Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.11-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.11-15/
Зүүн өмнөд Азийн Улс орнуудын Авлигын эсрэг бүлгийн уулзалт эхэллээ. Зүүн өмнөд Азийн Улс орнуудын Авлигын эсрэг бүлэг (SEA-PAC)-ийн 9 дэх удаагийн уулзалт Лаос Улсын Вьентьян хотод эхэллээ. Уг уулзалтаар зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааны сайн туршлагын талаар талууд мэдлэг, мэдээлэл солилцдог юм.
Энэ удаагийн уулзалтаар SEA-PAC-ийн бүлэгт Бирм Улс нэгдэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь тус бүлгийн гишүүн улсын тоог нэмэгдүүлж 10 болгож байна.
Энэхүү 2 өдрийн уулзалтад гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 200 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм.
Лаос Улсын Шадар сайд Асан Лаоли /Asang Laoly/ хэлэхдээ энэ уулзалт бол авлигатай тэмцэх сайн туршлага, сургамжаа хамтран хэлэлцэх боломжийг оролцогч улс орнуудад олгодог арга хэмжээ юм гэжээ. Түүний хэлснээр Лаосын Засгийн газар авлигатай тэмцэхэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд авлигатай тэмцэх зорилгоор олон тооны хууль, тогтоомжийг батлан гаргаад байгаа ажээ.
Шадар сайдын хэлснээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үйл ажиллагаанд Лаос Улс идэвхтэй оролцож байгаа ажээ. Тухайлбал, Хорват Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэхэд 2011 онд Монтенегро Улстай хамтран ажилласан бол өөрийн улсад хэрэгжиж буй байдлыг мөн 2012 онд Монгол, Люксэмбург улсуудаар үнэлүүлж байсан юм.
Бирм Улсын Тусгай мөрдөн байцаах товчооны дарга Аун Со Вин /Aung Saw Win/ өөрийн орны төлөөлөгчдийг тэргүүлэн ирсэн бөгөөд тэрээр хэлэхдээ Бирм Улсын өмнөөс харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах нь “маш их хүндэтгэлтэй, бахархалтай байлаа” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ

Тайландын Сенат улс төрийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг дэмжсэнгүй. 2008 онд болсон цэргийн ажиллагааны үеэр албан тушаалаа өгч, улмаар авлигын хэрэгт холбоотойгоор эх орноосоо дүрвэн гарсан Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинэватра /Thaksin Shinawatra/-д улс төрийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг тус улсын Сенат өнгөрсөн даваа гарагт дэмжсэнгүй. Ерөнхий сайд асан Таксин Шинэватра нь Дубай хотод амьдарч байгаа бөгөөд тэрээр одоогийн Ерөнхий сайд Инглак Шинэватра /Yingluck Shinawatra/-ийн төрсөн ах юм.
2004 оноос хойшхи хугацаанд улс төрийн үймээний үеэр гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэх тухай уг хуулийн төсөлд бүх 141 сенатор эсрэг санал өгсөн юм.
Уг хуулийн төсөл энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тус улсын доод танхимаас дэмжигдээд байсан юм.
Экс Ерөнхий сайдыг Тайланд Улсад ямар нэгэн гэм буруугүй болгож буцан ирэхийг нь зөвшөөрсөн хуулийн төслийг түүний хамтрагчид боловсруулсан хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм.
Тайландын нийслэл Бангкок хотод даваа гарагт уг хуулийн төслийг эсэргүүцэн 15000 орчим хүмүүс жагсаал хийсэн бол зарим сургуулиуд аюулгүй байдлын үүднээс ажиллаагүй байна. Мөн энэ үеэр 7000 орчим цагдаагийн ажилтнууд Сенатын ордны ойролцоо хамгаалалтад гарсан байна.
ЭХ СУРВАЛЖ

Авлигын төсөөллийн индексийг 12 дугаар сарын 3-нд зарлана. Трансперэнси Интернэшнл олон улсын байгууллага 19 дэх удаагийн Авлигын төсөөллийн индексийг 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Берлиний цагаар өглөөний 6 цагт зарлах ажээ.
Энэ жилийн индекс нь 177 улс/газар нутгийг хамруулж байгаа юм. Индексийг 13 судалгааны үр дүнд үндэслэн тооцог.
ЭХ СУРВАЛЖ

Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хороо цэвэр засаглал, авлигын талаар судалгаа авч эхэллээ. Синхуа. Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хороо өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан цэвэр засаглал болон авлигын эсрэг үйл ажиллагааны талаар онлайн судалгаа явуулж эхлээд байна.
Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны цахим хуудсанд буй уг судалгаанд оролцогчид нийт 6 асуултад хариулах бөгөөд өөрсдийнхөө нас, мэргэжлийг мөн тодорхой оруулан баталгаажуулах юм.
Судалгааны асуулгад “Авлигатай тэмцэх, цэвэр засаглалыг бий болгох зорилгоор хийгдсэн үйл ажиллагаануудад та сэтгэл хангалуун байна уу?”, “Та засгийн газрын байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон бусад төрийн захиргааны байгууллагуудаас үйлчилгээ авахын тулд эдгээр байгууллагуудын ажилчдад мөнгө өгч байсан уу?”, “Авлигыг устгана гэдэгт та итгэлтэй байна уу?”, зэрэг асуулт байгаа бөгөөд дээрх асуултад хариулахын тулд хэд хэдэн сонголттой хариултаас зөвхөн нэгийг нь сонгох юм.
Өөр нэг асуулт байгаа нь Авлига хүнд суртлын талаарх мэдээллийг хаана өгөхийг илүүд үзэж байгааг нь асуусан байсан бөгөөд холбогдох байгууллагад нь өргөдөл бичих, тусгай дугаарт залгаж хэлэх, интернетээр илчлэх, хэвлэл мэдээллийнхэнд хандах зэрэг сонголт байгаа юм.
Тус намын удирдлагууд авлигыг таслан зогсоох ёстой, хамгийн ноцтой аюулын нэг хэмээн үзэж байгаа юм. Хятадын Коммунист намын Төв хорооны дарга бөгөөд Хятад Улсын дарга Ши Жинпин /Xi Jinping/ “бар” болон “ялаа”-нуудтай тэмцэхээ амлаад байсан юм.
12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд http://survey.mos.gov.cn цахим хуудсаар судалгааг явуулах ажээ.
ЭХ СУРВАЛЖ

Хорватын цагдаа нар Үндэсний худалдааны танхимын даргыг олон сая евро шамшигдуулсан хэрэгт сэжиглэн саатууллаа. Европын холбооны шинэхэн гишүүн улс болох Хорват Улсын цагдаа нар тус улсын Үндэсний худалдааны тахимын дарга Надан Видосевич /Nadan Vidosevic/-ийг олон сая евро шамшигдуулсан хэрэгт сэжиглэн саатуулаад байна.
Үндэсний худалдааны танхимын мэдэгдэлд “Танхимын дарга Надан Видосевич шалгагдаж байгаа... үүнтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тус танхимын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн газрын дарга мөн шалгагдаж байгаа” гэжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дурдаж байгаагаар цагдаа нар түүнээс олон цагаар мэдүүлэг авч, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Үндэсний худалдааны танхимыг 18 жил тэргүүлж байгаа Надан Видосевич нь энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийх боломжгүй байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзэж байгаагаар тус улсыг 1991 онд бие даасан улс болсон цагаас хойшхи хугацаанд Хорватын хамгийн баян хүмүүсийн нэг хэмээн түүнийг үздэг юм.
Төрийн радиогоор мэдээлснээр тус улсын компаниудаас санхүүжилтэд төлөгдсөн 5.63 сая долларыг шамшигдуулсан хэрэгт түүнийг сэжиглэж байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ

Германы Ерөнхийлөгч асан Кристиан Вульф /Christian Wulff/ авлигын хэргээр шүүгдэж байна. Ерөнхийлөгч асан Кристиан Вульф тус улсын “Lower Saxony” мужийн тэргүүн байхдаа “Oktoberfest” пивоны баярын үеэр өөрийнх нь байрласан зочид буудал, хоолны төлбөрт кино продюсерыг 700 орчим евро төлөхийг зөвшөөрсөн хэрэгт буруутгагдан шүүх хуралд дуудагдсанаараа Дэлхийн хоёр дугаар дайнаас хойшхи хугацаанд шүүх хуралд дуудагдсан Германы анхны төрийн тэргүүн болж байна.
Нэгэн үе тус улсын хамгийн хүчтэй улс төрч гэгдэж байсан Кристиан Вульф нь 2010 онд Германы Ерөнхийлөгчөөр сонгогдон юм. Ерөнхийлөгч болсон цагаас хойш ердөө 20-хон сарын дараа буюу өнгөрсөн жил ерөнхийлөгч болохоос өмнөх үеийнх нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотойгоор түүнийг буруутгасны улмаас албан үүргээ өгсөн юм.
Тэрээр өөрийгөө буруугүй болохоо илэрхийлж энэ шүүх хуралд ялалт байгуулан нэрээ цэвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Прокуророос Кристиан Вульфийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн халдашгүй байдлыг нь цуцлах хүсэлтийг парламентад гаргасны дараагаар 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тэрээр албан тушаалаа өгсөн юм.
Энэхүү хэрэг нь түүнийг Мюнхэн хотын 2008 оны “Oktoberfest” пивоны баярт очсон үеэс эхлэлтэй аж.
Прокуроруудын хэлж байгаагаар түүний зочид буудал болон хоолных нь зардал 719 еврог кино продюсер Дэвид Гроневолд /David Groenewold/ төлсөн байна. Прокурорын нотолж байгаагаар тухай үед, мужийн тэргүүн байхдаа продюсер Дэвид Гроневолдийн өмнөөс “Siemens” компанийн даргад түүний кино төслүүдийнх нэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн захидал бичиж байсан ажээ.
ЭХ СУРВАЛЖ

Бразил “Mensalao” хэргийн шүүх хурал: Хэд хэдэн томоохон албан тушаалтнуудад ял оногдуулав. Бразил Улсын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэг “Mensalao”-ийн шүүх хурлаар хэд хэдэн томоохон албан тушаалтнуудыг шоронд хорихоор боллоо.
Өнгөрсөн жил хэрэгт татагдаад байсан улс төрч, банкны ажилтан, бизнесмен зэрэг 25 хүнээс 12-ыг нь баривчлах шийдвэрийг Бразил Улсын Дээд шүүхээс гаргаад байна.
Эдгээр хүмүүсийн тоонд экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн ажлын албаны дарга асан Хосе Дирсеу /Jose Dirceu/, Ажилчдын намын дарга Хосе Геноину /Jose Genoino/ нар багтсан байсан юм.
Бразилийн Дээд шүүхээс тэднийг баасан гарагаас эхлэн баривчлах шийдвэр гаргасан юм.
Шоронд 6 жил 11 сарын хугацаанд хоригдохоор болсон ноён Хосе Геноину нь өөрөө Сан Пауло хот дахь Холбооны цагдаагийн газарт очсон юм.
Тэрээр Холбооны цагдаагийн газар руу орохоосоо өмнө, дэмжигчиддээ хандан “Ажилчдын нам мөнх оршиг” хэмээн хашгирсан байна.
Мөн экс Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга асан Хосе Дирсеу 10 жил 10 сарын хугацаанд шоронд хоригдохоор болсон бөгөөд Сан Пауло хотод цагдан хоригдсон байна.
Бразилийн Холбооны цагдаагийн газраас мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд дээрх хүмүүсийг Бразилиа руу шилжүүлэх ажээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нь Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг авах зорилгоор Конгрессийн зарим гишүүдэд хууль бус санхүүжилт, хээл хахууль олгодог байсан "Mensalao" гэх систем юм.
ЭХ СУРВАЛЖ