Н.Ганболд: Хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал

A- A A+
Н.Ганболд: Хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал

-За би ярилцлагаа хамгийн түрүүнд хүн болгон мэддэг юм шиг хэрнээ бас тийм ч тодорхой мэддэггүй нэг асуултаар эхэлье гэж бодлоо. Авлига гэж яг юу юм бэ?
Тийм ээ үнэн. Хүмүүс ихэвчилэн авлигыг хээл хахууль гэдэг ухагдахуунтай хольж ойлгодог л доо. Тиймээс ч “авлига өгөх, авах” гэсэн буруу үг хэллэгийг энгийн иргэдээсээ эхлээд улс төрчид хүртэл хэрэглэх нь элбэг байдаг. Авлига гэдэг нь их өргөн ойлголт. Хуулийн тодорхойлолтоороо авлигад “албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэх мэт олон үйлдлийг хамруулж ойлгох ёстой.

-Авлигатай тэмцэх газар энэ авлигатай тэмцэх үүргээ хэр биелүүлж чадаж байна?
Би ажлаа аваад хамгийн түрүүнд нийгэм биднээс асар их зүйл хүлээж байгааг мэдэрсэн. Мэдээж хэрэг, энэ байгууллагыг толгойлж байгаагийн хувьд нийгмийн энэ хүлээлт, шаардлагыг нэн даруй хангах хүсэл эрмэлзэл байлгүй яахав. Гэтэл энэ маань алга эргүүлэхийн дайнд шийдэгдэх асуудал биш ээ. Авлигын эсрэг хууль зүйн орчин нь сайн бүрдсэн, ажилтнууд нь чадварлаг, техник технологи нь орчин үетэйгээ нийцсэн байх шаардлага бидэнд байнга тулгардаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд эдгээр байдлуудаа бэхжүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллалаа. Тодорхой дэвшил гарсан гэж үзэж байгаа. Гэхдээ цаашид ч авч хэрэгжүүлэх ажлууд их байгаа.

-Тухайлбал ойрын үед хэрэгжүүлэх ажлууд юу байна?
Тухайлбал манай Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар нэгжгүй байгууллага. Гэтэл бид нэгжтэй байх шаардлагатай өдөр бүр тулгардаг гэхэд болно. Ялангуяа сүүлийн үед орон нутаг дахь төсвийн эрх мэдэл нэлээд хэмжээгээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид болзошгүй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн орон нутагт нь хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Хуулиараа авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мөрдөн шалгах, хянан шалгах чиг үүргийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ жил 1-5 сарын хооронд бид 20 аймгаар явж ажиллалаа. Ингэхдээ шалгаж зөрчил илрүүлэхийг урьтал болгосонгүй авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Орон нутагт биднээс ийм арга зүйн зөвлөгөө авах эрэлт хэрэгцээ маш их байгаа нь харагдсан. Манай ажилтнууд ихэнхдээ өглөө 8-аас оройны 22-23 цаг хүртэл ажиллаж байсан. Олон хоногоор явах санхүүгийн боломж муу томилолтын зардал хүрэлцдэггүй учир цөөн хоног шахаж ажлаа амжуулахаар зорьсон л доо. Мөн очиж ажилласан аймаг бүртээ иргэдэд зориулан тухайн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр шууд ярилцлага зохион байгуулж, иргэдийн хуулийн мэдлэгт бага ч болов нэмэр болж тэдний орон нутагтаа хяаалт тавих боломжийг нь бүрдүүлэх зорилгоор Сонирхлын зөрчлийн хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн талаарх мэдээллийг байнга өгч явсан.

Хэдийгээр энэ ажил маань их үр дүнтэй ажил болсон ч маш их цаг, хөрөнгө зарсан ажил болсон. Өөрөөр хэлбэл бид жил бүр ингэж бүх аймгаар явах боломж бага. Энэ жилийн хувьд орон нутагт төсвийн эрх мэдэл огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор бид энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээг гарцаагүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байлаа. Ирэх жилүүдэд бүр ч тулж ажиллах шаардлага байгаа нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас харагдаж байгаа. Авлигатай тэмцэх газарт хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн 39.8 хувь, эрүүгийн хэргийн 29,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс ч явсан газар бүрт, хийсэн уулзалт бүрийн үеэр хөндөгдөж байсан нэг асуудал бол Авлигатай тэмцэх газрын салбарыг орон нутагт байгуулж болохгүй юу гэсэн санал байсан.

-Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, тэдгээрт хяналт тавих ажил хэрхэн явагдаж байна вэ?
Орон нутагт мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулахад бэрхшээл тулгарч байна. Ялангуяа сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн болон мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбоотой эрх бүхий албан тушаалтнуудын ажил, үүрэгт ихээхэн өөрчлөлт орж ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Тодруулбал, орон нутагт хүрч ажиллах, тэдний үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахад боловсон хүчний болон санхүүгийн хувьд хүрэлцэхгүй буюу ажиллах боломж, бололцоо хангалтгүй байдаг.
Түүнчлэн сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус газар 2012 онд 3200, 2013 онд 9500 орчим этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс орон нутгаас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг 4.1- 42 орчим хувийг эзэлж байна. Ялангуяа орон нутгийн сонгууль, байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан томилогдох албан тушаалтны тоо нэмэгдсэн. Орон нутгаас ирүүлсэн мэдүүлгийг хянаад шуудангаар хүргүүлэхэд цаг хугацаа алдах, зарим албан тушаалтнууд нь хугацаа алдан томилогдох, шинээр гарсан хуулийг орон нутагт буруу ойлгож хэрэглэснээс хувь хүн хохирох, иргэдийг чирэгдүүлэх асуудлууд үүсэж байна.

Мөн улсын хэмжээнд нийт 47000 гаруй мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСМХОМ/-ээ гаргадаг бөгөөд үүнээс жилд дунджаар 500-550 орчим албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан хянан шалгаж байгаа нь нийт мэдүүлэг гаргагчдын дөнгөж 1,1 хувийг хянасан үзүүлэлттэй байна. Нийт шалгасан ХАСМХОМ-ийн мэдүүлгийн дүнд орон нутагт ажиллаж байгаа албан тушаалтны мэдүүлгийг шалгасан байдлыг үзэхэд 2007-2008 онд мэдүүлгийн хяналт шалгалт орон нутагт бага хувьтай буюу нийт шалгасан мэдүүлгийн 1 хүртэл хувийг эзэлж байсан бол 2010 онд 13,7 хувийг, 2011 онд 37,1 хувийг, 2012 онд 25,1 хувийг, 2013 оны 10 сарын 10-ны байдлаар 26,5 хувийг тус тус эзэлж байна.

Иймээс эдгээр хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг аймаг, орон нутаг, иргэнд ойртуулж, авлигаас нийтээрээ урьдчилан сэргийлдэг, аливаа зөрчил дутагдлыг шуурхай таслан зогсоодог, хамтаараа энэ үйл ажиллагаанд оролцдог тогтолцоо, бүтцийг аймгуудад бий болгохыг эрмэлзэж байна. Бид эхний ээлжинд бүсчилсэн байдлаар салбар нэгж байгуулах саналаа боловсруулаад байгаа.

-Гадуур ярьдаг л даа Авлигатай Тэмцэх Газар нэг гэмт хэрэг шалгаж байгаа гэсэн тэгээд таг болчих юмаа гэж?
Авлигын гэмт хэргийн илрүүлэлт, түүнийг шалгаж тогтоох ажиллагаа мөрдөн байцаагчийн ур чадвар, шуурхай үйл ажиллагаатай салшгүй холбоотой ч үүнээс гадна нөлөөлөх бусад хүчин зүйлс байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг далдуур үйлдэгддэг, ул мөр нь хэд хэдэн тусдаа санхүүгийн үйл ажиллагаагаар замхардаг, нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж, оролцогч талуудын аль аль нь “сэтгэл хангалуун” үлддэг онцлогтой. Тийм учраас бусад мэргэжлийн байгууллага, мэргэшсэн хүний оролцоо чухал. Нөгөөтэйгүүр гэмт үйлдлийн үргэлжлэл нь мөнгөн гуйвуулга, гадаад дансны орлого, гадаадын хөрөнгө оруулалт гээд олон хэлбэрээр дотоодод төдийгүй хилийн чанадад үргэлжлэх тохиолдолд гадаад улсын эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг бас хэрэгтэй болдог. Хууль сахиулах бусад байгууллагын үйл ажиллагаа, ялангуяа авлигын гэмт хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, гэм бурууг дэнсэлж байгаа шүүч нарын хуулийг салаа утгагүйгээр нэг мөр, нэгдмэл ойлголттойгоор хэрэглэх, дүгнэлт хийх чадвар, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэй. Эндээс дүгнэхэд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь өргөн хүрээнд хийгддэг багийн үйл ажиллагаа юм.

-Одоо эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, бас нэлээдгүй шинэ хуулиуд гарч байна. Эдгээртэй авлигын эсрэг эрх зүйн орчинг шинэчлэх асуудал хэрхэн уялдаж байна?
Эрх зүйн орчноо боловсронгуй болгоход анхаарч, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Бидэнд мэдэгдэж байгаа олон улсад гэмт хэрэг гэж үздэг авлигын боломжит бүх хэлбэрийг улсынхаа онцлогт нийцүүлэн хуульчилахад анхаарч байна. Гэмт хэргийн тухай шинэ хууль батлагдаж, төсөлд тусгагдсан манай байгууллагын саналууд дэмжигдвэл нийтийн хөрөнгийг завшсан албан тушаалтнуудад энгийн иргэнээс тусгайлан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, зөвхөн хахууль авсан биш хахууль авахаар тохиролцсон, хахууль өгөхийг шаардсан бүрт, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад хууль бусаар нөлөөлсөн даруйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх механизм ажилладаг болно. Авлигатай тэмцэх ажлыг нэг байгууллагын биш нийтийн ажил болгоход чиглэсэн авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж хууль санаачилагчид хүргүүлсэн.
Авлигын эсрэг хууль болон бусад хуулиудад оруулахаар төлөвлөж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар ярихад ийм байна. Үүнд бас нэг зүйлийг онцолмоор байна. Манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын эсрэг гэдэг юм уу, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх явдал чухал. Гэхдээ авлигатай тэмцэх ажлын чухлыг бас мартаж болохгүй. Тийм учраас одоо өрнөж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, одоо яригдаж байгаа Мөрдөх албыг бий болгосноор 20 сая төгрөгөөс дээш хэмжээний гүйлгээ, гадаад төлбөр тооцооны мэдээллийг авах, дүн шинжилгээ хийж, сэжигтэй гүйлгээ, хууль бус гүйлгээ хийх оролдлогын талаар мэдээлэх үүрэгтэй Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба мэдээллийг ганцхан Мөрдөх албанд шилжүүлдэг байж болохгүй.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрүүгийн хэргийн харьяаллыг өргөжүүлэх, хууль сахиулагч шүүгч, прокурор, бусад албан тушаалтны авлигын гэмт хэргийг тус газарт шалгадаг байхаар хуулийн төсөл өргөн баригдаж байгаа. Тэгэхээр үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргүүд бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээрээр авлигын суурь гэмт хэрэгт тооцогддог мөнгө угаах гэмт хэргийг Авлигатай тэмцэх газар харьяалан шалгадаг байх хэрэгтэй. Энэ нь өөрөө олон улсын шаардлага. Хэдий бид тусгаар тогтносон улс ч олон улсын аливаа гэрээ, конвенцийн гишүүн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэж бий.

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүд?
Бэрхшээлээ тоочих нь санаачилга, сэтгэлгүй байдлыг илэрхийлдэг ч хэлж ярихгүй орхиж боломгүй асуудлууд байлгүй яах вэ. Одоо бид хуулийг хэрэглэх уламжлалт практикдаа дүгнэлт хийж, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хийгдсэн хөндлөнгийн мэргэжилтнүүдийн судалгаагаар авлигын зарим гэмт хэргүүд шүүхийн шатанд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болсон, прокурор, шүүх, мөрдөх байгууллагуудын энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт нэгдмэл биш, хуулийг өөр өөрөөр тайлбарладаг, хэрэглэдэг жишээ, тохиолдол гарсан байсан. Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосны дараа дүгнэлт хиймээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгалтын дундуур татаж хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтын ажиллагааг үл ойлгогдох үндэслэлээр зогсоох зэрэг байцаан шийтгэх ажиллагаан дахь эрх мэдлийн хуваарилалтыг урвуулсан тохиолдлууд ч мэр сэр гарч байна.
Хөндлөнгийн мэргэшсэн эдийн засгийн шинжилгээ хийх зардал өсч, авлигын гэмт хэргийн хүрээ өргөсч олон улс, гадаадын иргэдийн оролцоо, үйл ажиллагаа нэмэгдэж байхад байцаан шийтгэх ажиллагааны зардал хүрэлцэхгүй хэвээр байна. Орон нутаг дахь зочид буудал, үйлчилгээний үнэ өссөөр байхад өгч буй томилолтын зардлын хэмжээ өөрчлөгдөхгүйгээс алба хаагч нар хувиасаа томилолтын зардал төлж ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдол ч байна. Гэмт хэрэг үйлдэгсэд хууль бус аливаа аргаар санхүүгийн чадвараа нэмэгдүүлсэн, улсын дэд бүтэц урьдынхаас илүү сайжирсан энэ үед хууль сахиулах, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай мэдээлэл солилцох, оргож буй этгээдийг зогсоох, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх гэх мэт мөрдөн шалгах ажиллагаанд чухал журам заавруудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор цаг үедээ тохируулан өөрчлөх, хялбаршуулах шаардлага байна.
Хууль сахиулах байгууллагуудын алба хаагч нар мэргэжилдээ үнэнч байж, шударгаар ажиллах, тэдгээрт тавих шаардлагыг чангаруулахад анхаарал сулруулж боломгүй байна. Ихээхэн хүчин чармайлт, гарган ажилласны дүнд хэргийг нотолж байхад цагдан хоригдсон этгээдийн мэдээ, мэдээллийг гадагш дамжуулдаг, гар утас зөөдөг, тэдгээрийн нөлөөнд автдаг, шинжээч нар бусдын нөлөөнд автан, зориуд худал дүгнэлт гаргасан асуудлууд ч гарч байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагуудын өөрт мэдэгдсэн авлигын гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, материалыг тухай бүр шилжүүлэхгүй орхигдуулах, энэ хугацаанд нь холбогдох этгээд зайлсхийх явдал ч гарч авлигатай тэмцэхэд бага гэлтгүй садаа болж байна.
Сүүлийн үед бид ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа нэг асуудал нь гадаадад гарсан монгол эх үүсвэртэй, хулгайлагдсан хөрөнгийг олж илрүүлэх, буцаан авчрах явдал байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын СТАР байгууллагатай идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна. Энэ байгууллагын мэргэжилтэн зөвлөхүүдээс зөвхөн Авлигатай тэмцэх газар биш бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулсан сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулаад байна. Энэ чиглэлээр л гэхэд өмнө байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнүүдийн зарим нь орчин цагт нийцэхгүй болсон, эдийн засгийн харилцаа, хамаарал нь нэмэгдсэн гадаад улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ хэлэлцээргүй байгаа нь олон улсын хэмжээнд ажиллахад хүндрэл учруулж байна. Дотооддоо ч гэсэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын уялдаа хамтын ажиллагааг хангасан тогтолцоо сайн бүрдээгүй байгаа гэх мэт асуудлууд байна даа.

-Танай байгууллагын тэргүүлэх чиглэл?
Мэдээж авлига үүсэх шалтгаан нөхцөлийг бууруулах, авлигын хүрээг хумих зорилгоор хийгдэж буй урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа юм. Гэхдээ хяналт шалгалт, дүн шинжилгээ, мөрдөн шалгах гэх мэт бусад албадтай багаар хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрэх юм. Дэлхий нийтийн чиг хандлага ч авлигын эсрэг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг зөрчил, гэмт хэрэг гарсан хойно нь биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, цаашлаад нийгэмд авлигаас ангид байх үзэл санааг төлөвшүүлэх нь чухал гэж үздэг, бид ч тэр зарчмыг баримталдаг л даа. Гэхдээ үүнд бас тухайн нийгмийн хөгжлийн үе шат ихээхэн нөлөөлдөг нь бусад улс орны туршлагаас харагддаг. Хөгжиж буй орны хувьд бид хууль сахиулах, мөрдүүлэх явдлыг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хөгжсөн орнуудын хувьд бүхий л харилцаа нь хууль, дүрэм журмын дагуу тогтолцоонд орчихсон нийгэмд хуулиас гадуур үйлдэл хийж болохгүй гэдэг ойлголт бүр суучихсан, буруу үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх нь гарцаагүй гэсэн ойлголт, орчин бүрдсэн байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр сүүлийн үед их яригдаад байгаа хуулийн засаглал гэдэг зүйл л авлигатай тэмцэхэд хамгийн чухал. Сайн хууль, муу хууль гэж ярихаасаа урьтаж хуулиа яаж сайн мөрдүүлэх вэ гэдэг дээр бид маш сайн анхаарах хэрэгтэй.

-Авлигын зөрчил гэж байдаг уу? Эсвэл бүгд л гэмт хэрэгт тооцогддог уу?
2012 оны 5 дугаар сарын 1-нээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой маш ач холбогдол бүхий хууль л даа. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь авлигын гэмт хэргийн урьтал нөхцөл гэж ойлгож болно.

-Хүмүүсийн дунд нэг ийм яриа бас байнга явдаг аа. Авлигатай тэмцэх газар том акулуудыг нь яаж ч чадахгүй жижигхэн загас жараахай хөөцөлдөөд байнаа гэж.
Төрийн өндөр албан тушаалд ард иргэдийн итгэлийг авч сонгогдсон, томилогдсон эрхмүүдтэй холбоотой асуудлууд, тэдгээрийн хуулиар олгогдсон халдашгүй байдал гэх мэт байдлаар хаацайлагдаж бидний ажилд саад болдог нь үнэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгааг нөгөө талаар иргэд “том акул”-ын талаархи асуудлыг төр нь цэвэр байгаасай гэсэн шаардлага хүлээлтийг хэлээд байна гэж ойлгодог. Аливаа зөрчил, гэмт хэргийг жижиг том гэж ялгах буруу. Зарчмын хувьд ч ийм ойлголт байх ёсгүй гэж боддог. Сургуулийн багш хууль зөрчиж хандив авсан тохиолдол ч бидний хувьд анхаарал хандуулах л асуудал. Хуулиа сахих, дүрэм журмын дагуу амьдрах хандлагыг нийгмийн дунд бий болгох нь манай байгууллагын хамгийн гол зорилго. Угаасаа ийм хандлага бий болохгүйгээр бид авлигыг бодитой бууруулах нь боломжгүй зүйл. Үүнээс улбаалаад хэлэхэд авлигын эсрэг үйл ажиллагаа нь ганцхан Авлигатай тэмцэх газрын хийх ёстой ажил биш гэдгийг бид юуны өмнө бүхий л төвшиндөө маш сайн ойлгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт хийх, мөрдөн шалгах гээд манай байгууллагын бүхий л чиг үүргийн хүрээнд явуулж буй аливаа үйл ажиллагаа олон талын хамтын ажиллагаанаас хамаарч эцсийн үр дүн нь гардаг.

-Хүрсэн гол амжилтуудаа товчхон дурдвал.
Авлигатай тэмцэх газрын гол чиг үүргийн хэлтэс, албадын маань ажил ерөнхийдөө сайн жигдэрч чадсан байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах ажил маань тогтолцооны хувьд нэлээд сайн бүрдэж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд төрийн бус байгууллагыг татан оролцуулахад анхаарал хандуулж ажиллалаа. Сонирхлын зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж авч байгаа бөгөөд бүрдүүлэлт 99.97 хувьтай байна. Мөн өнгөрсөн оны бүрдүүлэлтийг анх удаа цахим хэлбэрээр авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Авлигын гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт өссөн, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн илүү эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын тоо нэмэгдсэн, учруулсан хохирлын нөхөн төлүүлэлт өссөн, хууль бусаар олгогдсон газар, лицензүүд шударгаар дахин хуваарилагдах нөхцөл бүрдэж эхэлсэн зэрэг болно.