бэлэн байна.
Трансперэнси интернэшнль байгууллагаас гаргасан Дэлхийн авлигын тайланд дурдсанаар Вьетнамын боловсролын салбар авлигатай байгааг онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд, чанартай боловсрол ихээр шаардагдах болсон нь Вьетнамын эцэг, эхүүдийн дунд нэр хүндтэй, алдартай сургууль, /тэдний нэрлэдгээр “од сургууль”-д хүүхдээ сургахын төлөө/ хүүхдээ сургахыг хүссэн эцэг, эх нэмэгдсэн байна.
Вьетнам гэр бүлийн 40 гаруй хувь нь өрхийн орлогынхоо 10 гаруй хувийг хүүхдийнхээ сургалтад зарцуулдаг болохыг сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгаагаар тогтоосон байна.
Уг судалгаанд онлайн хэлбэрээр 20000 иргэнийг хамруулан бөгөөд судалгаанд хамрагдсан эцэг эхийн 62 хувь нь өөрсдийн хүүхдүүдээ “од сургуулиудад” сургахын тулд хээл хахууль өгөх эсвэл хувийн харилцаатай өндөр албан тушаалтнуудыг давуу байдал болгон ашиглана гэж хариулсан байна.
Энэхүү судалгаагаар нэр хүндтэй сургуулиудад хүүхдээ сургахын тулд нийт 3000 ам. доллар, дунд түвшний сургуулиудад хүүхдээ сургахын тулд 300-800 ам долларыг хээл хахуульд төлөхөд бэлэн байгааг онцолсон байна.
Вьетнам Улсад сард 500 долларын орлоготой хүн “өндөр цалинтай”-д тооцогддог бөгөөд тус улсын нэг хүнд ногдох жилийн орлого нь 1700 ам. доллартай тэнцүү байдаг.
Энэхүү бага орлоготой эцэг эх сайн орчинд хүүхдээ сургахын тулд 1000 ам. доллар төлөх нь “боломжийн” гэж үзсэн байна.
Судалгаагаар эцэг эхийн 71 хувь нь сайн сургуульд хүүхдээс сургахын тулд мөнгө зарцуулах нь маш энгийн зүйл хэмээн хариулсан байна.
Боловсролын салбар дахь авлига түгээмэл зүйл болсон бөгөөд төрийн боловсролын үйлчилгээг хүртэх олон нийтийн боломжийг үгүй хийж байгаа юм. Зөвхөн сайн гэр бүлээс гаралтай хүүхдүүд л сайн боловсрол олж авах боломжтой байгаа нь ядуу гэр бүлийн хүүхдүүд боловсрол эзэмших бага боломжтой байгааг илэрхийлж байна.
Эх сурвалж: http://english.vietnamnet.vn/fms/education/86154/parents-willing-to-pay--3-000-for-a-seat-at--star--schools.html