Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.18-22/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.18-22/
Канадын Ерөнхий сайдын ажлын албаны дарга асан хээл хахууль, луйврын хэргээр буруутгагдлаа. Канадын Морьт цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер /Stephen Harper/-ийн ажлын албаны дарга асан Нигель Райт /Nigel Wright/-ийг хээл хахууль, луйврын хэрэгт буруутган шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.
Тус цагдаагийн газраас мэдээлж байгаагаар Сенатор Майк Даффи /Mike Duffy/-ийг хууль бусаар 90,000 канад доллар (86,150 ам. доллар)-ын төсвийг луйвардахад нь Нигель Райтийг туслалцаа үзүүлсэн гэж үзэж байгаа ажээ.
Нигель Райт нь өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхий сайдын ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдсөн бол харин Майк Даффи энэ сарын эхээр Сенатын танхимаас хөөгдөөд байгаа юм.
Сенатрын зарлагын зарцуулалтын журмыг зөрчин 90,000 канад долларын чек бичиж Майк Даффийд өгсөн хэрэг нь нийтэд ил болсны дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.
Мөн хавтаст хэрэгт дурдсанаар “Сенатын танхимын аудитын тайланд Майк Даффийн асуудлыг нуун дарагдуулах зорилгоор Нигель Райт нь хууль тогтоогчдод нөлөө үзүүлсэн” гэжээ.
Мөн Ерөнхий сайдын ажлын албаны цахим захиануудаас уг хэргийн материалд хэсэгчлэн оруулсан байгаа бөгөөд дээрх захиануудаас үзэхэд Ерөнхий сайд Стивен Харпер уг луйврын талаар илүү ихийг мэдэж байж магадгүй байгаа аж.
Гэхдээ Ерөнхий сайдыг энэхүү хэрэгт оролцсон, эсхүл энэ хэргийн талаар мэдэж байсан эсэхийг шууд нотлох баримт байхгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд Стивен Харпер энэхүү хууль бус санхүүжилттэй холбоотой юу ч мэдээгүй байснаа илэрхийлсэн юм.
Гэвч сөрөг хүчний тэргүүн Том Мулкайр /Tom Mulcair/ хэлэхдээ “Ерөнхий сайд үүнийг мэдэхгүй байсан гэдэг нь хэр үнэмшилтэй вэ? гэдэг бол асуулт. Миний үзэж байгаагаар энэ бол ямар ч үнэмшилгүй зүйл” гэжээ.
Нигель Райт “би албан үүргийнхээ хүрээнд л шийдвэр гаргасан, миний хийсэн үйлдэл хуулийн дагуу байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ

Хятадын төрийн өмчит үүрэн телефоны компанийн дэд ерөнхийлөгч авлигын улмаас бүх насаараа хоригдох ял авлаа. Хятадын төрийн өмчит үүрэн телефон компанийн дэд ерөнхийлөгч асан Лу Сяндун /Lu Xiangdong/–ийг хээл хахууль авсан хэргээр бүх насаар нь шоронд хорих шийдвэрийг Зүүн хойд Хятадын Жилинь /Jilin/ мужийн шүүхээс гаргалаа хэмээн баасан гарагт хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлснээр 2003-2011 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахуульд 25 сая гаруй юань (4.10 сая ам. доллар)-ыг авсан хэмээн 53 настай Лу Сяндун, түүний эхнэр болон бусад холбоотой этгээдүүдийг Жилинь мужийн шүүхээс буруутгасан байна.
Тус агентлагаас мэдээлснээр “Лу Сяндун–ийн авсан хээл хахуулийн хэмжээ бол асар их юм. Хууль бус орлогынхоо зарим хэсгээс буцаан төлсөн, хэргээ хүлээсэн зэргийг үндэслэн түүнд ногдох ёстой байсан ялаас хөнгөрүүлсэн” гэжээ.
Түүнийг 2012 оны эхэн үеэс эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Хятадын үүрэн телефон холбооны хамгийн том компани болох “China Mobile”-ийн холбогдох албан тушаалтнууд энэ хэрэгтэй холбоотойгоор санал бодлоо илэрхийлэхээс татгалзсан юм. Лу Сяндун нь тус компаний төрийн өмчит толгой компани болох “China Mobile Communications” корпорацын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг харшиж байсан юм.
Хятадын дарга Ши Жинпин /Xi Jinping/ тус улс дахь авлигыг үндсээр нь устгахад ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд эрчим хүний салбараас усан онгоцны салбар хүртэлх олон салбарын томоохон албан тушаалтай хүмүүсийн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тус улсын газрын тосны хамгийн том компани болох “China National Petroleum Corp”-ийн тэргүүлэх албан тушаалтай 5 хүнийг шалгах мөрдөн байцаалтын ажлыг өнгөрөгч 8, 9 дүгээр сард эхлүүлсэн бол усан онгоцны үйлдвэрлэлийн салбар болох “China COSCO Holdings”-ийн захирлыг мөн шалгаж эхлээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ

Вьетнамын банкир хөрөнгө шамшигдуулсан хэргээр цаазаар авах ял авлаа. Вьетнамын төрийн өмчийн “Agribank”-ны Санхүүгийн салбарын дарга асан болон түүний бизнесийн хамтрагч нарт 25 сая ам. доллар шамшигдуулсанд нь цаазаар авах ял оноосон талаар тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, нэгэн үе Вьетнамын төрийн өмчийн “Agribank”-ны Санхүүгийн салбарын даргын үүргийг гүйцэтгэж байсан 58 настай Ву Куок Хао /Vu Quoc Hao/ болон барилгын компанийн захирал 56 настай Данг Ван Хай /Dang Van Hai/ нарт цаазаар авах ял оногдуулсан байна.
Төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр “хөрөнгө шамшигдуулсан, буруу менежмент хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, луйвардсан хэргүүдийг үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсных нь улмаас уг ялыг оногдуулсан” байна.
Хо Ши Мин хотод 9 өдөр үргэлжилсэн уг хэргийн шүүх хуралд яллагдагчаар нийт 11 хүн оролцсон бөгөөд бусад 9 яллагдагчид тус улсын эдийн засгийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмжээн үзэж 14 хүртэл жилээр шоронд хорихоор болсон байна.
Санхүүгийн лизингийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдэж 2008 оны 4 дүгээр сараас 2009 оны 3 дугаар сарын хооронд төрийн өмчөөс 25 сая ам. долларын хөрөнгийг шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт дээрх хүмүүсийг буруутгаад байсан юм.
Вьетнам улс нь дэлхийн хамгийн их авлигатай улс орнуудын нэг бөгөөд тус улсын коммунист Засгийн газраас авлигатай тэмцэхээ амлаад байсан юм.
"Хээл хахууль авсан албан хаагч, төрийн албан тушаалтнуудад хатуу шийтгэл оногдуулах болно” хэмээн тус улсын шадар сайд Нгуен Суан Фук /Nguyen Xuan Phuc/ мягмар гарагт болсон авлигын эсрэг ярилцлагын үеэр төрийн албан хаагчдад анхааруулсан байна.
ЭХ СУРВАЛЖ

Ойн салбарын буруу менежмент, албан тушаалаа урвуулан ашигласан хэмжээ 7 тэрбум доллар. Индонези Улсын төсөвт 2007-2011 оны хооронд орох ёстой байсан 7 тэрбум гаруй ам. долларын хөрөнгийг тус улсын ойн салбарын хууль бус мод бэлтгэл, салбарын буруу менежменттэй холбоотойгоор алдсан болохыг “Human Rights Watch” байгууллага мэдээлсэн бөгөөд энэ дүн нь тус улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зардлаас ч илүү байгаа ажээ.
Индонезийн Засгийн газар мод бэлтгэл, ойжуулалтын үйл ажиллагаанаас орсон орлогын хэмжээ 2011 онд ердөө 300 сая ам. доллар байсан гэж “Human Rights Watch” байгууллагын ажилтан Эмили Харуэлл /Emily Harwell/ хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ бидний тооцсон 7 тэрбум ам. долларын дүн бол маш бага юм. Учир нь тооцоололд модыг хууль бусаар хилээр гаргах үйл ажиллагааны алдагдлын дүн ороогүй байгаа гэж.
Индонезийн улсын төсөв болон урсгал тэнцэл энэ онд алдагдалтай гараад байгаа бөгөөд засаглалын сул байдал нь төсвийн орлогыг буруулах нэгэн нөхцөл болж байгааг энэхүү тайланд онцолсон байна. Ойн салбараас орох ёстой байсан орлого зөвхөн 2011 онд нийт 2 тэрбум гаруй ам. доллар буурсан байгаа нь мөн тус улсын эрүүл мэндийн салбар дахь засгийн газрын зарлагаас ч өндөр байгаа юм.
Эмили Харуэлл хэлэхдээ “хэдий хэмжээний модыг модон эдлэл, тавилга зэрэг үйлдвэрлэл, хэрэглээнд зарцуулсаныг хууль ёсны дагуу нийлүүлэгдсэн модны хэмжээтэй харьцуулсан судалсан. Хууль ёсны дагуу бэлтгэгдсэн модны хэмжээ болон үйлдвэрлэл, хэрэглээнд зарцуулсан модны хэмжээнээс маш их зөрүүтэй байсан. Тиймээс энэхүү зөрүү нь хууль бусаар нийлүүлсэн модны хэмжээг илэрхийлэх бөгөөд уг хэмжээгээр төлбөр, хураамжийн орлого буурсан гэсэн үг юм” гэжээ.
Индонезийн Авлигатай тэмцэх хорооны 2012 оны судалгаагаар, Засгийн газрын 20 байгууллагуудаас Ойн яам төрийн үйлчилгээг хүргэх хамгийн бага стандарт онооны түвшнээс ч бага үнэлгээ аваад байсан юм.
ЭХ СУРВАЛЖ

Худлаа хэлдэг оюутнууд төрийн албанд орохыг илүү хүсч байна. Харвард болон Пенсильванийн их сургуулийн судлаачид Энэтхэг Улсын Бангалор хотын оюутнуудын дунд нэгэн сорилт судалгаа явуулахад энгийн сорилтод худлаа хэлж байгаа оюутнууд төрийн албаны ажилд орохыг илүүтэйгээр хүсч байгааг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх сургуулийн судлаач нар Энэтхэг Улсад сургуулиа төгсөж байгаа 600 гаруй оюутнуудыг энэхүү сорилт судалгаандаа оролцуулсан аж. Судалгааны үеэр хэд хэдэн сорилт тоглоомыг тоглуулсны нэг нь оюутнуудыг өөрсдөөр нь шоо хаяулж ямар тоо буусныг нь асуусан байна. Өндөр тоо буусан оюутнууд илүү их төлбөр төлөх ёстой гэж үзсэн бөгөөд оюутан бүр шоог 42 хоёр удаа хаясан байна.
Судлаачид тухай оюутан худлаа хэлсэн эсэхийг мэдэхгүй ч оюутнуудын хэлж байгаа тоо нь санамсаргүй байдлаар буух магадлалт тооноос өөр байсан аж. Өөрөөр хэлбэл, шоог 42 удаа хаяхад 5-6 удаа өндөр тоо буух магадлалтай байдаг ажээ. Уг туршилтаас оюутнуудыг худлаа хэлдэг болон үнэн хэлдэг оюутнуудыг ялгаж тогтоосон байна.
“Энэхүү сорилт тоглоомоос бид худлаа хэлдэг, шударга бус оюутнуудыг олсон бөгөөд тэднээс ямар ажилд орохыг нь асуухад тэд шударга оюутнуудаас илүүтэйгээр төрийн албаны ажилд орохыг хүсч байсан” гэж Пенсильванийн их сургуулийн туслах профессор Шинг-юу Ван /Shing-yi Wang/ хэлсэн байна. Түүний хэлснээр энэхүү сорилтыг хуурч, худлаа хэлж байгаа байдал бол тухайн оюутан бодит амьдралд төрийн албаны ажилд ороод залилах хандлагатай байж болохыг урьдчилан харуулсан байна.
Төрийн албаны ажилд худлаа хэлэгч оюутнууд ийнхүү орохыг илүүд үзэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг бол төрийн албаны авлигач байдал байж болохыг уг судалгаа харуулсан байна.
Тухайлбал, Харвардын их сургуулийн профессор Рема Ханна /Rema Hanna/ хэлэхдээ “төрийн албаны тухай албан тушаалыг авлигад өртөх эрсдэл өндөртэй гэж үзвэл шударга хүн тухайн ажилд орохыг хүсэхгүй байх” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр авлигатай тэмцэхийн тулд улс орнууд хүмүүсийг хаана, ямар ажилд орохыг илүүд үзэж байгаагаар нь хянах шинэ арга зам нээж олох хэрэгтэй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ