Ж.Батсайхан: Хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд явуулах боломж авлигатай тэмцэх газарт бүрэлдэн тогтсон

A- A A+
Ж.Батсайхан: Хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд явуулах боломж авлигатай тэмцэх газарт бүрэлдэн тогтсон

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албанд ажиллаж буй хүмүүс хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ АТГ-т гаргадаг болоод нэлээд олон жил боллоо. Энэ жилийн бүрдүүлэлтийн ажил ямар байгаа талаар болон хууль эрх зүйн орчны талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхантай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт ямар түвшинд явагдаж байгаа вэ, мэдүүлэг гаргавал зохих бүх албан тушаалтныг үнэхээр бүрэн хамруулж чадаж байна уу?

-Энэ чиглэлээр мөрдөгд өж буй гол хоёр хууль Монгол Улсад бий. Нэг нь Авлигын эсрэг хууль, нөгөө нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. Олон нийт “Ашиг сонирхлын зөрчлийн хууль” гэж нэрлэж хэвшээд байгаа шүү дээ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар “нийтийн алба” гэх ойлголтыг томъёолсон. Нийтийн албан дотор төрийн алба багтана. Энэ хоёр хуулиар нийтийн албаны албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийнхээ хувийн ашиг сонирхол, түүнийг нь илэрхийлдэг өмчлөл, эзэмшил, хөрөнгийн байдал, орлогоо мэдүүлэх үүрэг хүлээж шударга, нээлттэй байх ёстой. Тэгэхээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг. Мэдүүлгийн бүрд үүлэлтийн ажил манай улсад нэгэнт хэвшин тогтсон. 2012 онд мэдүүлгийн маягт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хоёр удаа мэд үүлэг гаргаснаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын мэдүүлгийн бүрд үүлэлтийн ажлыг ес дэх удаагаа зохион байгуулж буй хэвшсэн ажил боллоо. Сүүлийн хоёр жилд мэдүүлгийг цахим системээр бүртгэж, цаасан хэлбэрээр баталгаажуулан гаргуулж байна. Цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтээс болж цаастай зууралдаж буйг эс тооцвол мэдүүлгийн бүрдүүлэлтийн тогтолцоо улам боловсронгуй болж байна. Энэ оны хувьд 47 мянга гаруй хүн мэдүүлэг гаргахаас өнөөдрийн байдлаар 9000 орчим албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлсэн байгаа. Цахим хэлбэрээр хандаж байгаа тоо нь өдөрт 6000 гарч байна. Бүрдүүлэлт хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-Нийтийн албан тушаалтан хүн өөрийнхөө хөрөнгө, орлогыг мэдүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан. Харин эхнэр, нөхөр болон гэр бүлийн бусад гишүүний хөрөнгө орлогыг мэдүүлэх асуудал маргаантай байна. Саяхан УИХ-ын чуулганаар Д.Дэмбэрэл гишүүн энэ асуудлыг гаргаж, өөр байр суурьтай буйгаа илэрхийлж байсан.

-Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг бол хувь хүний өмчлөл, эзэмшил, хөрөнгийн эрхтэй холбоотой, эмзэг, нууцлал агуулсан асуудал л даа. Гэхдээ жирийн иргэн, бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн итгэлийг дааж, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх, ил тод байх нь үүнээс дутахааргүй хүндтэй үүрэг. Эрх, үүрэг хоёрын учир шалтгааны холбоо, ялгааг сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд ихээр ярьж байна. Албан тушаалтан та төрөөс олгогдсон эрх мэдлийг олон нийт, ард иргэдийнхээ өмнө, тэдний ашиг сонирхлын төлөө, шударга хэрэгжүүлнэ гэж байгаа бол үүргээ биелүүлж, ил тод, итгэл хүлээхүйц байх ёстой. Энэ зарчмыг баримтлан хуулийг элдэв цоорхой, хийдэлгүйгээр харж нэг мөр ойлгон хэрэгжүүлэх ёс зүйн болоод улс төрийн хүсэл зориг шаардагдаж байна л даа. Хамт амьдарч буй гэр бүлийн гишүүн, эхнэр нөхөр, хамтран амьдрагчаа мэдүүлэхээс гадна тэдний хөрөнгө, орлого гэх мэт ашиг сонирхлыг нь илэрхийлэх зүйлсийг мэдүүлэх тогтолцоо 7-8 жилийн өмнө бүрдсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийн маягтад гэр бүлийн гишүүнийхээ хөрөнгө, орлогыг мэдүүлэх асуудлыг журамласан. Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуульд ч “дундын хөрөнгө” гэх ойлголт бий. Үүнийг авлигын эсрэг нэг төрлийн ажил болгож хэвшүүлээд явж байгаад иргэд сэтгэл ханамжтай байгаа нь ажиглагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд бид багагүй хүндрэл бэрхшээл дунд ажиллаж ирсэн. Ямар сайндаа УИХ-аар Долдугаар сарын 1-ний гэх асуудлын дараа хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг нь хөрөнгө орлогын мэдүүлэгээр болж байх вэ дээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах, хариуцлага тооцох, тооцуулах асуудалд эрх бүхий албан тушаалтан, байгууллага, шүүх хүртэл хойрго хандаж, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байсан үе бий. Харин одоо бол өөр болсон.

Гэмт хэрэг нь прокурор, шүүхийн хяналт дор байцаан шийтгэх хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаанд шалгагдаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болдог, эсвэл удаан хугацаанд шалгаж байгаад сураг алдардаг. Энэ бол нарийн төвөгтэй. Харин хууль зөрчсөн үйлдлүүд нь тодорхой байгаа зөрчлүүдэд АТГ бүрэн эрхийн дагуу хяналт, шалгалт явуулж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шалгаад тухайн этгээдийн урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад хууль бус давуу тал олгож байгаа тэр албан тушаалаас нь холдуулдаг болно гэдэг нь чухал алхам юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтанд гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоож ял шийтгэл ногдуулах нь хэцүү бол албан тушаалаас нь холдуулах нь захиргааны болон сахилгын зөрчлийн хэмжээнд түүнээс хурдан шийдвэрлэдэг гэсэн үг.

Мэдээж ажил хийхэд алдаа оноо байдаг боловч АТГ-аас албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил гэх мэт хүний үндсэн эрхийг хөндсөн асуудалд алдах эрхгүй гэдэг зарчмаар ажиллаж, бодлого, төлөвлөлт, арга барилдаа мэдрэмжтэй хандаж ирсэн. Үр дүн нь ч харагдаж байна.

Наад зах нь ХОМ гэдэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гэдгийг товчлол гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй хүн бараг үгүй болжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг болж, улс төрийн түвшинд ХОМ, ашиг сонирхлын зөрчил яригддаг болсон. Ер нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлоос ажиглавал тэдний дунд хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар тодорхой ойлголттой болсон байна. Ийм үед Д.Дэмбэрэл гишүүн өөрийг нь УИХ-ын дарга байх үед батлагдаж, хэрэгжиж эхэлсэн хуулиа эргэн харж байх шиг байна. Хэзээ нэг цагт манай улсад авлига, хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлыг ярих шаардлагагүй үе ирэх л байх. Тэр үед эдгээр хуулиуд хүчингүй болж магадгүй л юм. Гэвч одоо ийм зүйл ярихад хэтэрхий эрт байна.

Гэр бүлийн өмчлөл, гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцаа, үндсэн эрхийг тооцож, эд хөрөнгийн болон бусад нэгдсэн бүртгэл, хяналт, татварын бодлоготой уялдуулж өмчлөл, эзэмшил, хөрөнгийн үнэлгээний асуудалд хандсан, хийгдсэн олон тооцоо судалгаа АТГ-т байна. Уг мэдээллээ хууль санаачлагчдад хүргэснээр эрх зүйн орчин илүү боловсронгуй болох төлөв бий.

-Татварын хууль тогтоомж, татварын бодлогыг хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудалтай уялдуулах талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Татвараа төлсөн өмч хөрөнгө, эзэмшил, цалин, орлого хууль ёсных гэдэг утгаараа яах аргагүй уялдаа холбоотой байх учиртай. Татварын байгууллага, тогтолцоог хавчуулан шүүмжлэлгүйгээр нэг зүйлийг хэлье. Нүсэр бүтэц, том салбараас гарах алдаа хийдэл албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хуулийн хэрэгжилтэд нөлөөлнө гэдгийг бид харсан. Татвар төлөлгүйгээр орж ирсэн хувь хүний зарим нэг орлого, машин техник, эрх, цалин урамшууллыг мэдүүлээд л бай гэх бодлого бол байна. Ямар ч эх үүсвэртэй бай, олсон бүх хөрөнгө орлогоо мэдүүлээд л явж байх ёстой. Шаардлагатай үед “мэдүүлж байсан” гэдгээрээ хөнгөвчлөн үзэх шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. Гол нь мэдүүлэх үүргээ л биелүүлэх ёстой. Ингэснээр авлига, албан тушаалаа ашиглах замаар олсон хөрөнгө биш юм гэдгээ харуулах баталгаа болно. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн тогтолцоо нь татварыг нь сануулж, нөхөн төлөх, ингэснээр орлогоо хууль ёсны болохыг нотлох зэргээр татварт ч, хувь хүнд ч дэм болох тохиолдол олон байдаг.

-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болоод бараг хоёр дахь жилдээ орлоо. Энэ хугацааны ажлын үр дүнгээс дүгнэхэд манай улсад сонирхлын зөрчлийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Ашиг сонирхлын зөрчил гэх ойлголт хууль батлагдахаас өмнө яригддаг байсан асуудал. Салбарын зарим хууль тогтоомжид одоо ч сонирхлын зөрчлийн холбогдох заалтууд бий. Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсанаар ашиг сонирхлын зөрчлийг тогтоох нь тулгамдсан асуудал болж байна. Иргэд, тэр дундаа АТГ-т хандаж гомдол, мэдээлэл ирүүлж буй иргэдийн ойлголтын түвшин дээшилсэн талаар би түрүүн дурдсан. Гэхдээ бүрэн дүүрэн ойлгож, нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болж хараахан чадаагүй байна. Иргэдийн түвшинд байгаа ерөнхий ойлголт нь хуулийн нарийн зохицуулалттай тэр бүр нийцэхгүй байгаа. Нэг жишээ дурдахад, энэ хуулиар “хамаарал бүхий этгээд” гэх хүрээг тодорхойлж, албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах, оролцох зэргийг хориглосон байгаа. Түүнээс биш тухайн албан тушаалтны бүх садан төрөл, хамаатан садны асуудлыг үүнд хамааруулахгүй. Улс орны онцлогийг хууль санаачлагчид харгалзан үзсэн байна.

Нэг сайд томилогдоход түүний хамаатан садангийн хүмүүсийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байж таарахгүй. Харин тэр сайд өөрийн болон эхнэр, нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэдтэйгээ холбоотой шийдвэр гаргах, оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй л гэсэн үг. Мөн нэгдмэл сонирхолтой бусад хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Орон нутаг, сумдад бол сонирхлын зөрчлийн нөхцөл байдал хүнд байна. Удирдлагаас бодлого, чиглэл гарч анхааран ажиллаж байна. Ер нь бол хяналт шалгалтыг мэргэжлийн өндөр түвшинд явуулах боломж АТГ-т бүрэлдэн тогтсон, боловсон хүчнээр тодорхой хэмжээнд хангагдсан гэж үзэж болно.

Энэ хуулийн бас нэг онцлог байгаа. Сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох үндэслэлийг олон нийтийн зүгээс тодорхойлдог байхаар заасан. Өөрөөр хэлбэл, олон нийт хэн нэг албан тушаалтны шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож байвал энэ нь зөрчлийн гэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа хэлбэр юм. Энэ тохиолдолд тухайн албан тушаалтан зохих мэдэгдэл, тайлбарыг дээд шатандаа гаргах, эсвэл тухайн асуудлыг шийдэхээс татгалзах ёстойг энэ хуулиар зохицуулсан. Зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудал яригдана. Эрх зүйн орчны хувьд АТГ ийм нөхцөлд ажиллаж байна.

-Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна гэдгийг тогтоочихоод дараа нь албан тушаалтныг буруутгана гэсэн үг үү?

-Яг онож асуулаа. Олон нийт гэх ойлголтоосоо эхлээд л нарийн түвэгтэй асуудал. Олон нийт гэдэг ойлголтыг судлахаар маш олон асуудал гарч ирдэг. Олон нийт гэж ямар нэг зохион байгуулалт, зорилго агуулаагүй боловч сайн дураараа үзэл бодол нэгтэй байгаа хүмүүсийн нэгдэл гэж ойлговол тэдний байр суурийг тодорхойлох судлагдахууныг сайн мэддэг байх шаардлага чухал байна. Тэдний юу гэж үзэж буйг тогтоох, хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхол зэрэг хувь хүний үндсэн эрх, нууцтай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр нээлттэй ил шалгах, дүйцүүлж хэлбэл захиргааны зөрчлийн хэмжээнд нотлох, албан тушаал бууруулах, халах шийтгэл ногдуулах асуудал бол эрүүгийн хэрэг мөрдөх, илрүүлэхээс дутахааргүй хэмжээний нарийн түвэгтэй, хувь хүний эрхэнд тодорхой хэмжээгээр халддаг, хариуцлагатай ажил. Гэтэл саяхан УИХ-ын чуулганы танхимд хяналт шалгалтын энэ ажлыг соён гэгээрүүлэх чиглэлийн ажилтай дүйцүүлж ярьж байгаад энүүхэндээ эмзэглэж байлаа. Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг цуглуулж аваад л болдог ажил биш, мэдүүлгийг нь шалгаж, авлигын болон ашиг сонирхлын зөрчлийг тогтоож, түүнд нь хариуцлага хүлээлгэдэг, албан тушаалаас нь чөлөөлдөг хариуцлагатай ажил юм.

-“Давхар дээл”-ийн асуудал мөн УИХ-ын чуулганаар яригдсан.

-Санал өгөх, өгүүлэхгүйн тухай яригдаж байна лээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор УИХ-ын гишүүн нь Сайдын ажлыг давхар хашиж болох ч санал өгөх, шийдвэр гаргахад оролцох, шийдвэр гаргахаар бол өөрсдөө татгалзаж байвал хүмүүсийн ярьдгаар “гоё” харагдана л даа. Улс төрийн дээд түвшинд асуудал ярьж байна, хууль дээдлэх зарчим, ёс зүйн болон ёс суртахууны өндөр түвшинд, шударга байдлаар шийдээсэй л гэж харж байна. Сайд нарыг бусад төрийн албан тушаалтнууд нь хараад сууж байгаа биз дээ.

-АТГ гэхээр Мөрдөн шалгах хэлтсийн ажлыг олон нийт илүүтэй сонирхдог, уншдаг, тодорхой хэмжээгээр ойлгодог. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн чиг үүргийн талаар тодруулга өгөхгүй юу?

-ХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал хариуцдаг гэдгээр нь иргэд сайн мэддэг. Хянан шалгах чиг үүрэг гүйцэтгэдгийг харин төдийлэн мэдэхгүй байх. Яагаад гэхээр АТГ бүх асуудлыг мөрдөн шалгах, эсвэл хянан шалгах гэсэн чиг үүргээр хандах сүржин байгууллага биш юм л даа. Иргэд, байгууллагуудаас ирүүлж буй өргөдөл, гомдлын үнэмлэхүй дийлэнх нь гэмт хэргийн шинжгүй байдаг. Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол өргөдөл гомдлыг манай хэлтэст шалгаж шийдвэрлэн, хариуцлага тооцуулах, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Үр дүнд нь сахилгын болон захиргааны хэлбэрийн шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоож, холбогдох шатанд нь тавьж шийдвэрлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд мөрдөн байцаалтад шилжүүлнэ. Хариуцлагын механизм ерөнхийдөө боломжийн түвшинд байгаа. Зөрчил гаргасан албан тушаалтандаа хариуцлага тооцоогүй тохиолдолд тухайн даргыг өөрийг нь шүүхэд өгөхөөр хуульчилсан.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах гэдэг хариуцлагатай үүргийг энэ хэлтэс мөн гүйцэтгэдэг. Төр, нийтийн албанд хэнийг томилж ажиллуулбал ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх вэ гэдгээ хянуулж байж иргэнийг нийтийн албанд томилдог болсон гэсэн үг. Урьдчилсан мэдүүлгийн асуудлыг байгууллага, албан тушаалтнууд сайн ойлгож байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулалгүйгээр ажилд томилох нь эргээд “сонирхлын зөрчилтэй хүнийг томиллоо” гэх ойлголтыг олон нийтэд өгнө. Хоёрдугаарт, томилсон, томилогдсон хүн хоёулаа хууль зөрчсөн асуудал үүснэ. Цаашлаад эдгээрийн үр дагавар гээд бусад олон асуудал ар араасаа гарч эхэлдэг. Тиймээс хуулиа дагаж мөрдөх тал дээр манай төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүд сайтар ойлгож, хариуцлагатай хандаж байгааг тэмдэглэн хэлмээр байна.

За тэгээд хуулиудын үйлчлэлд хамаарагч албан тушаалтнуудын ХОМ, хувийн сонирхлын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, авлигын эсрэг үйл ажиллагаанд хэрэглэгдэх олон төрлийн мэдээлэл гаргах дүн шинжилгээний ажил бас явж байна даа.

Г.ЦОЛМОН