Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.23-29/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.06.23-29/

Хууль бусаар олсон 200 тэрбум ам. доллартой тэнцэх мөнгийг эргүүлэн авах талаар албан ёсны хэлэлцээр 8 дугаар сард эхэлнэ. 

Пакистаны Төлөвлөлт, хөгжил, шинэчлэлийн сайд Ахсан Икбал /Ahsan Iqbal/ тус улсаас авлига, хээл хахуулийн замаар гарч, Швейцарийн банкиудад байршиж буй 200 тэрбум орчим ам. доллартой тэнцэх мөнгийг буцаан авах талаар албан ёсны хэлэлцээрийг Швейцарийн талтай 8 дугаар сараас эхлүүлэх болно хэмээн пүрэв гарагт мэдээллээ. Тус улсын авлигатай тэмцэх байгууллага болох Үндэсний хариуцлагатай байдлын товчооноос зохион байгуулсан “Сайн засаглал, эдийн засгийн хөгжилд авлигын хор хөнөөл” сэдэвт семинарын үеэр Ахсан Икбал дээр мэдэгдлийг хийсэн бөгөөд түүний хэлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгох, авлигыг устгахын урьдач нөхцөл бол бодлого, улс төрийн тогтвортой байдал болоод байгаа юм.

Тэрээр хэлэхдээ “Ямар ч улс улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэхгүйгээр амжилтад хүрэхгүй. Өндөр хөгжилтэй улс орнууд урт хугацаанд улс төрийн тогтвортой байдлыг хангаж ирсэн түүхтэй байдаг” гэжээ.

Ахсан Икбалийн хэлж байгаагаар тус улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд тэнцвэржээгүй байгаа бөгөөд цаашид эдгээр үзүүлэлтүүдийг тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа аж. Түүний хэлж байгаагаар эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг тэнцвэржүүлэхийн тулд төсвийн зохицуулалтын механизмыг ашиглаж байгаа юм. 

Зөвхөн захиргааны арга хэрэгсэл болон хуулийн зохицуулалтаар авлигын хор хөнөөл буурахгүй юм. Тиймээс олон нийтийг соён гэгээрүүлэх, сайн засаглалыг бүрдүүлэх ёстой гэж тэрээр үзэж байгаа ажээ. Мөн энэ үеэр Үндэсний хариуцлагатай байдлын товчооны дарга Камар Заман /Qamar Zaman Chaudhry/-ын хэлснээр тус товчоо байгуулагдсан цагаасаа хойш авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа хууль сахиулах аргыг түлхүү ашиглаж ирсэн бөгөөд одоогийн байдлаар төсвийн хөрөнгөөс хулгайлагдсан 260 тэрбум руппиг буцаан төлүүлээд байгаа аж.

Дарга Камар Заман хэлэхдээ “цаашид зөвхөн хууль сахиулах стратеги баримтлан авлигатай тэмцэх нь хэтэрхий төвөгтэй асуудал болоод байна. Урт хугацаанд, тогтвортойгоор авлигыг хянахын тулд хуучин ашиглаж байсан хууль сахиулах аргаас гадна авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зэрэг олон төрлийг стратегийг баримтлах шаардлагатай байна” гэжээ. 

Эх сурвалж

Яагаад зарим улс оронд авлигатай тэмцэх байгууллагууд илүү их амжилттай байна вэ?

Авлигын эсрэг амжилттай тэмцсэн улс бол Сингапур, Хонконг юм. Эдгээр улсуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд тухайн улсын авлигатай тэмцэх байгууллага голлох үүрэгтэйгээр оролцож, маш богино хугацаанд амжилтад хүрсэн байдаг. 

Харин Бангладеш, Энэтхэг зэрэг улсуудад авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байна вэ? Харвардын их сургуулийн профессор Нурул Ислам “Бангладеш Улс дахь авлига, авлигыг хянах, өөрчлөлтийг чиглүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл ном гаргаад байна. Уг бүтээл номонд Бангладеш дахь авлигын шинж байдлын талаар өргөн хүрээний мэдээлэл болон тус улсын авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байгаа зэргийг тодорхой авч үзсэн байна. 

Бангладеш Улсын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагын нэрлэж байсанчлан тус улсын авлигатай тэмцэх байгууллага нь “шүдгүй бар” шиг байгаа юм. Нурул Исламын үзэж байгаагаар ерөнхийдөө авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг зөвхөн нэг хуульд нарийн тусгаснаар амжилтад хүрэхгүй аж. Авлигатай тэмцэх байгууллагыг амжилтад хүргэхийн тулд хуулиас гадна хараат бус байдлыг нэмэгдүүлэх үндсэн дөрвөн хэмжээс, шалгуурыг хангах ёстой гэж тэрээр үзэж байгаа аж. Үүнд: а.Гүйцэтгэх засаглалын хяналтаас гадуур байх, б.санхүү болон байгууллагын үйл ажиллагааны хувьд бие даасан байх, в. албан хаагчдын томилгоо нь хараат бус байх, г. Гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны хувьд бие даасан байх зэрэг юм. 

Түүний бүтээлд дурдсанаар дээрх дөрвөн шалгуур, хэмжээсүүдийн хувьд хараат бус байх явдлыг хангах нь зөвхөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулахад баталгаа болохоос гадна тухайн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хэмээн тэрээр үзэж байгаа аж.

Уг бүтээлийг дараахь холбоосоор орж үзэх боломжтой юм. http://www.bids.org.bd/publication/Corruption,%20Its%20Control%20and%20Drivers%20of%20Change.pdf 

Хятадын Үндэсний аудитор төрийн өмчийн 11 компанид хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил байгааг илрүүлжээ.

Хятадын Үндэсний аудиторын газраас төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагад явуулсан шалгалтын үеэр төрийн өмчийн 11 компанид хөрөнгөө хууль бусаар шилжүүлэх, хууль бусаар үл хөдлөх хөрөнгө эзэмших зэрэг олон төрлийн зөрчил, дутагдал байгааг илрүүлээд байна. 

Баасан гарагт гаргасан аудиторын тайланд дурдсанаар эдгээр компаниудын дунд “Петрочайна” компанийн толгой компани “Чайна Нашионал Петролиум Корпораци (CNPC)” болон Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 10 гаруй компанийн толгой компани болох “Чайна Ресоурс Холдинг” зэрэг томоохон компаниуд багтаад байгаа юм.

Төрийн өмчийн болон хувийн компаниудын дунд улс төр болон эрх зүйн тэнцвэртэй орчин бүрдүүлэх зорилгоор төрийн өмчит компаниудын удирдлага, менежментийн орчинд тус улсын Засгийн газар өнгөрсөн жил өөрчлөлт оруулсны дараагаар эдгээр компаниудыг шалгах үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм. Мөн тус улсын Засгийн газрын зүгээс төрийн өмчит компаниудын удирдлага, менежментийн өөр өөр бүтцийг турших хэд хэдэн хөтөлбөрийг ч хэрэгжүүлээд байгаа юм.

Аудиторын тайланд дурдсанаар Хятадын барилга, инженерийн хамгийн том компани болох “China Metallurgical Corporation” Пакистан, Австрали, АНУ-ын компаниудад хөрөнгө оруулалт хийх явцдаа техник эдийн засгийн үнэлгээгээ хангалттай хийгээгүй мөн засгийн газраас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсаны улмаас нийтдээ 3 тэрбум юань (483.17 сая ам. доллар)-ийн хохирол учруулсан байна.

Мөн тайланд “China South” компани хилийн чанд дахь 17 компани хөрөнгө оруулалттай холбоотой зөв менежмент хийгээгүйн улмаас 138 сая ам. долларын хохирол учирсан байгаа зэргийг дурдсан байна.

Аудиторын мэдэгдэж байгаагаар төрийн өмчийн том 11 компанийн 190 орчим ажилтан үүний дотор өндөр түвшний албан тушаалтай 32 хүн “энэ асуудалтай холбоотой” хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор дээрх 11 компани дор бүрнээ уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны мэдэгдэл хийгээд байгаа юм. Эдгээр компанийн нэг болох “Петрочайна” компани “Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр гүйцэтгэсэн асуудлыг шийдвэрлэх болно, холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээнэ. Аудитын гаргасан дүгнэлт компанийн цаашдын үйл ажиллагаа болон санхүүгийн асуудалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болно” гэжээ.

Эх сурвалж

Тайландын авлигатай тэмцэх байгууллага “ASEAN” -ны хамтрагч болон Филиппиний Омбудсманы байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулж байна. 

“ASEAN”-ны орнуудын авлигатай тэмцэх байгууллагууд хил дамнасан авлигатай тэмцэхэд бэлэн үү? “ASEAN”-ны хэмжээнд авлигын эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо санаачилга гарган ажиллаж байна. 

2014 оны 6 дугаар сарын 13-нд Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо Филиппиний Омбудсманы газартай харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зураад байна. Уг санамж бичигт Үндэсний авлигатай тэмцэх хорооны дарга Panthep Klanarongran болон Омбудсманы газрын дарга Conchita Morales нар гарын үсэг зурсан байна.

Харилцан ойлголцлолын санамж бичигт хоёр талын нийтлэг зорилт болох авлигыг устгах чиглэлээр хамтран ажиллах, цаашид стратегийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр томоохон заалтууд тусгагдсан байна. Ялангуяа, авлигатай тэмцэх чиглэлээр хоёр талын чадавхийг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах чиглэлүүдийг тогтоож өгсөн байна.

Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо болон Филиппиний Омбудсманы газар өнгөрсөн 12 дугаар сараас хойш уг санамж бичгийг байгуулахаар ажиллаж байсан бөгөөд Бангкок хотноо “ASEAN” –ны улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагуудад зориулсан дугуй ширээний уулзалтын үеэр уг санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Одоогийн байдлаар Тайланд улсын Үндэсний авлигатай тэмцэх хороо “ASEAN” –ны улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагууд болох Вьетнамын Засгийн газрын хянан шалгах хороо, Малайзын авлигатай тэмцэх хороо, Индонезийн Авлигыг устгах хороо, Брунейн Авлигатай тэмцэх товчоо, Лаосын Төрийн хяналт, авлигатай тэмцэх агентлаг, Филиппиний Омбудсманы газар зэрэг 6 газартай харилцан ойлголцлолын санамж бичгийг байгуулаад байгаа бол энэ оны 9 дүгээр сард мөн Камбожийн Авлигатай тэмцэх нэгжтэй санамж бичгийг байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

Эх сурвалж

Бирм Улсын шашны асуудал эрхэлсэн сайд хөрөнгө урвуулан ашигласан хэрэгт буруутгагдлаа. 

Пүрэв гарагт орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Буддын шашин давамгайлсан Бирм Улсын Шашны асуудал эрхэлсэн сайд Хсан Шинт /Hsan Sint/ авлигын хэрэгт буруутгагдсан, саатуулагдаад байгаа аж. 

Мөн тус улсын ерөнхийлөгч Тейн Сейн /Thein Sein/ төрийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхдээ Хсан Шинт авлигын хэрэгт холбоотойгоор ажлаасаа халагдсан гэсэн юм. 

Бирмийн “7Day Daily” агентлагийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны 1 дүгээр сард Шашны асуудал хариуцсан сайдаар томилогдсон Хсан Шинт сайдын төсвийн багцыг урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Тус сонинд бичсэнээр түүнийг “төсвийн мөнгийг хувьдаа завшсан” хэрэгт буруутган шүүхэд дуудаад байгаа аж. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сайдын төсвөөсөө өнгөрсөн оны 9 дүгээр сард 10740 ам. доллар зарцуулан өөрийн гэр бүлийн нэрээр жижиг хийд бариулсан аж. Мөн уг барилгын ажилд 3375 ам. долларын өртөг бүхий албаны машин, түлш зэргийг байгууллагаасаа зарцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх мөнгөн дүнгээс зөвхөн 2860 ам. долларыг л 11 дүгээр сард буцаан төлсөн байна.

Уг хийдийн барилгын ажил өнгөрсөн оны 12 дугаар сард дууссан бөгөөд энэ үед сайдын төсвөөсөө мөн 7360 ам. доллартой тэнцэх хэмжээний мөнгийг завшсан гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж