Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.25-29/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.11.25-29/
Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)–ны улсын авлигатай тэмцэх байгууллагуудын дарга нарын дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг Тайланд Улс зохион байгуулна. Олон Улсын Авлигын эсрэг академийн гишүүн улс орнуудын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2013 оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах юм. Уг уулзалтын үед буюу 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тайландын Үндэсний авлигатай тэмцэх комиссийн газраас ASEAN-ны орнуудын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ.
Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнууд дахь Авлигатай тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр зохион байгуулагдах уг дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг Тайландын Үндэсний авлигатай тэмцэх комиссын газрын ерөнхийлөгч ноён Пантеп Кланаронгран /Panthep Klanarongran/ болон Комиссар, Профессор. Пакдээ Потисир /Pakdee Pothisiri/ нар нээж, Олон улсын авлигын эсрэг академийн захирал ноён Мартин Кроитнер /Martin Kreutner/ удирдан явуулах юм. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтаар бүсийн авлигатай тэмцэх байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Индонези Улс нэгэн хууль тогтоогчийн авлигын ялыг бараг гурав дахин нэмэгдүүллээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудын Спортын наадмын тамирчдад зориулсан спорт цогцолбор хотхоны барилгын төслөөс 3.6 сая ам. доллартой тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт холбогдоод байсан өмнөх эрх барих намын гишүүн, хууль тогтоогч асан Анжелина Сондах /Angelina Sondakh/-д ногдох ялын хэмжээг Индонезийн Дээд шүүхээс пүрэв гарагт бараг гурав дахин нэмэгдүүлж 12 жил болгон тогтоов.
Энэхүү хэрэг нь 2011 оны Зүүн өмнөд Азийн улс орнуудын Спортын наадмын тамирчдад зориулсан спорт цогцолбор хотхоны барилгын төсөлтэй холбоотой байсан бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард тус улсын доод шатны шүүхээс Ардчилсан намын гишүүн Анжелина Сондахид 4.5 жилийн хугацаагаар шоронд хорих ял оногдуулсан байжээ.
Дээд шүүхийн шүүгч Артидо Алкостар /Artidjo Alkostar/ “уг хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор түүнд 43.400 ам. долларын торгууль ногдуулахын зэрэгцээ шоронд хорих хугацааг нь нэмэгдүүлсэн” хэмээн орон нутгийн “Kompas” сониноор дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ.
Тэрээр “энэ хээл хахуулийн хэрэгт гүйцэтгэсэн үүрэг маш их нөлөө үзүүлсэн” гэжээ.
Анжелина Сондах ямар нэгэн хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэрээр 2004 оноос хойш 2012 онд авлигын хэргээр баривчлагдах хүртлээ тус улсад хууль тогтоогчийн үүргийг гүйцэтгэж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ

Авлигатай тэмцэх агентлаг аяллын задралыг шалгана. Тайвань Улсын Хууль зүйн яамны дэргэдэх Авлигын эсрэг агентлагаас төрийн албан хаагчид болон орон нутгийн захиргааны албан хаагчдын гадаад улс орнуудад “танилцах аялал” нэртэйгээр үрэлгэн зарцуулалт, төрийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигладаг эсэхэд шалгалт хийхээр болоод байна.
Өнгөрөгч наймдугаар сард “People First Party” намын Тайчжун хот дахь зөвлөх Туан Вей-ю /Tuan Wei-yu/ Япон улсад хийсэн 4 өдрийн танилцах аяллын дараахь ажлын тайландаа зөвхөн гуравхан үг бичсэн нь олон нийтэд ил болсон юм. Энэ үйл явдлын дараагаар Засгийн газрын ажилтнууд гаднын улс орнуудад явахтай холбоотой аяллын бүх зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулж байгаад шүүмжлэгчид эсэргүүцээд байгаа юм.
Хокло буюу бидний мэдэх Тайвань хэлээр “Yao siu zan (妖受讚)” буюу “хэтэрхий сайхан байлаа” гэсэн гуравхан үгээс Туан Вей-ю-гийн тайлан бүрдсэн байжээ.
Тайвань Улсын төрийн албан хаагчид нэг жилийн хугацаанд ийм төрлийн зугаалга маягийн аялал 87 удаа зохиосон байгаа нь дунджаар 4 өдөр тутамд нэг аялал ногдож байгаа аж. “Төрийн албан хаагчдын хувийнхаа тансаг аялалд зориулан төсвийн мөнгө зарцуулсан аяллын дээр дурдсан тоогоор энэхүү шалгах ажил хязгаарлагдахгүй” гэж тус агентлагаас мэдээлээд байна.
“Хил давуулан хууль бусаар бараа тээвэрлэхийг хянах байдлыг судлах” нэртэйгээр Тайвань Улсын Засгийн газрын нэгэн агентлагаас 15 хүний бүрэлдэхүүнтэй группийн 12 өдөр Орос, Норвеги, Дани, Швед улсад хийсэн, хүн бүрт 4,900 ам. долларын зардал гаргасан аялал”-аас тус агентлагийн шалгалт эхлэх аж.
Тус агентлагийн мэдээлсэнээр “дээрх улс орнууд дахь Тайваны Консулын ажилтнууд орон нутгийн уулзалт болон ямар нэгэн “зөвлөгөөн, санал бодлоо солилцох” арга хэмжээнд оролцоогүй бөгөөд тэдний хөтөлбөрийн ихэнх хэсэг сонирхолтой цэнгээн, аялагчдын очих дуртай газруудын жагсаалтаас бүрдэж байсан” гэжээ.
Мөн энэ үеэр, Туан Вей-ю гурван үгтэй тайлан бичсэндээ уучлалт гуйсан бөгөөд Дотоод хэргийн яамнаас түүнийг хилийн чандад гаргасан зардлынхаа талаар бүрэн хэмжээний тайлан бичиж өгөхийг шаардаад байгаа юм.
Тус улсын орон нутгийн захиргааны 22 байгууллагын 15 нь өнгөрсөн жилийн гадаад аялалтай холбоотой тайлангаа гаргаж өгөөгүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ

Малайзын засгийн газар бүх нийтээрээ авлигатай тэмцэх дайнд. Малайзын Засгийн газрын яамдуудын бүхий л түвшинд авлигатай тэмцэх өөрчлөлт, шинэчлэлтийн нэгэн хөтөлбөрийг тус улсын засгийн газраас боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Ерөнхий сайдын ажлын албаны дарга Датук Пол Лов Сэнг Куан /Datuk Paul Low Seng Kuan/ хэлэхдээ “Хөтөлбөрийн дагуу Ерөнхий прокурорын газар болон Малайзын Шударга ёсны институцийн ажилтнууд бүх яамдууд байрлаж тэдний авлигатай тэмцэх ажилд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ, хяналт тавьж ажиллах болно” гэжээ.
“Энэхүү арга хэмжээг бусад яамдуудад хэрэгжүүлэхийн өмнө Хотын сайн сайхан байдал, орон сууц, орон нутгийн яам болон Залуус, спортын яаманд эхлүүлээд байна” гэж 2013 оны Үндэсний Шударга ёсны семинарыг нээсний дараахь хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Нэг жилийн дотор бүх яамдуудыг хөтөлбөрт хамруулахыг зорьж байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.
Тэрээр хэлэхдээ "Энэ бол дэлхийн аль ч улс оронд туршигдаагүй загвар юм. Олон улс орон биднийг ажиглаж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсэх болно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрээр яам бүр өөр өөрийн үйл ажиллагааны өвөрмөц шинжтэй байдаг, тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах явдал мөн өөр өөр хэлбэртэй байгаа” гэж тэмдэглээд бид ТИ-ийн Авлигын төсөөллийн индексийн оноог ирэх 5 жилийн хугацаанд хамгийн багадаа 7 болгон нэмэгдүүлэх, байрын тоог 30 дотор, улмаар эхний 10-т оруулахаар хичээх хэрэгтэй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ

Ши Жинпиний авлигатай тэмцэх үйл ажиллагаа. БНХАУ-ын дарга Ши Жинпин /Xi Jinping/-ийг өмнөх удирдагчдынхаас илүүтэйгээр авлигын эсрэг хатуу тэмцэл хийнэ гэсэн хүлээлт бий болоод байсан ч одоогийн байдлаар мөрдөн байцаалтын албан ёсны мэдээллийн дагуу авлигын эсрэг явуулсан мөрдөн байцаах арга хэмжээний тоо өмнөх оныхоос маш бага зөрүүтэй байна.
Хятад Улсын Ардын Дээд прокурорын газрын мэдээллээр 2013 онд хилийн чандад болон тус улсын хэмжээнд мөрдөн байцаалт явуулсан авлигын гэмт хэргийн тоо өмнөх оныхтой ижил түвшинд байгаа аж.
“Reuters” агентлагийн шинжээчийн үзэж байгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд мөрдөн байцаалт явуулсан өндөр албан тушаалтнуудын тоог өмнөх удирдагчдынхтай ижил түвшинд очиж магадгүй байгаа бол сүүлийн 5 жилийнхтэй харьцуулахад энэ жил илүү цөөн хүний эсрэг мөрдөн байцаалт явуулсан гэж үзэж байгаа юм.
Ши Жинпиний авлигын эсрэг үйл ажиллагааг Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр байнга онцлон мэдээлж байснаас энэ статистик мэдээлэл ихээхэн өөр байгаа юм. Одоогоос нэг жилийн өмнө Ши Жинпин Коммунист намын даргаар сонгогдохдоо тэрээр зөвхөн доогуур түвшний албан хаагчид буюу “ялаа”-тай тэмцэх бус мөн өндөр, дээгүүр түвшний албан хаагчид болох “бар”-ын авлигыг үндсээр нь устгахаа амлаад байсан юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар “Ши Жинпин хэтэрхий олон албан хаагчдыг шоронд хийснээр тус улсын Коммунист нам болон засгийн газрынхны хүрээнийхний дургүйцлийг хүргэхээс болгоомжилж байж магадгүй” ажээ.
Пенсилваний их сургуулийн Хятадын авлига судлаач Юхуа Ван /Yuhua Wang/ хэлэхдээ “Хүн бүр баривчлагдах талаар санаа нь зовох түвшинд хүргэхийг тэд хүсэхгүй. Хэрвээ тус намын хүн бүр баривчлагдах талаар санаа нь зовж эхэлнэ гэдэг нь жинхэнэ гамшиг байх болно” гэжээ.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар “сүүлийн 10-аад жилийн хугацаанд жил бүрийн авлигын гэмт хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын тоо ойролцоо байгаа нь мөрдөн байцаах байгууллагууд мөрдөн байцаалт явуулах хамгийн бага зорилтод байдлаар тогтоосон тоотой байж магадгүй” аж.
Ардын Дээд прокурорын газрын 2008-2012 оны ажлын тайланд дурдснаар өнгөрсөн жил тус улсын Засгийн газрын байгууллагууд авлигын хэргээр 35648 хүнийг мөрдөн байцаасан аж.
Ардын дээд прокурорын газрын энэхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн Гүржийн Төрийн их сургуулийн профессор Андрей Вэдман /Andrew Wedeman/ хэлэхдээ “миний таамаглалаар бол 2013 оны эцсийн байдлаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн тоо 2012 оны нийт дүнтэй маш ойролцоо гарах байх” гэжээ.
Сахилгын хяналтын төв хороо болон түүний орон нутаг дахь салбар нэгжүүдээс авлигын гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг ч зөвхөн намын гишүүдтэй холбоотой хэргийг л шалгадаг юм. Тус хороо энэ жил мөрдөн байцаалт явуулсан хэргийнхээ талаарх тоо мэдээллийг нийтэд тусгайлан зарлаагүй байгаа ч прокурорын газрын энэхүү тоонд тус хорооны шалгасан хэргийн дүн орсон байгаа юм.
Авлигын гэмт хэргийн улмаас мөрдөн байцаагдсан хүний тоо 2003 оноос хойш тогтвортой байгаа юм. 2003-2007 оны жилийн дунджаар 33495 хүнийг мөрдөн байцаасан бол 2008-2012 оны хооронд 33569 хүнийг мөрдөн байцаасан байгаа нь маш ойрхон дүн юм.
ЭХ СУРВАЛЖ

Өмнөд Солонгос Улс Төв мөрдөн байцаах газраа авлигатай тэмцэх шинэ товчоогоор орлуулах алхам хийж байна. Энэ оны эхээр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан Төв мөрдөн байцаах газрын үйл ажиллагааг авлигатай тэмцэх товчоог шинээр байгуулан шилжүүлэх алхмыг Солонгос Улс хийж байна.
Мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд байгаа прокурорын үйл ажиллагааны шинэчлэлийн тухай хуулийн төсөлд уг товчоог байгуулах талаар тусгагдсан байгаа юм.
Тус улсын хамгийн том мөрдөн байцаах газар болох Төв мөрдөн байцаах газрыг улс төрийн хувьд ялгавартай ханддаг мөн авлигын томоохон хэргүүдэд өндөр албан тушаалтнуудын талд шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэлтэй ихээхэн тулгардаг байсан юм.
Уг хуулийн төсөлд дурдснаар, дээрх авлигын томоохон хэргүүдийг шууд мөрдөн байцаах эрх нь шинээр байгуулагдах товчоонд өгөгдөөгүй ч гэсэн тусгай мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах, хянах эрх нь өгөгдөх ажээ.
ЭХ СУРВАЛЖ