Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.27-31/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.01.27-31/

Авлигач төрийн албан хаагчийг барихад тусалсан иргэнийг 100 мянган руппигээр урамшуулав.

Хээл хахууль авч байгаа нэгэн төрийн албан хаагчийг барихад тусалсан иргэнд “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос урамшуулал болгож 100 мянган руппи өгсөн байна.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард уг иргэн газрын эрх шилжүүлэх зорилгоор Энэтхэг Улсын Сулур мужийн ойролцоох Паппамараттигийн орон нутгийн захиргааны нэгэн ажилтанд хандахад түүнийг хээл хахуульд 6000 руппи төлөхийг шаардсан байна.
Тэрээр үүний дараагаар цагдаагийн байгууллагад хандаж, цагдаа нар түүнтэй хамтран орон нутгийн захиргааны ажилтанд хээл хахууль өгөх, урхи бэлтгэн ажилласан бөгөөд орон нутгийн захиргааны ажилтан түүнээс хээл хахууль авч байх үедээ баривчлагдсан юм.
Төрийн албан хаагчийн үнэн төрхийг илчлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж, бусад иргэдэд үлгэр дууриал болгох зорилгоор “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос түүнд энэхүү урамшууллыг олгосон байна.
Энэтхэгийн авлигын эсрэг 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн уг хорооноос энэ мэтээр аль хэдийн 3 хүнд урамшуулал олгоод байгаа ажээ.

Эх сурвалж

“KPMG International” байгууллагаас хил дамнасан мөрдөн шалгах ажлын гарын авлага гаргав.

Дэлхийн олон улс оронд хил дамнасан мөрдөн шалгах ажил явуулахад ихээхэн бэрхшээл, сорилт тулгардаг билээ. Хил дамнасан мөрдөн шалгах ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй оролцдог, мэргэжлийн хүмүүсийн туршлагад үндэслэн “Хил дамнасан мөрдөн шалгах ажил: Бэрхшээлд бэлэн үү?” сэдэвт гарын авлагыг “KPMG International” байгууллагаас гаргасан байна.
Хил дамнасан мөрдөн шалгах ажил явуулах алхам бүрд тулгардаг хууль эрх зүйн болон соёлын ялгаатай холбоотой бий болдог бэрхшээлээс хэрхэн зайлсхийх талаар уг гарын авлага, зааварт тусгасан байна.
Гарын авлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ази, номхон далайн улс орнуудын авлигын эсрэг 8 дахь удаагийн чуулганыг 9 дүгээр сард Камбож Улс зохион байгуулна.

Камбожийн Авлигатай тэмцэх албанаас мэдээлснээр 2014 оны 9 дүгээр сарын 2-4-ний хооронд Камбож Улс Ази, номхон далайн улс орнуудын авлигын эсрэг 8 дахь удаагийн чуулганыг зохион байгуулах ажээ.
“Энэхүү чуулган нь Ази, номхон далайн бүс дэх авлигын эсрэг тэмцэлд дэмжлэг болох зорилготой юм” гэж тус албанаас мэдээлсэн байна.
Ази, номхон далайн улс орнуудын Засгийн газруудын авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага хамтран Ази, номхон далайн бүсийн чуулганыг анх 1999 онд зохион байгуулж байсан юм.
Камбож Улс нь 2003 онд Индонезод зохион байгуулагдсан 3 дахь удаагийн чуулганаас хойш уг чуулганы гишүүн 31 улс орны нэг болж ирсэн юм.

Эх сурвалж

Шинэ Орлеан хотын экс дарга Рэй Нагин авлигын гэмт хэрэгт холбоотой.

“Катрин” хар салхины үед Шинэ Орлеан хотыг удирдаж байсан тус хотын экс дарга Рэй Нагин /Ray Nagin/-ийг хар салхины дараа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглаж байсан хээл хахуулийн схемтэй холбоотойгоор прокурорын зүгээс буруутгаад байна.
Сайн засаглалыг бий болгохоо амлан 2002, 2006 онд сонгогдож байсан 57 настай Рэй Нагинийг жилийн өмнө Холбооны дээд шүүхээс хэд хэдэн авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэж байсан ч хэрийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин энэ удаа прокурор Мэтью Коман /Matthew Coman/ шүүх хурлын үеэр “Рэй Нагинийг авлигач гэдгийг илтгэх баримтыг харуулах болно” гэсэн юм.
Рей Нагиний өмгөөлөгч Роберт Жекинс /Robert C. Jenkins/ прокуророос яллаж буй бүх хэргийг эсэргүүцэх болно гэж мэдэгдсэн байна.
Хэрвээ түүнийг энэхүү авлигын схемтэй холбоотой хэрэгт буруутай гэж тооцвол түүнд хамгийн багадаа 20 жилийн ял ногдуулах болно хэмжээн “Tulane” их сургуулийн хуулийн профессор Таниа Тетлов хэлсэн байна.
2005 оны “Катрин” хар салхины үеэр Шинэ Орлеан хотын 80 хувь үерт автаж, 1500 орчим хүн амь үрэгдэж, 80 тэрбум ам. долларын хохирол учруулсан юм.

Эх сурвалж

Хээл хахуулийн хэргийн улмаас Нанжин хотын экс дарга Хятадын Коммунист намаас хөөгдлөө.

Хятадын Нанжин хотын дарга асан Жи Жиание /Ji Jianye/-ийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоны улмаас Коммунист намаас хөөгөөд байна.
Хятадын Коммунист намын Сахилга, хяналтын төв хорооноос “Нанжин хотын дарга асан Жи Жинаие өөрөө болон гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан бэлэг авах, мөн бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авахдаа албан тушаалын давуу байдлаа ашигласан” хэмээн мэдэгдсэн юм. Тус байгууллагын цахим хуудаснаа түүний эсрэг явуулж буй мөрдөн байцаалтыг иш татан “тэр ёс суртахууны хувьд эвдэрсэн”, түүний эсрэг үүсгэсэн хэргийг холбогдох байгууллагуудад шилжүүлсэн хэмээн бичсэн байна.
Засгийн газраас Жи Жинаиегийг “сахилгын зөрчил”-ийн улмаас сэжиглэн шалгаж байгааг мэдэгдсэнээс 2 хоногийн дараа буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-нд хотын даргын албан тушаалаасаа нь мөн огцруулж байсан юм.
Жи Жинайе Жянсу мужийн нийслэл Нанжин хотын дарга болохоосоо өмнө далайн эргийн уг мужийн бусад хотуудад 1990-ээд оноос хойш ажиллаж байсан юм.
Төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар авлигын хэргийн улмаас баривчлагдаад байгаа дотоод засал чимэглэлийн “Suzhou Gold Mantis Construction Decoration” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Zhu Xingliang-ий хэрэг нь Жи Жинайегийнхтэй холбоотой ажээ.

Эх сурвалж

Румын Улсын экс сайд авлигын хэргээр хорих ял авлаа.

Албан тушаал, авлигын хэрэгт буруутган Румын улсын Спортын сайд асан Моника Якоб Ридзи /Monica Iacob Ridzi/-д тус улсын Дээд шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав.
2008 оны 12 дугаар сараас 2009 оны 7 дугаар сарын хооронд спортын сайдаар ажиллаж байсан Моника Якоб Ридзиг 2009 онд нийт 650000 еврогийн өртөг бүхий гэрээнүүдийг хувийн компаниудад хууль бусаар олгосон хэрэгт буруутай болохыг тогтоосон байна.
Прокуроруудын хэлж байгаагаар хууль бус үйл ажиллагааныхаа талаар нотлох баримтуудыг өөрийнхөө компьютрээс устгах оролдлого хийсэн гэж мэдэгдэж байгаа юм.
Харин экс сайд уг хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд уг шийдвэрийг давж заалдах ажээ.
Мөн түүний туслахуудын нэг Иоана Ворстад 5 жилийн ял ногдуулсан байна.
Авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргахыг уриалсан Европын холбооны шахалтын дор, 2007 онд тус улс Европын холбоонд нэгдсэнээс хойш Румын улсын хуулийн байгууллагууд авлигын эсрэг томоохон алхмуудыг хийж ирсэн юм.
Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, 2006 онд өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэрэг 155 байсан бол 2013 онд 1000 гаруй болсон байгаа юм. Одоогийн байдлаар авлигын хэргүүдэд холбогдсон өндөр албан тушаалтнуудын тоонд Ерөнхий сайд асан Адриан Настасе болон шүүгч, цагдаа, хэд хэдэн сайдууд багтаж байгаа юм.

Эх сурвалж

Сочигийн Олимпийн авлигын эсрэг цахим хуудас нээв.

ОХУ дахь авлигын эсрэг тэмцэгч Алексей Навалин /Alexei Navalny/ Сочигийн өвлийн олимпийн бэлтгэл ажлын хүрээнд бий болсон сонирхлын зөрчил, зардлын хэтрүүлэлтийн талаар үнэн бодит байдлыг илчлэх, мэдээлэл цуглуулах интерактив цахим хуудас нээсэн байна.
Зуны олимпийн наадмаас цөөн тамирчин оролцдог, бэлтгэл ажил нь хамгийн өндөр өртөгтэйд тооцогдоод байгаа, 2 дугаар сарын 7-23-ны хооронд зохион байгуулагдах Сочигийн өвлийн олимпид 51 тэрбум орчим ам. долларыг ОХУ зарцуулаад байгаа юм.
Алексей Навалин уг олимпийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээ зохион байгуулагдах “Bolshoi Ice Palace” цэнгэлдэхийн байр зэрэг 10 орчим барилгын зардал анх төлөвлөснөөсөө 2 дахин их болсон гэж үзэж байгаа юм.
“Associated Press” болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж байсан шиг Сочигийн наадмын бэлтгэл ажил авлигатай холбоотой ихээхэн маргаан дэгдээж байгаа юм. Алексей Навалин хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хүмүүсээс мэдээ, мэдээлэл цуглуулах зорилго шинэ цахим хуудсыг Sochi.FBK.info нээгээд байна.
Өнгөрсөн жил Москва хотын даргын сонгуульд ялагдсан Алексей Навалин уг вэб хуудсандаа “Сочигийн олимпид зөвхөн тамирчид өрсөлдөхгүй. Авлигач албан хаагч, бизнесменүүд энэ олимпид оролцох бөгөөд тэдний олсон орлогоор нь 5 төрөлд байр эзлүүлнэ” гэжээ.
Харин Ерөнхийлөгч Владимир Путин Сочигийн Олимпмийн наадмын авлигын талаар үгүйсгэж, “хөрөнгө оруулагчдын зардлыг дутуу тооцоолсон алдаанаас үүдэлтэй зардал өссөн” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Владимир Путин саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа “хэн нэгэнд энэ талаар ямар нэгэн бодит мэдээлэл байгаа бол бидэнд мэдэгдэнэ үү. Одоогийн байдлаар бидэнд таамгаас өөр зүйл алга” гэсэн байна.
Засгийн газрын Аудитын танхим Сочигийн Олимпийн бэлтгэл ажлын зардлаас хэтэрсэн “шалтгаангүй” 15 тэрбум рубль (500 сая ам. доллар) зарцуулсан байгааг 2012 оны тайландаа дурдаж байсан юм.
Сочигийн барилгын ажлыг гүйцэтгэх төрийн мэдлийн хувьцаат компани болох “Olympstroi”-ийн зарим гишүүдийг 2008-2010 оны хооронд “шалтгаангүй зардлаа хэтрүүлсэн” болохыг тус Аудитын танхимаас тогтоосон юм. Үүний дараагаар “Olympstroi”-ийн ажилтнуудад эрүүгийн гурван хэргээр мөрдөн байцаалт үүсгэн шалгаж байсан ч эдгээр хэргийн аль нь ч шүүхэд очоогүй бөгөөд “Olympstroi” ч удирдлагын бүрэлдэхүүнээ өөрчилөгдсөн юм.
Алексей Навалины энэхүү цахим хуудасны талаар Сочигийн Олимпийн зохион байгуулах хороо албан ёсны байр сууриа илэрхийлээгүй л байгаа юм.
Сочигийн барилгын ажлын төслөөс мөнгө хэрхэн хулгайлагдсаныг тодорхой нотлох баримт гарган ирэхэд хүндрэлтэй юм. Учир нь уг наадмын тендер, худалдан авах ажиллагаа нь бүхэлдээ Оросын хуульд хамаарахгүй байгаа нь мөнгөний зарцуулалтын талаар албан тушаалтнуудыг хариуцлагагүй хандахад нөлөөлж байгаа юм.
Олимпийн наадмыг хариуцсан албан тушаалтан болох шадар сайд Дмитрий Козак / Dmitry Kozak / -ийн мэдээлснээр “Olympstroi” компанийн хэрэгжүүлж буй нийт төслийн өртөг 22 тэрбум доллар буюу 700 тэрбум рубль хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж