Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.30-04.06/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.03.30-04.06/

Хятад Улс хотжилтоо зохицуулахаар авлигын эсрэг төлөвлөгөө гаргав.

Хөдөөнөөс хотруу шилжин ирэх олон сая иргэдийн тоог бууруулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн салбар дахь авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох төлөвлөгөөг Хятад Улс гаргасан хэмээн тус улсын Синхуа мэдээний агентлагаас мэдээллээ.
Дэлхийн хоёрдогч том эдийн засаг бүхий Хятад Улсын эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхээр зорьж буй хотжилтын хөтөлбөрүүдийн нэгэн хэсэг болсон авлигын эсрэг энэхүү төлөвлөгөө нь тус улсын экспортод суурилсан эдийн засгийг дотоодын хэрэглэгчдийн эрэлтэд суурилсан эдийн засаг болгон шилжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Хятад Улсад, ялангуяа, үл хөдлөх хөрөнгө болон газар олгох үйл ажиллагаанд албан тушаалаа ашиглан баяжсан олон тооны албан хаагчид байдаг юм.
Баасан гарагт Синхуа агентлагийн мэдээлснээр нийтийн орон сууцны олголт, түрээс, түрээсийн зарцуулалт, тэдгээрт олгож байгаа татаас, захиргааны хяналтыг сайжруулах талаар цогц арга хэмжээнүүд энэ төлөвлөгөөний төсөлд тусгасан байсан ажээ.
Уг төлөвлөгөө нь нийтийн орон сууцыг хууль бусаар олж авах, ялангуяа, засгийн газар болон яамдын түвшин дэх албан хаагчид эрх мэдлээ урвуулан ашиглах, албан үүрэгтээ хайхрамжгүй хандах, хээл хахууль авах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэхээр тусгасан байгаа хэмээн Синхуа агентлаг мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд, тус улс дахь орон сууцны үнэ ихээхэн өссөн нь хятадын сая сая ард түмний нийгмийн асуудлыг улам бүр хүндрүүлэхийн зэрэгцээ орон сууцны үнийн хөөсийн талаар анхаарал хандуулагчдын тоог ч нэмэгдүүлсэн юм.
Үнийн огцом өсөлтийг сааруулахын тулд Засгийн газрын шийдвэрийн дагуу орон нутгуудад илүү их хэмжээний газрыг чөлөөлж орон сууцны газарт оруулах, хоёр орон сууцтай байхыг болиулах, улмаар орон сууцны зээлд хамруулахыг ч хязгаарласан хэд хэдэн цуврал арга хэмжээг авч хэрэгжүүлээд байсан юм.
Хотруу шилжин ирэх шилжих хөдөлгөөнийг захиргааны аргаар хязгаарлах нь Хятадын эдийн засгийн өсөлтийн үр жимснээс тэгш бусаар хүртэх, улмаар нийгмийн тогтворгүй байдлын эх үндэс болох талтай байж болох юм.
Эх сурвалж

Мальдивын парламент мөнгө угаахын эсрэг хууль баталлаа.

Мальдивын Засгийн газраас батлуулахаар зорьж байсан Мөнгө угаахын эсрэг болон террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг тус улсын парламентаас мягмар гарагт баталлаа.
Тус улсын парламентийн 53 гишүүн дэмжих, 1 гишүүн түдгэлзэх санал өгснөөр батлагдсан уг хуульд зааснаар тус улсаас гадагш гарч байгаа мөнгөний талаар Мальдивын гаальд мэдүүлэг өгөхөөр болж байгаа юм.
Уг хуулийн төслийг анх өнгөрөгч оны 9 дүгээр сард Засгийн газраас парламентад өргөн бариад байсан юм. Хэдий тийм ч, уг хуулийн төсөлд тус улсаас гадагш гарч буй мөнгөний дүн тодорхой хэмжээнээс хэтэрсэн бол мэдүүлэг бөглөх ёстой талаар тусгагдаагүй байсан юм.
Мөнгө угаахын эсрэг болон террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу хариуцлага хүлээгчид 100’000-1’000’000 мальдив руппитэй тэнцэх хэмжээний торгууль эсхүл 5-15 жилийн хугацаанд шоронд хорих ял ногдуулах ажээ.
Эх сурвалж

Төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт Филиппин Улс гурван сенаторынхаа эсрэг авлигын хэрэг үүсгээд байна.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд тус улсын прокурорын байгууллагаас мягмар гарагт мэдээлснээр, Конгрессийн сангуудаас олон тэрбум хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт гурван сенаторыг буруутган хэргийг шүүхэд шилжүүлэхээр болоод байгаа ажээ.
Бениньо Акино /Benigno Aquino/ 2010 онд тус улсын ерөнхийлөгч болохдоо авлигатай тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэх талаар амлалт өгч, олон тооны зорилт тавиад байсан ч тус улс Зүүн Ази дахь хамгийн их авлигатай улсын нэг хэвээр байгаа юм.
Энэ гурван сенатор нь Кино жүжигчин асан Жуан Понс Энрил /Juan Ponce Enrile-172 сая песо/, экс ерөнхийлөгчийн хүү Жосе Эстрада /Jose Estrada-242 сая песо/, Манила хотын дарга Жосеф Эстада /Joseph Estada-183 сая песо/ нар бөгөөд тус бүр хууль бусаар завшсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Прокурорын байгууллагын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар “гурван сенатор конгрессийн төсвөөс албан тушаалаа хууль бусаар ашиглан завшсаны улмаас олон тооны төслүүд хэрэгжих боломжгүй болсон” гэжээ.
Дээрх гурван сенатороос гадна бизнес эрхлэгч зэрэг өөр 7 хүнийг уг гэмт хэрэгт буруутгаж магадгүй ажээ.
Сенаторуудын хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авсан нь тогтоогдвол тэдэнд гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх болон бүх насаар нь шоронд хорих ял ногдуулах юм.
Филиппин Улсад авлигын улмаас жил бүр 200 тэрбум песо буюу ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирдаг юм. Энэ нь Филиппин Улсын 97 сая ард түмнийг ядууруулах, Засгийн газрын сангуудыг хоослоход хүргэж байгаа юм.
Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч Бениньо Акиногийн удирдлага дор, тус улсын авлигач нэр хүндэд өөрчлөлт орж, Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн дүнгээр 11 байр ахиж, энэ онд 177 улсаас 94 дүгээр байрт орох болсон юм. Тус улс Авлигын төсөөллийн индексээр 2011 онд 129 дүгээр байрт орж байсан бол 2012 онд 105 дугаар байрт орсон байсан юм.
Прокурорын байгууллагаас зургаан сарын хугацаанд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх гурван эрхмийг буруутай гэж үзээд байгаа юм.
Эх сурвалж

Камерун Улсын Боловсролын сайд хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа.

Камерун Улсын боловсролын сайд Луйс Бапес Бапес /Louis Bapes Bapes/ төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэн, баривчлагдсан хэмээн даваа гарагт тус улсын шүүхээс төрийн радиогоор мэдээлсэн байна.
Тэрээр Камерун Улсын төрийн тэргүүнээр хамгийн удаан хугацаанд алба хашсан хүмүүсийн нэг болох 81 настай Ерөнхийлөгч Раул Бияа /Paul Biya/-ийн үед баривчлагдсан хамгийн анхны сайд болж байгаа юм. Раул Бияа 1982 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд 2006 оноос авлигатай тэмцэх зорилгоор “Sparrow Hawk" ажиллагааг эхлүүлсэн юм.
Энэхүү ажиллагааны улмаас өмнө нь ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүмүүс болон хэд хэдэн өндөр албан тушаалтай хүмүүс авлигын хэрэгт холбогдоод байсан юм. Уг ажиллагааг шүүмжлэгчид өрсөлдөгчиддөө зориулж ашигладаг арга хэрэгсэл хэмээн үздэг юм.
Тус улсын хамгийн их төсвийн эрх мэдэл бүхий боловсролын сайд Луйс Бапес Бапесыг баривчлах шийдвэрийг Тусгай хэргийн шүүхээс гаргасан юм.
Шүүхийн нэгэн албан тушаалтан Ройтер агентлагт мэдэгдэхдээ “Төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт түүнийг сэжиглэн Яоунде дахь шоронд урьдчилан саатуулсан” гэжээ.
Камерун Улсын Төрийн радио “CRTV”-оор түүнийг баривчилсан болохын мэдээлснээс бус хэдий хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа талаар тодорхой хэлээгүй юм.
Одоогийн ерөнхийлөгч Раул Бияа 50 сая камеруны франк буюу 105,000 ам. доллартой тэнцүү буюу түүнээс их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан албан хаагчдыг шүүх зорилгоор Тусгай хэргийн шүүхийг анх 2012 онд байгуулсан юм.
Эх сурвалж

Хятадын экс генерал Гу Жунсан авлигын хэрэгт буруутгагдлаа.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Синхуа агентлагаас мэдээлснээр генерал асан Гу Жунсан /Gu Junshan /-г авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт буруутгасан талаар мэдээллээ.
Хятадын армийн ложист хариуцсан дэд даргаар ажиллаж байсан генерал Гу Жунсан бол 2006 оноос хойш армийн шүүхээр хэлэлцэх хамгийн анхны өндөр албан тушаалтан юм хэмээн Синхуа агентлаг мэдээллээ.
Түүнийг 2012 онд албан тушаалаас нь огцруулсан бөгөөд түүнээс хойш хэрэгт холбогдуулан шалгасаар байгаа юм.
Зарим хүмүүсийн үзэж байгаагаар армийн өндөр албан тушаалтнуудыг армийн шүүхээр авч хэлэлцэх явдал нь маш ховор байдаг бөгөөд түүнийг гэм буруутайд тооцож шийтгэл ногдуулах нь бараг л баталгаатай ажээ.
Хятадын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Caixin” сэтгүүлд генерал Гу Жунсаны тансаг амьдралын талаар нийтлэл гаргасан юм. Тус сэтгүүлд дурдсанаар тэрээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг талаар мэдээлсэн байна.
Мөн Генерал Гу Жунсаны байнгын хамсаатан Төв армийн хорооны дэд дарга асан Сюй Цайхоу /Xu Caihou/-г баривчилсан, шалгаж байгаа талаар “South China Morning Post”, “Reuters”, “New York Times” сонинд мэдээлээд байгаа юм.
Ши Жинпин БНХАУ-ын дарга болсон цагаас хойш тус улс авлигын эсрэг тууштай тэмцэл явуулж, хэд хэдэн өндөр албан тушаалтнууддаа хариуцлага тооцоод байгаа юм. Хэдий тийм ч, авлигын эсрэг “шинэ иргэдийн хөдөлгөөний”-ий гишүүдийг буруутган шалгаж байгаа зэргийг хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжилсээр байгаа юм.
Эх сурвалж

Папуа шинэ Гвиней Улс авлига, луйврын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр боллоо.

Папуа шинэ Гвиней Улс авлига, луйврын хэргийг хялбаршуулсан журмаар /track court/ шийдвэрлэхээр болсон нь тус улсын шүүх систем дэх энэ төрлийн хэргийг шийдвэрлэх хугацааг богиносгох ач холбогдолтой ажээ.
Тус улсын тэргүүн шүүгч ноён Саламо Инжи /Salamo Injia/ хэлэхдээ авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон нь бид авлига, луйврын хэргүүдэд тусгайлан анхаарал хандуулах боломжтой болж байгаа юм гэжээ.
Өнгөрсөн Баасан гарагт болсон шүүхийн нийгэмлэгийн гишүүдийн уулзалтаар уг шийдвэрийг гаргасан юм.
Авлигатай холбоотой гэмт хэргүүдийг богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй байгаа үйл явцыг түргэсгэх зорилготойгоор уг шийдвэрийг гаргасан юм.
Тэргүүн шүүгч ноён Саламо Инжи үүнийг тайлбарлахдаа энэ алхам бол авлигын хэрэгт шүүхийн зүгээс тавих анхаарлыг нэмэгдүүлэх, хэргийг шийдвэрлэх хугацааг богиносгох зорилгоор шүүх системд хийж буй бүтцийн өөрчлөлт юм гэжээ.
Эх сурвалж

Дотоод аюулгүй байдлын асуудал хариуцаж байсан даргын гэр бүл болон түүний хамсаатнуудаас 14.5 тэрбум доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө хураан авсан талаар ойрын эх сурвалжууд мэдээлж байна.

Хятадын холбогдох байгууллагууд тус улсын дотоод аюулгүй байдлын асуудал хариуцаж байсан дарга Зо Ёонгхан /Zhou Yongkang/-ий гэр бүл болон түүний хамсаатнуудаас хамгийн багадаа 90 тэрбум юань (14.5 тэрбум доллар)-тай тэнцэх хөрөнгө хураасан талаар зарим ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Энэ бол тус улсын сүүлийн 60 жилийн түүхэн дэх хамгийн том авлигын хэрэг болж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгааг нэгтгэн авч үзвэл сүүлийн 4 сарын хугацаанд Зо Ёонгханы хамсаатан, улс төрийн хамтрагч, түүнийг дагалдагсад зэрэг 300 гаруй хүнийг баривчлах эсхүл мэдүүлэг авах зэрэг арга хэмжээг аваад байгаа ажээ.
Зо Ёонгханд хамааралтай яг хэдэн тооны хүнийг байцаан шалгаж, хэдий хэмжээний хөрөнгө хураасан талаар одоог хүртэл тодорхой мэдээлэхгүй байгаа нь орчин үеийн Хятадад урд өмнө нь болж байгаагүй үзэгдэл бөгөөд өндөр албан тушаалтнуудын түвшин дэх авлигыг буруулах Ши Жинпиний хичээл зүтгэлийг илэрхийлэх үйл явдал байж магадгүй юм.
Гэвч авлига болон албан тушаалын гэмт хэрэгт буруутгагдан өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш шоронд хоригдож буй улс төрч Бо Силай /Bo Xilai/-г түлхэн унагасан Ши Жинпин зэрэг хүмүүсийг үйлдэлд Зо Ёонгхан дургүйцлээ илэрхийлснийх нь дараагаар түүний эсрэг авч хэрэгжүүлж буй улс төрийн хариу арга хэмжээний нэг хэсэг байж болох юм.
Өнгөрсөн оны сүүлчээс хятадын холбогдох албаныхан 71 настай Зо Ёонгханыг албан ёсоор шалгаж эхэлснээс хойш тэрээр гэрийн хорионд байгаа юм. Энэ нь тус улсын Коммунист нам 1949 оноос тус улсыг удирдах болсноос хойших хугацаанд авлигын хэргээр шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.
Хятадын удирдлагуудтай холбоотой, нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын нэг нь энэ алхмыг “шинэ Хятадын түүхэн дэх хамгийн бохир арга хэмжээ” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Зо Ёонгханы талаар Засгийн газраас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд мөн Зо Ёонгхан болон түүний хамсаатнуудтай холбоо барих ямар ч боломжгүй байгаа юм.
Үүний зэрэгцээ тус намын авлигын эсрэг байгууллага болон прокурорын газраас ямар нэгэн тайлбар, тодруулга хийхийг хүссэн боловч ямар ч хариу ирүүлээгүй л байна.
Хятадын коммунист намын нууцлаг орчинд, гэмт хэрэгт холбогдон намаас шалгагдахаар болсон хүмүүсийн талаар албан ёсны мэдэгдэл хийх хүртэл, хэдэн сар эсхүл хэдэн жилийн хугацаанд эдгээр хүмүүс олон нийтээс далд байдаг уламжлалтай юм.
Ройтерс агентлагт мэдээлсэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар Зо Ёонгханы эсрэг арга хэмжээ авах ажлын хэсгийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлч болон 12 дугаар сарын эхээр Ши Жинпин томилсон ажээ.
Хятадын удирдлагуудтай харилцаа холбоотой, өөрийгөө эрх мэдэлтнүүдийн золиос болсон хэмээн тодорхойлж буй өөр нэгэн эх сурвалж хэлэхдээ “Зо Ёонгхан чанга хүн юм. Түүнд улс төрийн аргаар шахалт үзүүлээд эхэлсэн” гэжээ.
Зо Ёонгхан 2007 онд Коммунист намын улс төрийн товчооны гишүүн болохоосоо өмнө Хятадын газрын тос, байгалийн хийн салбарыг амжилттай удирдаж байсан юм. Тэрээр 2012 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр Хятадын Газрын тосны их сургууль /China University of Petroleum/-ийн нэгэн арга хэмжээний үеэр олон нийтэд хамгийн сүүлд харагдсан юм.

Урт жагсаалт
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Зо Ёонгхантай холбоотой 10 гаруй хүнийг саатуулсан байгаа аж. Эдгээр хүмүүсийн дунд нэгэн үе Зо Ёонгханы хэвлэлийн төлөөлөгч хийж байсан эхнэр Жиа Шиаое /Jia Xiaoye/, түүний өмнөх эхнэрийн хүү Зо Бин /Zhou Bin/ зэрэг хүмүүс байгаа гэжээ.
Үүнээс гадна өөр эх сурвалжийн мэдээлснээр Зо Ёонгхантай холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн дунд хамгийн багадаа дэд сайдын түвшний зэрэглэл бүхий 10 орчин хүн багтаж байгаа ажээ. Эдгээр хүмүүсийн дунд “PetroChina” буюу одоогийн “China National Petroleum Corporation (CNPC)”-ийн экс дарга Жиан Зимен /Jiang Jiemin/, Дотоод аюулгүй байдлын дэд сайд асан Ли Донгшенг /Li Dongsheng/ зэрэг хүмүүс байгаа ажээ.

Хамгийн том бар мөн үү?
Хятад Улсын одоогийн дарга Ши Жинпин 2012 онд тус улсыг удирдахаар болох үедээ коммунист намыг эмзэг байдалд оруулж буй авлигын асуудлыг буруулахын тулд эрх мэдэл бүхий албан тушаалтан буюу “бар” болон доогуур түвшний албан тушаалтан буюу “ялаа”-тай тууштай тэмцэхээ амлаад байсан юм.
Гэвч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Коммунист намд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд Ши Жинпиний зүгээс явуулж буй эдгээр арга хэмжээнүүдэд эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм.
Улс төрийн зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Ши Жинпиний дараагийн бай болохоос айсан нам нөлөө бүхий гишүүдийг өөрөөсөө холдуулж болох эрсдэлтэй алхам хийж байна гэж түүнийг үзэж байгаа юм.
Зо Ёонгхан зэрэг эрх мэдэл бүхий хүмүүсийг шалгана гэдэг бол Ши Жинпиний өмнө байсан хүмүүс болон бусад өндөр албан тушаалтнуудтай тохиролцоо хийсний үндсэн дээр зөвхөн Ши Жинпиний л гаргах шийдвэр юм гэж эдгээр эх сурвалжууд үзэж байгаа юм.
Дотоод аюулгүй байдал, Эрчим хүчний асуудал хариуцаж байсан мөн Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн байсан хүний хувьд Зо Ёонгхан тус намын дотоод асуудлын талаар хамгийн сайн мэдэх хүн юм.
Уг асуудалтай хамгийн ойр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Бо Силайг хэрэгт холбогдохоос өмнө Зо Ёонгхан өөрийгөө залгамжлуулан Дотоод аюулгүй байдлын даргын албан тушаалд Бо Силайгийн нэрийг дэвшүүлж байсан ажээ.
Эх сурвалж