Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.07-13/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.07.07-13/

Хятадын төрийн мэдлийн төв телевиз “ССТV”-ээр “Bank of China”-г мөнгө угаах үйлчилгээг үзүүлсэн хэмээн буруутгаж байна.

Хөрөнгөө шилжүүлэхийг хүссэн хятадын баячуудад туслах зорилгоор тус улсын төрийн мэдлийн 2 том банк гадаад валютын холбогдох зохицуулалтыг зөрчин хилийн чандад ихээхэн хэмжээний шилүүлэг хийдэг байж магадгүй болоод байна. 

Хятадын төрийн төв телевиз “ССTV”-ийн зүгээс Хятадын банкны салбар дахь “том 4” компанийн нэг болох “Bank of China”-г хятадын баячуудад дээрх үйлчилгээг үзүүлэх замаар “мөнгө угааж байна” гэж мэдээллээ. Тус телевизийн нууц камер бүхий сэтгүүлчид Гуандон дахь “Bank of China”-ийн салбарын нэгэн ажилтан их хэмжээний мөнгийг хууль зөрчин хэрхэн хилийн чандад гаргаж болох талаар ярьсан бичлэгийг өнгөрсөн лхагва гарагт тус телевиз эфирт цацсан юм.

Хятадын хуулийн дагуу иргэн хүн нэг жил 50000 ам. доллароос дээшгүй хэмжээний мөнгийг хилийн чандад шилжүүлж болдог.

Энэ төрлийн үйлчилгээг үзүүлж буй банк бол зөвхөн “Bank of China” ч биш байж магадгүй аж. Нэгэн эх сурвалж өнгөрөгч пүрэв гарагт “South China Morning Post”-д өгсөн ярилцлагад дурдсанаар хятадын Төрийн зөвлөлийн шууд удирдлагад байдаг “Citic Group”-ийн “China Citic Bank” ч мөн энэ үйлчилгээг үзүүлдэг ажээ.

“Энэ бол гарцаагүй хууль бус бизнес” хэмээн нэгэн эх сурвалж хэлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хятадын төв банк буюу Хятадын Ардын банк -ны Гуанжоу дахь салбараас зөвшөөрөл авсны дараа “Bank of China” болон “China Citic Bank”-иуд энэхүү үйлчилгээг үзүүлэх боломжтой болдог байна. Тиймээс Хятадын Ардын банк ч энэ бизнесийн талаар сайн мэдэж байгаа” гэжээ.

Тус банкийг мөнгө шилжүүлэх “Youhuitong” хэмээх платформдоо үндсэн хэрэглэгчийнх нь талаар хуурамч мэдээлэл оруулан “илэрхий байдлаар мөнгө угаах үйлчилгээ” санал болгож байгаад нь “ССTV”-ийн зүгээс буруутгаад байгаа юм. 

Дээрх нэвтрүүлгийн дараагаар “Bank of China”-ийн зүгээс өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Youhuitong” бол туршилтын загвар байсан 2011 оноос хууль ёсны схемийг ашиглаж байгаа. Манай “Youhuitong”-ийн талаар буруу ойлгож, бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацсан гэжээ мэдэгдээд байгаа юм. 

Энэхүү үйл явц нь банкаар дамжуулан шилжүүлж буй мөнгөний эх үүсвэр болон шилжүүлж буй зорилгыг нь нарийн тодорхойлох улмаар мөнгөний гадагшлах урсгалыг хянах талаар зарим нэг томоохон албан тушаалтнууд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл болж байгаа юм.

Өнгөрсөн оны эхэнд тус улсын дарга болсон Ши Жинпин авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа бөгөөд сандралд орсон зарим нэгэн төрийн албан хаагчдын гэр бүл гадагшаа шилжин гарах явдал нэмэгдэж байгаа нь бүхний мэдэх нууц юм. 

Хятадын төрийн мэдлийн хоёр том байгууллага ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгч байгаа нь шинжээчдийн гайхшралыг төрүүлээд байгаа юм. Учир нь өнгөрсөн сар тус улсын Хэвлэл, радио, телевизийн удирдах дээд байгууллагаас Засгийн газрын томоохон байгууллагуудын эсрэг “шүүмжилсэн мэдээ”-г ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гаргахыг хэвлэлийн байгууллагуудад хориглосон тушаал гаргаад байсан юм.

Шанхайд байрлах нэгэн хэвлэлийн байгууллагын судлаач Вэй /Wei Wuhui/-ийн хэлж байгаагаар “Bank of China зэрэг төрийн мэдлийн компанийг CCTV-ийн зүгээс шүүмжлэх нь маш ховор, цөөн тохиолдол юм. Тус банкны зөвхөн нэг салбар биш бүхэлд нь буруутгасан байна” гэжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн төрийн мэдлийн нэгэн банкны ажилтны хэлж байгаагаар энэ төрлийн үйлчилгээг үзүүлж буй банк бол зөвхөн “Bank of China” биш аж. Бүхий л томоохон банкнуудад ийм үйлчилгээг үзүүлдэг байна. Түүний үзэж байгаагаар энэ төрлийн үйлчилгээг авах эрэлт маш их байгаа ажээ.

Швейцарийн банкны нэгэн ахлах ажилтны үзэж байгаагаар “Хятадад бүхий л банкнууд ийм төрлийн үйлчилгээг үзүүлдэг аж. Ялангуяа, Хонконгод гадаад валютын талаар ямар ч хяналт байдаггүй” гэж тэрээр хэлсэн байна.

Мөн өнгөрсөн сар Макаогийн холбогдох байгууллагынхан иргэдэд хууль бусаар мөнгө шилжүүлэн ашиглах боломж олгож буй Хятадын “UnionPay” картыг гар утаснаас уншуулах төхөөрөмж -д тавих хяналтаа ч нэмэгдүүлээд байгаа юм. 

Вашингтонд байрлах “Global Financial Integrity” байгууллагаас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар 2002-2011 оны хооронд мөнгөний хууль бус гадагшлах урсгалаар Хятад Улс нийтдээ 1.08 триллион ам. доллар алдсан гэсэн тооцоог гаргаж байсан юм.

Эх сурвалж

Шинэ-Орлеан хотын дарга асан авлигын хэргээр 10 жилийн ял авлаа.

АНУ-ын Шинэ Орлеан хотын дарга асан Рау Нагин /Ray Nagin/ хээл хахууль авсан, мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутгагдан 10 жилийн хугацаанд шоронд хоригдох ял аваад байна. 

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын шүүгч Хэлэн Бериган /Helen Berrigan/ хэргийг шүүж уг шийтгэлийг ногдуулсан байна. 

Прокуроруудын үзэж байгаагаар түүнийг буруутгасан энэ хэргүүд нь 2005 онд тус хотод болсон “Катрина” шуурганы дараахь жилүүдэд хамаарах аж. 

Тус хотод болсон шуурганы дараахь сэргээн засварлах төсөлд оролцохыг хүссэн олон тооны бизнесменүүдээс ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэрэгт түүнийг буруутгасан байна. Рау Нагинийг бэлэн мөнгө, үнэ төлбөргүй аялал болон бусад хэлбэрүүдээр хээл хахууль авсан болохыг тогтоосон байна. Нийтдээ хагас сая доллартой тэнцэх хэмжээний хахууль авсан болохыг тогтоосон байна.

Хэлэн Бериганы үзэж байгаагаар түүний үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь ноцтой байсан бөгөөд 20 орчим жил шоронд хорих шийтгэл ногдуулахаар байсан ч бусад хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ялыг хөнгөлсөн байна. Шүүгчийн үзэж байгаагаар “Рау Нагин нь үнэнч хүү, сайн нөхөр, халамжит эцэг учир ялыг хөнгөлсөн” гэжээ. 

Эх сурвалж

“Омбудсман”-уудын олон улсын зөвлөгөөн болж байна.

Канад, Таиланд, Австри зэрэг 12 улсын Омбудсман байгууллагын удирдлагууд Өмнөд Солонгос Улсад зохион байгуулагдаж буй олон улсын омбудсман байгууллагуудын зөвлөгөөнд оролцож байна. 

Солонгосын Омбудсман байгууллагыг 2008 онд өөртөө нэгтгэсэн Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхий хороо 2014 оны “Олон улсын омбудсаны зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм.

“Омбудсман” буюу олон нийтийг төлөөлөгч хэмээх орчин үеийн нэр томьёог 1809 онд байгуулагдсан Шведийн Омбудсманы байгууллага анх ашиглаж эхэлсэн юм. Омбудсман нь олон нийтийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх үндсэн үүрэг бүхий байгууллага юм.
Солонгос Улс үндэсний хэмжээнд гомдол мэдээллийг шийдвэрлэх зорилгоор омбудсман байгууллагыг анх 1994 онд байгуулж байсан бөгөөд энэ онд тус байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга Лий Сунг-бо /Lee Sung-Bo/ уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Солонгос Улсад омбудсман байгууллага байгуулагдсанаас хойш 20 жил болжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд тус байгууллагад итгэх олон нийтийн итгэл өгч, олон нийтээс ирж буй гомдлын тоо тогтвортойгоор нэмэгдсээр байна” гэжээ.

Мөн энэ зөвлөгөөнд Солонгосын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооны дарга асан Ким Ёон-ран /Kim Young-ran/ уг зөвлөгөөнд оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “анх хүмүүс төрийн үйлчилгээнээс юу хүсэх талаараа ямар ч мэдлэггүй байсан цаг хугацааны явцад нэг иргэн, нийгмийн нэг гишүүний хувьд өөрсдийн үүргийн талаар мэдлэгтэй болж, төрийн үйлчилгээг сайжруулах талаар омбудсманд гомдол гаргах болсон” гэжээ.

Эх сурвалж

Мөнгө угаахын эсрэг уулзалтад 350 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

2014 оны 7 дугаар сарын 15-18-нд Макаод зохион байгуулагдах Ази, номхон далайн мөнгө угаахын эсрэг бүлгийн 17 дахь удаагийн уулзалтад 41 улсын 350 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж.

Макаогийн засгийн газраас зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээгээр мөнгө угаах гэмт хэргийн талаар туршлага солилцох, улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн талаар хэлэлцэх юм. Энэ удаагийн уулзалт нь Макаогийн талаас зохион байгуулж буй хоёр дахь удаагийн уулзалт юм. Өмнө нь тус улс 2003 онд энэ уулзалтыг мөн зохион байгуулж байсан ажээ.

Ази, номхон далайн мөнгө угаахын эсрэг бүлэг нь мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын стандартуудыг мөрдөх, хамтын ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд олон улсын бие даасан байгууллагаар 1997 онд Бангкок хотноо үүсгэн байгуулагдаж байсан юм. Одоогоор тус байгууллагыг Австрали, Хятад Улсууд хамтран тэргүүлж байгаа юм. Мөн энэ уулзалтаар тус байгууллагыг тэргүүлэх Хятад Улсын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж Шинэ Зеланд Улсад шилжих аж.

Эх сурвалж

Танай хотыг бусад хотуудтай хэрхэн харьцуулах вэ? “ISO” шинэ стандарт.

Тухайн хотын амьдралын чанар болон үйлчилгээний хүртээмжийг үнэлэх шинэ хэмжээснүүдийг агуулсан нэгэн шинэ стандарт “ISO 37120:2014”-ыг орон улсын стандартын байгууллагаас гараад байна. Уг стандартыг хотын дарга болон улс төрчид, судлаачид, бизнесийнхэн, төлөвлөгчид зэрэг бусад олон талынхан ашиглах боломжтой юм. Яагаад бидэнд хотын шалгуур үзүүлэлт хэрэгтэй болов?

Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын 53 хувь нь хотод амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 70 хувь болж өсөх юм. Дэлхийн хотууд нь соёл, эдийн засгийн төв болж өнөөдрийн байдлаар дэлхийн нийт ДНБ-ий 70 хувийг бий болгож байна. Гэвч хөрөнгө оруулагчдад хотуудын тогтвортой, үр ашигтай байх эсэх нь чухал асуудал хэвээр байсаар байгаа бөгөөд шинэ стандарт ISO37120:2014 энэхүү бэрхшээлд туслах юм. 

Уг стандартад орсон шалгуур үзүүлэлтүүд нь амьдралын чанар болон тогтвортой байдлыг хангах, засаглалын шалгуур зэрэг ерөнхий шаардлагын дагуу хотуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц болон түүний өөрчлөлтийг хэмжихэд туслах юм. Стандартаар хотуудыг харьцуулснаар амжилттай байгаа хотоос бусад нь суралцах, харилцан туршлага солилцох боломжийг мөн нэмэгдүүлэх аж.

ISO37120:2014 стандартад хамаарч байгаа асуудлууд

  • эдийн засаг, 
  • боловсрол, 
  • эрчим хүч, 
  • байгаль орчин, 
  • санхүү, 
  • гал унтраах болон яаралтай тусламж, 
  • засаглал, 
  • эрүүл мэнд, 
  • амралт, 
  • аюулгүй байдал, 
  • хатуу хог хаягдал, 
  • цахилгаан холбоо, 
  • тээвэр, 
  • хотын төлөвлөлт, 
  • бохир ус зайлуулалт, 
  • ундны ус болон ариун цэвэр гэсэн асуудлууд багтаж байгаа юм. 

Энэхүү стандарт нь хотын шалгуур үзүүлэлтийг бий болгож байгаа хамгийн анхны стандарт юм. Дэлхийн хотууд уг стандартыг нэвтрүүлснээр дараахь давуу тал бий болох юм. Үүнд:

  • Засаглал болон үйлчилгээний хувьд илүү үр ашигтай байдлыг бий болгох
  • Олон улсын болон орон нутгийн түвшинд нэгдсэн нэг шалгуур үзүүлэлт ба зорилтыг тодорхойлох
  • Бодлого боловсруулах, шийдвэр гаргахад илүү мэдээллээр хангах
  • Харилцан туршлага солилцох
  • Хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод мэдээлэл бүрдэх
  • Хотуудыг харьцуулан шийдвэр гаргахад хялбар болох зэрэг ажээ. 

Эх сурвалж