Сингапурын Авлигын гэмт хэргийг мөрдөх товчооны дэд дарга асан 10 жилийн ял авлаа.
Сингапурын Авлигын гэмт хэргийг мөрдөх товчооны дэд дарга асан Эдвин Ео Сов Хйон /Edwin Yeo Seow Hiong/ 2.5 жилийн хугацаанд буюу 2010 оны 4 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд “Resorts World Sentosa” болон “Marina Bay Sands” гэсэн казинод 372 удаа тоглохдоо хамгийн багадаа 478583 доллар алдсан юм. Авлигын гэмт хэргийг мөрдөх товчооны дэд дарга асан Эдвин Ео Сов Хйон мөрийтэй тоглоомын газруудад тоглохдоо өөрийн удирдаж байсан тус товчооны төсвөөс хууль бусаар зарцуулан шамшигдуулж байсан юм. “Итгэл эвдсэн” 3 зүйл гэмт хэрэг, “бичиг баримт хуурамчаар үйлдсэн” 1 зүйл гэмт хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн түүнд дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял ногдуулаад байна. Түүнийг энэ хэрэгт холбогдсонтой холбоотойгоор Авлигын гэмт хэргийг мөрдөх товчоонд хараат бус хяналт-шалгалт явуулахад хүргэсэн юм. Уг хяналт-шалгалтаар Авлигын гэмт хэргийг мөрдөх товчоон дахь санхүүгийн хяналт муу байна гэж дүгнэлт гаргасан юм. Энэхүү хяналт-шалгалтын дараа уг товчоонд итгэх олон нийтийн итгэлийг дахин бий болгох зорилгоор товчооны удирдлагыг шинээр томилсон юм. Мөн Засгийн газраас төрийн албан хаагчдыг казино тоглохтой холбоотой зохицуулалтыг чангатгаад байгаа юм. Уг зохицуулалтаар төрийн албан хаагч хэдэн удаа тоглосон болохоо мэдүүлэхээр болж байгаа аж.
Эх сурвалж
Хятад Улс авлигач эрдэмтдээ шийтгэсээр байна.
Эрдэмтэд ихэвчлэн өөрсдийн судалгааны ажилдаа анхаарлаа хандуулж ажилладаг. Харин Хятад Улсын эрдэмтдийн зарим нь өөр зүйлд анхаарлаа хандуулдаг байна. Өөрөөр хэлбэл, тус улсын зарим эрдэмтэд татвар төлөгчдийн мөнгөнөөс олон сая доллар хэрэглэх, судалгааны зардлаа хэтрүүлэх, өөрсдийн гэр бүлийн гишүүдэд зориулсан албан ёсны зардлын данс ажиллуулдаг зэрэг дутагдалтай тал илэрсээр байна. Хятадын Коммунист намын тэргүүлэх эрдэмтэд болон судлаач-албан хаагчид зэрэг тодорхой тооны хүмүүст энэ төрлийн үйл ажиллагааны улмаас шийтгэл ногдуулсан байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж байгаагаар Хятадын Гуандон мужийн шинжлэх ухаан, технологийн 50 гаруй эрдэмтдэд энэ төрлийн хэрэгт холбогдуулан шийтгэл ногдуулсан байна. Тухайлбал, Коммунист намын авлигатай тэмцэх байгууллага болох Сахилгын хяналтын төв хорооноос мэдээлж байгаагаар “хуулийг ноцтой зөрчсөн” хэрэгт холбогдуулан Сингапурт байрлах Ази, номхон далайн шинжлэх ухаан, технологийн төвүүдийн сүлжээний дэд захирал Ван Кэвей /Wang Kewei/-г мөн шалгаж байгаа ажээ. Гуандон мужийн Шинжлэх ухаан, технологийн төвийн захирал Ли Шинхуа /Li Xinghua/-г мөн өнгөрсөн 7 дугаар сараас хойш шалгаж байгаа бөгөөд 1 дүгээр сард Коммунист намаас хөөсөн юм. Эрдэмтдийн хууль бус үйл ажиллагааных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын үзэж байгаагаар ихэнх нь судалгааны зардлыг шамшигдуулсан хэрэгт холбоотой аж. Тэдний авлигын хэргийн дараалал нь: ерөнхийдөө эрдэмтэд санхүүжилт хүлээн авч эдгээр санхүүжилтээ хувийн зорилгоор (гэр бүлийн гишүүддээ) ашигладаг бол зарим хэсэг нь төслийн бус үйл ажиллагаанд нэмэлт санхүүжилт авах, шинжлэх ухааны үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах, илүү төлбөр хийх, худалдан авсан газраасаа хөнгөлөлт хүртэх зэргээр явагддаг байна. Синхуа агентлагийн мэдээлж байгаагаар “дээрх төрлийн авлигын хэрэг өргөн тархсан болохыг жил бүрийн аудитын тайлан харуулсан” гэжээ. Шинжлэх ухаан, технологийн Хятадын холбооны мэдээлж байгаагаар “бодит байдалд, шинжлэх ухааны судалгаануудад зарцуулж буй санхүүжилтийн зардлын зөвхөн 40 хувь нь л тухайн судалгаандаа зарцуулагдаж, үлдсэн хэсэг нь судалгаануудтай холбоогүй үйл ажиллагаанд зарцуулагддаг” гэжээ. Шинжлэх ухааны санхүүжилтэд улс төржсөн байдлаар хандах, мөн ил тод бус, хяналтгүй байх зэрэг нь дээрх хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болсон байна. “Battelle” судалгааны байгууллагын үзэж байгаагаар сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Хятад Улс судалгаа, хөгжлийн зардлаа жил бүр 12-20 хувиар нэмэгдүүлж ирсэн ажээ.
Авлигын эсрэг блог сайт нэгдэв.
Харвардын хуулийн сургуулийн Хуулийн профессор Матев Стефэнсон /Matthew C. Stephenson/ дэлхийн авлигын эсрэг блог сайт нээсэн байна. Уг сайт нь дэлхий дахинд авлигын асуудлаар хэлэлцэх, дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Уг сайтаар мэргэжлийн хүрээнд санал, мэдээлэл солилцох, авлигын шалтгааны талаарх маргаан өрнүүлэхэд чиглэгдэх ажээ. Уг сайтад энэ хаягаар хандах боломжтой ажээ.
Европын гурван улс Украины экс удирдагчдын хөрөнгийг царцаагаад байна.
Украины шинэ удирдагчид тус улсаас олон тэрбумтай тэнцэх мөнгө алдагдсан болохыг зарласны дараагаар Швейцари, Австри, Лихтенштейн улсууд экс ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний хүү зэрэг Украин 20-иод иргэдийн банкны данс болон хөрөнгийг царцаах арга хэмжээ авч байгаагаа мэдээллээ. Оросын цэрэг Крымийг хяналтдаа авсны дараа хийгдэж байгаа энэхүү арга хэмжээ нь Украины хямрал улам бүр муудаж байгааг илэрхийлж байна. Дээрх гурван улс хэдий хэмжээний мөнгө, хөрөнгийг царцааж байгаагаа мэдээлээгүй юм. Мөн Европын холбоо ижил төстэй арга хэмжээ авахаа зарлаад байсан ч хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Украины шинээр томилогдсон Ерөнхий сайд Арсени Яценюк /Arseny Yatseniuk/ өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэхдээ төрийн санг хоосолсон, 37 тэрбум доллар алга болсон хэрэгт Виктор Януковичийг буруутгаад байгаа юм. Харин Виктор Янукович Оросын холбооны улсад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ гадаадад банкны данс эзэмшдэг болохоо үгүйсгэсэн юм. Тэрээр хэлэхдээ “гадаадын банкинд ямар ч данс эзэмшдэггүй. Би бүх хөрөнгөө мэдүүлсэн. Энэ бол хоосон цуурхал” гэжээ. Засгийн газраас экс ерөнхийлөгч болон түүний хүү Олександер /Oleksander/ зэрэг Украин 20 орчим иргэдийн хөрөнгийг царцаах шийдвэр гаргасан юм. Шийдвэр баасан гарагийн үд дундаас хэрэгжиж эхэлнэ хэмээн Швейцарийн санхүүгийн зах зээлийн байгууллага болох “FINMA”-аас мэдээлсэн байна. Австри Улс мөн Украины 18 иргэний хөрөнгийг царцааж байгаагаа мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлд “Украины Гадаад харилцааны сайдын албан ёсны хүсэлтийн дагуу Австрид данс эзэмшиж буй Украины 18 иргэдийн банкны дансыг царцаасан” ажээ. Лихтенштейн Улс мөн Виктор Янукович зэрэг Украины өмнөх Засгийн газрын 20 гишүүдийн хөрөнгийг царцааж байгаагаа мэдэгдсэн юм.
Трансперэнси Интернэшнл: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулж буй хөрөнгө авлигын эрсдэлтэй байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангуудад ил тод, хариуцлагатай байдал болон шударга байдлыг нэмэгдүүлэх алхам хийх хэрэгтэй. Трансперэнси Интернэшнл байгууллагаас Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулж буй сангуудад албан тушаалаа ашиглах, хээл хахууль авах, нууц гэрээ хийх зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болж буй үер, ган, хүчтэй шуурга зэрэг бэрхшээлүүд нь ойрын жилүүдэд дэлхийн улс бүрийн сорилт байх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авч байгаа улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын 7 санд тус байгууллагаас дүн шинжилгээ хийсэн байна. Дээрх сангуудын дотоод үйл явц, журамд ил тод, шударга, хариуцлагатай байдлыг дэмжих шаардлагатай байгаа юм. Авлигыг таслан зогсоох зорилгоор сангууд хэрхэн ажиллаж байгааг үнэлэх энэхүү дүн шинжилгээгээр эдгээр сангуудын аль нь ч авлигыг үл тэвчих бодлогыг цогцоор нь хэрэгжүүлээгүй байгаа нь тогтоогджээ. Сангуудын ихэнх нь авлигын эсрэг ямар ч бодлогогүй байсан бол зөвхөн 2 нь тодорхой хориг арга хэмжээ авах журамтай байсан байна. Уур амьсгалын өөрчлөлтөд 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоо байдаг. Иймд эдгээр мөнгийг зөв төсөл, хэрэгтэй хүнд хүргэх ялангуяа, ТИ-ийн Авлигын төсөөллийн индексээр доогуур оноо авсан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилт хүлээн авч буй улс орнуудад эдгээр мөнгөний хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар тус байгууллагаас онцолсон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын (the Adaptation Fund, the two Climate Investment Fund Trust Funds, two of the Global Environment Facility’s funds, the UN-REDD Programme, the Forest Carbon Partnership Facility) сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн тайланд дараах үндсэн зөвлөмжүүдийг өгсөн байна. Үүнд:
Удахгүй болох хувьчлал дахь авлигыг таслан зогсоохоор Мөрдөн байцаах хороо ажиллана.
Оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн “төрийн өмчийг хувьчлахаар төлөвлөсөн энэ үед авлигаас урьдчилан сэргийлэх асуудал бол тус байгууллагын энэ жилийн хамгийн том зорилт байх болно” гэж мэдэгдлээ. Саяхан Засгийн газраас 2016 он хүртэл төрийн өмчийг хувьчлах 3 жилийн төлөвлөгөө гаргаж байгаагаа зарлаад байсан юм. Уг хөтөлбөрт тээвэр, банк, хөдөө аж ахуйн салбар дахь төрийн хөрөнгө хамрагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 1 триллион рубль (31 тэрбум доллар)-ийн хөрөнгө багтаж байгаа юм. Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин /Alexander Bastrykin/-ийн хэлж байгаагаар тус хороо нь зах зээлийн үнээс доогуур үнээр төрийн өмчийг хувьд шилжүүлэх, төрийн өмчөөс хулгай хийхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх ажээ. Александр Бастрыкины хэлснээр өнгөрсөн жил тус улсад авлигын улмаас 13 тэрбум рубль (360.5 сая доллар)-тэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байна. Хэдий тийм ч 11 тэрбум рублийг авлигын гэмт хэргээс нөхөн төлүүлсэн байна. Мөн түүний хэлснээр 2013 онд шалгасан хэргийн тоо 28000 гаруй байгаа нь өмнөх оныхоос 18000 хэргээр илүү байна. Авлигатай холбоотой 9000 гэмт хэргийг бүрэн шийдвэрлэсэн нь 2012 оныхоос 6000-аар нэмэгдсэн болохыг тэрээр мөн хэлжээ. Сүүлийн жилүүдэд Александр Бастрыкин нь батлан хамгаалах яамны хөрөнгөөс олон сая доллар луйвардсан “Oboronservis”-ийн хэрэг зэрэг томоохон хэргүүдийг шалгаж нэр хүнд олоод байгаа юм.
Иран дахь авлигын гэмт хэрэгт экс дэд Ерөнхийлөгч буруутгагдав.
Ираны төрийн мэдээллийн агентлаг болох “IRNA”-аас мэдээлснээр Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад /Mahmoud Ahmadinejad/ –ийн үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Мохамэд-Реза Рахим /Mohammad-Reza Rahimi/-ийг авлигын хэрэгт холбогдуулан шүүхээс буруутгаад байгаа талаар мэдээллээ. Энэ талаар Ираны ерөнхий прокурор Голам-Хосейн Мохсен /Gholam-Hossein Mohseni/ үгүйсгээгүй ч “энэ талаарх мэдээллийг үнэн худал эсэхийг нь баталгаажуулах зорилгоор удахгүй хэвлэлийн бага хурал хийх болно” гэсэн юм. Ираны нэгэн даатгалын компанийн эсрэг 3 тэрбум долларын санхүүгийн луйврын хэрэгт дэд ерөнхийлөгчийн нэр холбогдоод байсан юм. Мохамэд-Реза Рахим дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад нь уг хэрэг шүүхэд шилжиж байсан юм. Уг хэрэгт дэд ерөнхийлөгч болон түүний зөвлөх, Тегеран хотын дарга, Боловсролын сайд нар холбогдоод байсан юм. Шүүхэд сонсгол хийх үеэр, яллагдагчдын нэг 600000 долларыг дэд ерөнхийлөгчийн хувийн дансанд шилжүүлсэн талаар мэдүүлэг өгсөн юм. Үүний дараа буюу 2013 оны 12 дугаар сарын Тегераны прокурорын газраас тогтоол гаргаж, дэд ерөнхийлөгчийг уг гэмт хэрэгт албан ёсоор сэжигтнээр татаад байсан юм.