Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.12.29-2014.01.05/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2013.12.29-2014.01.05/

“Leopard” танкийг Грек Улсад худалдах үйл ажиллагаатай холбоотой хээл хахуулийн хэрэгт Германы зэвсгийн компаниуд холбогдов.

Германы Ерөнхий сайд Ангела Меркель /Angela Merkel/ Евро хямралыг зогсоохын тулд Грек Улс авлигатайгаа тэмцэх хэрэгтэй хэмээн мэдэгдээд байсан юм. Гэвч үүний дараагаар Германы зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Грекийн зэвсэгт хүчинд өөрсдийн шумбагч онгоц, танкаа худалдахын тулд холбогдох албан тушаалтнуудадад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдоод байна.
Германы “Süddeutsche Zeitung” сонинд 5 улсын зэвсэг үйлдвэрлэгч компаниудаас зэвсэг худалдан авсны хариуд тэднээс хээл хахуульд 8 сая орчим евро авснаа хүлээн зөвшөөрсөн Грекийн Батлан хамгаалах яамны ажилтан асан Антониос Кантас /Antonios Kantas/-ыг Грек Улсын прокурорууд баривчилсан талаар мэдээлсэн юм.
Антониос Кантас нь Германы зэвсэг үйлдвэрлэгч “Krauss-Maffei Wegmann” компанийн 170 ширхэг “Leopard 2” танкийг худалдан авах үйл ажиллагаанаас 1.7 сая еврог хээл хахуульд авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг өнгөрсөн 7 хоногт баривчилсан юм. Танк худалдан авах уг гэрээ нь 2010 онд байгуулсан.
Харин германы “Krauss-Maffei Wegmann” компанийн зүгээс энэхүү хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Антониос Кантас энэхүү гэрээнд оролцоогүй, бид хээл хахууль өгдөггүй, өгөхийг зөвшөөрдөггүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж

Ираны тэрбумтан Бабак Занжани баривчлагдав.

Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус улсын тэрбумтан, бизнесмен Бабак Занжани /Babak Zanjani/-ийг баривчилсан байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард түүнийг газрын тосны 1.9 тэрбум ам. долларын орлогоос татвар төлөөгүй хэмээн буруутган Иран Улсын парламентаас түүний бизнесийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн бөгөөд 13.5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй гэх ноён Бабак Занжани нь энэхүү үйл ажиллагааг буруутгаад байсан юм.
АНУ болон Европын холбооны аль аль нь түүний хэд хэдэн компани болон Ираны Засгийн газарт туслалцаа үзүүлэхийн эсрэг хар жагсаалтад оруулаад байгаа юм. Учир нь Иран Улсыг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор тус хөтөлбөрийг эсэргүүцсэн олон улсын хамтын нийгэмлэгийг үйл ажиллагааны нэг хэсэг болох АНУ болон Европын холбооны зүгээс тус улсын газрын тосны үйлдвэрлэлд хориг арга хэмжээ аваад байсан юм.
Даваа гарагт Ираны “Irna” мэдээллийн агентлаг шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Голамхосейн Мохсени /Gholamhoseyn Mohseni/-ийн хэлснийг иш татан ноён Бабак Занжанийг баривчлан Тегераны “Evin” шоронд хорьсон талаар мэдээлсэн юм.
Хэвлэлийн төлөөлөгч ноён Бабак Занжанийн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Irna” агентлагийн үзэж байгаагаар “санхүүгийн гэмт хэрэг”-тэй холбоотой юм.
Түүнийг баривчилсан үйл ажиллагаа нь тус улсын ерөнхийлөгч Хассан Роухани /Hassan Rouhani/ засгийн газартаа хандан “санхүүгийн авлига”, ялангуяа эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор хууль бусаар давуу байдал олж авсан эрх бүхий этгээдүүдтэй тэмцэхийг үүрэг болгосны маргааш болж байгаагаараа онцлог болж байна.

Эх сурвалж

Индонезийн цагдаа 2013 онд авлигын гэмт хэргээс 100 сая гаруй доллар нөхөн төлүүлсэн.

Индонезийн Үндэсний цагдаагийн газар (Polri) 2013 оны хэмжээнд авлигын гэмт хэргээс 1 их наяд орчим руппи буюу 102.76 сая долларыг нөхөн төлүүлсэн байна.
Тус цагдаагийн газрын дарга, генерал Сутарман /Sutarman/ “Antara” мэдээний агентлагт хэлснээр авлигын гэмт хэргийн улмаас 2012 онд 201 тэрбум руппийг нөхөн төлүүлж байсан бол 2013 онд 915 тэрбум руппи болж нэмэгдсэн байна.
Түүний хэлснээр тус цагдаагийн газар 2013 онд авлигын 1363 хэрэг дээр ажилласан нь өмнөх оны 1176 хэргээс 13,72 хувиар нэмэгдсэн байна. Мөн хугацаанд авлигын нийт 906 хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх оны 27,48 хувиар нэмэгдсэн байгаа ажээ.

Эх сурвалж

Гэмт хэрэг, авлигын улмаас 10 жилийн хугацаанд Энэтхэг Улсын хөрөнгөөс 343 тэрбум ам. доллар алдагдсан.

“Global Financial Integrity” байгууллагаас гаргасан судалгаагаар 2002-2011 оны хоорондох 10 жилийн хугацаанд 343 тэрбум орчим ам. доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө Энэтхэг улс гадагш чиглэсэн мөнгөний урсгалаар алдсан болохыг тогтоосон байна.
Энэ байдал нь Энэтхэг Улсыг Дэлхийн “хар мөнгө”-ийг экспортлогч 5 дахь том гүрэн болгож байгаа бөгөөд 2011 онд 84.93 тэрбум ам. долларын гадагш чиглэсэн урсгалаар 3 дугаар байрт жагсаж байсан юм.
АНУ-ын Вашингтон хотод байрлах судалгаа, сурталчилгааны байгууллага болох “Global Financial Integrity” байгууллагаас гаргасан судалгаагаар гэмт хэрэг, авлига, татвараас зугтаах зорилгоор хөгжиж буй улс орнуудаас хууль бусаар хилээр гаргасан мөнгөний урсгалын хэмжээ 2010 онд нийтдээ 832.4 тэрбум ам. доллар байсан бол 2011 онд 13.7 хувиар нэмэгдэж 946.7 тэрбум ам. долларт хүрсэн байгаа ажээ. байна.
Энэхүү 946.7 тэрбум ам. долларын гадагш урсгалын хэмжээ нь энэ онд хөгжиж буй 150 улс оронд үзүүлсэн хөгжлийн албан ёсны цэвэр тусламжийн 93.8 тэрбум ам. долларын хэмжээнээс 10 дахин их байгаа үзүүлэлт болж байна.
Энэ нь хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн хөгжлийн туслалцааны зорилгоор үзүүлж буй 1 ам. долларыг оруулахад буцан хууль бус мөнгөний гадагшлах урсгалаар 10 ам. доллар алдаж байгааг илэрхийлж байгаа юм.
Энэхүү хууль бус гадагшлах урсгалын хэмжээ 2002 онд 270.3 ам. доллар байсан юм.
2002-2011 оны хооронд хөгжиж буй улс орнуудаас гарсан хууль бус санхүүгийн урсгалын нийт дүн 5,9 их наяд ам. доллар байгаа ажээ.
Уг судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацааны хууль бус мөнгөний гадагш чиглэсэн урсгалын жилийн дундаж өсөлт 10,2 хувь байсан нь ДНБ-ий өсөлтөөс өндөр дүн болж байгаа юм. Энэ нь бодлого боловсруулагчид хууль бус санхүүгийн урсгалын талаар томоохон шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна.
Хөгжиж буй улс орнуудад 2011 онд дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн бизнест хөрөнгө оруулалтаар очих байсан 1 триллион орчим доллар тухай улсаас хууль бус санхүүгийн урсгалаар гарсан байгаа бөгөөд хүмүүсийг ядуурлаас гаргах, илүү аюулгүй орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд нь туслах байсан хөрөнгө юм хэмээн судлаачид онцолсон байна.

Эх сурвалж

Хээл хахуулийн улмаас төрийн албан хаагч 29 сая долларын торгууль төлнө.

Дотоод яамнаас мэдээлж байгаагаар хээл хахууль авахаар завдсан төрийн албан хаагчид 950 сая рубль (29 сая доллар)-ын торгууль ногдуулсан нь Орос Улсын түүхэн дэх хамгийн том торгууль болоод байна.
Москвагийн бүсийн Лениний дүүргийн нэгдүгээр орлогч дарга асан Лев Львов-ийг хээл хахууль авахаар завдсанд буруутай болохыг нь тогтоож тус бүсийн шүүхээс уг шийдвэрийг гаргасан байна.
Орон нутгийн барилгын нэгэн компанийн шинээр баригдсан орон сууцны барилгад худалдах зөвшөөрөл олгохын тулд Лев Львов 2011 онд тус компаниас 500000 ам. долларын хээл хахууль шаардсан хэмээн Дотоод яамнаас мэдэгдээд байгаа юм.
Шүүхээс тус барилгын компаниас мөнгө авч байхдаа баригдсан, Лев Львовийн хамсаатан Игорь Комаровт мөн 500 сая рублийг торгууль ногдуулсан байна.
Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин хэлэхдээ орон нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 1600 гаруй албан хаагч сүүлийн 2 жилийн хугацаанд авлигын хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд 9 тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний хохирлыг Орос Улсад учруулсан гэж мэдэгдэж байсан юм.
ТИ байгууллагын судалгаагаар дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудаас хамгийн их авлигатай нь Орос Улс болохыг тогтоосон бөгөөд Пакистан, Гамби, Мали Улсуудтай ижил байрт орсон юм.

Эх сурвалж

Авлигын эсрэг хичээлийг анхан шатнаас нь заана.

Африкийн Улс орнуудад анхан шатны боловсрол олгох сургуулиас нь эхлэх хүүхдүүдэд авлигын эсрэг хичээл заах ёстой гэж Бүх Африкийн парламент (БАП)-ийн төлөөлөгчид үзэж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх Африкийн конвенцийг баталсны 10 жилийн ойг 12 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Танзани Улсын Арша хотод тэмдэглэн өнгөрүүлэх үеэр энэхүү саналыг хэлэлцэн баталсан гэж БАП дахь Уганда Улсын төлөөлөгч Какоба Оньяанго /Kakoba Onyango/ хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “ёс суртахуун, зөв төлөвшилтийг маш эрт үеэс нь хүүхдүүдэд суулгах ёстой гэж бид үзсэн. Тиймээс ийнхүү хичээл заах нь тэднийг ёс суртахуунтай иргэн болоход нь туслах бөгөөд энэхүү ёс суртахуун нь авлигатай тэмцэхэд дэмжлэг болох болно” гэжээ.
Авлигатай тэмцэх байгууллага, боловсрол болон хуулийн байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн БАП-ийн төлөөлөгчид авлигатай тэмцэхэд боловсролын байгууллагын үүрэг оролцооны талаар хэлэлцсэн юм.
БАП-ийн төлөөлөгчдийн үзэж байгаагаар уг конвенцыг соёрхон батлаагүй улс орнууд ч ялгаагүй энэхүү саналыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа аж. Африкийн авлигын эсрэг конвенцид одоогоор 34 улс орон нэгдэн орсон байгаа юм.
Мөн төлөөлөгчдийн үзэж байгаагаар Засгийн газруудыг авлигатай тэмцэх байгууллагуудыг хэвийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор санхүүжилтийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Эх сурвалж

Хятад Улс 2014 онд Эрүүл мэндийн салбар дахь авлигын “хар жагсаалт”-ыг гаргана.

Хятад Улс эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хээл хахууль өгсөн нь тогтоогдсон, эрүүл мэндийн салбар дахь тоног төхөөрөмж болон эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “хар жагсаалт”-ыг гаргах ажээ.
Авлигын гэмт хэрэгт холбогдсон үйлдвэр, хувь хүний нэгдсэн жагсаалтыг гаргаж олон нийтэд нээлттэй байршуулах болно хэмээн Үндэсний эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хорооноос өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Уг мэдээллийн дагуу 2014 оны 3 дугаар сараас эхлэн энэхүү жагсаалтыг гарган, хэрэгжүүлж эхлэх юм.
Хар жагсаалтад орсон компаниудыг тухай хэрэгт холбогдсон бүс нутагтаа 2 жилийн хугацаанд борлуулалтын үйл ажиллагаа явуулахыг нь хориглох юм. Мөн уг жагсаалтад 5 жилийн хугацаанд хоёр болон түүнээс дээш удаа орсон компанийг үндэсний хэмжээнд 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахыг нь хориглох ажээ.
Хятад Улс дахь эрүүл мэндийн салбар, ялангуяа дотоодын болон олон улсын эм, эмийн бүтээгдэхүүн болон хуурай сүү үйлдвэрлэгч компаниудын авлигын асуудал олны анхаарлын төвд байсан жил бол өнгөрөгч 2013 он байв.
Эдгээр хэргүүдийн хамгийн том нь Британийн эм үйлдвэрлэгч “GlaxoSmithKline” компанийн оролцсон мөрдөн байцаалт байсан юм.
Хятад Улсын эрүүл мэндийн салбарын 2011 оны зарлага болох 357 тэрбум ам. долларын хэмжээ 3 дахин нэмэгдэж 2020 он гэхэд 1 их наяд ам. доллар болно гэсэн урьдчилсан тооцоог зөвлөгөө өгөх “McKinsey” фирм гаргаад байгаа юм. Энэ нь Хятад Улс эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьд хамгийн их ашиг олох зах зээл болох хандлагатай байгааг илэрхийлж байна.
Уг хар жагсаалтад зөвхөн Хятадын шүүхээс буруутай нь тогтоогдсон компаниудаас гадна авлигын жижиг хэрэг буюу санхүү, эрүүл мэндийн салбараас захиргааны шийтгэл хүлээсэн компаниудыг ч хамруулах ажээ.
Үндэсний эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдэгдэж байгаагаар хар жагсаалтад орсон нэгжүүдийг албан ёсны нэр, хаяг, хуулийн төлөөлөгч болон холбогдсон хэргийнх нь талаар мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах ажээ.
Журмын дагуу тус улсын бүсийн эрүүл мэндийн газрууд 1 сарын дотор өөрсдийн жагсаалтын төслийг Үндэсний эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн хороонд ирүүлэх ёстой аж.

Эх сурвалж

Аргентин Улсын экс Ерөнхийлөгч Фернандо де ла Руа хээл хахуулийн хэрэгт буруугүй.

Аргентин Улсын Ерөнхийлөгч асан Фернандо де ла Руа /Fernando de la Rua/-г 13 жилийн өмнө ажил эрхлэгчийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой эрхийг хязгаарлахын тулд сенаторуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт буруугүй болохыг тогтоов.
“Шүүгчийн шийдвэрийн дагуу Би нэр хүндээ сэргээлээ. Энэ бүх зүйлс бол эхлэлээсээ төгсгөл хүртлээ нэр хүндийг минь гутаасан зүйл байсан юм” хэмээн 76 настай Фернандо де ла Руа шүүх хурлын дараа мэдэгдсэн байна.
Мөн шүүх хурлаас хууль тогтоогчдод зориулан хээл хахуульд экс ерөнхийлөгчийн үеийн тагнуулын газрын даргаас 5 сая ам. доллар авсан хэмээн мэдэгдээд байсан экс сенатор Марио Понтакуарто /Mario Pontaquarto/ болон бусад 4 сенатор, тагнуулын газрын дарга, Фернандо де ла Руа-гийн үеийн хөдөлмөрийн сайд нарт холбогдох хэргийг цагаатгасан байна.
Экс ерөнхийлөгч энэхүү хээл хахуулийн хэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн өмнө нь мэдэгдээд байсан юм. Тэрээр 2001 онд Аргентин Улсыг эдийн засаг, нийгмийн хямралтай байх үеэр ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа татгалзсан юм. Уг хөдөлмөр хамгаалах тухай хуулийг нь 2004 онд буюу Ерөнхийлөгч Нестор Киршнер /Nestor Kirchner/-ийн үед хүчингүй болгосон юм.
Шүүхээс уг хэрэгтэй холбоотой шийдвэрийн тайлбараа хараахан гаргаагүй байна. Аргентин Улсын шүүхийн системийн дагуу, шүүхийн шийдвэрийн тайлбар гарахдаа ихэвчлэн шүүх хурлаас хойш удаан хугацааны дараа албан ёсоор гардаг юм.

Эх сурвалж

Тайвань Улсын шүүгч хээл хахуулийн хэрэгт холбогдлоо.

Тайвань Улсын прокуророос 1.5 сая гаруй ам. долларын хөрөнгө хууль бусаар эзэмшсэн, хээл хахуулийн хэрэгт нэгэн шүүгчийг буруутгаад байна.
Прокурорын байгууллагын 3 жилийн хугацааны мөрдөх үйл ажиллагааны дүгнэсэн мэдэгдэлд Дээд шүүхийн ахлах шүүгч Ху Чин-пин /Hu Chin-pin/-ийг хээл хахууль авсан хэрэгт буруутгасан байна.
Уг мэдэгдэлд мөн хээл хахууль, мөнгө угаах, хөрөнгө луйвардсан хэрэгт холбогдуулан өөр 5 хүнийг буруутгасан байна. Тэдний дунд Ху Чин-пин-ийн найз бүсгүй байгаа ажээ.
Прокурорын байгууллагаас үзэж байгаагаар 2010 оноос хойш Ху Чин-пингийн хөрөнгө тодорхойгүй эх үүсвэрээс 1.55 сая ам. доллар (46.47 тайван доллар)-оор нэмэгдсэн бөгөөд гэр бүлийн гишүүдийн данс, зээлийн картын зарлага, мөн тансаг зэрэглэлийн суудлын машин худалдан авсан зэргээ нууцалсан гэж үзэж байгаа ажээ.
Мэдэгдэлд дурдсанаар “шүүхийн ажилчдын дунд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний орлоготой нь Ху Чин-пин” байсан аж.
“Ху Чин-пин Засгийн газрын ажилтны нэр хүнд, шүүгчийн ёс суртахууныг гутаасан. Гэмт хэрэгтэй холбоотойгоор харамсал/гэмшлээ илэрхийлэхгүй байгаа нь хамгийн муу зүйл юм. ... Бид түүнд боломжит хамгийн хүнд шийтгэл ногдуулахаар шүүхэд хандаад байгаа” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд дурдсанаар хэргийг шалгах явцад, Ху Чин-пин нь эхнэр болон хоёр найз бүсгүй, 6 хүүхэд нийт 3 гэр бүлийг тэжээхийн тулд шүүгчээр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний хээл хахууль авсан байх магадлалтай хэмээн прокурорууд үзэж байгаа юм.
Тайван Улсын хуулийн дагуу, авлигын гэмт хэрэгт ногдуулах хорих ялын хамгийн дээд хэмжээ нь бүх насаар нь шоронд хорих юм.
Сүүлийн жилүүдэд Тайван Улсын өндөр албан тушаалтнуудын оролцсон авлигын гэмт хэрэг ихээр гарах болсон бөгөөд түүний нэг нь хээл хахуулийн хэргээр 20 жилийн хугацаанд шоронд хоригдох ял аван, хоригдож буй Ерөнхийлөгч асан Чэнь Шуй-бянь /Chen Shui-bian/-ий хэрэг юм.

Эх сурвалж

Дэлхийн банкны ерөнхийлөгч: Авлига бол “хамгийн том саад”

Төрийн болон хувийн хэвшил дэх авлига бол хөгжиж буй улс орнуудын хамгийн том саад гэж пүрэв гарагт Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким /Jim Yong Kim/ хэлсэн байна.
Хууль сахих ёс болон засаглалын бусад асуудлуудаар шинжээчдийг хөлслөх, энэ хүрээнд тусгайлан анхаарал хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа тэрээр мөн мэдэгдсэн юм.
Жим Ён Ким нэмж хэлэхдээ “эрүүл мэндийн туслалцаа шаардлагатай байгаа жирэмсэн эхээс хулгайлсан доллар бүр төрийн авлигач албан хаагч эсвэл авлигач бизнес эрхлэгчийг хэтэвчинд орж байна” гэсэн юм.
Энэхүү мэдэгдэл нь 1990-ээд оноос хойш тус банкны бодлого хэрхэн өөрчлөгдсөнийг илэрхийлж байгаа бөгөөд 188 гишүүн улс орон бүхий тус байгууллагын анхаарлын төв дэх хамгийн том асуудлын нэг нь авлига болсныг илэрхийлж байгаа юм.
Дэлхийн банкны өмнөх Ерөнхийлөгч Жим Вулфенсон /Jim Wolfensohn/ 1996 онд хийсэн нэгэн мэдэгдэлдээ улс орнуудыг авлигаас ангид байхыг анхааруулахын оронд авлига бол улс орнуудад тулгарч буй “тахал” хэмээн мэдэгдэж байсан юм.
Дэлхийн банк нь хөдөө аж ахуй, худалдаа, ус, боловсрол зэрэг салбарт техникийн дэмжлэг үзүүлэх 10 гаруй газартай байсан бөгөөд Жим Ён Кимийн өнгөрсөн 10 дугаар сард улс засаглалын талаар техникийн дэмжлэг үзүүлэх нэгжийг Дэлхийн банкны бүтцэд шинээр байгуулаад байгаа юм.

Эх сурвалж

Энэтхэгийн парламент авлигын эсрэг нэгэн хууль батлав.

Засгийн газартай холбоотой авлигын хэргийн талаарх гомдлыг шалгах хараат бус байгууллага байгуулах зорилго бүхий, удаан хугацаагаар хүлээгдээд байсан Авлигын эсрэг хуулийг Энэтхэгийн парламентийн дээд танхим өчигдөр батлаад байна.
Уг хуулийн дагуу Засгийн газар дахь авлигын гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах омбудсмений газар буюу “Lokpal”-ийг байгуулах ёстой бөгөөд тус байгууллагыг тэргүүлэх гурван гишүүнийг Ерөнхий сайд, Сөрөг хүчний тэргүүн, Дээд шүүхийн тэргүүн шүүгч нар хамтран томилох ёстой ажээ.
“Lokpal” нь Засгийн газрын эсрэг авлигын гэмт хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Төв мөрдөх товчооны үйл ажиллагаанд чиглүүлэх үүрэгтэй оролцох юм.
Мөн уг хуулийн дагуу нэг жилийн дотор Энэтхэгийн муж бүрт “Lokpal”-ийн орон нутаг дахь салбар буюу “Lokayukta” нэгжийг байгуулах ёстой юм.
Анх энэ хуулийн төслийг 1968 онд танилцуулж байсан ч хууль батлагдаагүй байсан юм. Үүний дараагаар Засгийн газартай холбоотой авлигын хэд хэдэн хэрэг гарсны дараагаар буюу 2011 оны 12 дугаар сард уг хуулийн хамгийн сүүлчийн төслийг танилцуулаад байсан юм.
Тухайн үед хуулийн төсөл тус улсын доод танхимаар хэлэлцэгдэн дэмжлэг аваад байсан ч дээд танхимын чуулганы хугацаа дуусахаас өмнө батлах боломжгүй болсон байсан юм. Уг хуулийг анхны төслөөсөө сул зохицуулалттай болсон хэмээн зарим шүүмжлэгчид үзэж байгаа юм.

Эх сурвалж

Хятад Улс дахь санал худалдан авах гэмт хэрэг.

Хятадын өмнөд хэсгийн Хунань мужийн Хэнян хот дахь сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авсан гэмт хэрэгт 500 гаруй хууль тогтоогчид холбогдсон нь Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад Улсыг хоёр дахь жилдээ удирдаж буй Ши Жинпин /Xi Jinping/-ий авлигын эсрэг тэмцэлд томоохон сорилт болж байна.
Сонгуулийн луйврын хэрэг буюу тус хотын Ардын хурлын бараг л бүх төлөөлөгчид албан тушаалаасаа огцорсон хэрэг өнгөрөгч 12 дугаар сарын 28-нд болжээ.
Коммунист намаар удирдуулсан Хятад Улсын Ардын хурлын гишүүдийг муж, хот зэрэг засаг захиргааны бүсүүдээс орон нутаг дахь санал хураалтаар сонгодог юм.
Синхуа агентлагийн мэдээлснээр орон нутгийн хурлын 512 гишүүнийг хээл хахууль авсан хэрэгт буруутган тус хотын Ардын хурлаас чөлөөлж байгаа талаар мэдээлсэн юм. Тус агентлагийн мэдээлснээр 68 албан хаагч болон хотын хурлын 518 төлөөлөгчдөд хээл хахуульд 18 сая доллар (110 сая юань) санал болгосон нь тогтоогдсон, мужийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцохоор болоод байсан 56 гишүүний сонгуулийг мөн хүчингүй болсон байна.
Хятадын “China Daily” сонинд мэдээлснээр “Ши Жинпиний авлигын эсрэг үйл ажиллагаа орон нутгийн өмчит компаниудын удирдлага болон орон нутаг дахь төрийн албан хаагчдаас Коммунист намын төв хорооны тэргүүлэх гишүүд хүртэл өргөн хүрээг хамрах болсон бөгөөд 2012 оны 11 дүгээр сараас хойш хамгийн багадаа сайдын түвшний 15 албан хаагч шалгагдсан” гэжээ.
Өнгөрөгч 10 дугаар сард Синхуа агентлагийн мэдээлснээр Хятад Улсад 2013 оны эхний 8 сарын хугацаанд 22617 авлигын гэмт хэргийг шалгасан байгаа нь өмнөх оныхоос 3.6 хувиар өссөн байгаа ажээ.
Мөн түүнчлэн, Сахилгын хяналтын төв хорооноос 12 дугаар сарын 20-нд мэдээлснээр Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ли Донгшен /Li Dongsheng/-ийг байцааж байгаа юм. Ли Донгшений хэрэг нь 9 дүгээр сард баривчлагдсан Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны дарга Жианг Жеймин /Jiang Jiemin/-ийг хэргийн дараах, авлигын хэрэгт холбогдсон Төв хорооны хоёр дахь гишүүн болж байгаа юм.
Мөн “Guangzhou Daily” сонины 12 дугаар сарын 21-ний дугаарт мэдээлснээр “Гуандон мужийн Гуанжоу хотын авлигач 2014 албан хаагчдыг хилийн чандад оргон зайлахаас урьдчилан сэргийлж, тэдний паспортыг нь хураасан байгаа” гэсэн юм.

Эх сурвалж