Б.Бат-Отгон: Засгийн газрын тэргүүний мэдэгдлүүд санаа зовоож байна

A- A A+
Б.Бат-Отгон: Засгийн газрын тэргүүний мэдэгдлүүд санаа зовоож байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонтой ярилцлаа. 

-АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс яг ямар чиг үүрэгтэй вэ. Өмнө нь танд энэ асуултыг тавьж л байсан байх. Уншигчиддаа дахин сайн ойлголт өгөх зорилгоор дахин асууж байна?

-За, маш энгийнээр зүйрлэе л дээ. Өвлийн сүүл, хаврын эхээр манайд ханиад томуу нэлээд ихэсдэг шүү дээ. Тэр үед бид яадаг билээ. Аль болох дархлаагаа дэмжих зорилгоор аарц уух, адууны махаар битүү шөл хийж идэх, магадгүй арай сүүлийн үеийн залуучууд бол витамин уух зэргээр нийтийг хамарсан ханиад томуугаас сэргийлдэг ямар нэгэн арга айл өрх бүрт байдаг. Өөрөөр хэлбэл бүр бичигдээгүй хууль гэдэг шиг тогтоод хэвшчихсэн байдаг. Яг үүнтэй адил манай хэлтэс авлига, ашиг сонирхлын зөрчил гээд одоо хаа сайгүй яригдаж, олон янзын судалгаагаар нийгэмд нүүрлээд байгаа хамгийн хүнд асуудлуудын нэг болоод байгаа тэр сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог төрийн байгууллага бүрт хэвшил болгохын төлөө ажилладаг. Жишээ нь, аливаа төрийн байгууллага нэг худалдан авах ажиллагаа явууллаа гэхэд тухайн ажиллагааны талаарх мэдээллээ хуулийн шаардлагын дагуу бүгдийг нь хэнээр ч хэлүүлж, шаардуулалгүйгээр тогтоосон хугацаанд ил болгодог явдлыг хэвшүүлэх гэсэн үг. 

Үүний тулд хуулиар тогтоосон эрх үүргийнхээ хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь ил тод байдлыг хангуулах байдаг. Манай хэлтсийн зүгээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцтэй холбоотой мэдээллүүдийг нь ил тод болгуулах чиглэлээр нэлээд хүч, хөрөнгө, цаг хугацаа зарж ажиллаж байна. Янз бүрийн арга хэрэглэж байна. Харьцангуй үр дүн гарч байгаа. Нөгөө нэг үндсэн чиглэл маань авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг олон нийтэд таниулах ажлыг мөн хийдэг. Янз бүрийн гарын авлага гаргах, уулзалт цуглаан ярилцлага, уралдаан тэмцээн зохион байгуулах, сургалт сурталчилгааны ажил хийх гээд нэлээд олон төрлийн үйл ажиллагаа хамардаг.

-Энэ ажлыг хариуцан ажилладгийн хувьд төрийн байгууллага дахь авлига буурч байна гэж үзэж байна уу?

-Мэдээж, бууруулахын төлөө ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаа хүн бүрийн тэргүүн зорилго нь энэ гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Үүний тулд авлига буурах үндэс суурь, орчныг бүрдүүлэх ажил маань их хугацаа авах, мөн дээрээс нь нэлээд эсэргүүцэлтэй тулах ажил. Энэ орчин бүрдсэн тохиолдолд авлига статистик дүнгээрээ ч тэр, бодит амьдрал дээр ч тэр дорхноо л буурах ёстой. Гэхдээ авлигыг таслан зогсоох бүхий л таатай орчин бүрдэхийг хүлээн суулгүй бодит үр дүнд бас хүрч болно. Үүнд нийтийн албан тушаалтнууд, ялангуяа удирдах ажилтнуудын хүсэл эрмэлзэл маш чухал. Нэг жил, эсвэл нэг сарын дотор хийчих ёстой асуудлыг тухайн байгууллагын удирдлагын хүсэл эрмэлзэл байхгүй л бол хэдий хугацаанд ч хойш нь тавьж болдог тийм тогтолцоо манайд үйлчлээд байна. Тэгэхээр авлигатай тэмцэх ажлыг үр дүнд хүргэхэд эрх мэдэл бүхий удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл хамгийн чухал гэдгийг би бүр онцлон хэлмээр байна. 

-Тэгэхээр хүсэл эрмэлзлэлтэй байгааг нь яаж мэдэх вэ?

-Манайхан хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэдгээ зөвхөн олон нийтэд шоу байдлаар илэрхийлээд л боллоо гэсэн ойлголттой байдаг л даа. “Авлигагүй хамт олон болох нэг сарын аян зарлалаа”, “Хамт олноороо авлигаас ангид байх амлалт өглөө” гэх мэтчилэн ажлуудыг ихээхэн сүр дуулиантай, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад хийдэг. Мэдээж ийм ажлууд хийж санаачилж байгаа нь сайн хэрэг боловч өөр бусад жинхэнэ авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах янз бүрийн хуулиудын шаардлага болсон тэдгээр тогтолцоог бий болгох ажлыг дандаа орхигдуулсан байдаг. Тухайлбал ил тод нээлттэй болгох ажлыг “жинхэнэ” утгаар нь зохион байгуулахыг орхигдуулдаг талтай. 

Тэгэхээр би хүсэл эрмэлзэлтэй байна гэж юу хэлж байгааг нэг бодит жишээн дээр тайлбарлая. Төрийн байгууллага бүр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлээд нэлээд хэдэн жил болж хэвшсэн. Гэхдээ хэр зэрэг бодитой байна вэ гэдэг нь гол асуудал. Өөрөөр хэлбэл, цаасан дээр л сайхан тунхаглалын төлөвлөгөө, тайлан гаргаад яваад байсан. Энэ байдлыг бид өөрчлөөд төлөвлөгөөг төлөвлөлтөөс нь эхлээд арай бодитой болгох арга замыг эрэлхийлээд өнгөрсөн жилээс эхлээд шинэчилсэн аргачлал боловсруулаад төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтэд хувийн байгууллагуудаар хөндлөнгөөс үнэлгээ хийлгэж эхэлсэн. Тэгээд үр дүнг нь жагсаалтаар гаргаад ирсэн. Жагсаалт л юм чинь сайн, муу нь ялгараад гараад ирнэ шүү дээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зарлаад, цахим хуудсуудаар байрлуулсан. Үүний дараа төрийн байгууллагын удирдлагууд энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн. Манайх яагаад ийм муу болчихов, яав ийв гээд. Бид хүсэлт тавьж өөрсдөө очиж арга зүйн зөвлөгөө өгдөг байсан бол өөрсдөө хүрч ирээд энэ асуудлыг сайжруулахад юунд анхаарах вэ гээд анхаарч эхэлсэн. Төрийн байгууллагын удирдлагын зүгээс асуудалд анхаарал хэрхэн хандуулах нь ажлын чанарт нөлөөлж байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Байгууллагын удирдлагууд нь энэ асуудлыг тодорхой нэг ажилтандаа хариуцуулж, анхаарал хандуулах болсон. Тэгэхээр бид хүмүүсийн хандлагыг бага ч гэсэн өөрчлөх, асуудлын чухлыг ойлгуулах тал дээрээ ахиц гаргалаа гэж үзсэн. Төрийн ихэнх байгууллагуудын энэ асуудлыг хариуцсан ажилтнуудтай манай албан хаагчид байнгын, нэлээд сайн ажил хэргийн харилцаатай болсон. 

-Ажил хийж байхад хүндрэл бэрхшээл тохиолддог. Та бүхний санааг одоо юу зовоож байна вэ? 

-Сүүлийн үед Засгийн газрын тэргүүний зүгээс хийж байгаа мэдэгдлүүд, Засгийн газрын зүгээс манай байгууллагад хандаж буй хандлага нь хуулийн хэрэгжилтийг хангуулахад хамгийн их үүрэгтэй оролцдог гүйцэтгэх засаглалын хэмжээнд сөргөөр нөлөөлж, хэвшил болж эхэлсэн ажлуудыг маань буцаагаад үгүй хийчих вий дээ гэж санаа зовж байгаа. Энэ нь нийгэмд өөрөө асар хортой шүүдээ. Яагаад ингэж хэлж байна гэхээр, бид энэ онд Засгийн газар, түүний харьяа яам, агентлагуудтай хамтран зохион байгуулахаар нэлээд олон ажил төлөвлөсөн байгаа. Угаасаа л жил болгон төлөвлөдөг. Яам, агентлагийн удирдлагуудтай хоёр удаагийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, яг амьдрал дээр нийтлэг гарч байгаа зөрчил, дутагдлын талаар харилцан санал солилцох ажлыг гуравдугаар сард хийх гээд бүх бэлтгэл нь хангагдаад, зохион байгуулалтын зардлыг нь олон улсын байгууллагаас гаргуулаад урилга нь тарсан байхад гэнэт тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэсэн. Одоо болтол хийгдээгүй л байна. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх хамгийн эрсдэл бүхий салбар болох худалдан авах ажиллагааны асуудлаар бүхий л шатны төлөөллийг нь оролцуулсан уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаад дээрх тохиолдлын адил бүх юм нь бэлэн болсон хойно бас Засгийн газраас цуцалсан. Уг нь энэ ажил маань бүр өнгөрсөн 2013 оны сүүлээс эхэлсэн шат дараатай арга хэмжээ байсан юм. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон даяар хангуулахад Засгийн газрын хамтын ажиллагаа юу юунаас чухал. Бид оны эхнээс аймгуудад ажиллаад, эхний 2-3 аймагт ажилласныхаа дараа орон нутагт байгаа нийтлэг зөрчил, дутагдал цаашид зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Цаг алдахгүй эртхэн засч залруулах үүднээс бусад аймгуудад ажиллаж дуусахаа хүлээлгүй яаравчлан явуулсан л даа. Нэг жишээ дурдахад, аймаг, сумд баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг Засгийн газраас тогтоосон жишиг хэмжээнээс маш ихээр хэтрүүлэн төлөвлөж зарцуулж байна. Энэ нь өөрийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байгаагаараа Авлигын эсрэг хуулийг зөрчөөд байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн. 

Засгийн газар уг нь жишгийн хэмжээг амьдралд нь нийцүүлж өөрчлөх ч юм уу, эсвэл эдийн засгийн хямралтай үед тогтоосон жишигтээ багтааж баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх чиглэл өгөх ёстой л байсан гэж үзэж байгаа. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авсангүй л дээ. Тэгээд энэ жилийн тэр олон ойн баяр наадам ямар их өртгөөр хийгдсэнийг нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугилаа даа. Аймаг, сумдад Засгийн газрын тогтоолоор тогтоосон жишгийг хэд дахин хэтрүүлсэн төсөвтэйгөөр баяр наадмаа тэмдэглэсэн байна. Тэгвэл тэр бүх аймаг, сумаараа мөрдөхгүй бол тэр жишгийг хүчингүй болгох хэрэгтэй биш үү. Энэ чинь өөрөө хууль, дүрэм журмыг нийтээрээ дагаж мөрдөхгүй байх тэр хандлагыг дээд зэргээр өөгшүүлээд байна л гэж үзээд байна. 
Гэхдээ бид хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа аливаа шийдвэрийг хүчингүй болгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүхий л төвшинд хангуулах чиглэлээр уйгагүй ажиллаж байгаа. 

Г.Улсболд
"Үндэсний шуудан" сонин