Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.24-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.24-30/

Хятад дахь авлигын эсрэг тэмцэл нь хөрөнгө мөнгө гадагшаа гарахад хүргэж байна.

2012 оны сүүлчээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин улс төрийн товчооны гишүүдэд хандан хэлсэн үгийн үндсэн санаа нь “Авлигын улмаас нам задран унаж, улс орон сүйрч болзошгүй” гэсэн утгатай байлаа.
Тухайн үед хятадын хэвлэлүүдэд хятад хүмүүс болон намын амьдралд гүн гүнзгий нэвчсэн авлигадах, хээл хахуул өгч авалцах ёс заншлыг устган амьдралын шинэ хэм хэмжээнд хөтлөн оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байлаа.
Авлигын эсрэг хийсэн Хятадын эрх баригчдын тэмцэл санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд санаанд оромгүй ул мөрөө үлдээж эхэлсэн нь “эрвээхэйн нөлөөлөл” хэмээх онолыг батлах мэт байлаа. Энэ нь Бразилд эрвээхэй далавчаа дэвэх нь Тексаст хар шуурга дэгдэхэд хүргэдэг гэж үздэгтэй адил юм.
Бээжингийн засаг захиргааны авлига, хээл хахууль, гар хүндрүүлэх явдал, үнэтэй бэлэг сэлт өгдөг явдлын эсрэг өргөн цар хүрээтэй дайралт нь зах зээлд янз янзын үр дагавар үүсгэв. Үүнд швейцарын үнэтэй брандын цагны борлуулалт огцом унаж, дөрвөн одтой тансаг зочид буудлын өрөөний эрэлт эрс нэмэгдэж, Австралийн үл хөдлөх хөрөнгийн үнэ гэнэт өсөн, хятадын урлагын бүтээлийн үнэ нэмэгдэв.
Сүүлийн 12 сарын хугацаанд Сидней хотын орон сууцны үнэ 14 хувиар, Мелбурн хотынх 12 хувиар өсөв. Хятадын худалдан авагчид Австралид зарагдаж буй орон сууцны 12 хувийг худалдан авч байгаа бөгөөд үүнд жил бүр 5.4 тэрбум доллар зарцуулж байгааг шинжээчид хэлж байна.
Хятадын худалдан авагчид үндсэндээ 2 янз байгаа ажээ. Нэгдэх бүлэг нь олон улсын компанид ажилладаг хятад залуучууд бөгөөд тэд аливаа зарлага гаргахдаа ихээхэн тооцоотой ханддаг байна. Харин хоёрдахь бүлэг хүмүүс бол хөрөнгөө хятадаас Австрали руу зөөж байгаа хөрөнгө чинээ ихтэй хятадууд юм. Хоёрдахь бүлгийн хувьд гол асуудал нь хөрөнгө мөнгөө найдвартай байдалд байлгах нь чухал бөгөөд худалдан авч буй үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ төдийлөн чухал биш байдаг ажээ. Зарим үед үнийг нь ч асуудаггүй гэнэ.
Сиднейн Технологийн их сургуулийн хятад судлаач хэлэхдээ “бүгд л хууль бус зүйл хийдэг, хятадад эртнээс тогтсон заншил ёсоор хэн нэг нь ямар нэг зүйл хийхийн тулд заавал төлбөр төлж ирсэн шүү дээ” гэжээ. Энэ үүднээс тайлбарлавал, өмч хөрөнгөө гадагш зөөж байгаа нь өргөн хүрээтэй явагдаж буй хяналт шалгалтад өртөхөөс айсан хэрэг ажээ. Хэн нэг хүнтэй холбоотой мөрдөн шалгалт зуугаас ч илүү хүнийг хамарсан сүлжээг шалгахад хүргэдэг байна.
Хэрэв Хятадын засгийн газар хүмүүсийг хэрхэн хөрөнгөжсөнийг шалгах ажлаа улам өргөжүүлэх юм бол хөрөнгө мөнгө улам ихээр гадагш гарах байх гэж зарим хүмүүс үзэж байна. Тэдний бодлоор энэ нь авлигатай холбоотой юм. Хэрэв засгийн газар ямар нэг байдлаар хууль бус үйлдлийнх нь талаар мэдлээ гэхэд тэр үед хөрөнгө мөнгө болон үр хүүхдээ аль хэдийн гадаадад гаргасан байхыг хичээж байгаа ажээ.
Эх сурвалж

Иллонойс муж улсын засгийн газар авлигад идэгдсэн гэж сонгогчдын 90 хувь үзэж байна.

Америкийн Нэгдсэн Улсын Иллонойс муж улсын засгийн газрын үйл ажиллагаанд авлига ердийн зүйл болсон гэж сонгогчдын 90 хувь нь үзэж байгааг шинээр хийгдсэн судалгааны дүн харуулж байна. Сонгогчдын талаас илүү хувь нь мужийн засгийн газар дахь авлига маш түгээмэл байна гэж Өмнөд Иллонойсын Их сургуулийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан энэ судалгааны явцад хариулжээ.
Иллонойс муж улсын сүүлийн 7 амбан захирагчийн дөрөв нь шоронд ял эдэлж байгаа юм.
Сонгогчид Чикаго хотыг мөн авлигад автсан гэж үзжээ. Чикаго хотын оршин суугчдын 85 хувь нь хотын захиргаа болон тойргын захиргаанд улс төрийн авлига түгээмэл гэж, 55 хувь нь маш түгээмэл гэж бодож байна гэжээ.
“Сүүлийн 30 жилийн турш хотын захиргааны болон тойргын захиргааны олон тооны албан тушаалтнууд болон эндээс сонгогдсон зарим конгрессын гишүүд шоронд суусан нь эмгэнэлтэй” гэж судалгааг зохион байгуулсан хүрээлэнгийн захирал хэлж байна. Тэрээр мөн “Олон тооны сонгогчид сонгуульд оролцдоггүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмждэггүйд гайхах зүйл алга. Засгийн газрын үйл ажиллагаа шударга явагддаг гэдэгт итгэх итгэл сул байгаагаас Иллонойс муж хүмүүсийг үргээж байна” гэж хэлэв.
Судалгааны асуулга дотор хэрэв хувь хүмүүс авлига түгээмэл байна гэж үзэж байгаа бол тэдний амьдралд авлига нөлөөлсөн эсэх талаарх асуултыг оруулсан байна. Оролцогчдын 60 хувь нь авлига тэдний өдөр тутмын амьдралд нилээд хэмжээгээр эсвэл тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэжээ.
Муж улсын сонгуулийн эрх бүхий 1001 оршин суугч энэ судалгаанд хамрагджээ.
Эх сурвалж

Малайзын цагдаагийн газар авлигын эсрэг аян зохион байгуулна.

Малайзын цагдаагийн байгууллагын талаарх олон нийтийн таагүй хандлагыг өөрчлөх, тэдний итгэлийг олох зорилгоор цагдаагийн байгууллага дахь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулна. Энэ аяны гол зорилго нь алба хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагыг нийгэмд хүндлэл хүлээсэн чадварлаг, итгэлтэй байгууллага болгоход оршиж байна.
Гэмт хэрэгтэй тэмцэж, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүргээ биелүүлэхийн хамт алба хаагчдын шударга байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас цагдаагийн байгууллага дахь Сахилгын хороог өргөжүүлэх болон Стандарт ба Шударга байдлын хороог шинээр байгуулах арга хэмжээ авна.
Энэ жил эхлүүлэх гэж байгаа аяны хугацаанд өөр олон зорилт дэвшүүлсэн бөгөөд үүнд гэмт хэргийн индексийг 5 хувиар бууруулах, олон нийтийн аюулгүй байдлын түвшинг 65 хувиар нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын талаарх олон нийтийн сэтгэл ханамжийн түвшинг 85 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилт багтжээ.
Эх сурвалж

Австрали, Вьетнам улсууд Ази тив дэх улс дамнасан авлигын нөхцөл байдалд санаа зовниж байна.

Авлига, залилан, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах гэмт хэрэг нь эдийн засагт хор хохирол учруулж, шударга өрсөлдөөнийг сааруулан, тэгш бус байдал, хууль бус явдлыг гааруулж, эдийн засгийн буурай хөгжилтэй орнуудыг сүйрүүлж мэдэх аюул занал учруулж байна.
Австралийн Холбооны Цагдаагийн газар болон Вьетнам улсын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цагдаагийн Ерөнхий Газар хоорондын урт хугацааны хамтын ажиллагаа нь өмнөд болон зүүн өмнөд Азийн 19 орны цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдээс авлига, залилан, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах зэрэг үндэстэн дамнасан ноцтой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах талаарх цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлага, арга зүйгээ хуваалцаж хамтран ажиллах чухал бааз суурь болж байна.
Азийн бүсийн хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтнуудын сургалтын хөтөлбөр (АБХСБУАСХ)-ийн 33 дахь удаагийн арга хэмжээг авлига, залилан мэхлэх гэмт хэрэг, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн асуудлаар зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээ Австралийн РМИТ их сургуулийн Ханой хот дахь салбар дээр 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн бөгөөд Азийн бүсийн 17 орны 20 цагдаагийн албан тушаалтан оролцож байна. Сургалтын хөтөлбөр 3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд хөтөлбөрт оролцогчид хил дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх үйл ажиллагаанд суралцдаг.
Вьетнам улсад суугаа Австралийн Элчин сайд энэ сургалтын талаар “хүнд, ноцтой гэмт хэргийн ихэнх нь хил дамжсан шинж чанартай байна. Улс орнуудын цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтэй дангаараа тэмцэх боломжгүй гэдгийг бид ойлгосон. Засгийн газрууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэд нэгдэн нийлэх шаардлагатай бөгөөд энэхүү сургалтын хөтөлбөр нь цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах, мэдлэг, туршлагаа хуваалцах, итгэлцлийг бий болгох боломжийг олгож байна” гэж хэлэв.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд өмнөд, зүүн өмнөд Азийн орнууд болон Австралийг оролцуулаад нийт 25 орны цагдаа, хууль сахиулах байгууллагын 600 гаран албан хаагч энэ сургалтад хамрагджээ.
Эх сурвалж

Итали улсад төрийн мэдлийн компаниудын захирлуудын зөвлөлийг цэвэрлэхийг хүсч байна.

Итали улсын Засгийн газар төрийн мэдлийн компаниудын захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнээс санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг зайлуулж, ингэснээр авлигатай тэмцэх, компанийн үйл ажиллагааны шударга байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Сангийн Сайдаас төрийн мэдлийн компаниудад захидал илгээж, үүндээ удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр компанийн удирдлагын асуудалд илүү хатуу байх суурьтай байж, тавигдах шаардлагыг чангатгахыг хүссэн байна.
Захидалд дурдахдаа албан тушаалын болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдсэн л бол шүүхээс гэм бурууг тогтоохыг хүлээлгүйгээр төрийн мэдлийн компаниудын удирдлагаас албан тушаалтнуудыг зайлуулж байх ёстой гэжээ.
Италийн шүүх тогтолцоо нь маш төвөгтэй, удаан үргэлжилдэг учраас эцсийн шийдвэр гарах хүртэл арваас дээш жил өнгөрөх тохиолдол ч бий.
Эх сурвалж

Баячуудын засаглалд багтагчдын хорвоо /Planet Plutocrat/

Дэлхийн хүн амын нэг хувийг эзэлж байгаа баячууд 20 жилийн орчим үргэлжилсэн даяарчлалын ачаар хөрөнгө баялгаа ихээхэн зузаатгаснаар хэт баячуудын нэгэн шинэ давхаргыг үүсгэж байхад хөгжиж буй эдийн засагтай улс орнууд өөрсдийн анхны “бүрхүүлт үе”-ийг, хөгжингүй орнууд хоёрдахь “бүрхүүлт үе”-ээ даван туулж байна гэж “Плутократс” буюу “Баячуудын засаглалд багтагчид” номонд бичжээ.
Илүү бүтээмжтэй багаж зэвсэг, илүү амттай хүнс, эсвэл илүү ухаалаг програм зохион бүтээх нь нэг хэрэг. Гэвч өнөөгийн хэт баячуудын ихэнх нь “татаас авах” маягаар л хөрөнгөө нэмэгдүүлж байна. “Татаас авах” гэдэг нь нийгэмд баялаг бүтээхийн оронд нийгмийн баялгаас ахиухан хүртэхийг хэлдэг. Үүний жишээнд картел байгуулах, өрсөлдөгчид болон үйлчлүүлэгчдийг хохироож ашиг олох боломжтой хууль, дүрмийг лоббидон батлуулах явдлыг хамгийн түрүүнд дурдаж болно.
Ажилчин ангийн зүтгэлтнүүд, чөлөөт зах зээлийг шүтэгчдийн хэн хэн нь татаас авахыг эсэргүүцдэг. Элит ангийхан улс орны эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна гэж Америкийн либертари үзэлтнүүд эмээж байна.
Татаасаар хөрөнгөжин баяжигчдын нөхцөл байдал улс орнуудад ямар байгааг мэдэхийн тулд бид /сэтгүүлийн редакци/ crony-capitalist index-ийг гаргаж ирлээ. Энэ индексийг Морган Стэйнли Хөрөнгө Оруулалтын Компанийн Ричир Шарма, Шинэ Делигийн Бодлогын судалгааны төвийн Адити Ганди, Майкл Уолтон болон бусад хүмүүсийн бүтээлүүд дээр үндэслэн боловсруулсан юм.
Татаас авч хөрөнгөжих боломжтой салбаруудаас голлох ашгаа хүртдэг тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээг тооцоолохын тулд Форбсын мэдээллийг ашиглав. Нийт 23 улс дахь нөхцөл байдлыг тооцоолж гаргасан. Үүнд өндөр хөгжилтэй 5 улс, хөгжиж байгаа улсуудын тэргүүн эгнээнд байгаа 10 улс, кронизмын асуудал толгойны өвчин болчихоод байгаа бөгөөд хөгжиж байгаа жижиг хэмжээний 8 улсыг хамруулсан. Хувь хэмжээ /ratio/ нь өндөр байх тусам эдийн засаг нь хөрөнгө-эрх мэдлийн капитализмын хүнд хэлбэрт нэрвэгдэж байгааг илэрхийлнэ.
Бид дангаар ноёрхох боломжтой, эсвэл тусгай зөвшөөрөл шаардлагатай, эсвэл засгийн газрын оролцоо ихтэй салбаруудыг (казино, нүүрс, дал модны тос, модны үйлдвэрлэл, батлан хамгаалах салбар, хадгаламжийн болон хөрөнгө оруулалтын банк, дэд бүтэц, хоолойн тээвэр, газрын тос, хий, химийн бүтээгдэхүүн, бусад эрчим хүчний салбар, далайн тээврийн боомт, нисэх онгоцны буудал, үл хөдлөх хөрөнгө, барилга, ган, гангаас бусад металл, уул уурхай, түүхий эд, үүрэн холбоо, гэр ахуйн бараа) сонгож оруулсан. Транперенси Интернэйшнл байгууллагаас гаргасан хээл хахуулийн түвшний судалгаагаар эдгээр салбарууд хууль бусаар ашиг хонжоо боломж ихтэй салбарууд юм. Зарим нь ч үнэхээр илэрхий. Банкууд гэхэд л зээлийн зардлыг нь бууруулах замаар төрөөс шууд бусаар дэмжлэг авч байдаг. Төрийн мэдлийн нүүрсний уурхай, газар, үүрэн холбооны салбарыг хөрөнгөтнүүдэд ашигтай байдлаар хувьчлах үед ард түмэнд хохиролтой байдал үүсэх жишээтэй. Гэхдээ хуулийн дагуу ашиг олох болон нэр нөлөөгөө ашиглан хууль бусаар ашиг хонжоо олох үйлдлийн хоорондох зааг ялгааг тодорхойлох нь ихээхэн түвэгтэй байдаг. Татаасаар ашиг олж хөрөнгөжиж байгаа тэрбумтнууд авлигын хэрэг үйлдэх, эсвэл хууль зөрчих шаардлага гарахгүй байх нь бий.
Хөгжиж буй орнууд дахь хөрөнгө болон эрх мэдэл нэг дор төвлөрүүлсэн салбарууд дахь тэрбумтнуудын хөрөнгө нь тэдгээр улсын эдийн хэмжээнд харьцуулбал 2000 оныхоос 2 дахин нэмэгдээд байна. 2000 онд дотоод нийт бүтээгдэхүүний 2 хувь байсан бол одоо 4 хувиас илүү байна. Хөгжиж буй орнууд дэлхийн нийт бүтээгдэхүүний 42 хувийг үйлдвэрлэж байгаа бол эрх мэдэл, нөлөөгөө ашиглаж бий болгосон хөрөнгөний 65 хувь нь эдгээр орнуудад ноогдож байна.
Дэлхийн том эдийн засагтай орнуудаас Орос /2-р дугаар байр/ энэ индекст хамгийн муу үзүүлэлттэй байна. 1990-ээд онд Орос орон коммунизмаас салах үед улс төрийн нөлөө бүхий хүмүүс байгалийн нөөц баялгийг гартаа оруулснаар одоо баяжсан хэвээр байна. Тогтворгүй байдалд байгаа Украйны /4 дүгээр байр/ нөхцөл байдал Оросынхтой адилхан байгаа. Мексикийн суурин утас болон үүрэн холбооны хамгийн том компаниудыг мэдэлдээ байлгадаг тэрбумтан Карлос Слим Мексикийн /7 дугаар байр/ оноог ихээхэн бууруулаад байна. Үүний эсрэгээр Франц болон Германы тэрбумтнууд төрөөс хамаарал багатай бөгөөд бөөний сүлжээ болон тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнээс хөрөнгөө арвижуулдаг байна.
Америкийн Нэгдсэн Улсын /17 дугаар байр/ хувьд байдал мөн сайн байна. Америкийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулбал өндөр хувьтай байгаа ч ихэнхдээ нээлттэй салбаруудад ноогдох ажээ. Цахиурт хөндийн шидтэнгүүдийн хөрөнгө эрчим хүчний салбарын тэрбумтнуудаас хол тасархай юм. Оракл компанийн Ларри Элисоны хажууд Блакстоны Стивен Шварцман бол үгээгүй ядуу л гэсэн үг.
Үр дүнтэй засаглал нь энэ индексэд сайн үзүүлэлттэй байх баталгаа биш гэдэг нь Хонконг /1 дүгээр байр/ болон Сингапурын /5 дугаар байр/ байдлаас харагдана. Эдгээр улсын тэрбумтнууд хөрөнгө болон эрх мэдэл төвлөрсөн салбараас хамааралтай юм.
Бас нэр гайхмаар үзүүлэлт бол нэр нөлөө, албан тушаалаа ашиглан баяжиж хөлжих боломж дүүрэн Хятад орон энэ индекст давгүй сайн оноотой байгаа явдал юм. Үүний нэг шалтгаан бол ихэнх байгалийн баялаг болон банкуудыг Хятадын төр өөрийн өмчлөлд байлгадаг, гэтэл эдгээр салбарууд бусад улсад бол хувийн мэдэлд байж тэрбумтнуудын хувийн хөрөнгийг арвижуулж байдаг билээ. Өөр нэг шалтгаан бол Хятадын нээлттэй эдийн засаг нь баян чинээлэг бизнес эрхлэгчдийн шинэ үеийг төрүүлж өгсөн бөгөөд Алибаба-гийн эзэн Жак Ма үүний жишээ болно.
Бид гаргасан энэ индекс гурван сул талтай. Нэгдэх нь улс төрийн хүч нөлөө, эрх мэдлийг ашигласан олж авсан хөрөнгө баялгаа нуун дарагдуулдаг учир үүнийг тооцоолоогүй. Хятадад гэхэд хүчирхэг улс төрчид өөрсдийн хөрөнгөө найз нөхөд, гэр бүлийнхнийхээ нэр дээр болгодог, түүнчлэн хөрөнгийн бүртгэлийн систем сул хөгжсөнөөс өмчлөгчийг нуух боломж ихтэй байдаг.
Хоёрт, салбарыг ангилан тодорхойлсон бидний ангилал боловсронгуй биш байгаа.
Гуравдугаарт, бид зөвхөн тэрбумтнуудыг хөрөнгийг тооцоолсон. Гэтэл татаасаар баяжигчид тэрбумыг олохгүй ч сая саяаар олох нь бий.
Ийнхүү эрх мэдэл, улс төрийн хүч нөлөөг ашиглан баяжиж хөлжих нь хаа сайгүй ихэсч байгаа ч зарим нэг нааштай хандлага мэдрэгдэж байгаа билээ. Зарим улс орнууд зах зээлд дангаар ноёрхохын эсрэг хууль журмаа чангатгаж байна. Үүнд Мексик болон Энэтхэг улсуудыг дурдаж болно.Түүнээс гадна хүч нөлөөгөө ашиглан баяжиж хөлжих явдал өөрийн туйлдаа хүрчихээд эргээд буурч байж болзошгүй байна. Гэвч энэ нь баталгаатай биш.
Ер нь улс төрийн хүч нөлөө, засгийн газрын оролцоотойгоор хувийн өмч хөрөнгөө зузаатгаж баяжиж хөлжиж байгаад дэлхий даяар анхаарах шаардлагатай байна.
Эх сурвалж