-ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ТОМИЛОГДСОН ХҮН НЬ МӨН Л ХУУЛЬ ЗӨРЧИН ӨӨРИЙНХӨӨ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ ТОМИЛГОО ХИЙДЭГ-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхантай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газар албан тушаалын томилгоонд хүртэл гар дүрэх боллоо гэх шүүмжлэл сүүлийн үед гарах боллоо. Яагаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудалд танайхаас оролцоод байдаг болов?
-Албан тушаалд томилох нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлыг хуулиараа манай байгууллага хянадаг. Тухайн хүний хувийн ашиг сонирхол төрийн болон түүний байгууллагын хийлгэх гэж буй ажил, албаны эрх ашигтай зөрчилдөх нь үү, гэдгийг хянадаг. Албан тушаалд томилоход ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг нягталдаг гэсэн үг. Ингэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн цахим систем дэх мэдээллийг ашигладаг. Энэ бол их том мэдээллийн сан юм. Энэ бүхнийг тодорхой хууль тогтоомжуудтай уялдуулж, харьцуулдаг. Мөн олон нийтийн зүгээс юу гэж үзэж буйг тогтоох гэх мэт ажлууд хийгдээд явдаг зохицуулалттай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудалд оролцсон ямар нэг зүйл байхгүй.
-“Олон нийтийн зүгээс тухайн албан тушаалд нэр дэвшигчийг юу гэж үзэж буйг тогтоох” гэж хэллээ. Үүнийгээ тодорхой тайлбарлаач?
-Сонирхлын зөрчлийн тухай хуулийн 3.1.11-д энэ талаар тодорхой заасан заалт бий. Тухайлбал, гаргаж буй шийдвэрийг олон нийтийн зүгээс сонирхлын зөрчилтэй гэж ойлгож байх юм бол тэр нь сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болно гээд заачихсан. Энэ мэт өнцгөөс шалгаад сонирхлын зөрчил байгаа, эсвэл үүсэх эсэхэд нь хариуг нь өгчихдөг. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан ийм хүн томилох гэж байна гээд мэдүүлэг холбогдох материалуудыг ирүүлж хянуулдаг. Тэгэх ч үүрэгтэй. Хариуг нь өгөхөөс өмнө томилчихдог. Энэ нь нэг талдаа хууль зөрчөөд томилчихож буй гэсэн үг. Томилсон томилуулсан хоёр хоёулаа хууль зөрчсөн асуудал болоод байгаа юм. Иймэрхүү байдлаар хийсэн аливаа томилгоо, шийдвэр нь хууль зөрчсөн учраас шүүхийн шатанд хүчингүй болгох магадлал өндөр юм.
-Тэгвэл томилогдож буй албан тушаалтны хувийн сонирхлын зөрчлийг хянах нь танай байгууллагын ажил юм байж. Үүнийг өнгөц харах юм бол бас Авлигатай тэмцэх газрынхан томилгоонд эрээ цээрээгүй оролцоод байна гэдэг шүүмжлэл гараад байгаа нь ийм учиртай юм байна?
-Сонирхлын зөрчлийн тухай хуульд энэ талаар тодорхой заалт бий. Түүнээс Авлигатай тэмцэх газар дураараа оролцоод байгаа юм байхгүй. Дээрх хуулийн 23 дугаар зүйлд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Авлигатай тэмцэх газар арав хоногийн дотор хянаж өгнө. Мөн Сонирхлын зөрчлийн тухай 23 дугаар зүйлийн 7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тухайн этгээд албан үүргийг гүйцэтгэхэд илтэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох тохиолдолд тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн байгаа. Тэгэхээр эдгээр хуулийн заалтуудаас сонирхлын зөрчил үүсэхээр байна гэдгийг тогтоох юм бол томилохоос татгалзах үүрэгтэй гэдгийг харж болно. Аливаа томилгоо хуулийн зохицуулалтаар л явах ёстой. Эрээ цээргүй оролцох гэх мэт асуудал яригдаж байгаа нь ойлголт буруу байгаатай холбоотой байх. -Томилгоонд бас Төрийн албаны зөвлөлийнхөн ч хуульд заасан эрх үүргээ биелүүлээд явж байгаа байх? -Жишээ нь төрийн алба томилгоонд ямар байдлаар оролцож байна вэ гэхээр сонгон шалгаруулж байна. 2012 оноос хойш Сонирхлын зөрчлийн тухай хууль үйлчилж, мөрдөгдөөд эхлэхээр энэ хүнээр тэр ажлыг хийлгэхэд сонирхлын зөрчил үүсэх үү гэдгээ манай байгууллагаар хянуулдаг болсон. Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулж, Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлыг нь хянаж хариу өгснөөр томилгоо хуулийн дагуу явагддаг болсон. Ийм эрх зүйн орчинтой болсон шүү дээ. Нийтийн болон төрийн албан хаагчид бүгд үүнийг мэдэж байгаа.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэгэхээр сонирхлын зөрчилтэй эсэхийг нь харгалзалгүйгээр шууд томилгоо хийдэг гэж ойлгож болох уу?
-Зарим тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг томилчихдог. Томилсныхоо дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан “Хувийн ашиг сонирхлын зөрчлийг нь хянаж хариу өг” гээд явуулдаг. Томилогдсон хүний сонирхлын зөрчлийг хянавал бид бас хууль зөрчинө гэсэн үг. Томилогдохоор орж ирсэн хүнийхээ хувийн ашиг сонирхлыг хянуулах үүргээ сайн ойлгохгүй асуудал гарч байгаа нь үнэн. Сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал зарим хүмүүст байгаа талаар хэд хэдэн удаа хариу хүргүүлсэн ч зөрчлийг үл тоох хандлага байгааг үгүйсгэхгүй.
-Тухайлбал, тэр зөрчлийг яаж ямар үндэслэлээр гаргадаг вэ гэдэг нь анхаарал татаж байна?
-Сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр нөхцөл хэд хэдэн янзаар тогтоогдож байгаа. Тухайн хүнийг томилох гэж байгаа байгуулага, албан тушаалтны хамаарал бүхий этгээд байгаа эсэх, хамаатан садан нь байх юм бол олон нийтийн зүгээс сонирхлын зөрчилтэй байна гэж харна. Тэгэхээр сонирхлын зөрчлийн нэг зөрчил нь бий болж байна гэсэн үг. Шууд хамааралтай байх, ашгийн төлөө байх, тухайн ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй байх гэх мэт. Мөн албан тушаалд томилох хүний ажил мэргэжлийн байдал нь холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдсан байдаг. Тухайлбал, мэргэжлээрээ тэдэн жил ажилласан байх хэрэгтэй. Ял шийтгэлгүй байх гэх мэтээр маш олон үзүүлэлтүүдийг хуулийн тусгай заалт болгоод оруулчихсан байдаг. Тэрийг нь өнөө албан тушаалтан зөрччихсөн байвал заавал тэр хүнийг томилно гэдэг нь цаанаа ямар нэгэн сонирхол байна гэдгийг харуулдаг. Заавал хувийн сонирхолтой биш байсан ч ямар нэгэн үл мэдэгдэх сонирхлын асуудал байгаа нь харагддаг. Хууль болохоор төрийн албанд ийм хүнийг л тавьж ажиллуул гэдэг. Энэ бол төрийн өөрийнх нь сонирхол. Иргэд олон түмний сонирхол нь хуульд тусчихсан. Ийм хүнээр ажил хийлгэмээр байна гэтэл шал өөр хүн авчраад, үүнийг хий гэхээр чинь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Томилогдоогүй байхад нь бол нэр дэвшигчийн сонирхлын зөрчлийг хянаад “Энэ хүн болох юм байна”. “Тэр нь зөрчилтэй байна гээд үндэслэлүүдээ тайлбарладаг. Албан тушаалд ийм хүн томилох гэж байна сонирхлын зөрчлийг нь хянаад өгөөч гэвэл бид хянаад өгнө.
-Хуулиар зааж, зохицуулаад мөрдөж буй заалтыг Ерөнхий сайд мэдэхгүй байна гэж баймааргүй юм?
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар асуудлыг Ерөнхий сайдад ойлгуулахдаа буруу байдлаар мэдээлэл хүргэдэг шиг байгаа юм. Бидний ажил, хууль хэрэгжүүлэх тухай шаардлага, мэдээлэл тодорхой шат дамжлагаар, хүнд суртлаар явсаар утга агуулга нь буруу болоод хүрч, энэ нь буцаад Авлигатай тэмцэх газар юм болгонд оролцож байна гэдэг юм уу, Авлигатай тэмцэх газар албан тушаалын томилгоонд эрээ цээргүй оролцож байна гэх мэтээр буруу тийшээ явчихсан харагдаж байна.
-2012 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш сонирхлын зөрчлийг нь нягтлалгүйгээр томилгоо хийсэн асуудал гарч байсан уу?
-Хуулийг анх мөрдөж эхлэх үед гарч байсан асуудал бий. Бид хамтарч ажиллаад яриад ойлгуулаад хуулиа сурталчлах тал дээр нэлээн ажилласан. Засгийн газар бүрдүүлэхээсээ авахуулаад аймгийн Засаг дарга нарыг батламжлах сонгох бүхий л үйл ажиллагаа шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш бүх томилгоон дээр хуулийг хэрэгжүүлээд явсан. Харин зарим яам агентлагийн дарга удирдлагуудыг томилох асуудалд сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар тодорхой хариунуудыг өгч, томилохгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг анхааруулаад явж ирсэн.
-Ерөнхий сайдад энэ талаар өөрт нь албан ёсоор хүсэлт тавьж байсан удаа бий юу?
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хууль, тогтоомжийн дагуу албан ёсоор асуудлыг тавьдаг журамтай. Зарим албан тушаалтан сонирхлын зөрчил гаргасан, хувийн сонирхлоо, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зөрчлүүдэд албан тушаал бууруулах, ажлаас халах гэх зэрэг хариуцлага тооцуулах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж байсан цөөнгүй тохиолдлууд байгаа. АТГ-аас ажлаа хийж авлигын нөхцөл бүрдүүлээд байгаа дүрэм журмаа өөрчлөх, нөгөө иргэд олон нийтээс бас нэг давхар дээлний асуудал гэж хараад байгаа төрийн өмчит компаниудын удирдлага, ТУЗ-д сонирхлын зөрчил, хууль бус нөлөөлөл байгаа талаар судалгаа хийж УИХ-д танилцуулсан. УИХ-аас энэ тухай үүргийг Засгийн газарт өгсөн гэх мэт ажлууд ажил хийлгэхгүй байна гэх нэр хоч авчихсан байна лээ. Түүнээс өөр зүйл байхгүй.
-Сонирхлын зөрчлийг энэ бол гэмт хэрэг бус зөрчил гэж ойлгоод тоохгүй яваад байгаа юм биш үү. Төр засгийн ямар түвшинд энэ хууль зөрчигдөж байна?
-Энэ он гарсаар бид нийтдээ 4000 орчим урьдчилсан мэдүүлгийг хянаад явж байна. Өнгөрсөн жил13 мянган албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад өгсөн. Үүнээс харахад хууль төрийн байгууллагын дийлэнхэд нь хэрэгжиж, төлөвших хандлага руугаа яваад байгаа юм. Доод гэдэг юмуу орон нутаг сум байгууллага, яам агентлагийн түвшинд ч энэ хууль сайн хэрэгжиж байна. Харин дээд түвшин буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд хайнга хандаж байна. Хууль зөрчин байж томилогдсон хүн нь мөн л хууль зөрчин өөрийнхөө багийг бүрдүүлэх томилгоо хийж байна. Энэ нь шат шатандаа хууль зөрчих байдлыг үүсгээд байгаа юм. Авлигын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн хууль энэ хоёр хуулийн үйлчлэлд 51 000 албан тушаалтан хамарч байхад 90 шахам хувь нь гүйцэтгэх засаглалын, төрийн төв болон нутгийн захиргааны албан тушаалтан байна. Энэ нь энэ хуулиуд хэнд илүү анхаарал хандуулсныг анзаарч болно. Төр засаг бол эдгээр хуулиудын объект.
-Хууль зөрчиж томилогдсон газар, агентлаг яамны удирдах албан тушаалтантай холбоотой жишээг та шууд хэлж чадах уу?
-Жишээ нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Батмагнайг томилохдоо 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр хувийн сонирхлыг нь хянуулахаар ирүүлсэн байгаа юм. Бид “Энэ хүнд энэ албыг хашвал сонирхлын зөрчил үүсэхээр байна. Хуульд заасан тусгай шаардлагуудыг хангахгүй байна” гэдгийг мэдэгдсэн. Өөрөө иймэрхүү байдлаар томилогдсон хүн чинь багаа бүрдүүлэхдээ ахиад баахан хүмүүс томилохдоо нэг ангийн гэх зэрэг ойр дотнын хамааралтай хүмүүсээ томилсон байдаг. Бусдад тэгш бус хандсан зэрэг зөрчлүүд удаа дараа гаргасан. Ийм байдлаар цаашлаад хуулийг уландаа гишгэх байдлаар шат шатаар ингээд явчих гээд байгаа юм. Тагнуулын ерөнхий газар ч мөн ялгаагүй ийм л байна. Дарга нь хувийн ашиг сонирхлоо худал мэдүүлж байсан, тэр ч байтугай эдгээр хүмүүс өөрийн хариуцсан байгууллагаа Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжоос гадуур байлгах гэсэн муйхардуу оролдлого хүртэл гаргаж байх жишээ бол байна. Орон нутгаас Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа Батдорж гэдэг хүнийг аймгийн худалдан авах ажиллагааны албаны даргаар томилсон. Үүнийг нь хянаад үзэхээр төрийн болон орон нутгийн өмчийн Худалдан авах ажиллагааны 53 дугаар зүйлийн 4, Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг, Засгийн газрын зарим тогтоол, шийдвэрийг зөрчин байж томилох гээд зүтгээд үүрэг гүйцэтгэгчээр томилчихсон. Авлига сонирхлын зөрчлийн олон асуудалд хариуцлага тооцуулахаар хандах боловч хариу ч байхгүй алга болдог. Энэ мэт үйлдлүүд бүгд авлига, сонирхлын зөрчлийн тод жишээ юм.
-Удаа дараа төр засгийн дээд байгууллага ийм зөрчил гаргаад байхад ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох хэлбэр бий юү?
-Ер нь бол ажил хийлгэдэггүй, сэгсэрдэг, томилгоонд оролцдог гэх, АТГ-т мөрдөх алба өгснөө засна гэх мэт асуудал цаанаа авлигын эсрэг явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн болоод хувь хүний хүсэл зоригийг хэмжих хэмжүүр юм гэдгийг мэдмээр юм. Шүүхэд хандах хэд хэдэн үндэслэл бүрдээд байгаа тул тийм алхам л үлдэж байх шиг байна.
Г.ЯЛГУУН