-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ БИШ, Н.АЛТАНХУЯГ ГЭДЭГ ХУВЬ ХҮНИЙ ҮГ ГЭЖ БИД ОЙЛГОЖ БАЙНА-
Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдтой ярилцлаа.
-"Транспарэнси Интернэшнл" байгууллагын Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн 2013 оны судалгаагаар манай улс 38 оноо авч судалгаанд хамрагдсан 177 орноос 83 дугаар байрт буюу өмнөх жилээс 11 байраар урагшилсан эерэг дүнтэй гарсан?
-Монгол Улсын авлигын түвшинг олон улсын байгууллагууд үнэлэхээс гадна Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Авлигатай тэмцэх газар олон нийт, шинжээчдийн дэмжлэгтэйгээр авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг хоёр жил судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд батлагдсан аргачлалын дагуу авлигын индексийн судалгааг 2013 онд улсын хэмжээнд зохион явууллаа.Индексийг тооцон, үр дүнгийн тайланг энэ улиралд боловсруулж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулсан. Судалгааны дүнгээр Монгол Улсын авлигын индекс 2013 онд 0.65 пунктийн үзүүлэлттэй гарч, өмнөх судалгааны үзүүлэлтээс 0.02 пунктээр өссөн. Энэ дүнгээс дүгнэлт хийхэд авлига буурсан нь харагдаж байгаа.
-Монгол Улс дахь улс төр, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд авлига буурсан гэсэн судалгаа гарсан гэсэн. Энэ талаар яриач?
-Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор "Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн судалгаа"-г жил бүр зохион байгуулж, олон нийтэд мэдээлж байхыг тус газарт үүрэг болгосон. Энэ дагуу энэхүү судалгааны тайланг мөн энэ улиралд тооцон гаргаж олон нийтэд толилууллаа. Судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болдог онцлогтой юм. Энэ удаагийн судалгааны үр дүн өмнөх жилүүдийн үр дүн, дэд үзүүлэлтүүдээс харьцангуй эерэг үнэлгээтэй буюу Монгол Улс дахь улс төр, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээн дэх авлигын хэмжээ буурсан гэж шинжээчид дүгнэсэн байна.
-Хөндлөнгийн шинжээчдийн оролцоотой юу. Авлига буурсан шалтгаан нь юу байх юм бэ?
-Монгол Улсын авлигын түвшинг олон улсын байгууллагууд, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу манай газраас зохион байгуулсан хөндлөнгийн шинжээчид, иргэд, олон нийт, төрийн албан хаагчдыг оролцуулсан. Судалгааны дүнгээр авлигын индекс буурсан, авлигын цар хүрээ зохих хэмжээнд хумигдаж эхэлсэн байна. Ялангуяа улс төр, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээн дэх авлигын хэмжээ буурсан эерэг дүнтэй гарсан. Энэ нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааны нааштай эхлэл гэж дүгнэж байгаа.
-Авлигатай тэмцэх газар өнгөрсөн улиралд ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэв. Баахан л хэрэг илрүүлээд байгаа мэт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харагддаг. Соён гэгээрүүлэх гэж нэг том ажил бас бий?
-Бид дээр дурдсан судалгааны ажлуудын дүнг нэгтгэн олон нийтэд мэдээлэх ажлыг гардан хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах ажлыг хийж байна. Мөн авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах цогц арга хэмжээг хэрэгжүүллээ. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоо, дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулав. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон авлигын ерөнхий нөхцөл байдлын мэдээллийг хуульд заасан хугацаанд буюу 2014 оны нэгдүгээр улиралд Улсын Их Хуралд албан ёсоор хүргүүлээд байна.
-Иргэдээс авлигын асуудлаар ирэх гомдол өргөдөл ихэссэн гэж сонссон юм байна. Энэ нь юутай холбоотой байна?
-Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдон иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн тоо өсч, ажлын ачаалал энэ хэрээр нэмэгдэж байна. 2014 оны эхний улиралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол мэдээлэл шалгах, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Архангай, Дорнод, Өвөрхангай, Завхан аймагт давхардсан тоогоор 44 хүн 348 хоног томилолтоор ажилласан байна. Эхний улиралд тус газарт 104 гомдол мэдээллийг хянан үзэж, 299 үйлдэлтэй 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэгт 128 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж, 24.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоож,798 сая төгрөгийн хохирлыг барагдуулж,7.9 тэрбум төгрөгийн эд зүйл битүүмжилснийг шүүхээс улсын орлого болгох шийдвэр гаргасан.
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж мэдэгдсэн. Яагаад Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй байгаа юм бэ?
-Авлигатай тэмцэх газар нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хараат бус, бие даасан хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй. УИХ-аас байгуулагддаг, удирдлагыг нь УИХ томилдог. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон авлигын ерөнхий нөхцөл байдлыг хуульд заасан хугацаанд УИХ-д мэдээлэх үүрэг хүлээдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл аль нэгэн байгууллага, албан тушаалтанд тайлагнадаггүй байгууллага. Харин холбогдох хууль тогтоомжийн дагуу манай тодорхой үйл ажиллагаанд хяналт тавих асуудал нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нээлттэй байгаа.
Ерөнхий сайд ямар агуулгаар Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж хэлснийг үнэндээ сайн ойлгоогүй. Ямар ч тохиолдолд манай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс төртэй, тодорхой улстөрчтэй холбон ярих, тайлбарлах нь зохисгүй гэдгийг тэмдэглэх байна. Тэр үг нь Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож, Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш гэдэгт итгэж байна.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг гадаадад байртай, оффшор данстай. Хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл Д.Сугар саяхан манай сонинд ярилцлага өгөхөдөө тэр мэдээллүүдийг няцааж байсан. Авлигатай тэмцэх газрынхан үнэхээр түүнтэй холбоотой мэдээллүүдийг тогтоогоогүй байж олон нийтэд дэлгээд байгаа юм биш үү?
-Манай байгууллага Д.Сугараас хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн талаар нь тайлбар авч, холбогдох мэдээллийг нь шалгаад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж арга хэмжээ авахуулахаар УИХ-ын дарга З.Энхболдод саналаа хүргүүлсэн. Төрийн бусад албан хаагчид ийм зөрчил гаргасан тохиолдолд ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч байгаа. Энэ хүний хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон гэсэн үг. Д. Сугарын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас харахад өөрийгөө хамгаалж хаацайлсан байна лээ.
-Д.Сугартай холбоотой мэдээлэгдэж буй хэргүүдийн ямар нь яг хуулийн хүрээнд тогтоогдоод байгаа вэ?
-Хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. Дэлгэрэнгүй хариулах боломжгүй.
-Энэ оны эхээр Улсын Их Хурлаас Авлигын эсрэг болон холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ, шаардлага байв?
-Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан. Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэх шатанд мэргэжлийн байгууллагын хувьд Авлигатай тэмцэх газар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, санал зөвлөгөө өгөх, тооцоо судалгааны ажлыг зохион байгуулж хамтран ажилласан. Одоо хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
-Эдгээр хуулиуд батлагдсанаар юу өөрчлөгдөх юм бэ?
-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх талаар олон улсын шинжээчдийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах юм. Мөн Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн уялдаа холбоог хангах, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажлын чиглэлээр практик дээр тохиолдож байсан тодорхой хүндрэл бэрхшээлийг арилгах нь манай байгууллагын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт шилжсэн асуудал нилээд шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар та санал бодлоо хэлэхгүй юу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдсан. Үүнээс улбаалаад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, чиг үүргийн зарим хэсэг нь Авлигатай тэмцэх газарт, зарим чиг үүрэг нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албанд шилжсэн.
-Өөрөөр хэлбэл?
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн албан тушаал, авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал нь Авлигатай тэмцэх газарт ирсэн.Дээр дурдсан субъектын үйлдсэн ахуйн чанартай бусад гэмт хэргийг шалгах харьяалал нь Цагдаагийн байгууллагад шилжсэн. Манай мөрдөн шалгах хэлтэс нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс бусад албан тушаалтны үйлдсэн албан тушаал, авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байсан тул энэ нь бидэнд шинэ зүйл биш. Олон улсын жишгээс үзэхэд гэмт хэргийг шалгах харьяаллыг зөвхөн хуулиар, тэр дотроо зүйл, ангиар нь тогтоож өгсөн байдаг. Харин тодорхой үйлдэгдсэн гэмт хэрэг нь хэд хэдэн аймаг, сум дамнасан үйлдэлтэй байх тохиолдолд прокурор хаана шалгах нь тохиромжтой байгааг харгалзан харьяаллыг тогтоох эрх нь нээлттэй байдаг.
-Энэхүү өөрчлөлтөөр цагдаа цагдаагаа шалгах болсноор гэмт хэрэг шалгагдахгүй байх магадлал их боллоо гэж шүүмжлэх боллоо?
-Тийм, асуудал байхгүй гэж цагдаагийн ажилтан байсны хувьд шууд хэлэх байна. Прокурорын хяналтын дор л бүх ажиллагаа явагдана шүү дээ. Ямар нэгэн асуудал гарвал прокурор шийдвэрлэх, зохицуулах эрх нь нээлттэй байгаа. Ер нь цагдаа цагдаагаа шалгаж болохгүй гээд байвал прокурор хүний үйлдсэн гэмт хэргийг прокуророор хянуулахгүй, шүүгч хүний үйлдсэн хэргийг Монголын шүүхээр хянан шийдвэрлүүлэхгүй гэж иргэн хүн асуудал тавих болно шүү дээ.
-Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн тухайд танай байгууллага гол чиг үүрэгтэй байгууллагын хувьд хэрхэн оролцож байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримт бичгүүдэд авлигатай тэмцэх чиглэлийн арга хэмжээ тусгагдсан. Гэвч тэдгээрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлж хэрэгжилтийг хангах механизмыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төсөл санаачлан боловсруулж иргэд, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахад идэвхтэй оролцсон.
Манай байгууллага Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлгийн үед гарсан санал, зөвлөмжийн тусган шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хүрээнд тавь гаруй улсын авлигын эсрэг хууль, үндэсний хөтөлбөр, төслийг судалсан. Хөтөлбөрийн төслийг орчуулж, олон улсын шинжээчдэд хүргүүлэн санал, зөвлөмжийг авсан. Тухайлбал, Үндэсний хэмжээний бусад хөтөлбөр, төслүүд болон холбогдох яам, агентлаг, Төрийн албаны болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний аудитын газар, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын стратегийн зорилтууд, эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомж, боловсруулж байгаа хуулийн төслүүдтэй уялдуулах, нийцүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан.
Г.ЯЛГУУН