Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.18-24/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.08.18-24/

Австрали: Парламентын гишүүд авлигын хэргээ хүлээн зөвшөөрлөө.

Австралийн Парламентын 2 гишүүн Ньюкасл хотын дарга Жефф Макклойгоос улс төрийн зорилгоор хууль бусаар хандив авсныг нь Авлигатай тэмцэх хороо илрүүлсний дараа тэднийг албан тушаалаас нь эгүүлэн татсан байна.

Өөрөөр хэлбэл, Ньюкасл хотын дарга Жефф Макклойгоос тус бүр 10000 ам. доллар авснаа парламентын гишүүн Тим Овен, Эндрю Корнуэлл нар хүлээн зөвшөөрсөн юм. Мөрдөн байцаалтын үеэр тэднийг парламентын үйл ажиллагаанд оролцохыг түр хугацаагаар хориглоод байсан ч, тэднийг хэргээ хүлээн зөвшөөрсний дараагаар Ерөнхий сайд Майк Байрд парламентын гишүүнээсээ татгалзахыг шаардсан хэмээн “The Daily Telegraph” мэдээллээ.

Хотын дарга Жефф Макклойгоос авсан мөнгөнийхөө талаар Эндрю Корнуэлл өөрийн эхнэртэйгээ ярилцаж байхыг нь Авлигатай тэмцэх хорооныхон бичлэг хийж авсан байна. Эндрю Корнуэлл 2011 оны сонгуульд өрсөлдөх үедээ Жефф Макклойгоос 10000 ам. доллар авснаа хүлээн зөвшөөрсөн юм хэмээн “The Guardian” мэдээлээд байна.

Мөн гишүүн Тим Овен хотын дарга Жефф Макклогоос хандив авахаас татгалзсан хэмээн худал мэдүүлж байсан ч хожим нь тэрээр худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрч, хотын даргаас мөн 10000 ам. доллар авснаа мэдэгдсэн юм.

Энэ бүхний дараа Тим Овеноос энэ талаар тодруулахдаа “тухайн үед Жефф Макклойнийг асуудалд оруулахгүйн тулд худлаа хэлж байсан ч, үүнийг хийж чадахгүй зүйл гэдгээ ойлгосон” гэжээ.

Ерөнхий сайд Майк Байрд парламентын сул суудалд суух хүнийг сонгох сонгууль зарлан явуулахаа мөн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж

БНСУ: Хууль тогтоогчдыг хээл хээл хахуулийн хэрэгт буруутган, шүүхээс зөвшөөрөл хүсэв.

Өнгөрөгч мягмар гарагт хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн хууль тогтоогчийг саатуулан, шалгах зөвшөөрөл авахаар Инчон болон Сөүл хотын шүүхүүдэд Солонгосын прокуророос хүсэлт гаргасан байна.

Энэ дөрвөн эрхэм бол эрх баригч “Saenuri” намын төлөөлөгч Park Sang-eun болон сөрөг хүчин “New Politics Alliance for Democracy”-ийн төлөөлөгч Shin Gye-ryoon, Kim Jae-yun, Shin Hak-yong нар юм.

Эрх баригч намын гишүүн, хууль тогтоогч Park Sang-eun-ийг Инчон дахь барилгын компаниудын захирлуудаас, мөн 6 дугаар сарын 4-ний өдөр орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан этгээдүүдээс хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа юм.

Инчоны Дүүргийн прокурорын газраас Park Sang-eun-ий машин болон түүний хүүгийн гэрээс илэрсэн 630 сая вон (611000ам. доллар)-ийн эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Сөүлийн Дүүргийн прокурорын газраас нэгэн компаниас хээл хахуульд 50 сая вон авсан хэрэгт Shin Gye-ryoon-ийг, 15 сая вон авсан хэрэгт Kim Jae-yun нарыг буруутгаж байгаа бол энэ хээл хахуулийн хэрэгт оролцсон хэмээн Shin Hak-yong буруутгаад байгаа юм.

Сөрөг хүчний гишүүн, хууль тогтоогч эдгээр гурван эрхэм өөрсдийгөө буруугүй хэмээн үзэж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж

Египет: Худалдаа, аж үйлдвэрийн экс сайд хээл хахуулийн хэргээр 15 жил хоригдох ял авлаа.

Хосней Мубаракийн үеийн худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Рашид Мохамед Рашид /Rachid Mohamed Rachid/ болон түүний охин нарыг 2011 оны бослогын дараа Египет улсын төсвийн хөрөнгөөс шамшигдуулан 500 сая египет фунтээ (74 сая ам. доллар)-ийг хууль бусаар хил давуулсан хэрэгт эчнээгээр /in absentai/ буруутган, ялласан байна.

Кайр хотын эрүүгийн шүүхээс мөн тэднийг холбогдох байгууллагад уг мөнгөнийхөө талаар мэдэгдэлгүйгээр Кипр Улс руу хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутган 522 сая египет фунт буюу 74 сая ам. долларын торгууль ногдуулсан байна.

2011 оны 1 дүгээр сард эхэлсэн бослогын дараагаар сайдын албан тушаалаа өгөх болон эх орноо орхин гарах үед энэхүү хууль бус үйл ажиллагаа явагдсан аж.
Одоогоор Египет Улсын гадна амьдарч байгаа Рашид Мохамед Рашид нь Хосней Мубаракийн засаглалын үед буюу 2004-2011 оны хооронд тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайдын албан тушаалыг хашиж байсан юм.

Египетийн Тахрир талбайд өрнөсөн 2011 оны бослогын дараахан түүнийг өөр төрлийн авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган 20 жил хоригдох ялыг мөн эчнээгээр ногдуулаад байгаа юм.

Эх сурвалж

Словак: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг Засгийн газар дэмжлээ.

Шүгэл үлээгчдийг эрх зүйн орчинд хамгаалах хэрэгтэй байдаг бөгөөд Словакын Засгийн газрын 8 дугаар сарын чуулганаар шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг дэмжлээ.

Дотоод хэргийн сайд Роберт Калинак /Robert Kaliňák/ хуулийн төслийг танилцуулсан байна. “Уг хуулийг баталснаар Словак Улс олон улс дахь бизнесийн шилжүүлгүүдийн асуудлаарх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм” хэмээн “ТАSR” агентлаг мэдээлж байна.

Дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар энэ хуулийг батлах нь аливаа хууль бус үйл ажиллагааг шүгэл үлээгчээр дамжуулан илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох үр дүнтэй гэжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Трансперэнси Интернэшнл Словак байгууллагатай хамтран ажилласан бөгөөд хуулийн төсөлд тухайлбал, ажил олгогчдын зүгээс шүгэл үлээгчид шийтгэл ногдуулах (ажлаас халах зэрэг)-ыг хориглосон заалтуудыг оруулсан бол мөн шүгэл үлээгчийг хамгаалах улмаар хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хүлээн, хяналт тавих чиг үүрэг бүхий 50 гаруй ажилтантай төрийн байгууллага байгуулахаар заасан байна.

Хууль парламентаар батлагдвал 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм.

Эх сурвалж

Балба: Боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн захиргаа хамгийн их авлигатай байна.

Балбын Үндэсний хянан шалгах хорооноос явуулсан нэгэн судалгаагаар тус улсын боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн захиргаанд хүнд суртал, авлига хамгийн их байна.

Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг авлигатай тэмцэх байгууллага болох Үндэсний хянан шалгах хороо өөрийн хүлээж авсан нийт өргөдөл, гомдол, мэдээлэлдээ үндэслэн энэхүү судалгаа дүгнэлтийг гаргасан байна.

Тус байгууллагаас гаргасан энэхүү судалгааны тайланд дурдсанаар өнгөрсөн төсвийн жилийн хугацаанд Боловсролын яамны эсрэг 254, Орон нутгийн асуудал хариуцсан яамны эсрэг 252, Эрүүл мэнд, хүн амын яамны эсрэг 129 өргөдөл, гомдол, мэдээлэл тус байгууллагад ирсэн байна. Тус тайланд дурдсанаар авлигатай тэмцэх стратегийг шинээр боловсруулан мөрдөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага болох Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн байцаах хорооноос мэдэгдэж байгаагаар засгийн газрын төвшинд хамгийн их авлигажсан институцээр дээрх гурван яамыг мөн нэрлэж байна.

Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгчийн туслах Keshav Ghimire–ийн хэлж байгаагаар “өргөдөл, гомдол, мэдээлэлд үндэслэн орон нутгийн захиргаа, эрүүл мэнд, боловсролын яамд хамгийн их авлигатай байгаа. Хорооны зүгээс эдгээр салбаруудыг хяналтдаа аваад байгаа” гэжээ. Одоогийн байдлаар Албан тушаалын гэмт хэргийг мөрдөн байцаах хорооноос улсад 1 тэрбум орчим руппийн хохирол учруулсан 8 дүүргийн хуурамч сургууль /fake school/-ийн хэргийг шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус улсад зөвхөн цаасан дээр бүртгэлтэй 608 орчин сургууль байна гэсэн албан бус тооцоо гарсан бөгөөд эдгээр сургуулиуд жил бүр Засгийн газраас ихээхэн хэмжээний санхүүжилт авдаг.

Үүнээс гадна тус хорооноос “Bir Hospital” эмнэлгийн эм, тоног төхөөрөмжтэй холбоотой авлигын хэргийг шалгаж эхлээд байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын хэд хэдэн ажилтныг сэжигтнээр шалгаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж

Бирм улс мөнгө угаахтай тэмцэх зөвлөл байгууллаа.

Бирмийн Дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар мөнгө угаах явдалтай идэвхтэй тэмцэх зорилгоор “Мөнгө угаахтай тэмцэх төв зөвлөл”-ийг байгуулсан хэмээн Синхуа агентлагаас мэдээллээ.

Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд Дотоод хэргийн сайд тэргүүлж, Цагдаагийн газрын дарга нарийн бичгээр ажиллаж юм.

Мөнгө угаахтай тэмцэх төв зөвлөл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, энэ талаар баримтлах бодлогыг боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм. Үүнээс гадна нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “хөрш улс орон, бүс нутаг, олон улсын төвшин дэх мөнгө угаахтай тэмцэх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой санхүүгийн мэдээллийг солилцох үүрэгтэйгээр зөвлөл ажиллах” аж.

Бирм Улс энэ оны 3 дугаар сард мөнгө угаахтай тэмцэх хууль баталсан бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудалтай тэмцэх хүрээнд одоогийн байдлаар тус улс Тайланд, Индонез, Австрали зэрэг улстай хамтран ажилладаг юм.

Эх сурвалж

Мөнгө эрсдлийг тооцох Базелийн Мөнгө угаахын эсрэг индекс (Basel AML index)-ийн 2014 оны үр дүн зарлагдлаа.

Улс орны мөнгө угаах гэмт хэрэг гарах эрсдлийг тооцох Базелийн Мөнгө угаахын эсрэг индексийн 3 дахь удаагийн үр дүн буюу 2014 оны индекс зарлагдлаа. Ашиг бус, бие даасан байгууллага болох Базелийн институтээс мөнгө угаах/терроризмыг санхүүжүүлэх явдлын эрсдлээр улс орнуудыг эрэмбэлэх зорилго бүхий энэхүү индексээ анх 2012 онд зарлаж байсан юм.

Энэ удаагийн Базелийн Мөнгө угаахын эсрэг индексийн үнэлгээнд нийт 162 улс орон хамрагдсан байна.

Базелийн Мөнгө угаахын эсрэг индекс нь улс орнуудын хэмжээнд явагдаж байгаа хууль бус санхүүжилт, шилжүүлгийн бодит дүнг тооцдоггүй юм. Зөвхөн тодорхой тооны шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тухайн улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдалд өртөх эрсдлийг үнэлэн гаргадаг юм.

Энэ удаагийн индексийн үр дүнгээр хамгийн их эрсдэлтэй улс орон буюу жагсаалтыг Иран (үнэлгээ 8.56), Афганистан (8.53), Камбож (8.39), Тажикстан (8.34) зэрэг улс орнууд орж байгаа бол хамгийн бага эрсдэлтэй улс орнуудад Финлянд (2.51), Эстон (3.27), Словени (3.38) зэрэг улс орсон байна.

Индексийн үнэлгээ нь 0-10-ийн хооронд утга авах бөгөөд 0 бол эрсдэлгүй, 10 бол өндөр эрсдэлтэйг илэрхийлж байгаа юм.

Харин манай улсын хувьд энэ оны индексийн үнэлгээ 6.14 гарч нийт 162 улс орноос эрсдэлээрээ 66-д эрэмбэлэгдэж байна. Монгол Улсыг үнэлсэн уг индексийн үнэлгээ, эрэмбийг доорх хүснэгтээр харуулав.

Хүснэгт 1. Базелийн Мөнгө угаахын эсрэг индекс, оноор

 

2012

2013

2014

Үнэлгээ

Эрэмбэ

Үнэлгээ

Эрэмбэ

Үнэлгээ

Эрэмбэ

Монгол Улс

6.35

44

6.14

65

6.14

66

Тайлбар: Үнэлгээ: 0-10 утга авах бөгөөд 0 бол эрсдэлгүй, 10 бол өндөр эрсдэлтэй,
Эрэмбэ: Хамгийн их эрсдэлтэй улсыг эхэнд эрэмбэлсэн болно.
Энэхүү индексийн үнэлгээнд 2012 онд 144, 2013 онд 149, 2014 онд 162 улс орон тус тус хамрагдсан байна.

Эх сурвалж