Сүүлийн гурван жил АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хэрхэн ажилласан болон бусад цаг үеийн асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөртэй ярилцлаа.
-Сүүлийн гурван жилд мөрдөн байцаалтын шатанд ирж байгаа гэмт хэрэг, шалгасан үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Бид АТГ-ын хүрээнд иргэдээс ирж байгаа санал, гомдол, мэдээлэл, гарч байгаа гэмт хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үүрэг бүхий хэлтэс юм. Манай хэлтсийн хувьд хэлтсийн дарга нэг, албаны дарга нэг, ахлах мөрдөн байцаагч хоёр, мөрдөн байцаагч гээд 22 хүний орон тоотойгоор улсын хэмжээнд гарч байгаа авлига, албан тушаалын хэргийн чиглэлээр ажиллаж байна.
Нийслэлийн болон хөдөө, орон нутгийн хэмжээнд гарч байгаа бүх хэргүүдэд аль болох богино хугацаанд хуулийн хүрээнд, хууль зүйн үндэслэлийн дагуу шалгах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа АТГ-ын хэмжээнд гомдол, мэдээлэл 2012 онд 349, 2013 онд 427, энэ оны эхний таван сарын байдлаар 215 гомдол мэдээлэл бүртгэгдээд шалгагдаж байна. Манайд ирж байгаа хэргүүдээс хэмжээний хувьд авч үзвэл сүүлийн үед хөдөө, орон нутгаас ирэх мэдээлэл өсөх хандлагатай байна. Гэмт хэрэг зөрчлийн гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хувьд 2012 оны байдлаар нийт ирсэн гомдол мэдээллийн 73, энэ оны эхний таван сарын байдлаар ирсэн нийт гомдлын 40-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох шалгалтуудыг хийж байгаа. Ер нь нэг жилд мөрдөн байцаалт явуулж байгаа нийт хэргийн 40 гаруй хувийг нь яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлдэг.
-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд ихэвчлэн ямар албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлт байдаг вэ?
-2012 онд нутгийн захиргаа болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон мэдээлэл 93 ирж байсан. Өнгөрсөн онд 103 болж өссөн бол энэ оны эхний таван сарын байдлаар 59 гомдол, мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаарах мэдээлэл 2012 онд 50, 2013 онд 72, энэ онд 53 гэсэн тоон мэдээлэл байна.
Харин яамдын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл 15, 23, одоогоор найман гомдол мэдээлэл ирсэн. Хөдөө, орон нутаг болон нийслэлийн хэмжээнд ирж байгаа мэдээллийн ихэнх нь бичгээр буюу өргөдөл гомдлын шинжтэй орж ирж байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар нийт шалгасан эрүүгийн хэргийн хувьд 2012 онд 164, 2013 онд 187 эрүүнийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Өнгөрсөн онд эрүүгийн хэрэг 10 гаруй хувиар өссөн бол энэ онд одоогийн байдлаар 140 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Албан тушаалын гэмт хэргийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас иргэд болон төрийн байгууллагад учирсан хохирол нэлээд гардаг гэсэн үг. Хохирлын хэмжээний хувьд 2012 онд 85 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 2013 онд 48 тэрбум болсон.
Энэ онд 24.5 тэрбум төгрөгийн хохирол авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан байна гэсэн тоон мэдээ байгаа. Эдгээр гэмт хэргүүдэд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэг 2012 онд 43 бол дараа онд нь 70 болж өссөн. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөх чиг хандлагатай байгаа.
-Цагдан хорих байгууллагад удаан хугацаагаар хоригдож байгаа хүмүүстэй олон нийтийн зөвлөлийн гишүүд очиж уулзах боломжтой юу. Учир нь эдгээр гишүүд танай хэлтсийн байцаагч нарын үйл ажиллагаанд дүгнэлт гаргаж, хяналт тавих боломжтой гэж бодож байна?
-Бид сүүлийн гурван жилийн байдлаар жилд 150-180 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хэрэгт холбогсон хүмүүсийн тодорхой хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Энэхүү арга хэмжээг гадуур батлан даалтад байлгах, барьцаа авах, цагдан хорих гэсэн байдлаар авахаар таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг Байцаан шийтгэх хуульд заачихсан байдаг. Бид нэг жилд мөрдсөн хэргийнхээ 10 орчим хувьд цагдан хорих арга хэмжээ авч байгаа. Мөрдөн байцаалтад цагдан хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдал, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг нягталж үзэхийг хүсвэл олон нийтийн зөвлөлийн гишүүдийг тухайн хүмүүстэй очиж уулзаж, танилцахад татгалзах зүйлгүй. Өнөөдрийн байдлаар манай хэлтэс дээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад шалгагдаж байгаа гурван хүн байгаа. Эдгээр хүмүүстэй ч уулзаж болно.
-Гадаадын нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АТГ-ыг гадны хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлж байна гэх таагүй мэдээлэл цацагдах болсон. Тэгэхээр танай байгууллага ил тод, хуулиа дээдэлж үйл ажиллагааг явуулах, хүний эрхийг хангах чиглэлээр ямар зарчим барьж ажиллаж байна вэ?
-Энэ жил хууль хэрэгжүүлж ажилладаг субьектууд болох мөрдөх үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд руу чиглэсэн гадаад, дотоодын дайралтууд их байгаа. Үүнийг иргэд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж байгаа байх. Тус дайралтын зорилго чиглэлийг хувь хүнийхээ хувьд бидний хийж байгаа ажлыг үгүйсгэх гэсэн хандлага, эсвэл Монголыг дэлхийд муухай харагдуулах гэсэн зорилготой байж болох.
Ер нь цаад агуулга нь өөрсдийнхөө үйл ажиллагааг гүйцэлдүүлэх гэсэн чиг хандлага байгаа болов уу гэсэн бодсон. Bloomberg-ээр Монгол шоронжсон орон болчихлоо гэсэн сэдвийн хүрээнд цацсан мэдээллүүдийг нэгтгэн бид дүгнэлт хийсэн. Улмаар бидний мөрдсөн хэргүүдийн хэдэн хувь нь гадаадын бизнесмэн байгаа эсэхийг тогтоосон. Мөрдөн байцаах байгууллага сүүлийн таван жилийн байдлаар гадаадын нийт 24 иргэнийг шалгасан байгаа юм. Үүнээс Өмнөд Солонгос дөрөв, Хятад 14, АНУ хоёр, Казахстан нэг гэх зэрэг нийт 24 гадаадын иргэнийг холбогдуулан шалгасан тоон үзүүлэлт гарсан.
Эдгээр гадаадын иргэдэд холбогдуулсан хэрэгт хийсэн шалгалтын явц нь хэрхэн шийдэгдсэн гэдгийг холбогдох прокурор, шүүхийн байгууллагууд руу шилжүүлсэн хэргүүдээсээ авч үзсэн. Гэтэл дөрвөн хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байсан. Харин хоёр хэргийг түдгэлзүүлж, долоон хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн байгаа.
-Монголын талаар сөрөг сурталчилгаа болох эдгээр мэдээлэлд маш олон хүнийг гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байж хорьж цагдахыг урьтал болгодог талаар онцолсон байсан?
-Bloomberg дээр гарсан мэдээлэлтэй холбогдуулж хэлэхэд “Саусгоби Сэндс” компанийн захиргааг хариуцаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла гэгч хүнийг эхний ээлжинд тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр компанийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль тогтоомж зөрчсөн, татвараа төлөөгүй гэдэг үндэслэлээр шалгасан. Уг асуудал ганц хоёрхон сая ам.долларын асуудал биш нэлээд өргөн хүрээний асуудал байсан учир бид шалгаж эхэлсэн юм.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадны, дотоодын хэн ч байсан чөлөөтэй зах зээлийн системээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ хамгийн гол нь хууль тогтоомж зөрчөөд байх юм бол тэр асуудлыг бид шалгах л үүрэгтэй. Тиймээс хуульд заасны дагуу мөрдөн шалгасан. Мөн тус компанийн ахлах хуульч Сара Армстронг гэх нөхрийг хахууль өгсөн, татварын хууль тогтоомж зөрчсөн гэсэн асуудлаар шалгасан.
Ер нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг гэх хүний хэргийг шалгах явцад Жастин Капла, Сара Армстронг хоёртой холбоотой мэдээлэл орж ирсэн учир шалгаад явсан. Эцэст нь тухайн иргэд Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс татварын хууль тогтоомж зөрчисөн гэсэн үндэслэлээр бид цагдаагийн байгууллагад хэргийг нь шилжүүлэн шалгасан байгаа. Эдгээр хүмүүсийг мөрдөн байцаалтын шатанд цагдан хориод, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аль ч төрлийн сэжигтэн, яллагдагчийг бид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх арга хэмжээг авах журамтай.
Ялангуяа хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй улс дамжиж тодохой хэмжээний бизнес хийж байгаа хүмүүст ийм төрлийн арга хэмжээ авдаг. Хуулийн хүрээнд л бид ажиллаж байгаа. Гэтэл уг асуудлыг нэлээд сүр дуулиан болгож 50-60 хүнийг Монголоос гаргахгүй байгаа юм шигээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацсан нь жаахан учир дутагдалтай зүйл юм уу гэж харсан.
-Ер нь энэ төрлийн шалгагдаж байгаа хэргүүдийн тоон мэдээлэл гарсан уу?
-Баялаг бүтээгчдийн талаар бид сүүлийн гурван жилийн судалгаа явуулсан. Эрүүгийн хуульд төрийн бус байгууллагын аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан асуудал байвал шалгах үүрэг бидэнд оноогдчихсон байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар яг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан компанийн захирлууд буюу төрийн бус байгууллагын аж ахуйн нэгжийн албан тушаалтантай холбогдолтой 39 хэргийг шалгасан. Тодруулбал, 2012 онд 13, 2013 онд 19, энэ оны эхний таван сарын байдлаар долоонхүнийг шалгасан байна. Эдгээр хэргүүдтэй холбогдуулж нийт 16 хүнийг л цагдан хорьсон. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг компанийн захирлуудыг хэдэн зуугаар нь АТГ хориод, шалгаад байгаа зүйл байхгүй. Ер нь энэ төрлийн хандлага энэ ажлыг хийж байгаа бидэнд жаахан харамсалтай санагддаг. Учир нь бид тэдгээр хүмүүст хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж, эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр л шалгаж байгаа.
-Компаниудын захирлууд буюу албан тушаалтнуудын хэргийг шалгахад ямар хүндрэл хамгийн их тулгарч байгаа вэ?
-Албан тушаалтны авлигын хэргийг шалгахад тулгардаг нэг том зовлон бол нэг гараа төсвийн тэр том уутанд шургуулчихсан, нөгөө гараа ард түмэн рүү инээгээд даллаж би гэм буруугүй гэж хашгираад байна. Эдгээр хүмүүсийн хэмжээнд янз бүрийн асуудал яригдаад байгаа. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хэчнээн компани байдаг билээ. Хэчнээн хувь нь компанийн үйл ажиллагаагаар ахуй амьдралаа зохицуулж, амьдралаа залгуулж байгаа билээ гээд бодохоор энэ харьцангуй бага тоо гэж би бодож байна. Тиймээс манай албаны зүгээс баялаг бүтээгчдийг хавтгайруулан мөрдөн байцаагаад, хориод байгаа зүйл байхгүй. Бид хуулийн хүрээнд л ажиллаж байгаа.
Эх сурвалж