Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.05.05-11/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.05.05-11/

Авлигын эсрэг сэдэвтэй телевизийн цуврал “Ус дээшээ урсдаг” Улаанбаатарт гарч эхлэв.

Mongolian Anti-Corruption TV Series “Water Flows Up” Premieres in Ulaanbaatar by Asia Foundation
Авлигын эсрэг сэдэвтэй “Ус дээшээ урсдаг” телевизийн цуврал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Тэнгис кинотеатрт дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийлээ. 28 ангитай энэ киног USAID байгууллагын санхүүжүүлт бүхий Монгол Улс дахь Ил тод байдал болон засаглалыг дэмжих хөтөлбөрийн сангаас санхүүжүүлж, Зориг сан, Глоб интернейшнл ТББ, NTV телевиз хамтран бүтээсэн байна. Киногоор дамжуулан авлига, мөнгө угаах гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн сөрөг үр дагаврыг олон нийтэд илтгэн харуулахыг зорьсон байна. Кино дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн NTV телевизээр гарч эхэллээ.

Монгол Улс дахь Ил тод байдал болон засаглалыг дэмжих хөтөлбөрийн Сангийн гол үйл ажиллагаа нь Монгол Улсын эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн нөхцөл байдалд хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх, боломж бололцоог нэмэгдүүлэхэд оршдог байна.

Эх сурвалж

Тайландын Авлигын эсрэг байгууллага орших уу, эс орших уу.

Thailand’s anti-corruption commission under threat by Transparency International
Цагаан будааны зах зээлтэй холбоотой авлигын хэрэгт одоогийн Ерөнхий Сайд холбоотой гэж Тайландын Авлигын эсрэг Комисс мэдэгдсэний улмаас тус улсад улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүсч, энэ нөхцөл байдал нь эргээд Авлигын эсрэг комиссын үйл ажиллагаанд дарамт учруулж эхлэв. Ерөнхий сайдын тэргүүлдэг Цагаан будааны хөнгөлөлтийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр гарсан луйврын улмаас сүүлийн 2 жилд 15 тэрбум америк долларын хохирол учирсан байна.

Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын байр руу гранат шидсэний улмаас ажилтнуудаа хамгаалах арга хэмжээ авахад хүрсэн бөгөөд энэхүү байгууллага нь бие даасан, хараат бус байгууллага, тиймээс аль нэг нам, эвсэлд үйлчилж үйл ажиллагаа явуулдаггүй гэж Авлигын эсрэг үндэсний комисс албан ёсоор мэдэгдэл хийлээ. Засгийн газрыг дэмжигчид тус байгууллагыг нөлөөнд автсан гэж үзэж байрыг нь бүслэн хаагаад байна.

2010 онд Бангкок хотноо болсон Олон улсын авлигын эсрэг бага хурлыг Тайландын Авлигын эсрэг үндэсний комисс болон Тайландын Засгийн газар хамтран зохион байгуулсан юм. Улс төрчдийг мөрдөн шалгах үед тус байгууллагад учирдаг бэрхшээлийн талаар энэ бага хурлын үеэр Үндэсний комиссын Ерөнхийлөгч хурлын төлөөлөгчдөд илэн далангүй хэлсэн юм.

Бага хурлаас гаргасан Бангкокын тунхаглалд улс орны авлигын эсрэг байгууллагуудын үйл ажиллагаа нь тухайн улсынхаа амин чухал үйл ажиллагааны нэг болж үлдэх ёстой гэж үзсэн бөгөөд авлигын эсрэг байгууллагын бие даасан байдлыг үндсэн хууль, эсвэл холбогдох хуулиар тогтоохыг онцлон тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж

Болгарын төрийн өндөр албан тушаалтан залилангийн хэрэгт холбогдов.

Bulgarian Senior Official Charged in Fraud Schemeby ABC news
Болгарын прокурорын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг мөрдөн шалгаж байна. Европын холбооноос хэрэгжүүлж буй төслийн хөрөнгийг ашиглан шамшигдуулахад тусалсан гэсэн ял тулгаж байгаа бөгөөд энэ хэрэгт дээд шүүхийн хоёр шүүгчийг мөн мөрдөн шалгаж байна.

Европийн Холбооны санхүүжилт бүхий хэдэн зуун мянган еврогийн төсөл хэрэгжүүлэх явцад хуурамч баримт бүрдүүлэн мөнгө ашиглахад нь дээрх шүүгч нарт тусалсан Мария Дивизиева нь тухайн үед Европын Холбооны тусламжийн хөтөлбөрийг хариуцаж байжээ. Тэрээр өөрийгөө ямар ч буруугүй бөгөөд ингэж хэрэгт холбогдуулж байгааг “асар том үл ойлголцол” гэжээ.

Европын Холбоо нь Болгар улсыг гишүүнээр элссэн 2007 оноос эхлэн тус улсын шүүх засаглалын шинэчлэлийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шүүхэд өргөн тархсан авлига болон өндөр албан тушаалтнуудыг яллаж чадахгүй байгааг нь ихээхэн шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж

Японы шүүхийн тогтолцоо авлигад идэгдсэн тухай тааламжгүй үнэнийг шүүгч асан нийтэд дэлгэв.

Ex-judge lifts lid on Japan’s ‘corrupt’ judicial system by Tomohiro Osaki
Японы шүүхэд ажилд орсон л бол бүх л итгэл найдвараа алдана. Шүүгч асан Хироши Сеги “Жапан Таймс” сонинд ярилцлага өгөхдөө “Японы шүүхийн тогтолцоо бол өөрсдийн ая тухыг дээд зэргээр хангасан бөгөөд хүнд сурталд автагдсан дээдсүүдийн орогнох газар болоод байна. Энэ тогтолцоонд шатлан захирах ёсны хатуу зарчим дангаар ноёрхож, чөлөөтэй сэтгэдэг, нээлттэй хувь хүмүүсийг шахан гаргаж байна” гэжээ.

Хироши Сеги 30 жил шүүгчээр ажилласныхаа дараа шүүхийн авлигажсан, ой гутмаар байдалд маш их урам хугарч ажлаа өгөөд Мейжи Их сургуулийн хуулийн сургуулийн профессор болсон гэлээ. Энэхүү тогтолцооноос сугарч гарсныхаа дараа тэрээр ном бичиж хэвлүүлсэн бөгөөд энэ номондоо шүүгч нарын ёс зүйн доройтол, шүүгч, прокуроруудын хуйвалдаан, тогтолцоондоо хүлцэнгүй хандах хандлага зэргийг өөрийн туршлага дээр үндэслэн өгүүлжээ.

Энэ оны 2 дугаар сард ном хэвлэгдэн гарснаас хойш долоо ч хоноогүй байхад Японы Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Такесаки ажлаа өгөх тухайгаа зарласан бөгөөд үүнийгээ эрүүл мэндийн шалтгаанаар гэж тайлбарласан боловч олон нийт түүний ажлаа өгөх болсон жинхэнэ шалтгааныг номноос болсон байх гэж таамаглаж байгаагаа интернетээр илэрхийлж байна.

Зохиогч хэлэхдээ “номонд тусгагдсан Японы шүүхийн тогтолцоон дахь ужгирсан хүнд суртал болоод зөвхөн байгууллагын эрх ашгийг урьтал болгосон үзэл санаа нь яг үнэндээ Япон улсын өнөөгийн нөхцөл байдалд бүхэлд нь хамаатай бөгөөд манай улс яагаад эдийн засгийн хувьд уналтад ороод байгаагийн шалтгаан нь үүнд л байгаа юм” гэлээ.

Эх сурвалж

Нигерийн Засгийн газрын авлигад идэгдсэн байдал Боко Харамыг бий болох нөхцлийг бүрдүүлжээ.

Boko Haram formed amid Nigerian government corruptionBy Mark Gollom, CBC News

Нигерийн Засгийн газарт нэвчсэн клептокраци (Албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан төрийн өмчийн хувьдаа ашиглаж хөрөнгөждөг хүмүүсийн бүлэглэл буюу засаглал, үгчилбэл “хулгайч нарын засаглал”.) нь Боко Харамыг үүсэн бий болоход хүргэсэн байх гэж шинжээч хэлж байна. Судлаач Сара Чейз дэлхийн улс орнуудын засгийн газрууд дахь тогтолцоожсон авлига болон хэт даврагч үйл ажиллагааны хоорондын уялдааг судалдаг бөгөөд тэрээр хэлэхдээ Нигер гэх мэт тогтолцоожсон авлигатай улс орнуудыг клептократ маягийн бүлэглэлүүд удирддаг гэлээ.

Лос Анжелес Таймс сонинд нийтлүүлсэн ор-ад (Зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөл редакцийн чиг шугамд үл хамаарах нийтлэл) өгүүлэлдээ Чейз “олон Нигер иргэдийн бодлоор Боко Харам ингэж хүчээ авч байгаа нь тогтолцоожсон авлигын нэг үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, авлига нь аюулгүй байдалд аюул занал учруулдаг” гэжээ. Газрын тосноос орж ирж буй орлогын зарим хэсэг эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт зарцуулагдах ёстой боловч үнэн хэрэгтээ засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдын халаасанд ордог байна.

Энэ оны 2 дугаар сард Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гүүдлак тус улсын төв банкны тэргүүнийг ажлаас халсан нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа бөгөөд учир нь газрын тосны орлого болох 20 тэрбум доллар дутагдсан хэргийг шалгах үүргийг төв банкны тэргүүн өгөөд байжээ.

Боко Харам бүлэглэлийн үйлдсэн хэргийн талаар бүгд анхаарал хандуулах боловч Ерөнхийлөгч Гүүдлак болон алга болсон 20 тэрбумын талаар хэн ч анхаарахгүй байна гэж Сара Чейз хэлэв. Тэрээр цааш нь тодруулж хэлэхдээ Боко Харамын үйлдэж буй энэ хүчирхийллийг ямар шалтгаанаар зөвтгөх аргагүй бөгөөд засаг төрийн эсрэг иймэрхүү эсэргүүцэл байнга гарч байдаг шалтгааныг тодруулж байна.

2002 онд байгуулагдсан Боко Харам байгууллагын нэр нь “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай юм. Гэхдээ энэ нь барууныхны нотолж байгаа шиг Талибан маягийн дундад зууны хуучинсаг эсэргүүцэл гэсэн үг биш гэж Сара Чейз хэлж байна. Үнэндээ энэ нь авлигад автсан бөгөөд элит хэсгийн ашиг сонирхолд нийцэж байдаг боловсролын тогтолцоог эсэргүүцэж буй хэрэг юм.

Нигерийн төрийн албанд орохыг хүсвэл сургуульд сурах хэрэгтэй болдог. Гэвч иргэдийн ярьдгаар Нигерийн боловсролын тогтолцоо нь Британийн колончлолын үлдэгдэл шавхруу ажээ. Нигерийн оюутнууд тэр тогтолцоогоор нэгэнт дамжсан л бол тэдэнд төрийн албанд ажил олдох боломжтой болдог байна. Энэхүү боловсролын тогтолцооны хувьд оюутнууд анх сургуульд орохдоо хахууль өгөх бөгөөд цаашдаа мөн шалгалт өгч төгсөхдөө ч хахууль өгдөг байна. Хүмүүсийн яриад байгаа барууны боловсрол бол нүгэлт зүйл гэдгийн гол утга санаа нь авлигад идэгдсэн байдлыг нь хэлээд байгаа хэрэг юм. Нигерийн боловсролын тогтолцоо нь авлигад гүн идэгдсэн засгийн газрынхаа тусгал нь ажээ.

Эх сурвалж

Авлигатай тэмцэх товчоо Махараштра мужид дөрвөн сарын хугацаанд 508 төрийн албан хаагчийг баривчлав.

Anti-corruption bureau caught 508 errant officials in four months in Maharashtra by Prafulla Marapakwar

Энэтхэгийн Махараштра мужийн Авлигатай тэмцэх товчоо 2014 оны эхний дөрвөн сард нийт 375 авлигын хэрэг дээр 508 төрийн албан тушаалтныг холбогдуулан шалгаж эхэлсний дотор цагдаагийн ахлах мөрдөгч, коллежийн захирал зэрэг албан тушаалтнууд багтаж байна. Авлигатай тэмцэх товчооны мэдээлснээр муж улсын орон сууцны асуудал байгууллагаас 87 албан тушаалтан, төсвийн орлогын асуудал эрхэлсэн байгууллагаас 79 албан тушаалтан, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 25 албан тушаалтан, цахилгаан түгээх төрийн өмчит компаниас 16 албан тушаалтан, газрын бүртгэлийн албанаас 11 албан хаагч авлигын хэрэгт холбогдсон байна. Нилээд ноцтой асуудал гэвэл хэд хэдэн цагдаагийн ахлах албан тушаалтнууд цагдаагийн газар дахь албан байрандаа албан үүргээ гүйцэтгэж байхдаа хахууль авч байгаад баригдсан байна.

Эх сурвалж

Авлигатай ... хэрхэн тэмцэх вэ?

How to … fight government corruption by Neil Fowler in Princeton

Принстон Их сургууль дээр хэрэгжүүлсэн Шилдэг нийгмийн төлөөх шинэлэг санаанууд (The Innovations for Successful Societies (ISS)) хөтөлбөрийн хүрээнд Ботсвана, Хорват, Гана, Индонез, Латви, Литва, Мавритан, Словен зэрэг 8 орны авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагаанд судалгаа хийсэн байна. Судлаачид эдгээр байгууллагуудын бүх түвшний албан тушаалтнууд болон эдгээр байгууллагад ажилладаггүй мэргэжилтнүүд зэрэг тус бүр 150 гаруй хүмүүсээс ярилцлага авч, эдгээр байгууллагын хүрсэн амжилт, алдаа дутагдлын талаар тодруулсан бөгөөд хамгийн чухал нь үйл ажиллагааны явцад тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн давж туулсан талаар асууж тодруулжээ.

Судалгааны үр дүнд амжилттай ажиллаж буй байгууллагуудад хэд хэдэн нийтлэг шинж чанар байгааг тогтоосон байна. Эдгээр нь дотоод хяналтын зөв тогтолцоо болон үнэнч, шударга ажиллах нөхцөл бүрдүүлэх; төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй үр дүнтэй хамтран ажиллах; засгийн газар болон олон нийтийн дунд авлигын эсрэг үйл ажиллагааны хэм хэмжээ, зан үйлийн дадлыг дагаж мөрдүүлэх үр дүнтэй арга хэмжээ авах; эцэст нь хянан шалгаж буй авлигын хэрэг тус бүр дээр тухайн хэргийг мөрдөн шалгасны эерэг болон сөрөг үр дагаварыг маш нарийн тооцож үзэх явдал юм.

Эх сурвалж

Салвадор Улс хуучин Ерөнхийлөгчөө авлигын хэрэгт холбогдуулан баривчлахаар эрэн сурвалжилж байна.

El Salvador seeks arrest of former president for corruption by Nelson Renteria, Reuters
Салвадор Улсын Ерөнхийлөгч асан Франциско Флорес улсын өмчийг ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг авлигын хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байгаа бөгөөд саяхан түүнийг баривчлах зөвшөөрлийг олгосон шүүхийн тогтоолыг батлав. Түүнчлэн шүүхийн тогтоолоор түүний эд хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.

1999 оноос 2004 онд Салвадорын Ерөнхийлөгч байсан Флоресыг одоо Панам Улсад байгаа гэж таамагладаг байна. Салвадорийн эрх баригчид түүний байгаа газрыг нарийвчлан тогтоож чадахгүй бол Интерполд хандан түүний нэр дээр улаан санамж хүсэх болно гэлээ. Франциско Флорес нь 2001 онд Салвадорт болсон газар хөдлөлтийн гамшгийн үр дагаварыг арилгахад зориулан Тайванаас өгсөн тусламжийн хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаад байна.

Эх сурвалж

Филиппиний Ерөнхийлөгчийн цалинг 1 сая песо (22500 ам.доллар) болгох санал гарав.

P1M monthly for PH President, higher pay for gov’t officials proposed by Maila Ager, INQUIRER.net

Филиппин Улсын төрийн албан дахь авлигыг бууруулах үйл ажиллагааны талаар Сенатад өргөн барьсан төсөл дотор тус улсын Ерөнхийлөгчийн сарын цалинг 1 сая песо болгох санал багтаж байна. Одоо бол Филиппин Улсын Ерөнхийлөгч сард 120 000 песо авдаг ажээ.

“Ерөнхийлөгчийн цалинг сард 1 сая песо болгохоос гадна Ерөнхий Сайдын цалинг 600 мянгаас 800 мянгад хүргэмээр байна” гэж төслийг санаачлагч Сенатор Антонио Трилланес Сенатын форум дээр хэлсэн байна. Тэрээр цааш хэлэхдээ төрийн албан тушаалтнуудын цалинг нэмэгдүүлснээр засгийн газрын үйл ажиллагаан дахь авлигын асуудалд анхаарал хандуулах боломжтой болно гэв. Цалингийн нэмэгдэл нь өндөр албан тушаалтнууд төдийгүй бусад төрийн албан хаагчид, цэргийн албан хаагчид, тусгай албан хаагчдад хамаарах ажээ. Төсөл санаачлагчийн хэлснээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь мэргэжилтнүүд, эрдэмтэд, өндөр мэргэжлийн ажилчдыг гадаад руу өндөр цалинтай ажилд татагдан явахаас сэргийлэх давхар ач холбогдолтой гэнэ.