Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.10-15/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.02.10-15/

Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооноос Ерөнхий сайд Йинглак Чинаватрагийн хөрөнгө 1.94 сая доллараар өссөн болохыг мэдэгдлээ.

Өнгөрөгч мягмар гарагт Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хорооноос Ерөнхий сайд Ийнглак Чинаватрагийн хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэд ил болгоод байна. Тус байгууллагаас мөн өнгөрсөн оны 12 дугаар сард тарсан парламентийн 491 экс гишүүд болон бусад улс төрчдийн хөрөнгийн талаарх мэдээллийг нийтэд зарласан юм.
Уг мэдээлэлд дээрх хүмүүсийн эхнэр/нөхрийнх нь эзэмшиж буй хөрөнгийнх нь мэдээллүүд ч багтсан байна.

  • Ерөнхий сайд Йинглак Чинаватра /Yingluck Shinawatra/-ийн хөрөнгө нь 603 сая батт (23.35 сая доллар), өр нь 28 сая батт;
  • Хөдөлмөрийн сайд Чалерм Юобамру /Chalerm Yoobamrung/-ны хөрөнгө 178 сая батт;
  • Хамгийн ядуу нь “Pheu Thai” намын гишүүн, парламентийн гишүүн асан Тээя Поонсританагул /Teeyai Poonsrithanagul/ бөгөөд тэрээр 6.6 тэрбум баттын өртэй байна;
  • Хамгийн баян нь “Democrat” намын гишүүн, парламентийн гишүүн асан Пракоб Чиракити /Prakob Chirakiti/ бөгөөд түүний хөрөнгө 2.1 тэрбум батт байв;
  • Мөн “Democrat” намын хэвлэлийн төлөөлөгч Чавононд Интаракомалуст /Chavanond Intarakomalyasut/ -ийн хөрөнгө дөнгөж 45061 батт байгаа бол тус намын дарга Абхист Вежаява /Abhisit Vejjajiva/-ийн хөрөнгө 54 сая батт байжээ;

Үндэсний авлигатай тэмцэх хорооноос эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгч, Ард түмний ардчилалын шинэчлэл хороо (АТАШХ)-ны гишүүдийн хөрөнгө, өр төлбөрийг мөн зарласан байна.

  • АТАШХ-ны нарийн бичгийн дарга Сутеп Таугсубан /Suthep Thaugsuban/ 3.57 сая баттын хадгаламжтай, 177 сая баттын газар, 26 сая баттын моторт тээврийн хэрэгсэл зэрэг нийт 210 сая баттын хөрөнгө, 323 сая баттын өр төлбөртэй байна.
  • “Democrat” намын гишүүн, парламентийн гишүүн асан Натапол Тэпсуван /Nataphol Teepsuwan/ болон түүний эхнэрийн хөрөнгө нийтдээ 1.59 тэрбум батт байгаа бөгөөд үүний 261 сая нь хөрөнгө оруулалт байгаа аж. Мөн түүний өр нь 1 сая орчим батт байна.

Эх сурвалж

Авлигачдын тэргүүнд гаальчид.

Дэлхийн банк болон Вьетнамын Бизнес форумын тайланд дурдсанаар Вьетнам Улсын Засгийн газрын хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд хамгийн их авлигад автсан нь гаалийн байгууллага болохыг онцолсон байна. Мөн тус тайланд дурдсанаар “асуудлыг хурдан шийдвэрлүүлэхийн тулд нийт бизнес эрхлэгчдийн 63 хувь нь ‘албан бус төлбөр’ төлдөг” байна.
Вьетнамын Бизнес форумын уг 2013 оны тайланд дурдсанаар гаалийн үе шатыг багасгах, гаальчидтай харилцаагаа хэвээр нь хадгалахын тулд бизнес эрхлэгчид гаальчдад ‘тослогооны төлбөр’-т хээл хахууль өгдөг гэжээ. Ийнхүү гаальчид төлбөр авснаараа гаалийн мэдүүлгийг буруу бөглөх, хориотой бараа импортлох, хууль бусаар хилээр нэвтрүүлэх зэрэгт ‘чихээ таглаж’ өнгөрүүлдэг байна.
Уг судалгаанд дурдсанаар авлигын нөхцөл байдал хамгийн ноцтой гурван салбар, байгууллагыг (гаалийн байгууллага 55.2 хувь, татварын байгууллага 46.2 хувь, газар зохион байгуулалтын байгууллага 39.8 хувь) тогтоосон байна.
Энэ судалгаанаас өмнө 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр тус улсын засгийн газар мөн Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан судалгаагаар авлигад хамгийн их автсан 4 салбарын 1-ээр гаалийн байгууллага шалгарч байсан юм.
Сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор тус улсын олон тооны гаальчдад шийтгэл ногдуулаад байгаа юм.
Тухайлбал, нэг аж ахуйн нэгжээс хээл хахуульд 1.5 тэрбум вьетнам дон авсан “Muong Khuong” дахь гаалийн дарга асан Тран Мин Тоунг /Tran Minh Thuong/-д 2013 оны 6 дугаар сард шүүхээс 20 жилийн хорих ял, Нгуен Ван Чоунг /Nguyen Van Cuong/-д 12 жилийн хорих ял тус тус ногдуулсан юм.
Сүүлийн 5 жилийн хугацаанд олон төрлийн шалтгаанаар 295 гаальчид шалгагдан их, бага хэмжээгээр шийтгэгдээд байгаа юм.

Эх сурвалж

Авлигын эсрэг арга хэмжээнээс үүдэлтэйгээр Хятадын баячууд АНУ-руу зугтаж байна.

Америкийн баячууд гадаадад гарч амьдарна гэдгээрээ сүрдүүлдэг байсан. Тэд хэлэхдээ “Ийм л байна. Би Канад руу явж байна” гэж хэлдэг байсан. Мэдээж хэрэг тэдний ихэнх нь ийм алхам хийгээгүй л дээ.
Харин Хятад Улсад, ялангуяа тус улсын баячуудын хувьд хилийн чандад амьдарна гэдэг үг сүрдүүлэг биш болоод байна.
Авлигатай тэмцэх ажиллагаа өргөжсөнөөр, Хятадын баян иргэд хилийн чанадад илүү амар, тайван амьдралыг эрж хайх болжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын баячуудын тэмүүлэх болсон газар бол АНУ юм.
“Hurun Report” сэтгүүлээс Хятадын 393 саятны дунд явуулсан нэгэн судалгаанаас сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тус судалгааны дүнгээр Хятадын баян иргэд (1.6 сая доллар болон түүнээс их хөрөнгөтэй)-ийн 64 хувь нь хилийн чанадад шилжсэн эсвэл шилжихээр төлөвлөж байгаа гэжээ. Мөн тус судалгааны дүнгээр маш баян иргэд (16 сая доллар болон түүнээс их хөрөнгөтэй)-ийн гуравны нэг нь өөр улсад харьяалалтай болжээ.
Эдгээр баячуудын ихэнх хувь нь үр хүүхдээ хилийн чанадад өсгөх сонирхолтой байгаа бол мөн 80 хувь нь хүүхдүүддээ гадаадын боловсрол олгохыг хүсч байгаа аж. Баячуудын үзэж байгаагаар хүүхдүүддээ боловсрол олгохын тулд хамгийн түрүүнд АНУ, дараа нь Их Британийн их сургуулиудыг сонгож байгаа ажээ.
Ямар шалтгаанаар?
Хятадын баячууд өөрийн орны боловсролын системд итгэхгүй байна.
Энэхүү хилийн чанадыг илүүд үзэх байдал нь Хятадын баячууд АНУ-ын “ногоон карт” авах байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. 2010 онд Хятадын 772 иргэн хөрөнгө оруулагчийн ногоон карт (АНУ-д хамгийн багадаа 1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүнд олгодог тусгай эрх)-ыг авч байсан юм. Харин энэ байдал 2012 онд даруй 8 дахин нэмэгдэж 6124-т хүрээд байгаа юм.
Хятадын эдийн засагт үйл ажиллагаа явуулж баян болсон эдгээр хүмүүс яагаад хилийн чанадыг илүүд үзэх болов?
Үүний нэг шалтгаан нь боловсрол болж байгаа бол өөр нэг нөлөөлж буй хүчин зүйл нь бохирдол юм. Хятад Улсын баячуудын байнгын гомдол мэдүүлдэг сэдэв бол тус улс дахь агаарын болон усны бохирдол юм.
Мэдээж хэрэг нөлөөлж буй өөр нэг шалтгаан бол авлигатай тэмцэж буй байдал юм.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад Улсын дарга Ши Жинпин /Xi Jinping/ тус улсын хамгийн баян болон Коммунист намд хамгийн нөлөөтэй хүмүүсийн заримыг авлигын хэргээр шалгасан юм.
Нэгдүгээр сараас, Ши Жинпиний авлигын эсрэг үйл ажиллагаа хилийн чанадад хүүхэд болон эхнэр/нөхөр нь амьдарч буй төрийн албан хаагчидруу илүү чиглэх болоод байна. Хүүхэд болон эхнэр/нөхөр нь хилийн чанадад амьдарч буй төрийн албан хаагчдыг авлигад хамгийн их өртөмтгий гэж үзэн ‘шалдан’ албан хаагч гэж нэрлээд байгаа юм.
Төрийн мэдлийн Синхуа агентлагаас мэдээлж байснаар “эдгээр ‘шалдан’ албан хаагчид нь авлигын маш өндөр эрсдэлтэй” ажээ. Эдийн засгийн гэмт хэрэг (Хятад Улсад залилан, шамшигдуулах зэрэг хэргийг эдийн засгийн гэмт хэрэг гэж үздэг)-ийн 40 орчим хувь, авлига, хээл хахуулийн хэргийн 80 орчим хувьд нь ‘шалдан’ төрийн албан хаагчид оролцсон байдаг юм.
Энэхүү томьёолол нь маш өргөн хүрээг хамарч байгаа юм. Хонконгийн “Oriental Daily” сонинд мэдээлснээр Хятадын 2013 оны Ардын их хурлын гишүүдийн ихэнх нь ‘шалдан’ ангилалд хамаарч байгаа юм.
Бодит байдалд, дарга Ши Жинпин ч өөрөө энэ ангилалд хамаарч байгаа юм. Түүний охин нь нэрээ нууцлан Харвардын их сургуульд сурдаг.
Мэдээж хэрэг зөвхөн Хятадын баячууд л эх орноо орхин гараад байгаа үзэгдэл бас биш юм. “Center for China and Globalization”-ны судалгаагаар өнгөрсөн жил 9 сая гаруй хятад иргэд гадагш шилжсэн бөгөөд тэдний ихэнх нь дундаж түвшний орлоготой 35-55 насныхан байсан ажээ. Гадагшаа шилжих хөдөлгөөнд орж буй эдгээр Хятад иргэдийн хамгийн их очиж буй газар бол АНУ бөгөөд 2012 оны байдлаар Хятадын 81784 иргэн АНУ-аас түр иргэншил аваад байгаа юм.

Эх сурвалж

Танзани Улс хөрөнгийнхөө талаар мэдүүлэхээс зайлсхийсэн төрийн албан хаагчдыг шалгана.

Танзани Улсын Ёс зүйн нарийн бичгийн даргын газраас хөрөнгөө мэдүүлээгүй, буруу мэдүүлсэн байж болзошгүй төрийн албан хаагчдын эсрэг байцаалт явуулахаар болоод байна. Танзанийн төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн дагуу томоохон албан тушаал хашиж буй төрийн бүх албан хаагчид жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор Ёс зүйн нарийн бичгийн даргын газарт хөрөнгө болон өр төлбөрөө мэдүүлэх ёстой байдаг.
Ёс зүйн нарийн бичгийн даргын газрын Комиссар Салом Каганда /Salome Kaganda/ Парламент дахь Үндсэн хууль болон хуулийн асуудал хариуцсан хорооны гишүүдэд “2013 оны хөрөнгө, өр төлбөрийнхөө талаар мэдээлээгүй байгаа төрийн албан хаагчдыг ирэх 3 дугаар сараас байцааж эхлэхээр болсон” талаар мэдээлсэн юм.
Үүнээс гадна, хөрөнгө, өр төлбөрийнхөө талаар мэдээлсэн байгаа 300 гаруй ажилтны хөрөнгө, өр төлбөрийн талаарх мэдээлэл нь үнэн болохыг батлах зорилгоор дахин нягталж үзэх ажээ.
Комиссар Салом Кагандагийн хэлснээр, холбогдох хуульд заасны дагуу Танзанийн 4971 улс төрийн албан хаагчдийн 76 хувь, 8148 төрийн албан хаагчдын 62 хувь нь хөрөнгө, өр төлбөрийнхөө талаар мэдээлсэн байгаа ажээ. Мөн тэрээр, өөрсдийн бүх хөрөнгийнхөө талаар мэдүүлээгүй байгаа зарим албан хаагч илүү анхаарал татаж байгааг онцолсон байна.
Тэрээр хэлэхдээ “зарим албан хаагчид өөрсдийн банкны дансны талаарх мэдээллээ өгөөгүй, эзэмшдэг хөрөнгийнхөө бодит өртгийг тусгаагүй, эдгээр хөрөнгөө хэрхэн олж авснаа мэдүүлээгүй” байгаа гэсэн юм.
Тус улсад одоогийн мөрдөж буй энэхүү системийг шүүмжлэгчид “төрийн албан хаагчдийн хөрөнгийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох”-ыг шаарддаг юм. Танзанийн сөрөг хүчний удирдагчид “авлигын гэмт хэргээ нуухын тулд хөрөнгийнхөө талаар дутуу мэдүүлдэг” гэж төрийн албан хаагчдыг буруутгадаг юм.
Танзани Улсын нь ил тод байдал, тухайлбал, төрийн албан хаагчдын хөрөнгийг ил тод болгох нэгдсэн жишиг тогтоох зорилго бүхий олон улсын санаачилга буюу “Open Government Partnership”-ийн гишүүн улс юм.

Эх сурвалж

Индонез Улс авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд ихээхэн хэмжээний хөрөнгө нөхөн төлүүлсэн.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Индонез Улс авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа ихээхэн амжилт олоод байна.
Албаныхны хэлж байгаагаар 2011 оноос хойш ихээхэн хэмжээний хөрөнгө хураан авч, нөхөн төлүүлснээрээ авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тоон болон чанарын ихээхэн ахиц гарсан гэж үзэж байгаа ажээ. Индонезийн Авлигатай тэмцэх хорооноос мэдээлж байгаагаар 2013 оны хэмжээнд авлигын гэмт хэргийн улмаас 91 сая доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө хураан авч, нөхөн төлүүлсэн нь 2012 оныхоос өссөн байгаа ажээ.
Индонезийн Ерөнхий прокурор Басриф Ариф /Basrief Arief/ “VOA” агентлагт мэдээлснээр тус байгууллага 2013 онд 1696 авлигын хэрэг шалгасан бөгөөд 2012 онд 833 хэрэг шалгаж байсан ажээ.
Түүний хэлснээр “2012 онд тус улс авлигын хэргээс 20 сая доллар олж байсан бол, 2013 онд дөрөв дахин нэмэгдэж 91 саяд хүрсэн байна. Эдгээр хөрөнгийн ихэнхийг нь гааль, татварын салбар дахь авлигаас олсон” байна.
Трансперэнси Интернэшнл байгууллагын судалгаагаар Индонез Улс 177 улс орноос 144 дүгээр байрт орж байгаа юм.

Эх сурвалж

Авлигын эсрэг сурталчилгаа ихээхэн маргаан дэгдээгээд байна.

Төр, хувийн хэвшлийн 47 байгууллагаас бүрдсэн бүлэг буюу Тайландын Авлигатай тэмцэх байгууллага -аас гаргасан телевизийн сурталчилгаа маш богино хугацаанд ихээхэн маргаан дэгдээгээд байна.
Энэхүү маргаан нь тус улсын нийгэм дэх авлигын талаарх суурь үнэлэмжийн ялгаатай байдлыг илтгэн харуулж байна.
Цувралын дөрөв дэх нь болох уг сурталчилгаанд ээж нь авлигач болсны улмаас сургуулийнхаа найзуудад гадуурхагдаж буй хүү, энэ байдлыг мэдрэн шаналж буй ээжийг дүрслэн харуулснаараа “Тайландын нийгэмд авлигач хүмүүсийг байлгах ямар ч орон зай үлдээгүй” болохыг илтгэсэн юм.
Сурталчилгаа гарсан даруйдаа олон нийтийн сүлжээгээр тархан, олон тооны санал сэтгэгдэл, шүүмжлэлийг аваад байгаа юм.
“Pantip.com” сайтад тавигдсан нэгэн сэтгэгдэлд “Энэ сурталчилгааны цаад агуулгыг дэмжиж байна. Хүүхэд үүнд өртөж байгаа бол хэн нь түүний энэ зовлонд буруутай вэ?” гэжээ.
Мөн өөр нэгэн сэтгэгдэлд “Тайландын нийгмийг өөрчлөх цаг нь болсон. Бид энэ байдалтайгаар дараагийн 100 эсвэл 200 жил байж болохгүй. Ямар ч байсан, авлигач байдлын үр дүн бидний гэр бүл, үр хүүхдэд нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн бид өөрсдөө биш гэр бүлийн гишүүн бүр хариуцлагатай байх ёстой” гэжээ.
Өөр нэгэн сэтгэгдэлд “Би энэ сурталчилгааг зөвхөн ёс зүйгүй эцэг эхийн гар дээр хүмүүжиж буй хүүхдүүдэд л нөлөөлнө гэж үзэхгүй байна. Хэн ч хүүхдээ буруутгахгүй. Авлигад холбогдсон эцэг эх энэ сурталчилгааг үзэж чадахгүй.” гэжээ.
Ийнхүү энэ сурталчилгааг дэмжих хэсэг байгаа бол эсэргүүцэх хэсэг ч мөн байна.
Энэ сурталчилгааны талаар шүүмжилсэн нэгэн сэтгэгдэлд “(Шошигожуулах, хэлсээр буруутгахын оронд) авлигатай тэмцэх хамгийн зөв арга бол авлигын хэрэгт холбогдохоос зайлсхийх, нотлох баримтыг цуглуулан цагдаа, хэвлэл мэдээллийнхэнд өгөх юм. Энэ сурталчилгаа хүчирхийллийн хэлбэрийг харууллаа” гэжээ.
Мөн өөр нэгэн шүүмжлэлд “энэ сурталчилгаа надад Нацистын 'Jüdischen Schüler und Lehrer von der Schulen verwiesen' (еврей багш, сурагчид сургуулиас хөөгдөж байгаа талаар гардаг) хэмээх суртал ухуулга болон Семитийн эсрэг үзэл суртлын хүүхдийн еврей хэл дээрх ном болох ‘Der Giftpilz’ буюу ‘Хортой мөөг’ номыг санагдууллаа. Эдгээр суртал ухуулгад хүний мөн чанарыг нь орхигдуулан хар эсвэл цагаан, сайн эсвэл муу гэсэн байдлаар ерөнхийд нь авч үздэг. ‘Авлигач’ үйлдлийнх нь талаар ямар ч асуулт асуудаггүй. ‘Авлигач’ л бол ямар ч шалтгаангүй. Ерөнхийдөө бол энэ сурталчилгаа хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх талаар анхаарч үзээгүй байна” гэжээ.
Сурталчилгааг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж

Европын парламент дахь Словенийн гишүүн хээл хахуулийн хэргээр ял авлаа.

Британийн “Sunday Times” сонинд Европын холбооны хууль тогтоомжийг өөрчлүүлэхээр хээл хахууль санал болгосон бол авах байсан талаар мэдэгдэл нь гарсны дараа буюу мягмар гарагт Словенийн шүүхээс Европын парламентийн гишүүн асан Зоран Талер /Zoran Thaler/-т шоронд хорих ял ногдууллаа.
Словенийн шүүхээс тус улсын гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан Зоран Талерт 30 сар шоронд хорих, 32250 еврогийн торгууль төлөх, төрийн албанд 5 жилийн хугацаанд ажиллах эрхийг хасах ял ногдуулсан байна.
Хэдий тийм ч, тус улсын шүүгч Ирина Склуж /Irena Skulj Gradisar/-ийн хэлснээр Зоран Талер долоо хоногийн амралтын өдрүүдийг л зөвхөн шоронд өнгөрүүлэх ажээ.
Зоран Талер болон Европын холбооны парламент дахь бусад улсын хэд хэдэн гишүүдийн хууль бус үйлдлийн талаар Британийн “Sunday Times” сонинд нийтлэгдсэний дараа буюу 2011 оны 3 дугаар сард тэрээр албан тушаалаасаа огцорсон юм.
Европын холбооны парламент дахь авлигыг илчлэх зорилготой халхавчлагдсан сэтгүүлчдэд “хээл хахууль авч лоббидуулахад бэлэн байсан талаар ам алдсан” юм.
Словенийн гадаад харилцааны сайдаар 1995-97 онд ажиллаж байсан Зоран Талер нь уг хээл хахуулийн асуудалд өөрийгөө буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнгөрсөн сард прокуроруудтай ялыг хөнгөрүүлэх талаар тохиролцоо хийсэн юм.
Тэрээр шүүхээс өршөөл хүсч, өөрийн хэлсэн үг нь “гэмт хэрэг” болсонд гэмшиж байгаагаа илэрхийлсэн талаар Словенийн мэдээний агентлаг мэдээлсэн юм.

Эх сурвалж