Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.27-10.03/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.09.27-10.03/

Авлигын хэргийн шүүх хурлын үеэр Рафаэль Хуй татвар төлөхөөс зайлсхийсэн болохоо хүлээн зөвшөөрлөө. 

Хонконг. Хонконгийн засаг захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга /Chief Secretary for Administration of Hong Kong/ асан Рафаэль Хуй өчигдөр болсон шүүх хурлын үеэрээ Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа болон түүнээс өмнөх жилүүдэд “Sun Hung Kai Properties (SHKP)” компанийн Томас Квок /Thomas Kwok Ping-kwong/-оос ажлын хөлсөнд авсан нийтдээ 21.8 сая хонконг доллартой тэмцэх хэмжээний орлогоо татвараас нуусан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. 

Өөрөөр хэлбэл, тэрээр 2003 оны зунаас эхлэн SHKP компанид зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2004-2005 оны хооронд ажлын хөлс болох 18.8 сая хонконг долларын орлогоо нуусан байна. 

Рафаэль Хуй болон Томас Квок нарт үүсгээд байгаа авлигын хэргүүдийг хэлэлцэх Дээд шүүхийн хурлын үеэр "Би зарим мөнгөө хадгалахыг хүссэн” гэж мэдэгдсэн байна. 

Рафаэль Хуйг SHKP компанийн захирлууд болох ах, дүү Томас Квок болон Раумонд Квок нараас хээл хахууль авч, Засгийн газар дахь тэдний “нүд, чих” болж байсанд хэрэгт буруутгаж байгаа юм. 

Түүний мэдэгдэж байгаагаар SHKP компанид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд нийтдээ 21.8 сая хонконг доллар хүлээн авсан байна. 

Шүүх хурлын үеэр шүүгч Эдвин Чоу Вай-бонд /Edwin Choy Wai-bond/ “Та Хонконгийн засгийн газрын хоёр дахь том албан тушаалыг хашиж байсан. Энэ байдлыг үл харгалзан, өөрийнхөө бодит орлогын хэмжээг Засгийн газраас нуухаар шийджээ?” хэмээн асуухад тэрээр “Тийм” гэж хариулжээ. 

Засаг, захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга асан 66 настай Рафаэль Хуй албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан зэрэг 8 хэрэгт холбогдоод байгаа бол 62 настай Томас Квокийг Рафаэль Хуйд хээл хахууль өгч давуу байдал олж авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байгаа юм. 

Эх сурвалж

Вьетнамд чөлөөт хэвлэл мэдээлэл хөгжихөд ихээхэн бэрхшээлтэй байна. 

БНСУ. Өнгөрөгч мягмар гарагт Сөүл хот дахь Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо (ASEAN) ба Солонгосны төвд зохион байгуулагдсан лекцийн үеэр Вьетнам Улсаас Өмнөд Солонгос Улсад суугаа элчин сайд Пам Хуу Чи /Pham Huu Chi/ илтгэл тавихдаа Вьетнамд чөлөөт хэвлэл мэдээлэл хөгжихөд ихээхэн бэрхшээлтэй хэмээн хэлсэн байна. 

Вьетнам Улс сүүлийн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтууд болох ядуурлыг бууруулах зэрэг олон тооны зорилтуудын шалгуурыг бүрэн хангасан амжилттай байгаа хэдий ч энэ байдал цаашид мөн амжилттай үргэлжлэх эсэх нь чөлөөт хэвлэл мэдээллээс ихээхэн хамааралтай болоод байгааг тус илтгэлийн үеэр элчин сайд Пам Хуу Чи онцлон тэмдэглэсэн байна. 

Вьетнам Улсыг чөлөөт хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэхгүй байгаа талаар удаан хугацааны турш “Freedom House” болон “Хил хязгааргүй сэтгүүлчид” зэрэг олон тооны байгууллагууд шүүмжилсээр байна. 

Дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөөг дэмжих ашгийн бус, Франц Улсад байрлах, Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн 2013 оны судалгаагаар Вьетнам Улс 178 улс орноос 172-т эрэмбэлэгдэж байгаа юм.

Энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө хаагдмал Хойд Солонгос Улсынхтай ойролцоо дүн юм. 

Вьетнам, Хятад гэсэн улс орнууд өөрийн интернетийн орчинд хяналт тавьж блогчид болон олон нийтийн цахим сүлжээ ашиглагчдын эрхийг хязгаарлаж байгааг Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн 2013 оны судалгааны тайланд онцолсон байдаг. 

Сүүлийн нэг хүрэхгүй жилийн дотор, Вьетнамын шүүхээс 12 блогчин болон интернет хэрэглэгчдийг 13 хүртэл жилийн хугацаанд хорихоор шийдвэрлэсэн зэрэг нь тус улсыг интернет хэрэглэгчиддээ ял тулгасан байдлаараа Хятадын дараа буюу энэ хэмжээгээрээ дэлхийд хоёрт ороход хүргээд байна. 

Элчин сайдын яамны өөр нэгэн ажилтны хэлж байгаагаар Вьетнам дахь хэвлэлийн эрх чөлөөг барууны шүүмжлэгчид буруу ойлгодог байна. Учир нь Вьетнамд байгаа сэтгүүлчид ямар нэгэн асуудал, эсхүл авлига болон орон нутгийн захиргааны байгууллагатай холбоотой асуудлуудаар шүүмжлэх боломжтой байдаг бол зөвхөн тус улсын Коммунист нам болон Вьетнам дахь улс төрийн системийг шүүмжлэх боломжгүй байдаг гэж тухайн ажилтан хэлсэн байна. 

Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо (ASEAN)-Солонгосны төвд зохион байгуулагдсан энэхүү лекц нь 2008 оноос хойш цуврал хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараагийн лекц 10 дугаар сарын 14-нд болох бөгөөд тус лекцэд Өмнөд Солонгос Улсад суугаа Тайландын Элчин сайд Кулкумут Сингхара На Аудхаяа /Kulkumut Singhara Na Ayudhaya/ оролцож илтгэл тавих аж.

Эх сурвалж

Афганистаны шинэ ерөнхийлөгч “Авлигыг үл тэвчинэ” 

Афганистан. Тус Улсын шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Ашраф Гани /Ashraf Ghani/ өөрийн улсын ард түмэнд хандан “тус улсад өөрчлөлт хийхийг хүсч байгаа”-гаа илэрхийлээд байгаа билээ. 

Сонгуулийн үр дүнг луйвардсан гэх маргаантай асуудалтай холбоотойгоор хэдэн сарын турш хойшлогдсоор байсан ч тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч нь ноён Ашраф Ганийг болохыг зарлалаа.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч “BBC” агентлагийн Дэлхийн мэдээний найруулагч Жон Симпсонтой Афганистан Улс дахь түүний алсын хараа, зорилгынх нь талаар ярилцлага өрнүүлсэн байна. 

Ерөнхийлөгч Ашраф Ганийн үзэж байгаагаар тус улс дахь авлигыг буруулахын тулд тэрээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах, шаардлагатай бол сайдуудыг өөрчлөх ажээ. 

“Би бол авлигач биш, би авлигыг дэмжихгүй. Авлигыг үл тэвчих болно” гэж тэрээр онцолжээ. 

Эх сурвалж

Афганистаны ерөнхийлөгч “Хабул банк”-ны хэргийг дахин сэргээх хүсэлт гаргав. 

Афганистан. Банк санхүүгийн салбарт томоохон цохилт болсон, санхүүгийн хямралыг үүсэхэд хүргэсэн 2010 оны “Хабул банк”-ны хэргийг дахин сэргээн шалгах хүсэлтийг Афганистаны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ашраф Гани энэ лхагва гарагт гаргаад байна. 

Авлигын эсрэг тэмцэхээ илэрхийлж байсан Ерөнхийлөгч Ашраф Гани “Хабул банк”-наас алдагдсан 1 тэрбум ам. долларын хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлтээ Ерөнхийлөгчийн зарлигаар гаргасан байна. 

Афганистаны авлигатай тэмцэх байгууллага энэ хэргийг “дэлхий дахины банкны салбарт учирсан хамгийн том алдаануудын нэг” хэмээн нэрлэж байсан юм. Хэрэгт холбогдсон хүмүүсээс цөөн хэдэд нь хорих ял ногдуулсан ба маш бага хэмжээний мөнгөө буцааж өгсөн юм. 

Ерөнхийлөгч Ашраф Гани Кабул хот дахь сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “...захиргааны авлигатай тэмцэхээ амлаж байсан ёсоор, эхний алхам болгож “Kabul Bank”-ны хэргийг дахин нээж, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлэх болно” гэсэн юм. 

Тус банкийг удирдаж байсан хоёр захирал болох үүсгэн байгуулагч Шер Хан Фернод болон гүйцэтгэх захирал асан Хажи Халил Ферози нарыг алдагдсан 935 сая ам. доллароос 810 сая ам. долларыг авсан хэрэгт буруутган 5 жилийн хорих ял ногдуулаад байсан юм. 

Тухайн үед Ерөнхийлөгч Хамид Карзайн ах болон дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Касим Фахим нар уг хэргээс завшсан мөнгөө эрүүлэн өгснөөр Хамид Карзайн зарлигийн дагуу, халдашгүй байдал /иммунитет/ дор ял аваагүй үлдсэн байсан юм. 

Эдийн засгаа тогтворжуулах Афганистаны амлалтын шалгуурт энэхүү хэргийн шийдвэрлэлт ихээхэн маргаан дагуулдаг. Тухайн үед тус улсын хамгийн том банкаар нэрлэгдэж байсан Хабул банкинд Засгийн газраас хэргийн дараа дэмжлэг үзүүлсэн бөгөөд хожим нь төрийн мэдлийн “Шинэ Хабул Банк” болон үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн билээ. 

Хэргийг дахин нээж байгаатай холбоотойгоор өмнөх ерөнхийлөгчийн ах болох Махмэд Карзай энэ үеэр мөн мэдэгдэл хийсэн байна. Тус банкнаас авсан зээл бол бүгд хуулийн дагуу байсан, зээлээ хүүнийх нь хамт бүгдийг нь эргүүлэн төлсөн, энэ тал дээр санаа зовохгүй байгаагаа тэрээр мэдэгдээд байна. 

Ройтерс агентлагт Махмэд Карзай мэдэгдэхдээ “Би энэ зарлигийг талархалтайгаар хүлээн авч байна. Би бол нээлттэй, цэвэр хүн. Чи цэвэр л бол айх хэрэггүй” гэжээ. Түүнчлэн гэмт хэрэгтнүүдийг шүүж, мөнгийг төр буцаан авна гэдэгт найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. 

Алдагдсан мөнгөний маш бага хувийг эргүүлсэн төлсөн байдаг бөгөөд ихэнх мөнгө нь эргүүлэн төлөгдөх боломжгүй, эсхүл тодорхойгүй, нууцлаг хэвээр үлдээд байсан юм. 

Эх сурвалж

Авлигач албан тушаалтнуудыг яллах хууль эрх зүйн шинэ орчин шаардлагатай хэмээн Авлигатай тэмцэх хороо (ICAC)-ны дарга үзэж байна. 

Австрали. Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Меган Латам /Megan Latham/-ийн үзэж байгаагаар тус муж улсын Эрүүгийн хуульд шүгэл үлээгчдийг илүү сайн хамгаалах, мөн албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг яллахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байгаа аж. 

Авлигатай тэмцэх хороо долоо хоног бүр төрийн байгууллагын албан тушаалтнуудын оролцсон, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааны талаар гомдол, мэдээлэл хүлээн авдаг байна. 

Одоогийн байдлаар тус муж улсын эрүүгийн хуульд албан тушаалтан албан тушаалаа хувийн зорилгоор ашиглах нь гэмт хэрэг болох талаар ямар нэгэн эрүүгийн шийтгэлийн заалт тусгагдаагүй байгаа зэрэг нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм. 

Эх сурвалж

Индонезийн Авлигатай тэмцэх хороо авлигын хэрэгт Сингапурын талыг туслахыг хүслээ. 

Индонез. Индонезийн Авлигыг устгах хороо тус улсын газрын тос, газын салбар дахь авлигын томоохон хэрэгт холбоотой өөрийн орны иргэн Видодо Ратанчайтонийн эсрэг мөрдөн байцаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулахад Сингапурын холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахгүй байна хэмээн шүүмжиллээ. 

Сингапурт байрлах газрын тос худалдааны “Kernel Oil Pte” компанийн ерөнхийлөгч Видодо Ратанчайтон /Widodo Ratanachaithong/-г тус компанийн гүйцэтгэх захирал асан, авлигын хэрэгт яллагдсан Симон Гунаван Танжаяа /Simon Gunawan Tanjaya/-гаар дамжуулан мөн авлигын хэрэгт яллагдсан, Индонезийн газрын тос, газрын удирдах дээд байгууллага болох “SKKMigas”-ийн дарга асан Руди Рубиандини /Rudi Rubiandini/-д хээл хахууль өгсөн хэрэгт сэжиглэж байгаа юм. 

Өнгөрсөн онд энэ хэрэгт Видодо Ратаначайтонг Авлигатай тэмцэх хорооноос хоёр удаа гэрчээр дуудсан боловч тэрээр хүрэлцэн ирээгүй байна. 

Уг хэрэгт “Kernel Oil Pte” компанийн ерөнхийлөгч Видодо Ратаначайтонг холбогдуулан мөрдөх үйл ажиллагааг явуулахад Сингапур дахь хууль тогтоомжийн нарийн түвэгтэй байдал ихээхэн хүндрэл учруулсан хэмээн Индонезийн Авлигыг устгах хорооны дэд дарга Аднан Панду Пража /Adnan Pandu Praja/ хэлжээ. 

"Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, мөрдөн байцаалтыг хурдасгахад туслах эсэх нь Сингапурын холбогдох байгууллагуудаас шууд хамаарч байна. Энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд цаг ямагт ихээхэн хугацаа шаардаж байна” хэмээн Аднан Панду Пража мэдэгджээ.

Мөн Аднан Панду Пражагийн мэдэгдэж байгаагаар Авлигыг устгах хороо энэ хэрэгт Видодо Ратаначайтонг буруутай болохыг тогтооход дөхөж байгаа аж. Учир нь бусад гэрчүүдээс авсан мэдээлэлд үндэслэн Видодо Ратаначайтонг хэрэгт буруутай болохыг тогтооход хангалттай баримт бүрдээд байгаа юм. 

Эх сурвалж

Төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт буруутай болох нь тогтоогдоод байсан дэслэгч генерал асан Кэ Гуан-минийн давж заалдах хүсэлтэд шүүхээс татгалзан дахин 2.5 жилийн хорих ял нэмж ногдуулжээ. 

Тайвань. Авлигын хэргүүдэд буруутай болох нь тогтоогдоод байсан дэслэгч генерал, армийн тагнуулын дарга асан Кэ Гуан-минд Тайваний Дээд шүүхээс 2.5 жилийн хорих ял нэмж ногдуулаад байна. Төсвийн хөрөнгөөс 2008 онд 3.7 сая тайвань доллар (123.000 ам.доллар)-ыг завшсан хэрэгт буруутай болох нь тогтоогдсон дэслэгч генерал асан Кэ Гуан-миний давж заалдах хүсэлтэд Дээд шүүхээс татгалзах шийдвэр гаргасан байна. 

Өмнө нь буюу 2010 онд тус улсын армийн шүүхээс Кэ Гуан-минд 14 жилийн хорих ял ногдуулаад байсан ч, завшсан хөрөнгөө хувьдаа ашиглаагүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр өнгөрөгч 5 дугаар сард хүсэлт гаргаад байсан юм. 

Шүүхээс тогтоосноор, Кэ Гуан-мин завшсан хөрөнгийнхөө зарим хэсгийг өөрийн удирдлагад байсан хүмүүстээ өгөхийн зэрэгцээ тодорхой хэсгийг нь өөрийн нарийн бичигтээ өгч албан тушаалаасаа буух хүртэл хадгалж байх зааварчилга өгсөн байсан аж. Түүнийг 2010 онд саатуулсан ч, хожим нь батлан даалтаар суллаад байсан юм.

Сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын томоохон хэргүүд Тайваньд гарсаар байна. Эдгээрий нэг нь олон тооны авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдож 20 жилийн ялаа эдэлж буй Ерөнхийлөгч асан Чен Шуй-байг юм. Мөн 2009 онд тэтгэвэрт гарсан нэгэн генерал тус улсын армийн түүхэн дэх жигшүүрт гэмт хэрэг болох нууц задруулсан, мөн айлган сүрдүүлсэн, хээл хахууль авсан зэрэг хэрэгт буруутай болох нь тогтоогдон 10 жил 4 сарын хугацаанд шоронд хоригдох ял авсан зэргийг дурдаж болох юм. 

Эх сурвалж

Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо (ASEAN)-ны орнууд дахь гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийг хязгаарлах асуудлаар бүсийн уулзалт болж байна. 

Камбож. Камбожийн Вант Улсын Авлигатай тэмцэх нэгж (ACU), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран Камбожийн нийслэл Сием Реап хотноо 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбооны орнууд дахь гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийг хязгаарлах асуудлаар бүсийн уулзалт зохион байгуулж байна.

Гадаадын компаниуд болон олон улсын зах зээл дээр хүч түрэн орж ирж буй дотоодын томоохон компаниудаас шууд хөрөнгө оруулалт авч буй Зүүн өмнөд Азийн улс орнуудын хувьд гадаадын төрийн албан хаагчдын хээл хахууль санаа зовоосон асуудлын нэг юм. Хээл хахууль бол хуулийн хэрэгжилт, эдийн засгийн огцом өсөлт, шударга өрсөлдөөнийг үгүй хийж, эцэстээ хүний эрхийн төлөв байдлыг дордуулахад хүргэдэг. 

Зүүн өмнөд Азийн улс орнуудын хүрээнд 2015 он гэхэд нэг зах зээлийг үүсгэхээр зорьж буй энэ цаг мөчид эрх зүйн харилцан туслалцааны механизм бүрдүүлэх болон гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийн эсрэг тууштай тэмцэх шаардлагатай байна.

Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хэмжээн дэх авлигатай тэмцэхэд бий болсон тэргүүн туршлага болон сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэхээс гадна гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийн асуудлыг хязгаарлахад бүсийн улс орнуудад хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн, цогц зөвлөмжийг гаргахаар зорьж байгаа аж. 

Уулзалтад Зүүн өмнөд Азийн улс орнуудын эрх зүйн харилцан туслалцаанд голлох үүрэгтэй оролцдог байгууллагууд болон бүсийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөл, олон улс, бүс нутаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, мөн Австрали, Япон, Швейцари, АНУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтын сэдвийн хүрээнд дараахь үндсэн 4 асуудлыг хамарч байгаа аж. Үүнд: 

  • Хууль, эрх зүйн хүрээ: Компанийн хариуцлага болон гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийн асуудлаарх эрх зүйн орчинг хөгжүүлэх;
  • Хууль сахиулах: Гадаадын төрийн албан хаагчдыг хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах, яллах үйл ажиллагааны хэрэгжилт, өнөөгийн байдал; 
  • Олон улсын хамтын ажиллагаа: Гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах, яллах үйл ажиллагаан дахь олон улсын хамтын ажиллагааны оролцоо, эрх зүйн харилцан туслалцааны хэрэгжилт; 
  • Урьдчилан сэргийлэх: Гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуультай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо ба НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дахь компанийн үүрэг зэрэг асуудлыг хамарч байгаа аж.