Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.04.21-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.04.21-27/

Үндсэн хуульд тусгагдах ёстой авлигын эсрэг заалтууд буюу авлигад үндсэн хууль хэрхэн нөлөөлж болох вэ?

Маш сайн бичигдсэн үндсэн хууль бол хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын хоорондох эрх мэдлийн хуваарилалтыг нарийн тодорхойлж, холбогдох суурь эрхийг нь хамгаалж, хууль сахих ёсыг дэмжиж өгснөөрөө засаглалын бүтцийг илүү бат бэх болгож өгдөг юм. Хамгийн сайн үндсэн хуулийг олж тогтоох нь тийм ч хялбар ажил биш юм. Үндсэн хуульд тухайн улсын өөрийн онцлогийг агуулсан тодорхой заалтууд их байдгаас сайн туршлагыг нь авч өөр ямар нэгэн улсад ашиглах боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх чиглэлээр үндсэн хуульд тусгаж болох зарим нэг сайн туршлагуудыг доор харуулав.

  • Нийтийн албан тушаалтны шударга, хариуцлагатай байдлын талаар механизмыг тусгах: Белиз (1981), Колумб (2005), Серби (2006) зэрэг олон тооны улсын үндсэн хуульд энэ талаар тусгасан байдаг бөгөөд үүний зэрэгцээ төсвийн зарцуулалтын талаар олон нийтэд мэдээлэх, хараат бус аудит хийх, нийтийн албан тушаалтны ёс зүй, сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх шаардлагын талаар заалтууд орсон байдаг.
  • Улс төрийн амьдрал, ардчиллын процесст шударга байдлыг эрхэмлэх: ардчиллын процесс нь нийтийн бус сонирхол, нөлөөллөөс ангид байх учиртай. Зарим үндсэн хуульд сонгуулийн үйл ажиллагаа болон улс төрийн намын санхүүжилтийн талаар тусгай заалтууд орсон байдаг. Эдгээр улс орнууд бол Тайланд (2007), Грек (2008), Доминиканы Бүгд найрамдах улс (2010) юм.
  • Нийтийн сонирхол, шударга байдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгох: Катар (2003), Колумб (2005), Ангол (2010) зэрэг улс энэ чиглэлийн заалт оруулсан байдаг.
  • Авлигыг мөрдөн байцаах, хяналт тавих байгууллага байгуулах: Тайланд (2007), Бутан (2008), Кени (2010), Марокко (2011) зэрэг улсууд авлигатай тэмцэх мэргэшсэн байгууллага байгуулах талаар тусгасан байдаг.
  • Шударга байхыг бүх иргэдийнхээ үндсэн үүрэг болгож заах: Энэ заалт харьцангуй нийтлэг бус байдаг ч Бутан (2008), Болив (2009), Мадагаскар (2010) зэрэг улсын хуульд байдаг.
  • Тухайн улс авлигатай тэмцэхээ ил тодоор зааж өгсөх: Энэ чиг хандлагыг Нигер (1999), Судан (2005), Эквадор (2008) улсын хуульд зааж өгсөн байдаг.

Засгийн газруудыг авлигатай тууштай тэмцэхэд нь иргэний нийгмийн байгууллагууд тэргүүлэх чиг үүрэгтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, ТИ байгууллага улс орнуудын үндсэн хуульд авлигатай тэмцэх үйл ажиллагааг баталгаажуулсан, дэмжсэн заалтуудыг тусган оруулахыг зөвлөмж болгож байгаа юм.

Сайн үндсэн хуультай болох нь авлигатай тэмцэхэд чухал алхам болдог. Гэвч тухайн улс орнууд юуг амласан, цаасан дээрх заалтуудыг бодит ажил болгохын тулд юу хийх зэргээ бодит байдалд баталгаажуулах нь хамгийн чухал юм.
Эх сурвалж

Бангладешийн Авлигатай тэмцэх хороо олон сая долларын луйврын хэргийг шалгаж дуусаад байна.

Хилийн чанд дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар санхүүгийн ашиг хүртсэн хэрэгт холбогдоод байсан Бангладеш улсын төрийн өмчит Газрын тосны корпорац (ГТК)-ийн зарим ажилтнуудад холбогдох хэргийг шалгаж дууссан талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо мэдээллээ.
Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн оны 9 дүгээр сард ГТК-ийн 6 ажилтныг 4.74 тэрбум така (60.77 сая ам. доллар)-тай тэнцэх хэмжээний луйврын хэрэгт холбогдуулан хэрэг үүсгээд байсан юм.
Авлигатай тэмцэх хорооноос ГТК-ийн ажилтнуудыг газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар мөнгө авч, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн хэрэгт буруутгаад байсны зэрэгцээ ГТК-ийн ажилтнуудыг нийлүүлэгчиддээ илүү мөнгө төлж, гэрээний заалтыг зөрчин чанаргүй бүтээгдэхүүн хүлээн авсан хэмээн үзэж байгаа юм.
Харин ГТК-ийн ажилтнуудын мэдэгдэж байгаагаар нийлүүлэгч нартай зөвхөн гэрээний дагуу л харьцаж, ажилласан гэж мэдэгдээд байгаа юм.
Мөн Авлигатай тэмцэх хорооноос ГТК-ийн ажилтнуудын эсрэг 2009, 2010, 2011 оны санхүүгийн жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч нараас авсан 63.15 сая литр бүтээгдэхүүний бодит чанарыг нууж худалдсан, худалдсан болохыг тогтоосон байна.
Авлигатай тэмцэх хорооны дэд дарга Мохамед Али Акбар Хан /Mohammad Ali Akbar Khan/ мэдэгдэхдээ ГТК-ийг “ашиг сонирхлын зөрчилтэй байгууллага” хэмээн нэрлэжээ. ГТК 5.2 тэрбум орчим ам. доллараар 2012 онд 5.2 сая тонн газрын тос болон газрын тосны дахин боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авчээ.
Одоогийн байдлаар тус улсын ГТК нь Кувейтийн газрын тосны корпорац, Малайзын “Petronas”, Филиппиний үндэсний газрын тосны компани, Эмиратын газрын тосны групп, Египетийн газрын тосны компани, Малдивийн үндэсний газрын тосны компани, Хятадын “Петро Чайна”, Индонезийн “Bumi Siak Pusako” зэрэг компаниудтай 2014 оны 12 дугаар сар хүртэл гэрээтэй байгаа юм.

Эх сурвалж

АНУ Өмнөд Солонгосын экс удирдагчид холбогдох хээл хахуулийн хэргийн улмаас завшсан хөрөнгийг буцаан олгохоор шүүхэд хандаад байна.

Пүрэв гарагт АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Чун Доо-Хван /Chun Doo-Hwan/-ний авлига, хээл хахуулийн гэмт хэргийн улмаас олсон 700.000 ам. долларыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаад байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч асан Чун Доо-Хваны авлигын гэмт хэргээр олж авсан хөрөнгийг нь ашиглан түүний хүү 2005 онд Калифорни мужид худалдаж авсан Орон сууцаа зарснаас олсон дээрх мөнгийг Калифорни дахь түүний дансанд царцаагаад байгаа хэмээн тус яамнаас мэдээллээ.
1979 онд цэргийн эргэлт хийж ерөнхийлөгчийн албан тушаалд суугаад байсан Чун Доо-Хваныг 1997 онд 200 сая гаруй долларын авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгос улсад ялласан юм.
Хууль зүйн яамнаас мэдээлж байгаагаар экс ерөнхийлөгч болон түүний хамаатнууд Өмнөд Солонгос болон АНУ дахь нууц компани (shell company)-иудаараа дамжуулан мөнгө угаасан ажээ.
Энэхүү мэдэгдлийн үеэр Холбооны мөрдөх товчооны Лос Анжелес хот дахь салбарын ажилтан Билл Луйс /Bill Lewis/ хэлэхдээ “АНУ бол гадаадын удирдагчдын авлигаар болон хууль бусаар олж авсан мөнгөө хадгалдаг газар биш” гэжээ.
Эх сурвалж

Малайзын шударга байдлын институц авлигын индексийн асуудлаар бусад улс орнуудтай хамтарч ажиллана.

Малайзын шударга байдлын институц Зүүн өмнөд Азийн бүс нутгийн бүс нутгийн орнуудтай хамтран тусгайлсан Авлигын төсөөллийн индексийн стандарт тогтоохоор ажиллах ажээ.
Тус институцийн ерөнхийлөгч Датук Др Мохд Тап Шаллх /Datuk Dr Mohd Tap Salleh/-ийн хэлж байгаагаар Малайзын шударга байдлын институц 5 дугаар сард холбогдох талуудын уулзалтын үеэр тус улсын Үндэсний шударга ёсны төсөөллийн индекс (National Integrity Perception Index)-ийн аргачлалыг танилцуулах ажээ.

Түүний хэлснээр Трансперэнси интернэшнл байгууллагын индексийн аргачлалд өөрийн Үндэсний шударга ёсны төсөөллийн индексийг оруулахаар тус байгууллага ажиллаж байгаагийн зэрэгцээ 2009-2013 оны хооронд дахь Малайз Улсын шударга ёсны түвшинг уг индексийн дагуу үнэлэн тогтоож, тайланг нь Ерөнхий сайддаа гардуулахаар ажиллаж байгаа ажээ.
Датук Др Мохд Тап Шаллхийн хэлж байгаагаар Трансперэнси интернэшнл байгууллага Зүүн өмнөд Азийн бүсэд Үндэсний шударга ёсны төсөөллийн индексийн аргачлалыг ашиглахаар зорьж байгаа юм. Мөн түүний хэлснээр 2012 онд Трансперэни интернэшнл байгууллагын төсөөллийн индексийн Малайзын үнэлгээ 5.0 гарсан бол Малайзын шударга байдлын институцийн Үндэсний шударга ёсны төсөөллийн индекс 6.8 гарсан ажээ.
Тэрээр тайлбарлахдаа "энэхүү зөрүү бол аргачлалын зөрүүтэй байдлаас үүдэлтэй юм. Учир нь Үндэсний шударга ёсны төсөөллийн индексэд нийгмийн төлөөлөл 20000 хүн оролцож байгаа бол Трансперэнси интернэшнл байгууллагынх илүү өргөн хүрээнд зохион байгуулагддаг” гэжээ.

Оросын шүүхээс авлигын эсрэг тэмцэгч блогчин, сөрөг хүчний тэргүүн Алексей Навалинг олон нийтийн цахим сүлжээгээр хүн гүтгэсэн хэрэгт буруутгаад байна.

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навалины хуульчийн мэдэгдэж байгаагаар Оросын ерөнхийлөгч Владимр Путиныг шүүмжлэгчдийн нэг, авлигын эсрэг блогчинг шүүхээс олон нийтийн цахим сүлжээгээр хүн гүтгэсэн хэрэгт буруутгаад байгаа ажээ.
Түүний мэдэгдэж байгаагаар Алексей Навалинд ял ногдуулах асуудлыг Кремлиэс удирдан зохион байгуулж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр өөр гэмт хэргийн асуудлаар шүүхэд мөн дуудагдсан ажээ.
Өнгөрсөн 3 дугаар сараас хойш гэрийн хорионд байгаа Алексей Навалин шүүхийн танхимыг орхин гарахдаа “ойлгомжтой, намайг буланд шахах гэсэн өөр нэг оролдлого байна” хэмээн хэлжээ.
Түүнийг эрх барих Нэгдсэн Орос намын нэгэн хууль тогтоогчийг олон нийтийн “Twitter” сүлжээгээр дамжуулан гүтгэсэн хэрэгт шүүхээс буруутай болохыг тогтоогоод байгаа юм.
Алексей Навалин шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдана гэж хэлсэн байна. Тэрээр энэ хэрэгт буруугүй болохоо мэдэгдэж, өнгөрсөн 4 дугаар сараас хойш, гэрийн хорионы хугацаандаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосныг онцолсон байна.
Хүн гүтгэсэн хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Гэсэн ч түүний хуульч Вадим Кобзевийн мэдэгдэж байгаагаар шүүхээс түүнд гэрийн хорионд байх шийтгэл ногдуулахын оронд энэ хугацаанд шоронд хорих шийтгэл ногдуулж болзошгүй байгаа ажээ.
37 настай Алексей Навалин интернетээр дамжуулан албан хаагчдын авлигын эсрэг тэмцэл хийсэн болон Путины эсрэг 2011-2012 онд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаараа ихээхэн танил болоод байгаа юм.
Тэрээр авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд “хэн нэгэн аливаа хууль бус үйл ажиллагааных нь талаар олон нийтэд зарлахаа зогсоох байх гэж бодож байж магадгүй, ийм зүйл болохгүй” гэж мэдэгдээд байна.
Өнгөрсөн сард Холбооны прокурорын тушаалаар Алексей Навалиныг гудамжны жагсаал зохион байгуулах, интернетээр дамжуулан хууль бус үйлдэл хийхээс сэргийлэн гэрийн хорионд байлгаж байна.
Эх сурвалж

Шүүхийн шударга байдлын тухай онлайн хэлэлцүүлгийн үр дүн гарав.

Ардчилсан улс орны хуулийн тогтолцоон дахь хамгийн чухал зүйл бол шүүхийн хараат бус, шударга байдал байдаг билээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс холбогдох сүлжээ (DGP-Net, the AP-INTACT Network, and the Asia-Pacific Access to Justice Network)-гээрээ дамжуулан 2013 оны 11 дүгээр сарын 4-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд Шүүхийн шударга байдал сэдэвт онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгийг үндсэн хоёр үе шаттайгаар (1-р үе шат: Үндэсний түвшинд шүүхийн шударга байдлыг хэмжих судалгаа байдаг эсэх, тэдгээрийн сайн туршлага, 2-р үе шат: Шүүхийн хариуцлагатай байдлыг хянах, хяналтын механизм, шалгуур үзүүлэлтийн талаарх тэргүүн туршлага) зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс дараах үр дүн гарсан байна. Үүнд:
1-р үе шатны зарим үр дүн:
Энэхүү үе шатанд оролцогчид шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн төсөөллийн талаарх эмпирик байдалд үндэслэсэн, системтэй, тогтмол үнэлгээг хийж байхын ач холбогдлыг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогч улс орнуудын төлөөллөөс Бангалорын зарчимд тулгуурлан шүүхийн хяналтын механизмыг нэмэгдүүлэхийн тулд дотоод, гадаад хяналт, ёс зүйн дүрмийг сайжруулах; шүүхийн хариуцлагатай, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд парламентын болон иргэний нийгмийн хяналтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.
Ливан Улсад шүүхэд хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаан дахь урт хугацааг багасгахын тулд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Хууль зүйн сайд хамтран шүүгчийн хэрэг шийдвэрлэлтийн дундаж хугацааны талаарх статистикийг хөтөлж байна. Энэхүү статистикийг хөтлөх болсноор 2012 оноос хойших хугацаанд багагүй амжилт гарч, хэрэг шийдвэрлэх дундаж хугацаа буурсан байна. Үүнээс гадна тус улс шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэхийн тулд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох хуульд өөрчлөлт оруулахаар төсөл бэлтгэсэн аж. Уг хууль батлагдвал шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд гүйцэтгэх засгаас томилогдохын оронд шүүгчдээсээ сонгогдох юм. Энэ нь шүүхийг гүйцэтгэх засаглалаас ангид байлгах алхам юм.
Балба улсад шүүхийн шударга байдлыг нэмэгдүүлэхийн тулд “Шүүхийн хэрэглэгчийн мэдээллийн самбар”-ыг хэд хэдэн муж, дүүрэгт туршиж байгаа ажээ. Энэхүү самбар нь шүүхийн оролцогч талуудын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, шүүхийн систем дэх хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүнээс гадна, Үндсэн хуульд оруулж буй нэгэн өөрчлөлт бол Дээд шүүхийн шүүгчийг парламентаас томилох шатанд олон нийтийн дунд нээлттэй сонсгол зохион байгуулахаар болж байгаа юм.
2-р үе шатны зарим үр дүн:
Шүүхийн шударга байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлохыг энэ хэсэгт үндсэн чиглэл болгосон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн улс орны туршлага, болох хувийн үзэл бодлынхоо талаар саналаа солилцсон юм.
Ихэнх улс орнуудад шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүх, прокурорын ёс зүйн дүрмийг баталсан байна. Ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, түүнд хяналт тавих, зөрчил гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах этгээд нь шүүхийн зөвлөл байна. Итали Улсад шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдэл хийвэл шүүгч эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Шүүхээс энэ талаарх тайлангаа жил бүр Сахилгын хороонд илгээж, тайлагнадаг байна. Шаардлагатай гэж үзвэл энэ талаар сахилгын нээлттэй сонсголыг Үндэсний радиогоор дамжуулан зохион байгуулан явуулдаг байна.
Францад Сахилгын талаарх хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй зохион байгуулж, сахилгын шийтгэлийн талаар шүүхийн жилийн тайланд тусгадаг байна. Харин Англи Улсад Шүүхийн гомдлын газар шүүх болон шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л гомдол, мэдээллийг хүлээн авдаг байна. Энэ гомдол мэдээлэл нь үндэслэлтэй байна гэж үзвэл шүүгчид холбогдох сахилгын шийтгэлийг ногдуулдаг байна.
Сахилгын шийтгэлийн талаарх ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд тоон болон чанарын мэдээлэл (шүүгчийн шийдвэрийн тоо, төрөл, хориг арга хэмжээ болон цагаатгасан тоо хэмжээ, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээлэл)-ийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Эдгээр мэдээллийн систем ил тод байснаараа дүн шинжилгээ хийх, шүүхийн хараат бус байдал, чадавхын талаар чухал мэдээлэл өгөх боломжийг бий болох юм.
Шинэ Зеландын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Номхон далайн 14 улсын шүүх системийн шударга байдал, шүүхийн чадавхийг Шүүхийн ёс зүйн дүрмийн Бангалор зарчим болон Шүүхийн хараат бус үйл ажиллагааны талаарх Сува/Suva/-гийн тунхаглал зэрэгт тулгуурлан үнэлсэн нэгэн жишээг дурдаж болох юм. Энд шалгуур үзүүлэлтийг “Cook Island Indicators” хэмээн нэрлэж байгаа бөгөөд үндсэн 5 үзүүлэлтэд гарсан өөрчлөлтөөр явцыг хэмждэг байна. Үүнд: 1. Кейс менежмент, 2. Шүүх хуралдаанд оролцогчдод хялбар байдал, 3. Санал, гомдлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нийтэлсэн байдал, 4. Хүний нөөц, 5. Ил тод байдал гэсэн 5 хэсгээр үнэлсэн байна.
Бангалорын зарчим олон улс оронд шүүгчийн ёс зүйн дүрмийг бий болгоход дэмжлэг болсон байна. Энэ талаар мөн Германы хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага Гүрж зэрэг улс оронд “integrity scan” сэдэвт туршилт судалгааг явуулсан байна. Уг судалгааг Бангалорын зарчмын дагуу асуулга боловсруулж, орон нутгийн хуульчид болон шүүгчдийг өөрсдийг нь оролцуулсан ярилцлага, чанарын судалгаа хэлбэрээр зохион байгуулсан байна. Энэхүү арга нь зөвхөн шүүх систем дэх оролцогч талуудад учирч буй хүндрэл бэрхшээлийг нарийн тодорхойлоход ач холбогдолтой болох нь тогтоогдсон ажээ.
Эх сурвалж