Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.28-11.01/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.10.28-11.01/
Трансперэнси Интернэшнл (ТИ) авлигатай тэмцсэн 20 жилийн ойгоо 11 дүгээр сарын 8-нд тэмдэглэнэ.

ТИ байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд авлигын эсрэг дэлхий нийтийн тэмцэл, цаашдын хандлагын асуудлын талаар хэлэлцэх хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 8-нд Германы Берлин хотноо зохион байгуулна.
Авлигын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх арга замын талаар талууд санал бодлоо солилцох энэхүү хуралд иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг тус байгууллага урьж оролцуулах юм.
ТИ-ийн дарга Угетт Лабелль /Huguette Labelle/ болон ТИ-ийг үүсгэн байгуулагч Питер Эйген /Peter Eigen/ нар хурлыг нээсний дараа тогтвортой байдал, ядууралтай тэмцэх тэмцэл, ил тод байдлын ач холбогдол зэрэг олон сэдвийн хүрээг хамарсан хэд хэдэн дэд хурал болно.
Хурлын дараа, авлигын эсрэг тэмцсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг үнэлэн “Шударга ёсны шагнал”-ыг гардуулах арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: http://www.transparency.org/news/pressrelease/transparency_international_marks_20_years_of_fighting_corruption

Авлига болон бусад гэмт хэргийг мөрдөн шалгахад дэмжлэг үзүүлэх шинэ вэб хуудас нээгдэв.

Авлига болон бусад зохион байгуулалттай гэмт хэргийг мэдээлэх төсөл (OCCRP)-өөс хил дамнасан гэмт хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Investigative Dashboard” [http://www.investigativedashboard.org/] вэбсайтыг шинэчлэн гаргаад байна. Уг вэбсайт нь дэлхий дахинд гарч буй авлигын хэргийн талаар хүмүүс өөрт байгаа мэдээллээ дамжуулах эсвэл уг сайтын мэдээллийн сангаас хувь хүн, аж ахуйн нэгжийн талаарх сонирхсон мэдээллээ хайж олох боломжийг олгож байгаа юм.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын гишүүн Паул Раду /Paul Radu/, Дрю Салливан /Drew Sullivan/ болон бусад сайн дурынхны баг уг сайтыг хөтлөн явуулж байна.
Сайтыг хэрхэн ашиглах вэ?
Энэхүү сайтаас Панам, Швейцарь, Люксембург зэрэг улс орны албан ёсны мэдээллүүд болон үндэсний аж ахуйн нэгжийн бизнес регистрийн сангийн мэдээллээс хайлт хийх боломжтой юм. Мэдээллийн санд хараахан оруулаагүй байгаа зарим улс орнуудын хувьд хэрэглэгчид сайтын дотоод линкэд холбоотой байгаа 450 гаруй сайт, гадаад мэдээллийн сангаас хайлт хийх боломжтой бөгөөд хэрэглэгчид мөн ямар нэгэн компанийн захирал, хувьцаа эзэмшигч болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээллийг уг сайтад өөрсдөө байршуулах боломжтой юм. Дээрх дотоод линкэд холбоотой байгаа ихэнх сайтуудад бүртгүүлснээр үнэгүй мэдээлэл авах боломжтой болно.
Хэрвээ хувь хүн, аж ахуйн нэгжийн талаар хайлт хийгээд хүссэн мэдээлэл олохгүй байгаа бол “Ask for Expert Help” цонхоор сайтын багийнхнаас тусламж хүсч дэлгэрэнгүй мэдээлэл олж авч болох юм.
Сайтын багийнхнаас тусламж хүсэхийн тулд уг сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд хайж байгаа компани, хувь хүнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр сайтын багийнханд хайлт хийх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: http://www.icij.org/blog/2013/10/new-website-assist-crime-and-corruption-investigations

НҮБ-ын хурлаар Азийн улс орнуудын авлигын эсрэг стратегийн талаар зөвлөмж гаргав.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба Зүүн өмнөд Азийн улс орнуудыг авлигатай тэмцэх бие даасан стратеги боловсруулан хэрэгжүүлэхийг санал болгож байгаа юм. Энэ хүрээнд Малайзын Куала Лампур хотноо Авлигын эсрэг стратегийн Азийн бүсийн хурлыг 2013 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Малайзын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран зохион байгууллаа.
Хуралд оролцогч улс орнуудын авлигын эсрэг стратегийн хэрэгжилт, хяналтын механизм, туршлага, ололт амжилтын талаар хэлэлцэж "Авлигын эсрэг стратегийн Куала Лампурийн зөвлөмж”-ийг боловсруулсан байна. Уг зөвлөмжийг 2013 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Панамын нийслэл Панам хотод зохион байгуулагдах НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч улс орнуудын 5 дахь чуулганд танилцуулах ажээ.
Хуралд Азийн улс орнуудын авлигатай тэмцэх болон үндэсний төлөвлөгөөний байгууллага, хууль, шүүх, гүйцэтгэх засаглалын төлөөллүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк-Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн Авлигын эсрэг санаачилга, Трансперэнси интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Авлигын эсрэг бүсийн зөвлөх ноён Шервин Мажлесси /Shervin Majlessi/ хэлэхдээ “энэ хурлаар авлигын эсрэг стратегиа сайжруулах гэж буй болон шинээр стратегиа боловсруулах гэж буй улс орнуудад олон улсын болон мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэх зорилготой” гэжээ.
Авлигын эсрэг стратегийн Куала Лампурийн зөвлөмжөөс /хэсэгчлэн орчуулав/:
  • Улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд: Авлигын эсрэг стратеги боловсруулахдаа улс орнууд улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын байдлаа харгалзан үзэх;
  • Улс төрчдийн хувьд: Авлигын эсрэг сайн стратеги боловсруулах үйл ажиллагааг ерөнхийд нь чиглүүлэх, шаардлагатай нөөцийг ашиглах зэрэгт улс төрчдийн дэмжлэг, манлайлал зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийн нэг юм. 
  • Нээлттэй, ил тод байдал: Авлигын эсрэг стратеги боловсруулах үйл явцын эхлэх шатнаас л нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх;
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх: Авлигын эсрэг стратеги нь түүнийг боловсруулах, мөн түүнчлэн хэрэгжүүлэх, хяналт тавих шат бүрт байгууллагын хоорондын болон байгууллагын доторх хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. 
  • Ойлгомжтой, тодорхой байх: Стратеги нь тодорхой, оновчтой, ойлгомжтой байх ёстой. 
  • Бүтэц, загвар: Стратегийг боловсруулах эсвэл хэрэгжүүлэхэд зохимжтой нэгдсэн нэг агуулга, загвар байхгүй бөгөөд стратеги нь тодорхой хэрэгцээ шаардлага, тухай улсын чадавхи зэргээс хамаарна. 
  • Стратегийн дотоод загвар: Үндэсний авлигын эсрэг стратегид хяналт тавих, үнэлгээ хийх механизмыг тусгах. 
  • Суурь болон зорилтод түвшний шалгуур үзүүлэлт тодорхой байх: Суурь түвшин болон хэрэгжилтийн төлөв байдлыг тодорхой хэмжигдэхүйц, тухайн зорилтод түвшинд хүрсэн эсэхийг тодорхойлохуйц шалгуур үзүүлэлттэй байх.

Эх сурвалж: http://www.unodc.org/southeastasiaandpacific/en/2013/10/anti-corruption/story.html

Кенийн 2013 оны сонгуулийн саналын хуудас хэвлэхтэй холбоотой хээл хахуулийн хэрэгт Их Британийн компанийг буруутгав.

Британийн “Smith and Ouzman” компани Кени улсын 2013 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэх тендерт оролцон ялалт байгуулсан ч авлигын хэргээр шүүхэд дуудагдаад байгаа талаар “Business Daily”сонины баасан гарагийн дугаарт мэдээллээ.
Тус сонинд мэдээлснээр 2006 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарын хооронд Кени, Мавритан, Гана, Сомали улсуудад болсон тендерт ялалт байгуулахын тулд нийт £413,552 ($700,000) –ийг зарцуулсан хэрэгт “Smith and Ouzman” компанийг буруутгаад байгаа ажээ.
Их Британийн Онц хүнд луйврын хэрэгтэй тэмцэх газар (SFO) хээл хахууль өгсөн хэрэгт 4 хүнийг буруутган шалгаж байна.
Тус сонинд мэдээлэхдээ нээлттэй тендер явуулахад “цаг хугацаа хүрэлцээгүй” байсны улмаас “single-sourcing” буюу зөвхөн нэг компаниас санал авч /Smith and Ouzman компанитай 35 сая долларын/ гэрээ байгуулсан хэмээн Кенийн сонгуулийн хорооноос мэдэгдээд байгааг иш татсан байна.
Британийн өөр нэгэн компани худалдан авах ажиллагааны тухай хуулийг үндэслэн 2012 оны 11 дүгээр сард хийгдсэн уг гэрээг зогсоохыг шаардан Кенийн Дээд шүүхэд гомдол гаргаж байсан ч амжилт олоогүй юм.
Кени Улсын Сонгуулийн хорооны зүгээс тендертэй холбоотой авлигын хэрэгт холбогдож буй анхны тохиолдол биш юм.
Кенийн авлигатай тэмцэх байгууллагаас сонгуулийн үеэр эвдэрсэн санал тоолох машиныг худалдан авахдаа хууль бус худалдан авалт хийсэн хэрэгт Сонгуулийн хороог холбогдуулан өнгөрөгч 4 дүгээр сараас хойш шалгаж байгаа бөгөөд авлига болон улс төрийн нөлөөллийн улмаас Өмөнд Африкийн “Face Technologies” компанийн бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг илүүд үзсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.trust.org/item/20131025111959-bmepg

Хятадын авлигын эсрэг тэмцэгч идэвхтнүүд Цзянси /Jiangxi/ мужид шүүгдэж байна.

Авлигын эсрэг тэмцэж буй “Шинэ иргэдийн хөдөлгөөн”-д оролцогч Лю Пин /Liu Ping/, Вэй Жаунпинг /Wei Zhongping/, Ли Шихуа /Li Sihua/ нарын 3 иргэнийг шүүх хурал даваа гарагт Хятадын Jiangxi мужид эхэллээ.
Албан тушаалтнуудыг хөрөнгөө нээлттэй зарлахыг шаардан жагсаал, цуглаан хийснийх нь дараа буюу өнгөрсөн 4 дүгээр сард тэднийг саатуулсан бөгөөд эхлээд олон нийтийг үймүүлсэн хэрэгт буруутгаж байсан ч дараа нь хууль бусаар жагсаж, цугласан хэрэгт яллаж байна.
Лю Пинийн өмгөөлөгчдийн нэг Жанг Шиужаун /Zhang Xuezhong/ Ройтерс агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ “энэ хэргийг шүүн таслахтай холбоотой ноцтой асуудал бий болж байгаа. Шүүх хурлын үр дүнг сайнаар төсөөлөхгүй байна” гэжээ.
Уг шүүх хуралд оролцохыг хүссэн барууны хэд хэдэн дипломат ажилтнуудыг шүүхийн байранд орохыг хориглоод байгаа талаар AP агентлаг мэдээлээд байсан юм.
Засгийн газрын үйл ажиллагаанд ардчилсан, ил тод байдлыг нэмэгдүүлэхийг шаардсан “Шинэ иргэдийн хөдөлгөөн”-ий хэд хэдэн жагсагчдыг мөн саатуулаад байгаа юм. Тэдний тоонд, тус хөдөлгөөнийг санаачилагчдын нэг, хуульч Сюй Чиюн /Xu Zhiyong/-ийг 7 дугаар сард, нөлөө бүхий бизнесмен, хөдөлгөөнийг хүчтэй дэмжигчдийн нэг хэмээгдэж буй Ван Гонгкуан /Wang Gongquan/ нарыг 10 дугаар сарын эхээр мөн энэ хэрэгт буруутган саатуулаад байгаа юм.
Нэг жилийн өмнө Хятад Улсын Коммунист намын даргаар Си Жиньпин /Xi Jinping/-ийг томилогдоход хүмүүс “шинэ, залуу удирдагчийг тус улсад илүү ардчилсан, шүүмжлэлийг хүлээж авдаг байх өөрчлөлтийг авчирна” хэмээн үзэж байсан юм. Мөн Си Жиньпин уг албан тушаалд очихдоо авлигатай тууштай тэмцэхээ мэдэгдээд байсан ч уг шүүх хуралтай холбоотойгоор зарим хүмүүсийн итгэл буурахад хүрээд байгаа ажээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk/news/world-asia-china-24700026