Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.02-08/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.02-08/

Япон улс Вьетнамд үзүүлэх тусламжаа хээл хахуулийн хэргийн улмаас түдгэлзүүлээд байна. 

Вьетнамын нийслэл Ханой хотод байрлах Японы элчин сайдын мэдэгдэж байгаагаар Японы санхүүжилтээр хэрэгжиж буй тус хотын төмөр замын төсөлтэй холбоотой хээл хахуулийн хэргийн улмаас Японы тал Вьетнамын Засгийн газарт үзүүлж байсан хөгжлийн албан ёсны тусламжаа түдгэлзүүлээд байгаа аж. 

Эдгээр санхүүжилтийн дотроос Ханой хотын төмөр замын 1-р шугамыг барих төслийн санхүүжилтийн эхний хэсгийг царцаагаад байгаа талаар элчин сайд мөн мэдээлсэн юм. 

Өнгөрсөн 5 дугаар сард Токиод байрлах “Japan Transportation Consultants Inc.(JTC)” нэгдэлтэй хууль бусаар гэрээ хийсэн хэргээр Вьетнамын төмөр замын 6 ажилтан саатуулагдсаны дараа зохион байгуулагдаж байгаа талуудын уулзалтын үеэр энэхүү мэдэгдлийг хийж байгаагаараа онцлог болж байгаа юм. 

Элчин сайдын мэдэгдэж байгаагаар JTC нэгдэл болон Вьетнамын төмөр замын корпорацын аль нь буруутай болохыг нарийн тогтоож, энэ төрлийн үйлдэл цаашид гарахаас сэргийлэх алхам хийгдсэний дараа тусламжийг сэргээхийг Японы тал хүсч байгаа, Вьетнамын талаас явуулж буй мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн Японы тал тусламжаа сэргээх талаар шийдвэр гаргана гэжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр 2009-2014 оны хооронд Японы JTC нэгдэл Вьетнам, Индонез, Узбекистан зэрэг улсуудад хэрэгжүүлсэн төсөлд оролцсон албан тушаалтнуудад хээл хахууль болгон 160 сая орчим иенийг төлсөн болохыг тогтоогоод байгаа юм. 

Ийнхүү хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээний дараагаар Вьетнамын хууль хяналтын байгууллагууд Төмөр замын дэд дарга зэрэг 6 албан тушаалтныг саатуулаад байгаа юм. 

Эх сурвалж

Авлигын эсрэг тууштай тэмцсэний үр дүнд Бурунди Улсын энэ оны татварын орлого 13 хувиар өснө. 

Бурунди Улсын татварын албан дарга Киеран Холмес /Kieran Holmes/-ын хэлж байгаагаар энэ онд тус улс авлигатай тууштай тэмцэж, татвар хураалтад үр ашигтай байдлыг нэмэгдүүлснээр татварын орлого 13 хувиар нэмэгдэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ. 

“Бид томоохон татвар төлөгчдөөсөө 100 хувь, дунд хэмжээний татвар төлөгчдөөсөө 83 орчим хувийн хамралттайгаар татвар цуглуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэж Киеран Холмес Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Тэрээр хэлэхдээ “бид авлигыг татвараар орлуулж байгаа” гэсэн юм. Тус улс 2010 онд нийт 363 тэрбум франктай тэнцэх хэмжээний татвар цуглуулсан юм. 

2005 онд иргэний дайнаас салсан, далайд гарцгүй тус улс авлигын талаарх олон улсын судалгаануудын дүнгээр Зүүн Африкийн улс орнуудын дунд авлигад хамгийн их автсан улсаар сүүлийн жилүүдэд нэрлэгдсээр байна.

Сүүлийн 10 гаруй жил эдийн засгийн өсөлт нь 4-өөс доогуур хувьтай байгаа тус улсын эдийн засаг нь цай, кофены экспортоос ихээхэн хамааралтай байдаг. 

“ДНБ-ий өсөлтийг 4 хувиас илүү болгох шаардлагатай байна. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэх болно” гэж татварын албан дарга Киеран Холмес хэлсэн байна. Мөн түүний хэлж байгаагаар тус улсад тулгараад байгаа хамгийн том саад бол хууль ёсыг дээдлэх байдал маш доогуур байгаа явдал ажээ. 

Эх сурвалж 

Италийн Венец хотын даргыг авлигын хэргээр саатуулаад байна. 

Өнгөрсөн лхагва гарагт Венец хотын дарга болон бусад 30 гаруй хүнийг тус хотын үерийн хамгаалалтын олон сая долларын төсөлтэй холбоотой авлигын хэрэгт холбогдуулан Италийн холбогдох байгууллага саатуулаад байна. 

Венец хотын дарга Жоржио Орсони /Giorgio Orsoni/-ийг тус хотын үерийн хамгаалалт барих төслөөс урвуулан ашигласан хэрэгт буруутгаад байгаа бөгөөд түүнийг гэрийн хорионд оруулсан байгаа ажээ. Мөрдөн байцаагчид мөн парламентийн доод танхимын нэгэн гишүүн болон Венецийн бүсээс сонгогдсон хэд хэдэн сонгуульт албан тушаалтнуудыг саатуулсан байна.

Итали улсад авлигын гэмт хэрэг ховор үзэгдэл биш юм. Прокурорууд хотын даргыг төсвийн хөрөнгийг “улс төрийн зорилгоор ашигласан” хэрэгт буруутгаад байгаа бөгөөд мөрдөн байцаагчид үерийн хамгаалалтын төслийн гэрээг байгуулахын тулд улс төрчдөд 25 сая орчим евро буюу 34 сая долларыг хээл хахуульд өгсөн эсэхийг шалгаж байгаа юм. 

Энэ хэрэг дээр ажиллаж байгаа прокуроруудын нэг болох Карло Нордио /Carlo Nordio/ телевизэд ярилцлага өгөхдөө “орон нутгийн бизнесменүүд болон улс төрчид хамтран хээл хахууль өгөх, хөрөнгө завших зорилгоор Швейцари, Сан Марино зэрэг улсуудаар дамжуулан мөнгө угаах нарийн зохион байгуулалттай систем бий болгосон байсан” гэжээ. Түүнээ хэлснээр улс төрчдөд хээл хахууль өгөхийн тулд бизнесменүүд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хуурамч зөвлөхийн гэрээ байгуулах, ханшийг зохиомлоор унаган төлбөр хийх зэрэг хууль бус үйлдэл гаргасан ажээ. 

Венец хотын үерийн хамгаалалтын энэхүү төлөвлөгөө сүүлийн хэдэн жилийн турш маргаан, санал зөрөлдөөн ихтэй асуудлын нэг байсаар ирсэн юм. Усны түвшин нэмэгдэхээс хамгаалах зорилго бүхий далд далангийн системийн энэ төсөл 5-6 жилийн өмнө маргаантайгаар эхэлсэн юм. 

Өнгөрсөн оны 7 дугаар сард Италийн цагдаа нар тус төсөлтэй холбоотой авлигын хэргээр Италийн Аж үйлдвэрийн консорциумын ерөнхийлөгчийг баривчилж байсан юм. Венец хотын даргыг баривчлахаас гадна албаныхан экс ерөнхий сайд Силвио Берлусконигийн тэргүүлдэг “Forza Italia” намын гишүүн, соёлын өв хариуцсан сайд асан Гианкарло Галан /Giancarlo Galan/-ийг баривчлахыг хичээж байгаа аж. Учир нь Гианкарло Галан бол олон жилийн турш Венецийн захиргааны асуудлыг хянаж байснаас гадна одоогоор парламентийн гишүүн бөгөөд түүнийг шалгахад гишүүний халдашгүй байдал саад болсоор байгаа юм. 

Өөр нэгэн эрхэм буюу Венец хотын даргаар өмнө нь ажиллаж байсан Массимо Кассиари /Massimo Cacciari/-“ Sky Tg24” агентлагт өгсөн ярилцлагадаа “энэ байдлаар Италид нийтийг хамарсан томоохон ажил эхлүүлэх бүрт л авлига, хээл хахуулийг бий болгож байна. Бүх зүйл цөөн хүн эсвэл цөөн аж ахуйн нэгжийн гарт орж, бөөгнөрсөн тул тэд юу хүссэнээ хийж байна” гэсэн юм.

Итали улс нь ТИ байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар өнгөрсөн онд 177 улс орноос 69 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм. 

Эх сурвалж 

Казахстан дахь авлига бол гадаадын шууд хөрөнгө оруулалт дахь хамгийн том саад. 

Казахстаны Парламентийн гишүүн Турсунбек Омурзаков /Tursunbek Omurzakov/-ийн хэлснээр “Казахстан улсад төрийн үйлчилгээг авах цорын ганц арга зам бол авлига, хээл хахууль” болоод байна хэмээн Казахстаны “Tengrinews” агентлаг мэдээллээ. 

Түүний хэлснээр Казахстан дахь бизнесийн орчинг сайжруулахын тулд тус улсын Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч авлига, хээл хахуулийн улмаас эдгээр хүчин чармайлтууд нь талаар болж байгаа ажээ.

“Үндэсний банкны 2013 оны тайланд дурдсанаар тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 17 хувиар буурсан байгаа нь Казахстан дахь хөрөнгө оруулалтын орчин хангалттай бүрдээгүйг илэрхийлж байна” гэж тэрээр хэлсэн байна. 

Трансперэнси Интернэшнл байгууллагын судалгаагаар тус улсын авлигын нөхцөл байдал улам бүр муудаж байгааг тэрээр онцолсон юм. “ТИ-ийн авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 180 улс орноос 140 дүгээр байрт бичигдэж байна, мөн сүүлийн жил 6 байраар ухарлаа. Эдийн засаг болон хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулахын тулд Казахстан Улс томоохон алхам хийх шаардлагатай байна. Судалгаагаар төрийн үйлчилгээг авах ганц арга, зам бол авлига, хээл хахууль болсон байна. Судалгаанд оролцсон иргэдийн 39 хувь нь бэлэг хэлбэрээр төрийн албан хаагчдад хахууль өгсөн байхад мөн 33 хувь нь төрийн үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэхийн тулд хээл хахууль өгсөн байна” гэж Турсунбек Омурзаков хэлсэн байна. 

Мөн түүний хэлж байгаагаар “Ernst and Young” фирмийн явуулсан судалгаагаар ирэх 3 жилийн хугацаанд бүх гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 орчим хувь нь Казахстаны уламжлалт үйлдвэрлэл буюу эрчим хүч, уул уурхайд чиглэх ажээ. 

Энэ оны эхээр Казахстаны Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд урамшууллын шинэ багцыг гаргаад байгаа бөгөөд энэ нь тус улс хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулах талаар ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нэгэн илэрхийлэл болж байна. 

Эх сурвалж 

Малайзын Авлигатай тэмцэх хороо хээл хахуулийн хэргээр Хятадын компанийг шалгаж байна. 

Малайзын цахилгаан холбооны салбарын нэгэн компанийн гүйцэтгэх захирал хятадын талын нийлүүлэгч “ZTE”-ийн менежерээс олон мянган ринггитээр дүүргэсэн шоколадны хайрцаг хүлээн авсныхаа дараа ихээхэн цочролд орсон байна. Энэ явдлын дараагаар Малайзын компанийн тэрхүү захирал “бэлэг”-ийг нийлүүлэгч талдаа буцаан өгөхийг оролдсон боловч Хятадын компани тэрхүү бэлгийг үгүйсгэсэн бөгөөд үүний дараагаар Малайзын компанийн захирал гомдлоо Малайзын Авлигатай тэмцэх хороонд гаргаад байгаа ажээ. 

Малайзын Авлигатай тэмцэх хорооноос мэдээлж байгаагаар хятадын “ZTE”-ийн Малайз дахь салбар болон энэ явдлаас хойш Малайзыг орхин гарсан хятадын иргэн буюу салбарын менежерийг шалгаж байгаагаа албан ёсоор мэдээлсэн юм. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “ZTE”-ийн салбарын менежертэй хамт Куала Лампур хотод оройн зоог барих үеэр малайзын компанийн захиралд хайрцаг шоколад гэж хэлэн түүнд бэлэг өгсөн байна. Үүний дараагаар гэртээ очиж, хайрцгийг нээж үзэхэд асар их хэмжээний мөнгө байсан тул цочролд орсон ажээ. Мөнгөний хэмжээний талаар одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлж байгаагаар олон мянган ринггит байгаа ажээ. 

Энэхүү явдлын дараа Малайз дахь “ZTE”-ийн салбарын менежер тус улсыг орхин гарсан байна. 

Хэдэн жилийн өмнө “ZTE” тус компанид бүтээгдэхүүн нийлүүлэх онцгой гэрээ байгуулж байсан бөгөөд 2 компанийн харилцаа ч сайн байсан аж. Эрхмүүд зоог барих үеэр уг гэрээний хугацааг сунгах талаар хэлэлцэж байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 
Харин энэ явдалтай холбоотой Малайз дахь “ZTE”-ийн салбарын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй байна. 

“Malay Mail” агентлагийн мэдээлж байгаагаар “ZTE” компанийн хуулийн хэлтсээс баталсан журмын дагуу салбарын менежерийн түвшний ажилтнууд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол албан тушаал, цалинг нь 4 шатлалаар бууруулах журамтай ажээ. 
Энэ хэрэгт холбогдоод байгаа “ZTE”-ийн салбарын менежерийн хувьд тус компанид 2000 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Малайз дахь салбарын менежерээр жилийн өмнөөс томилогдон ажиллаж байсан юм. 

Ийм төрлийн хээл хахуулийн хэрэг бол “ZTE”-ийн хувьд анхных биш юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад улс орнуудад тус компани ийм төрлийн хэрэгт холбогдож байсан бөгөөд улмаар хэд хэдэн улс орнууд “ZTE”-г ямар нэгэн тендерт оруулахыг хориглосон байдаг юм. 
“ZTE” нь 1985 онд Хятад улсад байгуулагдсан дэлхийн 160 орчин улс оронд сүлжээний төхөөрөмж болон цахилгаан холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгч компани юм. 

Эх сурвалж 

Рафел Хуйг нууцаар төлбөр авдаг байсан гэж Хонконгийн шүүхэд прокурорууд мэдэгдлээ. 

Хонконг Улсад томоохонд тооцогдох авлигын гэмт хэргийн шүүх хурлын үеэр прокурорууд Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Рафел Хуй /Rafael Hui, ex-Chief Secretary of Hong Kong/ нь Засгийн газраас дэмжлэг хүссэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагуудаас нууцаар төлбөр авдаг байсан гэж үзэж байгаагаа тайлбарласан байна. 

Азийн хамгийн томд тооцогдох үл хөдлөх хөрөнгийн компанийн “Sun Hung Kai Properties”-ийн хамтран эзэмшигчид болох тэрбумтан Томас Квох болон Раумонд Хвох нар Рафел Хуйгийн хамт буруутгагдаад байгаа бөгөөд тэдний шүүх хурал үргэлжилсээр байгаа юм. 
2005-2007 онд Хонконгийн төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Рафел Хуй-д нийтдээ 37 сая хонконг доллар буюу 4.77 сая ам. доллартой тэнцэх хэмжээний зээл болон нэмэлт төлбөр төлсөн гэх гэмт хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм. Харин тэд энэ хэргийг үйлдээгүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм. 

Энэ хэрэг нь үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан болон Британийн колони байсан тус улсын удирдлагын хооронд нягт харилцаатай байсныг нэг талаар илэрхийлж байгаа юм. 

Мөн энэ хэрэгт “Sun Hung Kai Properties” компанийн газрын арилжаа хариуцсан захирал Томас Чан /Thomas Chan/ болон Хонконгийн Хөрөнгийн биржийн ажилтан Франциск Кван /Francis Kwan/ нарыг холбогдуулан буруутгаад байгаа юм.

Шүүх хурлын үеэр прокурор Дэвид Перри /David Perry/ хэлэхдээ “Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Рафел Хуй албан тушаал хашиж байх үедээ, албан тушаалаа урвуулан ашиглаж олон сая доллар авдаг байсан” гэжээ. 2007 оны сүүлээр 11 сая хонконг доллартой тэнцэх хэмжээний нууц төлбөр авсан байсан. Энэ төлбөрийг хэн ч мэдэхээргүй арга замаар, маш нууц байдлаар, сайтар боловсруулж хийсэн байсан аж. 

Дэвид Перри энэ хэргийг талаар хэлэхдээ “маш олон төрлийн компаниар дамжуулан, зарим нь Сингапурт байдаг, 10 гаруй данс ашиглан Рафел Хуйг-д хэсэгчилсэн хэмжээгээр бэлэн мөнгө, чек зэрэг хэлбэрээр очиж байсан”-ыг тогтоосон гэжээ. 

Үүнээс гадна Рафел Хуйг өөр албан тушаалд байх үед буюу 2005 онд нийтдээ 17.6 сая хонконг доллартой тэнцэх хэмжээний төлбөр авсан болохыг шүүх хуралд Дэвид Перри танилцуулсан байна. Тэрээр мөн “Sun Hung Kai property” компанийн тансаг зэрэглэлийн байранд түрээсгүйгээр амьдарч, компаниас нэмэлт зээл авч байсан зэрэг нь тус компанитай ихээхэн холбоотой болохыг илэрхийлж байна. “Sun Hung Kai property” компаниас хээл хахууль авснаараа “компанийн засгийн газар дахь нүд, чиг болж байсан” гэжээ. 

Рафел Хуй нь нэгэн үе хотын дарга байсан Доналд Цангд зөвлөхөөр ажиллаж байснаас гадна түүнтэй найз нөхдийн харилцаатай байсан нь хэргийг илүү онцгой болгож байгаа аж.

Энэ хэргийн шүүх хурал ойролцоогоор сүүлийн 4 сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын өндөр албан тушаалтан, банкир, “Sun Hung Kai property” компанийн ажилтан зэрэг нийт 50 гаруй гэрчийг уг хэрэгт холбогдуулан дуудаад байгаа юм. 

Эх сурвалж