Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.05.26-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.05.26-30/

Солонгосчуудын 93 хувь нь авлига чухал асуудал гэсэн байна. 

Ерөнхийлөгч Пак Гын Хэ гол төлөвлөгөө бол ард иргэдийн амьдралыг аюулгүй болгох буюу төрийн алба болон хувийн салбарыг авлигаас ангид байлгах явдал ажээ. Азийн Бодлого судлалын хүрээлэнгээс энэ сарын эхээр явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 93 хувь нь авлига бол ноцтой асуудал гэжээ. Түүнчлэн арван жилийн өмнөхтэй харьцуулахад судалгаанд оролцогчдын тал хувь нь авлигыг ноцтой гэж үзсэн бол ойролцоогоор 80 хувь нь авлигыг төрийн болон хувийн салбар дахь шийдвэрлэвэл зохих гол асуудал гэсэн байна. Тэдний төсөөлөл бодит байдалд үндэслэсэн үү? Өнөөгийн байдлаар саяхан болж өнгөрсөн асуудалтай холбоотой төсөөлөл бага зэрэг ихэссэн байх магадлалтай. Энэ асуултыг хоёр, гурав, эсхүл дөрвөн сарын өмнө асуусан бол төсөөлөл 10-15 хувиар буурах байсан байх. Судалгаанд оролцогчдын 26 хувь нь хууль хяналтын байгууллагууд сул байгаагаас авлига хаа сайгүй байна гэжээ. Төрийн албанд байхдаа салбарынх нь хяналтыг хариуцан ажиллаж байсан хүмүүс төрийн албанаас гарсны дараа тус салбарт орж ажиллах явдал буруу гэж судалгаанд оролцогчдын 54 хувь нь үзжээ. Хэрэв солонгосын нийгэмд авлига түгээмэл байгаа бол хэрхэн шийдэх ёстой вэ? “Хуулиуд нь байгаа боловч хэрэгжүүлэх асуудал чухал байна. Пак Гын Хэгийн Засгийн газар үүнийг шийдье гэж байвал шинээр хуулиуд гаргах бус одоо мөрдөгдөж буй хуулиа хэрэгжүүлэх, авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс шийтгэлээ хүлээж, үүнээс айх зүйл гэдгийг ойлгон ухамсарлан дахин ийм зүйлд оролцохгүй байх нь чухал, өнөөгийн хууль тогтоох байгууллагад ажиллаж буй хүмүүсийн гуравны нэг нь авлигын асуудалд холбоотой” гэж Фриедхофф хэлжээ. 

Эх сурвалж  

Дэлхийн зах зээлд нэвтрэхэд Филиппины авлигын асуудал саад болж байна. 

Үйлдвэрлэгч улсын хувьд дэлхийн зах зээлд нэвтрэхэд Филиппин Улсад авлигын асуудал саад болж байна. Тэгэхдээ засаглалын асуудлаа шийдвэрлэж, гол гол дэд бүтцийг бий болгож, эрчим хүчний хэрэгцээг шийдвэрлэснээр ойрын хэдэн жилд азийн тэргүүлэх орон болох боломжтой гэж Делойт Тоуч Томацу (Deloitte Touche Tohmatsu Ltd. (Deloitte Global)) хэлэв. “Дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2033 он гэхэд дэлхийн өсөлтийг тодорхойлох ба үүнд нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлтийн нийлүүлэлтэд Филиппин Улсын хувьд маш их боломж байна” гэж Делойтын гүйцэтгэх захирал Коулман хэлэв. Делойт глобалын хийсэн судалгаагаар Филиппины Засгийн газрыг төрийн худалдан авалтын ажиллагааг шинэчлэх, төрийн албан хаагчдыг сургах, цалингийн тогтолцоог эргэж харах, мэдээлэл, эрх зүйн орчныг ашиглах зэргээр хээл хахууль, авлигыг багасгахыг уриалсан байна. Ази, Номхон далайн Их сургуулийн Сид Тероза “Манила Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа:”Хэрэв Засгийн газар зам, усан боомтууд гэх мэт дэд бүтцэд сайтар бодож төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг хийснээр барилгын болон тээврийн салбар хөгжиж, үүгээр дамжин ойрын жилүүдэд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт дээшлэх юм. Түүнчлэн маш чухал асуудал бол дараа жил гэхэд АСЕАН-ны эдийн засагт нэвтэрснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ойролцоогоор 2 триллион ам. долларт хүрэх юм. Гэтэл авлига нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх өртгийг өсгөж байгаагаас гадна үр ашиггүй үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн нөөцийг зарцуулахад хүргэж байна. Энэ бүхэн эдийн засгийн үйл ажиллагааг үнэтэй, өрсөлдөх чадваргүйд хүргэж байна. Бид өөрсдийн аж үйлдвэрийн салбарыг бэхжүүлэх хэрэгтэй, дараа нь үйлчилгээний салбарыг дээшлүүлэх шаардлагатай байна. “Дараагийн 20 жилд Филиппины гол гол салбарт аж үйлдвэр, бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг, барилга, тээвэр, ложистик, түүнчлэн мэдээлэл болон харилцаа холбоо юм” хэмээн Делойт глобалаас онцолсон байна. 

Эх сурвалж 

Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадтнежадын засгийн газар төрийн дээд удирдлага дахь авлигын асуудлыг шүүх хурлын үйл явц сөхөв. 

Исламын хувьсгал буюу 1979 оноос хойш ил гарсан 2.6 тэрбум ам. долларын хамгийн том авлигын асуудлыг Ираны төрийн телевизээр мэдээлсэн байна. Махафарид Амир Хосрови буюу Амир Мансур Арийд Ираны дээд шүүхээс цаазаар авах ял оноосныг телевизээр мэдээлэв. Ираны том банкуудын нэг төрийн мэдлийн компаниудыг худалдан авахаар бичиг баримт хуурамчаар үйлдэн зээл авах үйл ажиллагаанд холбогдолтой нь тогтоогдвол нөгөө гурван холбогдогчид мөн цаазаар авах ял оноох аж. Энэ луйврын үйл ажиллагаатай холбоотой шүүх хурлын үеэр маш хатуу хяналттай Ираны эдийн засийн төрийн дээд удирдлага авлагад автсан асуудал ийнхүү хөндөгдсөн байна.

Эх сурвалж 

БНХАУ-ын Эдийн засаг менежментийн сургуулийн Барилга удирдлага ба Үл хөдлөх хөрөнгийн тэнхимийн эрхлэгч, профессор Юн Ли, тус сургуулийн Инженерийн иж бүрдэл ба удирдлагын судалгааны хүрээлэнгийн ажилтан, эрдмийн зэрэг горилогч Мин Шан болон тус сургуулийн Барилга ба хүрээлэн буй орчин факультетын эрхлэгч, профессор Юи Ху нарын судалгааны ажил “Иргэний инженерын америкийн нийгэмлэгийн” эмхлэн гаргадаг сэтгүүлд хэвлэгдэв.

Төрийн барилгын салбар дахь өргөн тархсан авлигын үндсэн шалтгаан нөхцөл, харилцан хамаарлыг судлах нь чухал ач холбогдолтой юм. Тус судалгааны ажил нь зохицуулалтын систем болон үйлдвэрлэлийн эерэг орчин үгүйлэгдэж байгаа зэрэг авлигын хоёр шалтгааныг эмпирик мэдээлэлд үндэслэсэн судалсан байна. Мэдээллийг төрийн албан тушаалтнууд, хятадын барилгын салбар дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс цуглуулсан ба улмаар хамгийн бага квадратын аргаар загвар боловсруулан хүчин зүйлсийн шинжилгээг хийжээ. Шинжилгээний үр дүнгээр зохицуулалтын систем авлигатай шууд хамааралтай гэж гарсан байна. Мөн удирдах албан тушаалтны буруу үүрэг, зохимжгүй даалгавар, хяналт сул, олон төрлийн зөвшөөрөл зэрэг нь мөн шалтгаанд тооцогджээ. Харин эерэг үйлдвэрлэлийн орчин байхгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсэд албан хаагчдын хоорондын харилцаа, талуудын хэт ойр харилцаа, хэт хүнд төслүүд, мэргэжлийн ёс зүй хангалтгүй байх гэсэн байна. Судалгаа нь онолын мэдлэгийг бодит байдал дээр шалгах байв. Ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд, судалгааны ажил зэрэгт зориулан судалгааны зөвлөмж гарсан байна.

Эх сурвалж 

Хятадын эрүүл мэндийн салбарт авлига гамшиг мэт тархсан талаар нэгэн эмч буруутгагдаж байна. 

Хятадын эмнэлгүүдэд эмч нар өвчтнүүдэд шаардлагагүй эмчилгээ, үнэтэй эм тариа хийх байдал газар авснаар үйлчлүүлэгчид хааяа хүчирхийлэл үйлддэг болоод байна. Лан Юуфенг гэгч эхо оношлогооны эмч өөрийн ажиллаж байсан эмнэлгийг өвчтнүүдэд иймэрхүү байдлаар хандаж буй талаар олон нийтэд дэлгэсний төлөө эмнэлгийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарсан ажээ. Тэр хоёр жилийн өмнө 53 настай эрэгтэй өвчтөнд тавьсан зүрхийн стимуляторын хэрэгцээг олж хараагүй ба ямар ч шаардлагагүй төхөөрөмж тавьсан гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс болж түүнийг ажиллаж байсан эмнэлэг нь халсан ч тэрээр өдөр бүр эмнэлэг дээрээ ирдэг ба олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “коридорын эмч” гэсэн нэр зүүгээд байна. Түүнийг хамт ажиллагсад нь эрүүл мэндийн салбарын нэр хүндийг гутаагч гэж үздэг байна. Гэтэл хятадын эрүүл мэндийн салбар, эмийн үйлдвэрүүд өвчтнүүдээсээ хээл хахууль авах, ямарч хэрэггүй эм тариа, эмчилгээ хийх явдал ихээр тархсан байна. Энэ нь зарим нэг тайлан, мэдээнд гарч буй байдлаар өвчтнүүдийн зүгээс эрүүл мэндийн ажилтнууд, эмч нарт халдах, амийг хөнөөх явдал ихэссэн гэсэн дүнтэй байна. Өнгөрсөн 4 дүгээр сард Цянсуугийн Зүүн мужид 45 настай эрэгтэй өөрт нь хагалгаа хийсэн эмчийг буруу эмчилгээ хийсэн хэмээн амийг нь хөнөөсөн байна. Үүнээс 3 сарын өмнө Чжэцян мужид нэг эрэгтэйд чих хамар хоолой эмчийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял оноожээ. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад гурван эмнэлгийн хоёрт нь буюу 2012 оны байдлаар эмч, эмнэлгийн ажилтнуудад халдах явдал 50 хувиар нэмэгдсэн хэмээн хятадын эмнэлгүүдийн холбооноос мэдэгджээ. Эмнэлгийн ажилтнуудыг айлган сүрдүүлэхээс эхлэн амийг хөнөөх хүртэл 21 тохиолдлоос 27 болж бүртгэгдсэн байна. Гэтэл үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаагаар эмчид хандахад маш хэцүү байдаг гэж судалгаанд оролцогчдын 80 хувь нь үзсэн бол 95 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ үнэтэй байсан гэжээ. Зардал өсөж байгаа нь эмнэлгүүдийн борлуулж буй эм, үйлчилгээнээс их хамааралтай юм. Зөвхөн эмнэлгүүд биш эмч нар хүртэл эмийн үйлдвэрийн компаниудаас бонус авдаг байна. 

Эх сурвалж 

Индонезийн Шашны асуудал эрхэлсэн сайдыг исламын мөргөлийн сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт буруутгажээ.

Олон сая долларын асуудалд намайг холбоотой гэх асуудал бол эндүүрэл, мөдхөн шийдэгдэнэ хэмээн Сурадхарма Али мэдэгдсэн байна. 2012-2013 онд Мекка очиж мөргөл үйлдэх хөрөнгөд авлигын асуудал байгаа ба түүнд сайд буруутай талаар Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 20 сая ам.долларын сэжигтэй гүйлгээ тус сангаас хийсний дараа шалгах ажил эхэлсэн юм. Төрд учирсан хохирлын хэмжээг тооцож байгаа боловч тухайн үед шашны номлогч нарт зориулан 86 сая ам. долларын санхүүжилт хийж байсан ажээ. Бусад улстай харьцуулахад Индонези Улс нь лалын шашинтай орон учир жил бүр Саудын Арабын Мекка руу номлогчид явдаг байна. Сүсэгтнүүд мянга мянган доллар төлж олон жилийг хүлээн тэрхүү номлогчдын тоонд багтахыг хүсдэг. Шашны асуудал эрхэлсэн яам нь эдгээр хүмүүсийн мөнгөнөөс эх үүсвэр нь бүрдсэн тусгай зорилтот сан ажлуулдаг аж. Али огцрохыг хүсээгүй ба тэрээр Сусило Бамбанг Юдхойно ерөнхийлөгч асаны засгийн газрын авлигын хэрэгт холбогдсон сүүлийн төрийн өндөр албан тушаалтан юм. Индонези Улс нь Трансэрэнси интернэншл байгууллагын 177 оныг хамруулсан судалгаагаар 114 дүгээр байрт орсон юм.

Эх сурвалж 

Залуучуудын шударга байдлын судалгааг Фижи, Индонези, Өмнөд Солонгос, Шри ланка зэрэг улсын залуучуудын дунд явуулав.

Транспарэнси интенэшнл олон улсын байгууллагаас сайн дурынхныг бэлтгэн Фижи, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсад тус бүрээс нь 15-30 насны 1000 залуучуудыг хамруулсан судалгаа зохион байгуулав. Залуучууд хууль, дүрэм, журам бодит байдал хэрэгжиж байгаасай гэж хүсдэг байна. Төр засаг, өөрсдийнхөө үе тэнгийхэн, ахмад үеийхнийг ил тод шударга байх нь аж төрөхөд нь тустай гэж тэд үзсэн байна. Төрийн байгууллага, боловсролын байгууллага, эцэг эх болон бусад оролцогч талууд өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан өөрчлөлтийг хийснээр залуучууд шударга нийгэмд аж төрөх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Хэдийгээр судалгаанд оролцогчдын 80 хувь нь авлигын эсрэг ямар нэгэн арга хэмжээнд оролцоход бэлэн байдаг гэдэгт итгэдэг ч судалгаанд оролцогчдын дөрөвны гурав нь хувийн ашиг хонжоо олж тухайлбал, ах дүү, танил талаа ашиглан ажилд орох, эсхүл сонгон шалгаруулалтаас гадуур сургуульд ороход бэлэн гэж хариулжээ.

Эх сурвалж 

Бангладеш Улсын Авлигатай тэмцэх байгууллага Үндсэн хуулийн хүрээнд бодит байдал дээр бие даасан хараат бус байхыг эрмэлзэж байна.

Авлигатай тэмцэх байгууллага өөрийн 2013 оны үйл ажиллагааны тайландаа Үндсэн хуулийн хүрээнд бие даасан хараат бусаар үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тайланд дурдсанаар олон авлигын хэргийг бусад төрийн байгууллагын идэвхгүй, сул байдлаас шалтгаалан шалгах боломжгүйд хүрсэнийг тэмдэглэжээ. Дэлхийн олон оронд авлигатай тэмцэх байгууллага нь Үндсэн хуулийн этгээд байдаг. Гэтэл Бангладеш Улсын хувьд ийм нөхцөлөөр хангагдаагүй байна. Иймд Үндсэн хуулиар тус байгууллагын эрх, үүргийг тодорхойлж өгөх шаардлагатай байна. Байгууллагын жилийн үйл ажиллагааны тайланг 5 дугаар сарын 21-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох механизм бүрдээгүйгээс олон тохиолдлыг тодорхой хянаж шалгаж чадахгүй байна хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн үндэсний хууль тогтоомжийг олон улсын сайн туршлагад нийцүүлэх шаардлага байгааг ч дурджээ. Нөгөө талаас тус байгууллагын салбар, нэгжийг бүх дүүрэгт байгуулах нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхтэй явуулахад түлхэц өгөх юм. Одоогийн байдлаар тус байгууллага зөвхөн 22 дүүрэгт үйл ажиллагааг хүргэж чадаж байгаа бөгөөд 2011-2013 оны хооронд 1598 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс 811 хэргийг тус байгууллага илрүүлсэн байна. Шүүхээс 690 хэрэгт ялын тогтоол үйлджээ. 

Эх сурвалж