Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.03-08/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.03-08/

Европын Холбооны түвшин дэх авлига.

Европын холбоо (ЕХ)-ны түвшин дэх авлигын цар хүрээ маш их байгаа бөгөөд тус холбоонд авлигын улмаас жилд дунджаар хамгийн багадаа 120 тэрбум евротой тэнцэх хэмжээний хохирол учирдаг байна.
ЕХ-ны Дотоод хэргийн асуудал хариуцсан комиссар Сесили Maлтстром /Cecilia Malmstroem/ ЕХ-ны гишүүн 28 улсын авлигын нөхцөл байдлын талаар явуулсан анхны судалгааны тайланг танилцуулахдаа “авлигын улмаас жилд дунджаар 120 тэрбум еврогийн хохирол ЕХ-нд учирч байна. Бодит хохирлын хэмжээ 120 тэрбум еврогоос “магадгүй их байх” гэсэн” юм.
Судалгаанд оролцсон Европчуудын 3/4 нь ЕХ-ны түвшинд авлига өргөн тархсан, мөн тэдний 1/2 нь авлигын түвшин өсч байна гэж хариулжээ.
Европ дахь авлигын цар хүрээ маш өргөн байгаа бөгөөд авлигын улмаас учирч байгаа хохирлын хэмжээ тус холбооны жилийн төсвийн хэмжээтэй тэнцүү хэмжээтэй байна гэж Сесили Maлтстром мөн нэмж хэлсэн юм.
Уг судалгаагаар судалгаанд оролцсон 1115 Их Британийн иргэний зөвхөн 5 нь (1 хүрэхгүй хувь) хээл хахууль өгсөн гэж хариулсан байгаа нь ЕХ-ны түвшин дэх хамгийн сайн үзүүлэлт болж байна. Гэвч судалгаанд оролцсон Их Британийн иргэдийн 64 хувь нь Их Британид авлига өргөн тархсан гэж үзсэн байгаа бол энэ үзүүлэлт ЕХ-ны дунджаар 74 хувь байгаа юм.
Хорват, Чех, Литв, Болгар, Румын, Грек улсаас судалгаанд оролцогчдын 6-29 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хээл хахууль өгөхийг шаардсан, хэн нэгэнд хээл хахууль өгсөн гэж хариулсан байна.
Польш (15%), Словак (14%), Унгар (13%) улсад авлига хамгийн өргөн тархсан салбар бол эрүүл мэндийн салбар гэж үзэж байгааг уг тайланд онцолсон байна.
“Авлига бол ардчилалд итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн нөөцийг багасгаж байна” гэж Сесили Maлтстром хэлсэн байна. Тэрээр мөн “авлигыг устгахад улс төрийн оролцоо, амлалт дутагдаж байна” гэсэн юм.
Уг тайланд мөн онцлохдоо:

  • ЕХ-ны ДНБ-ий 1/5-тэй тэнцэх хэмжээний төрийн худалдан авах ажиллагаа авлигад өртөх магадлалтай байгаа бөгөөд эдгээрт илүү сайн хяналт, стандартыг бий болгох хэрэгтэй байна;
  • Авлигын эрсдэл муж болон орон нутгийн түвшинд их байна;
  • Улс төрийн намын санхүүжилт болон ёс зүйн асуудалтай холбоотой шийдвэрлэх олон асуудлууд байсаар байна;
  • Ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг хангалтгүй мөрдөж байна.
  • Авлигын мөрдөн байцаалтын ажил ЕХ-ны хэмжээнд харилцан адилгүй байна гэжээ.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгч 10 хүн тутмын 4 нь Европт бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлээр авлигыг нэрлэсэн байна.
Мөн энэ үеэр Сесили Maлтстром ил тод, нээлттэй байдлын талаарх хуулиудын чухлыг онцлон “Швед улс бол маргаангүй авлигын хамгийн бага асуудалтай улс юм. Тиймээс, ЕХ-ны бусад улсууд Авлигатай тэмцэж буй “Швед загвар” туршлагаас суралцах ёстой” гэжээ.

Эх сурвалж

Бутан Улсын Үндэсний Ассамблейгаас Мэдээлэл авах эрхийн тухай хууль батлав.

Анх Энэтхэг Улсад мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсанаас 9 жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт Бутан Улсын Үндэсний Ассамблейгаас Засгийн газар дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх зорилгоор Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг батлаад байна.
Хуулийн төслийг тус улсын Ассамблейн 40 гишүүдийн 32 нь дэмжсэнээр батлагдсан байна.
“Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг батлах нь Бутаны Засгийн газрын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх болно” хэмээн тус улсын Мэдээлэл, холбооны сайд Лунпо Д Н Дунгел /Lynpo D N Dhungyel/ ассамблейд хэлсэн үгэндээ онцолсон байна.
Тэрээр хэлэхдээ энэ хууль авлигатай холбоотой асуудлуудыг хязгаарлахад туслах болно гэсэн юм.
Засгийн газраас мэдээлэл авах хүсэлт тавьсан иргэдийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэхийг хуульчилсан Мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2005 онд Энэтхэг Улс анх баталж байсан юм. Энэ хууль нь аажмаар иргэд Засгийн газраас мэдээлэл олж авах хүчирхэг хэрэгсэл болон хувираад байна.

Эх сурвалж

АНУ, Канад Улсууд Карибын бүс дэх татвараас зайлсхийх явдлыг зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа.

Гадаадад байршиж буй дансанд татварын хуулийг дагаж мөрдөх тухай хууль (FATCA )-ийг хэрэгжүүлэх, Карибын тэнгисийн болон бусад улс орнуудад татвараас зайлсхийх оффшор үйл ажиллагааг зогсоох зорилгоор Канад Улстай Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан хэмээн АНУ-ын Сангийн яамнаас мэдээллээ.
АНУ-ын Сангийн яамнаас өнгөрсөн лхагва гарагт мэдээлэхдээ энэ гэрээтэй адил төстэй гэрээг мөн өнгөрөгч долоо хоногийн эхээр Унгар, Итали, Мавритан Улсуудтай байгуулсан талаар мэдээлсэн байна.
Кариб зэрэг бүс нутагт данс эзэмшиж буй АНУ-ын татвар төлөгчдөд зориулсан FATCA хуулийг АНУ-ын Конгресс 2010 онд баталсан юм.
“Энэ хуулийг баталсан нь татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх нийтлэг стандарт” болж байгааг Сангийн яамны уг мэдэгдлийн үеэр онцолсон байна. Одоогийн байдлаар тус яам засгийн газар хоорондын 22 гэрээнд гарын үсэг зурсан байна.
"FATCA хуулийн хэрэгжилт нь олон улсын түвшинд татвараас зайлсхийхтэй тэмцэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд нэн чухал алхам юм” хэмээн тус яамны Олон улсын татварын асуудал хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Роберт Б.Стак /Robert B. Stack/ хэлсэн байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ “FATCA хуулийн хүрээнд олон улс орнуудтай санал нэгдэж байгааг энэхүү гэрээнүүд харууллаа. Бид энэ асуудлын хүрээнд дэлхий нийтийг манлайлан оролцож байгаадаа баяртай байна” гэжээ.

Эх сурвалж

Хосни Мубаракийг өөр гэмт хэрэгт холбогдуулан шүүнэ.

Прокуроруудын мэдээлж байгаагаар авлига болон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг алахыг уриалсан хэрэгт Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг буруутгаж байгаагийн зэрэгцээ түүнийг мөн хөрөнгө шамшигдуулсан хэргүүдэд холбогдуулан энэ сард шүүх ажээ.
Шүүх хурлаас өмнө албадан саатуулах хамгийн дээд хугацааг шоронд өнгөрөөж, өнгөрөгч 8 дугаар сард шоронгоос суллагдсанаас хойш 85 настай Хосни Мубарак нь Кайр хотын цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүний дэглэмийг түлхэн унагаах 2011 оны бослогын үеэр жагсагчдыг алсан хэрэгт Хосни Мубаракийг буруутгаж байгаа ч өнгөрсөн онд шүүхээс техникийн үндэслэлээр хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлээд байсан юм.
Прокуроруудын мэдээлж байгаагаар “Ерөнхийлөгчийн ордны” гэх 125 сая египет фунт (18 сая доллар)-ийг шамшигдуулсан хэрэгт түүний хоёр хүү Алаа, Гамал нарын хамт Хосни Мубаракийг буруутгаад байгаа бөгөөд уг хэргийн шүүх хурал 2 дугаар сарын 19-нд эхлэх ажээ.
Харин дээрх авлига, хүн амины хэрэгтэй холбогдуулан экс ерөнхийлөгч болон түүний хоёр хүү, аюулгүй байдлын долоон командлагчид холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа юм.
Энэ үеэр Египет Улсын олон нийтийн анхаарал Хосни Мубаракийн хэргүүдээс илүүтэйгээр түүний залгамжлагч Мухамед Морсийн шүүх хуралд шилжээд байгаа юм.
Хосни Мубаракийн дэглэмийг унагаснаас жилийн дараа буюу 2012 оны 6 дугаар сард Египтийн Ерөнхийлөгчөөр Мухамед Морси сонгогдож байсан юм.

Эх сурвалж

Авлигын хэргээр авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудыг баривчлав.

Луйврын хэрэгт холбогдуулан Иран Улсын Эдийн засаг, санхүүгийн авлигатай тэмцэх байгууллагын 10 гаруй ажилтнуудыг баривчилсан талаар Иран Улсын Хууль зүйн сайд Мустафа Пурмухаммади /Mostafa Pourmohammadi/ мэдээлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Эдийн засаг, санхүүгийн авлигатай тэмцэх байгууллага дахь бидний хамтрагчид авлигад холбогдсон байсан. Авлигатай тэмцэхийн тулд тус байгууллагын холбогдох менежер, зөвлөх зэрэг 10 гаруй ажилтнуудыг баривчлан, байцаалт авч байгаа” гэжээ.
Энэхүү баривчилгаа нь нэг талаас луйврын хэрэгтэй тэмцэх оролдлого хийж буй одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа, нөгөө талаас 2005-2013 оны хооронд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Махмуд Ахмадинежад /Mahmoud Ahmadinejad/-ийн үеийн алдаатай менежменттэй холбоотой юм. Одоогийн Ерөнхийлөгч Хасан Роухани /Hassan Rouhani/ өнгөрсөн 12 дугаар сард “санхүүгийн гэмт хэрэг, ялангуяа, эдийн засгийн хориг арга хэмжээний үеэр давуу байдал олж авсан хүмүүс”-тэй тэмцэх арга хэмжээний талаар зарлиг гаргаж байсан юм.
Уг хэрэгтэй холбоотой баривчлагдсан хүмүүсийн дунд мөн экс ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадийн Засгийн газрын үед барууны улс орнуудаас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн хориг арга хэмжээний үеэр Засгийн газрын газрын тос худалдаалах үйл ажиллагаанд онцгой эрхтэй оролцсон тэрбумтан Бабак Занжани багтсан байгаа аж.

Эх сурвалж

Самоа дахь оффшор компаниуд Хятад Улсад 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Хятад Улсад 2012 онд хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 10 дахь том улс бол Самоа юм.
Хятад Улсад хөрөнгө оруулсан дээрх хөрөнгө оруулагчдын дунд Самоа улсын татварын чөлөөт орчин буюу оффшор бүсэд бүртгэгдсэн Хятадын компаниуд багагүй хувийг эзэлж байгаа аж.
“South China Morning Post” сонины шинжээч Том Холланд /Tom Holland/-ийн тооцоолж байгаагаар Хятад Улсад өнгөрсөн онд хийгдсэн 118 тэрбум ам. доллартой тэнцэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 тэрбум ам. доллар орчим нь хилийн чанадын оффшор бүсэд бүртгэлтэй, эх газрын Хятадаас гаралтай компаниудынх байгаа аж.
Түүний бичсэнээр “Хууль бусаар оффшор бүсэд мөнгөө байршуулж байгаа нь нэг хэрэг юм. Нөгөө талаас дээрх бүсэд хууль бусаар байршуулсан мөнгөнийхөө нүүр царайг гадаадын шууд хөрөнгө оруулалт болгон өөрчлөн оруулж ирж, татварын хөнгөлөлт эдэлж байна” гэжээ.
Хятад дахь татвар төлөгчдийн чиглэлээр явуулсан нэгэн судалгаагаар Хятадын орон нутгийн компаниуд орлогынхоо дунджаар 8 хувьтай тэнцэх хэмжээний татварыг төлж байгаа бол гадаадын компаниуд дөнгөж 3 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлдөг болохыг тогтоож байсан юм.
“Хятадын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч оффшор бүсээр Британийн Виржин Арал, удаах байрт Самоа, Хонконг, Тайванийн оффшор бүсүүд орж байгаа нь Азийн бизнесийн зах зээлд Самоагийн оролцоо их болохыг харуулж байгаа юм” гэжээ.

Эх сурвалж

Турк Улс авлигын гэмт хэрэг дэх интернет хяналтаа нэмэгдүүллээ.

Авлигын талаар ярьсан нэгэн утасны яриа интернетэд тархсаны дараа Туркийн парламентаас Ерөнхий сайд Р.Т.Эрдоген / Recep Tayyip Erdogan/ -ийн засгийн газарт вэб хуудаснуудад хяналт тавих, шаардлагатай бол хаах эрх олгосон хууль батлаад байна.
Уг хуулийн дагуу вэб сайтад хувийн мэдээллийг нь задруулсан гэж үзэж болохуйц гомдол мэдээлэл ирсний дараа, ямар нэгэн шүүгчийн шийдвэргүйгээр, Туркийн Цахилгаан холбооны газраас 4 цагийн дотор тухайн вэб сайт, контентыг хаах эрхийг парламентаас олгосон байна. Гэхдээ ийнхүү вэб сайтыг хааснаас 48 цагийн дотор шүүгч уг шийдвэрийг шаардлагагүй гэж үзвэл цуцлах боломжтой ажээ.
Засгийн газрын ажилтнууд болон бизнесменийн хоорондын утасны ярианы бичлэг интернетэд тархсан даруйд уг хуулийн төслийг парламентад танилцуулсан юм. Истанбулийн “Gezi” цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн 6 дугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараасан, авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд цагдаа, прокурорын ажилтнуудыг ажлаас нь халсан зэргээрээ Европын холбооны зүгээс зэмлэл хүртээд буй одоогийн Ерөнхий сайд Р.Т.Эрдогений удирдлага дор Турк Улс дахь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хэрэг болж байна.
Сөрөг хүчин болох “Бүгд найрамдах ардын нам”-ын парламент дахь гишүүн Хасан Орен /Hasan Oren/ өнөөдөр утсаар өгсөн ярилцлагадаа “Засгийн газар өөрсдийн авлигын хэргийнхээ талаар тайлбар өгөхийн оронд, уг хэргийн талаарх мэдээлэл олон нийтэд тархах явдлыг хязгаарлахын тулд Интернет дэх хяналтаа чангатгасан” гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ “ийнхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих алхам хийснээрээ Европын холбооны эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй юм. Турк Улс улам бүр дарангуйлагч тогтолцоо руу шилжиж байгаад би харамсаж байна” гэжээ.

Эх сурвалж