Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.12.02-06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.12.02-06/
Авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан. Лхагва гарагт ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин /Alexander Bastrykin/-ний хэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан ажээ.
ОХУ-ын Төрийн “Дум”-ын Аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны хуралд Мөрдөн байцаах хорооны дарга Александр Баструкин хэлэхдээ авлигын гэмт хэргийн улмаас 9 тэрбум рублийн хохирол учирсан гэжээ. Түүнчлэн авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс хураасан хөрөнгийн хэмжээ 4 тэрбум рубль байгаа аж.
Александр Баструкиний хэлснээр 1600 гаруй албан тушаалтнуудыг 2012-2013 онд авлигын хэргээр шалгасан бөгөөд тэдгээрээс 16 нь шүүгч, 216 нь хуульч байсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн мягмар гарагт гарсан зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн удирдлаганд шинээр авлигатай тэмцэх газар байгуулах шийдвэрийг Владимир Путин /Vladimir Putin/ гаргаад байгаа юм.
“Энэхүү газар нь авлигатай тэмцэх талаар өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад санал дэвшүүлэх чиг үүрэгтэй” гэж Кремлиэс мэдэгдээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ

Камбожийн Авлигатай тэмцэх албаны албан хаагчид Хятад Улсад сургалтад хамрагдана. Камбожийн Авлигатай тэмцэх алба (АТА)-ны албан хаагчид 12 дугаар сарын 2-21-ний хооронд Бээжин хотноо авлигатай тэмцэх стратегийн талаарх 20 өдрийн сургалтад хамрагдах болсон талаар тус нэгжээс өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.
АТА-наас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “уг сургалтад нийт 25 ажилтан оролцох бөгөөд 15 ажилтан АТА-наас, 5 ажилтан Үндэсний ассамблей-сенатын харилцаа, хяналтын яамнаас, 5 ажилтан Камбожийн эрх барих Ард түмний намаас оролцох болсон талаар мэдээллээ.
Уг сургалт нь Бээжин хот дахь Сахилгын хяналт, шалгалтын Хятадын Академи /China Academy of Discipline Inspection and Supervision/-д болох юм. “Сургалтын хүрээнд албан хаагчдад авлигатай тэмцэх стратегийн талаар хичээл заагдахын зэрэгцээ Хятадын засгийн газрын авлигатай тэмцэх стратегийн талаар мэдээлэл сонсох болно” гэж АТА-наас мэдээллээ.
Мөн сургалтад оролцогчид Фужянь /Fujian/, Юньннань /Yunnan/ мужийн хэд хэдэн хотуудын авлигатай тэмцэх туршлагатай танилцах аж.
Хятадын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “3 жилийн хөтөлбөр” (2013-2015)-ийн дагуу жил бүр 25 албан хаагч уг сургалтад хамрагдахаар болоод байгаа ажээ.
Камбожийн засгийн газраас эдийн засгийн хөгжил, хуулийн хэрэгжилт, ардчилал, нийгмийн тогтвортой байдал мөн түүнчлэн ядуурлын үндсэн шалтгаан нь авлига хэмээн үзэж байгаа юм.
Тус улсын АТА нь 2010 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш авлигын гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулан ажиллаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ

Бизнесийн байгууллага дахь авлигатай тэмцэх ёс зүй, хуулийн хэрэгжилтийн талаарх гарын авлага гарлаа. Бизнесийн байгууллага дахь авлигатай тэмцэх талаар олон тооны, нэгдсэн бус зарчмууд өнөөг хүртэл гарсаар ирсэн байдаг. Хэдий тийм ч, нөөц, боломж хязгаарлагдмал байдаг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг авлигаас урьдчилан сэргийлэх бодитой арга замын талаар нэгдсэн зарчим дутагдалтай байсаар ирсэн юм.
Энэхүү байдлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн банк /WB/, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын оролцоотойгоор “Бизнесийн байгууллага дахь авлигатай тэмцэх ёс зүй, хуулийн хэрэгжилтийн талаарх” гарын авлагыг гаргаад байна.
Гарын авлагыг UNODC-ийн цахим хуудаснаас үзнэ үү: http://www.unodc.org/documents/corruption/Publications/2013/Anti-CorruptionEthicsComplianceHandbook.pdf
ЭХ СУРВАЛЖ

Дээд шүүхээс авлигын гэмт хэрэгт холбоотой сайдад 8 жилийн ял оногдуулав. Тайвань Улсын Дээд шүүхээс өнгөрсөн пүрэв гарагт авлигын гэмт хэргийн улмаас Тээвэр, холбооны сайд асан Куо Яо-чи /Kuo Yao-chi/-ийг 8 жилийн хугацаанд шоронд хорих, иргэний эрхийг нь 4 жилийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргав.
Куо Яо-чи нь 2006 онд тээврийн сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа хээл хахууль авч, албан тушаалаа урвуулан ашиглаж “Nan Ren Hu”-группд дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод байсан юм.
Шүүхийн тогтоолд “Nan Ren Hu” группийн дарга Ли Чинг-по /Lee Ching-po/-оос хээл хахууль авсныхаа дараагаар төмөр замын буудлын төслийн тендерийг дахин зарлах тухай саналаа Тайванийн Төмөр замын удирдах газарт хүргүүлж байсан” гэж дурджээ.
Тайпей Дүүргийн Прокурорын газраас Куо Яо-чийг 2007 онд авлигын хэрэгт сэжигтнээр татсан бөгөөд түүнийг төмөр замын буудлын төслийн гэрээнд “Nan Ren Hu” группийг ялуулахын тулд 20000 ам. долларыг хээл хахуульд авсан гэж үзэж байсан юм.
2009, 2010 онд болсон өмнөх шатны шүүх хурлуудаар түүнийг “Nan Ren Hu” группээс хээл хахууль авсан, уг тендерийн үнэлгээнд нөлөөлөхөөр оролдсон зэрэг нь тодорхойгүй байна хэмээн үзэн уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байжээ.
Гэвч, энэ оны эхээр Прокурорын газраас энэ хэрэгтэй холбоотойгоор Дээд шүүхэд хандан хүсэлт гаргаад байсан юм.
Куо Яо-чийн энэхүү хэрэгт засгийн газрын өөр нэгэн албан хаагч холбогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг авлигын хэрэгт холбоотой хэмээн Дотоод яамны дэд сайд асан Йен Ван-чин /Yen Wan-ching/-д 12 жил 6 сарын хугацаанд шоронд хорих шийдвэрийг 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхээс гаргаад байсан юм.
ЭХ СУРВАЛЖ

Бутан Улс 12 дугаар сарын 10-16-ны хооронд “Үндэсний авлигын эсрэг 7 хоног”-ийг тэмдэглэнэ. Бутан улс 12 дугаар сарын 9-ний өдөр 11 дэх удаагийн Олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Энэ хүрээнд мөн “Үндэсний авлигын эсрэг 7 хоног”-ийг 12 дугаар сарын 10-16-ны хооронд тэмдэглэхээр болжээ.
Авлигатай тэмцэх хороо Олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан авлигын эсрэг мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулах ажээ.
Олон улсын Авлигын эсрэг өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг авлигын эсрэг хандуулах, авлигын эсрэг хөтөлбөр төлөвлөгөөг сурталчлах, авлигын асуудлаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Бутан Улс нь “Үндэсний авлигын эсрэг 7 хоног”-ийн хүрээнд мөн сургуулиудын дунд мэтгэлцээн зохион байгуулах аж.
ЭХ СУРВАЛЖ

Малайзын Авлигатай тэмцэх хорооноос энэ жил Пенанг мужид явуулсан баривчилгааны хагас нь ахлах болон өндөр албан тушаалтай төрийн албан хаагч байв. Малайз Улсын Пенанг мужийн захирагч Датук Самаржоо Маникам /Datuk Samarajoo Manikam/-ийн хэлснээр энэ жил Малайзын Авлигатай тэмцэх хорооноос тус мужийн түвшинд баривчлагдсан хүмүүсийн хагас нь ахлах болон өндөр албан тушаалтай төрийн албан хаагчид байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны 11 сарын 22-ны байдлаар тус мужид нийт баривчлагдсан 29 хүний 14 нь удирдах, менежерээс дээш түвшний төрийн албан хаагчид байсан бөгөөд тэдний ихэнх нь холбооны засгийн газрын ажилчид байсан байна.
“Төрийн албан хаагчдын дийлэнх нь удирдах түвшнийх байсан бөгөөд тэдний ихэнх нь албан тушаалаа урвуулан ашигласан байсан” гэж тэрээр нэмж хэлсэн юм.
Одоогийн байдлаар, баривчлагдсан 29 хүний 25-д нь шүүхээс ямар нэгэн ял оногдуулсан байгаа ажээ.
Датук Самаржоо Маникамийн хэлж байгаагаар тус улсын авлигатай тэмцэх байгууллагад энэ онд өмнөх оныхтой тэнцүү хэмжээний гомдол, мэдээлэл ирсэн ч баривчлагдсан албан хаагчдын тоо 2011 оныхоос 50 хувиар буурсан байгаа ажээ.
Мөн энэ үеэр Малайзын Авлигатай тэмцэх хорооны Хяналт, зөвлөгөөний хэлтсийн дарга Датук Мохамед Юсоп Акопе /Datuk Mohamad Yusoff Akope/ хэлэхдээ 2010 оноос хойш Малайз Улсын 300 орчим компани “шударга ёсны амлалт”-д гарын үсэг зурсан байгаа талаар мэдээлсэн юм.
Компаниуд авлигын хэрэгт холбоотой болох нь тогтоовол тэднийг “хар жагсаалт”-д оруулж, улмаар үйл ажиллагаанд нь илүү хяналт тавих болно тиймээс компаниуд “шударга ёсны амлалт”-д гарын үсэг зурах алхмыг хийж эхлээд байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ