Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.06-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.06-10/

Балба Улсын Авлигатай тэмцэх байгууллага төрийн 35000 албан хаагчид торгууль ногдуулав.

Балбын авлигатай тэмцэх байгууллага (CIAA) өнгөрсөн даваа гарагт хөрөнгийнхөө талаар мэдээлэл гаргаж өгөөгүй 35000 төрийн албан хаагчид 5000 балбын рупи (хүн бүрт 52 ам. доллар)-тэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан байна.
Хүнд сурталтнуудыг бохир аргаар хөрөнгөжихөөс сэргийлэхийн тулд төрийн албаны ажилд орсноос хойш 60 хоногийн дотор, мөн санхүүгийн жил дуусахаас 60 хоногийн өмнө төрийн албан хаагчид өөрсдийнхөө хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх үүрэгтэй.
CIAA-ийн хэвлэлийн төлөөлөгч Шрээдхар Сапкота /Shreedhar Sapkota/ Синхуа агентлагт утсаар мэдээлэхдээ “өөрсдийн хөрөнгийнхөө талаар мэдээлэхдээ хайхрамжгүй хандсан албан хаагчдад бид торгууль ногдуулахаар болсон” гэсэн юм.
Түүний хэлснээр уг шийтгэлийг ногдуулсан албан хаагчдын дотор доод түвшний алба хаагчдаас элчин сайд хүртэл багтаад байгаа аж.
"Яамдын нарийн бичгийн дарга нарт холбогдох байгууллагуудынхаа албан хаагчдын торгуулийн мөнгийг 30 хоногийн дотор төлж барагдуулах шаардлага хүргүүлсэн. Мөн Яамдад энэ хугацаанд дээрх албан хаагчдыг хөрөнгийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргуулан авах үүрэг өгсөн” гэж Шрээдхар Сапкота хэлсэн юм.
Олон улсын байгууллагуудын хэд хэдэн судалгаагаар Балба Улс нь дэлхийн хамгийн их авлигатай улс орнуудын нэг юм.

Эх сурвалж

Малайзын Авлигатай тэмцэх хороог байдаг эсэхийг 48% нь мэдэхгүй.

Хятад гаралтай, 16-45 насны Малайз иргэдийн дунд явуулсан судалгаагаар авлигын гэмт хэрэгт хяналт тавьдаг, засгийн газрын байгууллага ажилладаг эсэхийг тэдний бараг хагас нь мэдэхгүй байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, “хээл хахуулийн талаар ямар байгууллагад мэдээлэх талаар мэдэх үү?” гэсэн асуултад судалгаанд оролцогч 216 хүний 48 хувь нь “мэдэхгүй” гэж хариулсан байна.
Малайзын Хятад иргэдийн холбоо буюу “Huazong” байгууллагаас уг судалгааг явуулсан бөгөөд тус байгууллагын тэргүүн Онг Чонг Кенг /Ong Chong Keng/ хэлэхдээ “Судалгаанд оролцогчдоос зөвхөн 92 хүн нь л авлигатай тэмцэх байгууллагын талаар мэдэж байсан бөгөөд тэднээс цөөн хэдэн хүн тус байгууллагын нэрийг тодорхой мэдэж байсан” гэжээ.
Түүний хэлснээр судалгаанд оролцогч бусад иргэдийн хувьд хээл хахуулийн талаар мэдээлэх газар бол Сонгуулийн хороо эсвэл Цагдаагийн байгууллага гэж үзсэн байна.
Авлигын гэмт хэргийг өмнө нь цагдаа нар шалгадаг байсан ч 1967 оноос хойш авлигын эсрэг үйл ажиллагааг Авлигатай тэмцэх агентлаг хариуцах болсон юм. Улмаар 2009 онд Авлигатай тэмцэх агентлагийн нэрийг өөрчилж Малайзын Авлигатай тэмцэх хороо болгосон юм.
“Шударга байдал ба Авлига” хэмээх энэхүү судалгаанд Засгийн газар, банк, барилга зэрэг олон салбарт ажиллаж байгаа Хятад гаралтай малайз иргэдийг хамруулсан юм. Судалгааг “Huazong”-ийн залуучуудын шударга ёс ба авлигаас урьдчилан сэргийлэх товчооноос өнгөрөгч оны 10-12 дугаар сарын хооронд зохион байгуулсан юм.
Уг судалгаагаар хамтран бизнес эрхлэхээр зөвшилцөж буй гэрээлэгчдээр үнэгүй хоол авахуулах нь байж болох зүйл гэж судалгаанд оролцогчдын 78 хувь нь үзсэн байна.
Мөн судалгаанд оролцогчдын 54 хувь нь байгууллага, компанийнхаа бичиг хэргийн зүйлсээс гэртээ авч очих нь байж болох зүйл гэж үзсэн байна.
Онг Чонг Кенгийн хэлснээр “байгууллага, компанийнхаа бичиг хэргийн зүйлсээс гэртээ авч очих нь илүү гэм хоргүй байх. Гэсэн ч энэ бол тухай компанийн нөөцийн зарцуулалттай холбоотой томоохон асуудал юм. Замын хөдөлгөөний дүрэм ёсоор, судалгаанд оролцогчдын 54 хувь нь нөхцөл байдлаас хамааран хурдаа хэтрүүлэх нь байж болох зүйл гэж үзсэн байгааг энэ судалгаа тогтоосон байна” гэжээ.
Онг Чонг Кенгийн хэлснээр хувийн салбар дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн бүх намууд Малайзын Авлигатай тэмцэх хороонд бүхий л талын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй хэмээн үзсэн байна.

Эх сурвалж

Авлигын эсрэг хамгийн том мөрдөн шалгах үйл ажиллагаанд Малайзын Куала Лампурын 60 гаруй цагдаа нар шалгагдаж байна.

Авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой 60 орчим цагдаа нарын оролцсон гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлж байгаа талаар Малайзын Авлигатай тэмцэх хороо өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Сүүлийн үеийн хамгийн томд тооцогдох энэхүү мөрдөн шалгах үйл ажиллагаанд Малайзын Авлигатай тэмцэх хороо, “Negara” банк, Төсвийн орлогын газар, Үндэсний бүртгэлийн газар, Гааль, цагаачлалын газар хамтран оролцож байгаа юм.
Малайзын Авлигатай тэмцэх хорооны ахлах мэргэжилтний хэлснээр шалгагдаж байгаа цагдаагийн бүх албан хаагчид нь бүгд Куала Лумпур хотынх бөгөөд эдгээр цагдаа нар тус хот дахь хууль бус бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдээс хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм.
Түүний хэлснээр эдгээр хууль бус үйл ажиллагаанд кибер тоглоомын кафе, массаж, биеэ үнэлэх газар зэрэг үйлчилгээний бизнесүүд орж байгаа ажээ.
Эдгээр үйл ажиллагааг явуулж байгаа бизнес эрхлэгчид ямар нэгэн асуудалд холбогдохгүйн тулд сар бүр 10000-50000 малайзын ринггиттэй тэнцэх хэмжээний мөнгийг цагдаа нарт өгдөг байсан нь тогтоогдсон гэж тэрээр хэлсэн юм.
Түүний хэлснээр “эдгээр цагдаа нар маш зохион байгуулалттай ажилладаг байсан. Хууль бус бизнес эрхлэгчдээс хураасан луйврын мөнгөө цагдаа нарын албан тушаал, зэрэглэлээрээ хувааж авдаг байсан” гэжээ.
Малайзын Авлигатай тэмцэх хорооноос мэдээлж байгаагаар мөрдөн шалгах ажиллагаа дуусах дөхөж байгаа бөгөөд хоёр 7 хоногийн дотор ажиллагааг дуусгахаар ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж

Нью-Йорк хотын тэтгэвэрт гарсан 80 гаруй цагдаагийн албан хаагч, гал сөнөөгч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн худал мэдүүлсэнд нь буруутган шалгаж байна.

Холбогдох байгууллагуудын үзэж байгаагаар 9 дүгээр сарын 11-ний халдлагын үеэр хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн худал мэдүүлэн тэтгэмж авч байсан 80 гаруй цагдаагийн албан хаагч, гал сөнөөгч нарыг луйврын хэрэгт холбогдуулан буруутгаад байна.
Энэхүү луйврын хэрэгт нийт 106 хүнийг сэжиглэн буруутгаад байгаа талаар хоёр жилийн хугацаанд мөрдөн байцаалт хийсэн Манхаттен дүүргийн прокурор Крис Ваньс /Cyrus Vance/ хэлсэн байна.
Крис Ваньсийн хэлснээр “татвар төлөгчдийн мөнгөнөөс тэдний луйвардсан хэмжээ 400 сая ам. долларт хүрсэн” ажээ.
Прокурорууд хөгжлийн бэрхшээлтэй болсон хэмээн мэдүүлсэн хүмүүсийн моторт завиар явж байгаа, тулааны урлагаар хичээллэж байгаа, нисдэг тэргээр нисч байгаа зэрэг зургийг олны өмнө дэлгэн тавьсан байна.
Өмнө нь энэ хэргийн талаар “New York Times” сонинд анх 2008 онд бичигдсэний дараагаар АНУ-ын холбогдох байгууллагууд 33 иргэнийг буруутай болохыг тогтоож байсан юм.
Харин энэ удаагийн хэргээр, прокуроруудын үзэж байгаагаар АНУ-ын Нийгмийн халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгалын санд худал мэдүүлэгчдийн ихэнх нь хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн мэдэгдэж, жил бүр 30000-50000 ам. доллартой тэнцэх хэмжээний тэтгэмжийг авч байсан ажээ.
Албаныхны хэлж байгаагаар хэрэгт буруутгагдаад байгаа 106 хүний 84-ийг нь саатуулсан байгаа бол бусад 22 хүний ихэнхийг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргаагүй байна. Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар тэдний талаар нэмэлт нотолгоо баримт цуглуулж байгаа бөгөөд үүнээс олон хүн энэ хэрэгт холбогдож магадгүй байгаа ажээ.
Эдгээр 106 хүнийг буруутайг нь тогтоовол тэдэнд удаан хугацаагаар шоронд хорих ял ногдуулж магадгүй ажээ.

Эх сурвалж

Румын Улсын экс Ерөнхий сайд авлигын хэргээр шоронд хоригдлоо.

Барилгын бизнес эрхлэгчээс нийтдээ 858000 ам. долларын хээл хахууль авсан хэрэгт Румын Улсын экс ерөнхий сайд Адриан Настасе /Adrian Nastase/-ыг буруутай болохыг тогтоож, шүүхээс түүнийг 4 жилийн хугацаанд шоронд хорих шийдвэр гаргажээ.
Төрийн байгууллагын нэгэн даргын албан тушаалд барилгын бизнес эрхлэгч Ирина Жану /Irina Jianu/-г томилохын тулд түүнээс хээл хахуульд 858000 ам. доллар авсан хэрэгт 63 настай Адриан Настасег буруутай болохыг тогтоолоо.
Түүнийг авлигын хэргээр шоронд хоригдоод суллагдснаас хэдхэн сарын дараа дахин ийнхүү ял ногдуулж, шоронд хорих шийдвэрийг гаргажээ. Гэвч тэрээр ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ илэрхийлсээр байгаа бөгөөд энэ хэргийг бүхэлдээ улс төрийн сэдэлтэй гэж тэрээр үзэж байгаа юм.
Прокуроруудын үзэж байгаагаар 2002-2004 оны хооронд Адриан Настасе болон түүний эхнэр Даниела /Daniela/ нар Хятад Улсад очиж хэд хэдэн удаа юм худалдан авахад нь зориулж барилгын бизнес эрхлэгч Ирина Жану мөнгөн дэмжлэг үзүүлсэн ажээ.
Тэдний худалдан авсан сийлбэр тавилга, хүрэл баримал зэрэг бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд олон тооны чингэлэг шаардлагатай болсон байна. Мөн Ирина Жану 2000-2004 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж байсан, ардчилсан ерөнхий сай Адриан Настасегийн хоёр харшид засвар хийх төлбөрийг нь төлсөн байна.
Тус улс 1989 онд коммунист нийгмээс шилжсэнээс хойш шоронд хоригдсон анхны ерөнхий сайд бол Адриан Настасе болж байгаа юм. Тэрээр 2004 оны сонгуулийн ажлын үеэрээ 1.5 сая евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдан 2012 оны 6 дугаар сард 2 жилийн хугацаанд шоронд хоригдох ял аваад байсан бөгөөд түүнийг хугацаанаас нь өмнө буюу 2013 оны 3 дугаар сард суллаад байсан юм.

Эх сурвалж

Jones Day: Зарим улс орнуудын авлигын эсрэг зохицуулалтын талаарх судалгаа гаргав.

Олон улсын хуулийн фирм “Jones Day” байгууллагаас зарим улс орнуудын авлигын эсрэг эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааг явуулсан байна. Энэ удаагийн судалгаагаар өндөр хөгжилтэй болон хөгжиж буй 36 улс орны авлигын эсрэг эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн талаар цогц мэдээллийг уг судалгааны тайлангаас олж авах боломжтой юм. Энэхүү судалгааны тайлангаас судалгаанд хамрагдсан улс орны

  • Дотоодын болон гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийг хориглосон эсэх
  • “нийтийн албан тушаалтан” гэдгийг юу гэж тодорхойлсон байдаг талаар
  • Бэлэг, зугаа цэнгэл болон аяллын талаарх зохицуулалтыг хуульчилсан байдаг эсэх
  • Хууль сахиулах байгууллагын талаар
  • Авлигын эсрэг сүүлийн үеийн арга хэмжээ зэргийг харах боломжтой юм.

Энэ судалгаагаар мөн судалгаанд оролцсон улс бүрийн авлигын төсөөллийн индексийн оноо, тухай улсын элсэн орсон олон улсын томоохон конвенцийн талаар мэдээлэл авах боломжтой юм.
Судалгааны тайланг энэ холбоосоор орж үзнэ үү.

Авлигын эсрэг системийг Төв хянан шалгах хороо чиглүүлнэ.

Авлига, хууль бус мөнгөний урсгалыг хянах үйл ажиллагаанд дэлхий нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Энэтхэгийн Төв хянан шалгах хорооноос мэдээлэл солилцох нэгэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү санаачилга нь авлигын эсрэг арга хэмжээг онлайн хэлбэрт шилжүүлж буй үйл ажиллагаа болж байна.
“Авлигын эсрэг дүн шинжилгээ ба мэдээлэл солилцох (ISAAC)” гэсэн уг систем нь гишүүн байгууллагууд болон дэлхийн бусад байгууллага, оролцогч талуудад авлигын эсрэг үйл ажиллагаа, түүний туршлага, систем, авлигатай тэмцэх байгууллагуудын талаар мэдээлэх солилцоход дэмжлэг үзүүлэх ажээ. Мөн түүнчлэн энэхүү систем нь хар мөнгө, хууль бус үйл ажиллагааг шалгах, улс дамнасан гэмт хэрэгтэй тууштай тэмцэхэд туслах ажээ.
ISAAC-ийн зорилго нь авлигатай тэмцэх шинэ арга замыг хөгжүүлэх, авлигын эсрэг хууль сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Холбогдох албаны хүмүүсийн хэлж байгаагаар энэхүү систем нь мөн гишүүн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын сайн туршлагаас хуваалцах, чадавхыг бэхжүүлэхэд нь туслах аж.
Дэлхий дахинд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж буй 219 байгууллага энэхүү онлайн механизмын нэг хэсэг болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг Төв хянан шалгах хороо www.Isaac.Nic.In сайтаар дамжуулан, энэ сарын сүүлээс эхлэн ажиллуулж эхлэх аж.
Энэхүү системийг хөгжүүлэх олон улсын ажлын хэсгийн 10 гишүүний тэргүүлэгчээр Энэтхэгийн Төв хянан шалгах хорооны дарга /Pradeep Kumar/ өнгөрсөн жил сонгогдсон юм. Уг ажлын хэсгийн гишүүдэд Бразилийн Ерөнхий хянагчийн орлогч Луйз АФ Наварро /Luiz A F Navarro/, Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны дэд ерөнхийлөгч Эдвардо Ветерэ /Eduardo Vetere/, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Димитри Власис /Dimitri Vlassis/, Дэлхийн банкны улсын салбарын ахлах мэргэжилтэн Франческ Реканатин /Francesca Recanatini/ зэрэг хүмүүс орсон байдаг юм.
Энэтхэг зэрэг олон арван улс орны гишүүнчлэлтэй, хараат бус, төрийн бус, авлигатай тэмцэх байгууллага болох Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооноос энэхүү системийг хөгжүүлэх үүргийг Энэтхэгийн Төв хянан шалгах хороонд өгсөн юм.

Эх сурвалж