Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдтой уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Монгол Улс авлига, хээл хахуулийн орооцолдсон сүлжээтэйгээ чадах ядахаараа тэмцэж байгаа. Өнөөдрийн үндэсний чуулган ч авлигатай тэмцэх ажлыг орон даяар далайцтай шуурхай явуулахад чиглэгдэж байгаа нь тодорхой. Харин энэ олон хурал, зөвлөгөөн чуулганаас дорвитой үр дүн гардаг юм болов уу?
-Манай улсад авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа хэдий ч цаашид авч хэрэгжүүлэх ажил шил шилээ даран хүлээж байгааг одоо болж байгаа “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулганаар хэлэлцэж байна. Монгол Улсад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, 2010 оныг дуустал хэрэгжүүлсэн. 2005 онд Авлигатай тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг батлан гаргасан. Авлигатай тэмцэх хөтөлбөрийг улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа, олон ч ажлууд хийгдэх болно.
-Хамгийн их авлига, хээл хахуульд идэгдсэн Африк тив орших, эс оршихын зааг дээр ирээд байгаа. Бүхэл бүтэн тив, улс орнуудыг сэргэхгүй болтол нь сүйрүүлж байгаа авлига, хээл хахуультай эрс тэмцэл явуулах хууль зүйн орчин Монгол Улсын тухайд аль хэр бүрэлдэн тогтсон байдаг юм бол?
-Өнгөрсөн онд УИХ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг шинэчлэн баталж, Хууль зүйн байнгын хороо Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимтэй явж байна. Цаашид ч үргэлжлүүлэхэд өнөөдөр зохион байгуулагдаж буй чуулган, түүнээс гарах зөвлөмж үр дүнгээ өгнө гэж бодож байна.
-Өнөөдөр бүх түвшинд ямар нэгэн аргаар авлига өгч, авч байгааг та бид бүгдээрээ мэдэж л байгаа. Энэ гамшигт тогтолцоог устгаж үгүй хийхийн тулд ялангуяа АТГ-аас ямар шинэчлэлт, өөрчлөлт хийж, дорвитой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар ярилцах уу?
-Өнөөдрийн үндэсний хэлэлцүүлэг тодорхой хугацаанд үргэлжилж олон хэлэлцүүлэг өрнөсний үндсэн дээр маш олон хүний шинэлэг санаа бодол, үзэл баримтлалыг нэгтгэж чадсан. Ерөнхийдөө “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр ажил хэрэг болоход бэлэн болсон гэж дүгнэж байна. Одоо эцсийн байдлаар олон талаас нь сайтар шүүн тунгааж батлуулах асуудал үлдсэн. Энэ нь АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд маш том дэмжлэг болж байгааг тэмдэглэн хэлэх ёстой. Одоо хэлэлцэгдэж байгаа үндэсний хөтөлбөр өөрөө олон зүйл, асуудлыг тусгаж, авлигатай нийгмээрээ тэмцэхийн тулд төрийн бодлогыг зохицуулж өгч байгаа хэрэг юм. Энд шат шатны хариуцлага, хүлээх үүргийг маш тодорхой тусгаж өгсөн. Жишээ нь Ерөнхийлөгчийн зүгээс юу хийх ёстой юм, УИХ юу хийх юм, Засгийн газар ямар үүрэгтэй оролцох юм гээд маш тодорхой зааг, ялгаатай тусгаж өгсөн байгаа. Түүнчлэн аймаг, орон нутаг ямар үүрэг хүлээж хэрхэн оролцох ёстой юм, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлүүд яаж хамрагдах юм гээд нарийн заагтай тусгаж өгсөн. Ингэхээр энэ олон тогтолцоонууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа дээр АТГ-аас хяналт тавьж, ажилд нь туслаад явчихвал олон хүний дэмжлэг туслалцаа төвлөрч, авлигатай үндэсний хэмжээнд хамгийн үр дүнтэй тэмцэж чадна. Хамгийн гол нь шат шатандаа хүлээсэн үүргээ цалгардуулалгүй, төрийн зүгээс тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлж тэдгээрийг АТГ ерөнхийд нь залж чиглүүлээд ажиллаж чадвал нийгмийн сэтгэл зүйг булингартуулаад байгаа авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг бидний амьдралаас устаж алга болох нөхцөл бүрдэнэ. Мэдээж хэрэг авлига, хээл хахуулийн тогтолцоог ярихын өмнө сая миний дурьдсан энэ олон шат, дамжлага бүхэн дээр нарийн чанд зохицуулалт хийж, ажлын уялдаа холбоог нягт нямбай хангах ёстой. Авлига, хээл хахуультай бүх нийтээрээ дорвитой тэмцэхийн тулд ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг яаралтай баталж Монгол Улс хэдэн он гэхэд авлига хээл хахуулийг хэдэн хувиар бууруулж, хэдэн он гэхэд бүрмөсөн устгаж алга болгосон байх юм гээд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.
-Авлига хээл хахуультай нийгэм даяараа тэмцэхийн тулд эрх зүйн орчныг нь дорвитой өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгчийн зүгээс авлига өгсөн нь адилхан буруутдаг болохоор авлига, хээл хахуулийн хэрэг илрэхгүй дарагдах шалтгаан болж байна хэмээн санал бодлоо илэрхийлж байсан. Энэ талаар та ямар бодолтой явна? -Зөв л дөө. Одоо мөрдөж байгаа хуульд ихээхэн зөрчил, дутагдал бий. Харин шинээр эрх зүйн шинэчлэл хийгдэх гэж байгаа хуулиудад эдгээр санал, санаачилгууд тусгагдаад явж байгаа. Олон шат дамжлага, хүнд суртлын өмнө сөхрөхгүйн тулд, явдал чирэгдлээ багасгахын тулд манай иргэдийн дунд ч “Яршиг зүгээр авдаг хэдэн юмыг нь өгөөд бушуухан хоёр яс салъя” гэсэн ойлголт байгаагаас ялангуяа доод шатанд авлига, хээл хахууль амь бөхтэй оршсоор байгаа юм. Тийм учраас төрийн үйлчилгээний стандарт, хэм хэмжээнүүдийг шат шатандаа түргэн цэгцэлж, хүнд суртал чирэгдэлгүй болгох, тэр албан дээр сууж байгаа хүмүүсийг их зөв сонгон тавьж төрийн үйлчилгээг алагчлалгүй нийтэд хүргэж чаддаг тогтолцоог бэхжүүлэх нь хамгийн эхний шийдэх асуудал болоод байна. Хамгийн гол нь төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт, ёс зүйн хүмүүжилд үндсэн дэвшил гаргах цаг болсон. Ямар ч үед худалдагддаггүй, төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнч, нэн тэргүүнд нийтийн эрх ашгийг урьтал болгодог ёс зүйн хүмүүжлийг нийт төрийн албан хаагчдын толгойд бүр мөрдлөгө болтол нь суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-АТГ-ын ажил сүүлийн үед монголын нийгэмд ихээхэн итгэл төрүүлж байгаа. Одоо л авлига, хээл хахуультай жинхэнэ утгаар нь тэмцэж эхэллээ гэж хүмүүс та бүхнийг ажиглан харж байна. Харин та бүхний илрүүлж баримт нотолгоогоор хаашаа ч бултах газаргүй болгосон олон гэмт хэрэгтнүүд шүүх дээр очоод ял завших нь олширлоо. АТГ, шүүхийн ажлын уялдаа холбоог яавал сайжруулж болох вэ? -Энэ бол таны асуултын дагуу шууд хариулах боломжгүй асуудал. Шүүх эрх мэдлийн байгууллага бол өөрсдийнхөө хууль тогтоомжийн хүрээнд, шүүгчдийнхээ мэдрэмжээр л тухайн хэргийг шийддэг хэрэг шүү дээ. Түүнээс биш манай байгууллагын зүгээс “Бид энэ хүний хийсэн хэргийг ингэж илрүүллээ. Одоо та нар заавал тийм ял өг, тэдэн жилээр хорьж шийтгэ” гэж тулган хүлээлгэх ямар ч боломжгүйн дээр, бид шүүх эрх мэдлийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч арга байхгүй. Тэгээд ч ийм нарийн асуудлыг нийтлэг хэмжээнд ярьж болдоггүй юм. Авлига, хээл хахуультай холбоотой хэрэг бүр, хүн болгон тодорхой нарийн учир шалтгаантай, нийгэмд учруулсан хор холбогдол нь ч өөр өөр байдаг. Яах вэ зүгээр манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа явдагаараа явж л байгаа. Тодорхой хэргүүд дээр хэнд нь ял зэм хүртээх юм, хэн нь замын дундаас цагаатгагдах, ял нь хөнгөрөх юм гэдэг нь цэвэр шүүх эрх мэдлийн байгууллагын дотоод ажил л даа.
-Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих шилжилтийг АТГ өөрийн ажил, үүргийн хүрээнд хэрхэн харж, дүгнэж байгаа вэ? -Ерөнхийлөгчийн энэ санал, санаачилга бол зөвхөн манай байгууллагын тухайд ч бус бүх Монгол Улсын хэмжээнд маш чухал, ухаалаг алхам гэж дүгнэж байгаа. Монгол Улсын ирээдүйг итгэл найдвар, гэрэл гэгээтэй болгохын төлөө тэмцэл явуулж байгаа АТГ-ын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ түүхэн санаачилгыг бүх талаар дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулахаар цаг нартай уралдан ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлье. Өнөөдрийн данхайж томорсон Монгол төр ухаалаг төр рүү шилжилт хийх нь бүх асуудлыг анхнаас нь хуулийн дагуу тэгш, цомхон, хүнд сурталгүй явуулж жинхэнэ утгаараа иргэддээ үйлчилдэг тогтолцоонд шилжье л гэсэн үг шүү дээ. Энгийн юм шиг хэрнээ нийгмийн бүх л харилцааг багтаасан энэ шилжилтийг шат шатандаа зөв голдрилоор нь хэрэгжүүлээд явчихвал Монголын нийгмийг буртаглаад байгаа хүнд суртал, авлига хээл хахууль, бүх шатны албан тушаалтнуудын гэмт хэрэг устаж алга болох хөрс суурь бүрэлдэн тогтох учиртай юм. Хоёр дахь хувьсгалаа эхлүүлсэн Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг ард нийтээрээ хүлээн зөвшөөрч дэмжих ёстой. Өөр зам байхгүй.
Д.Түвшин