Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.27-31/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.10.27-31/

Малайзын Авлигын эсрэг комисс бүтцийн авлигад дайн зарлав.

Ликёр, тамхины хууль бус наймаанд оролцож байсан Гаалийн газрын дарга болон зарим нэг албан хаагчдыг баривчилснаар Малайзын Авлигын эсрэг комисс бүтцийн авлигатай тэмцэх шийдвэр гаргалаа. Тус газрын урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч дарга Датук Мустафар Али “авлигын төрөл дотор нэлээд хүндэд ордог, авлигаар олж буй мөнгө нь ч их, бүтцийн, эсхүл зохион байгуулалттай авлига гэдэг нь хэсэг нэгжээрээ, эсхүл газар, хэлтэс бүхэлдээ авлигаар ашиг олохоор үгсэн тохиролцож үйлдэх явдал” гэж хэлсэн байна. Хэдийгээр Малайз Улсад авлига халдварт өвчний түвшинд хүрээгүй ч одоо л арга хэмжээ авахгүй бол асуудал хүндрэх төлөвтэй байгааг тэмдэглэжээ. Малайз дахь зохион байгуулалттай авлигын асуудал Индонези, Энэтхэг Улсын түвшинд хүрээгүй ч Авлигын эсрэг комисс нь цагдаагийн байгууллага болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааг зохицуулах зэрэг зохих арга хэмжээ авч асуудлыг эрт шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн хятад хэл дээр өдөр тутам гардаг Наньян Сян Пау сонинд ярилцлага өгөхдөө тэрээр дурдсан байна. Бид дараагийн долоо хоногт Цагдаагийн байгууллагын ерөнхий хянагч Тан Шри Халид Бакартай уулзаж тэдний хэрэгжүүлж буй арга хэрэгсэл, стратегитэй танилцан тэдний нөхцөл байдлыг ойлгож авах юм. Тухайлбал, шинээр байгуулагдсан Стандартын хяналт, шударга байдлын хэлтсийн үйл ажиллагаа гэх мэт. Тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй зөвхөн байгуулаад (Стандартын хяналт, шударга байдлын хэлтэс) орхиж болох талтай тул бид цагдаагийн стратегиудыг мэдэж байх хэрэгтэй юм. Нөгөө талаас Малайзын 2010 онд батлагдсан Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хятад гаралтай малайзчууд төдийлөн итгэл үнэмшилтэй хандаж чадахгүй, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, эсхүл шүүхэд гэрчээр оролцохыг хүсэхэд дэмжиж ажиллахгүй байгааг Мустафар онцлов. Хятад гаралтай малайзчуудын зарим нь шүүхэд дуудагдана гэдэг бол азгүйтэл гэдэг тухай Мустафар хошигноод Малайзид 4 жилийн өмнөөс тус хууль хэрэгжиж эхэлсэн ба Авлигын эсрэг комисст 39 хүн гэрч болж байсныг тэмдэглэв. Тэрээр гэрчийг төр хамгаалах үүрэгтэй тул хятадууд Авлигын эсрэг комисст итгэх хэрэгтэй гэдгийг онцлов. 

Эх сурвалж

НҮБ-ын шинжээч: Эрүүдэн шүүх болон авлига шууд хамааралтай.

Хүний эрхийн асуудлын шинжээч НҮБ-ын гишүүн орнуудыг авлигатай тэмцэх ажилд хүчин чармайлт гаргахыг уриалав. Учир нь тэрээр эрүүдэн шүүх болон авлигын хооронд шууд хамаарал байгааг онцолсон байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны дарга Мальком Эванс тус хорооны жилийн тайланг Ерөнхий ассамблейн 3 дугаар хороонд танилцуулжээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос гаргасан тайланд дурдагдсанаар авлига өндөртэй улс орнуудад эрүүдэн шүүх, хэрцгий харьцах зэргийг илрүүлэх, эрүүгийн хариуцлага тооцох асуудал хэцүү байдаг нь эдгээрээс урьдчилан сэргийлэх асуудлыг ч хүндрүүлж байна гэжээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо нь Ерөнхий ассамблейн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн зарим сайн дурын зүйл заалтуудын протоколын дагуу 2002 онд байгуулагдсан юм. Тэрээр хоригдлуудыг эрүүдэн шүүх, тэдэнтэй хэрцгий харьцах, тэднийг хатуу шийтгэх зэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах зорилготой юм. НҮБ-аас өнгөрсөн 6 дугаар сард эрүүдэн шүүлтийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн эрүүдэн шүүх явдлыг зогсоохыг бүх улс орнуудад уриалсан боловч эрүүдэн шүүх нь дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах асуудал хэвээр байна. Энэ сард НҮБ-ын хүний эрхийн асуудлын дээд комиссарын удирдлага Украины зүүн хэсэгт гал зогсоох талаар тохирсон хэдий ч тэр хэсэгт оршин суугаа иргэдийн дунд хүн алга болох, эрүүдэн шүүх, иргэдтэй хэрцгий харьцах явдал өдөр тутам гарсаар байгааг тэмдэглэв. Амнести интернэшнл байгууллага 9 дүгээр сард Нигер Улсын цагдаа, батлан хамгаалахын албаныхан хоригдлуудыг тогтмол, системтэйгээр эрүүдэн шүүж байсан талаар тайлан гаргасан байна. Тус байгууллага өнгөрсөн 5 дугаар сард дэлхийн хэмжээнд эрүүдэн шүүхийн эсрэг санаачилга гаргаад байгаа юм.

Эх сурвалж

Баруун Австралийн Дээд шүүх мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 2 малайз иргэний дансыг царцаахаар шийдвэрлэсэн байна. 

Баруун Австралийн Дээд шүүх малайзын 2 иргэнийг олон улсын хэмжээнд мөнгө угаасан гэмт хэрэг холбогдуулан дансыг нь царцаах шийдвэр гаргажээ. Австралийн холбооны цагдаагийн газраас Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх болон терроризмтэй тэмцэх тухай хуулийн зүйл заалтыг ашиглан 3 данснаас мөнгө гадагш шилжүүлэх асуудлыг хориглоод байна. “Гэмт хэргийн улмаас олсон орлого” гэсэн хуулийн заалтыг ашигласан байна. Малайзын иргэний нээсэн эдгээр 3 дансанд 2 сая гаруй ам. доллар төвлөрөөд байсан бөгөөд эзэмшигч нь богино хугацаагаар 8, 9 дүгээр сард Перт хот рүү зорчсон байна. Шүүхэд мэдэгдсэнээр эдгээр 3 дансны 1 нь олон улсын мөнгө угаах ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээсэн хүнтэй холбоотой байсан юм. Данс бүрийг эхлээд 5000 ам. доллараар нээсэн ба улмаар тогтмол шилжүүлгээр мөнгө орж ирсээр 700 мянган ам. доллар хүрсэн байна. Үндсэн дансны баланс 60 хоногт 969 мянган ам. долларт хүрсэн ба мөнгөн гуйвуулгууд 10 мянган доллараас бага байсан юм. Олон улсын хэмжээнд мөнгөн гуйвуулга 10 мянган доллараас дээш гарсан нөхцөлд зохих байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэг дансанд 100 гаруй мянган доллар орж ирснээс нэг өдөрт 11 шилжүүлгээр мөнгө орж ирсний үнийн дүн 9000-аас 9950 доллар байсан байна. Энэ хоёр хүний нэг нь ч данснаас мөнгө гаргаагүй байсан ба аль нь ч Австрали Улсад амьдарч байгаагүй зөвхөн богино хугацаагаар ирж байсан байна. Шүүх хурлыг даргалагч шүүгч Жереми Алансон: ”данс эзэмшигч гэж одоогоор тогтоогдоод байгаа хоёр хүнээс гадна холбогдогч байж болзошгүй” хэмээн мэдэгдэв. Эдгээр хоёр этгээд шүүх хуралд биеэр оролцоогүй юм. 

Эх сурвалж

Нийгмийн бүлэг, хэсгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй.

Индонези Улсад авлигатай тэмцэхэд нийгмийн бүлэг, хэсгийн хэвлэлүүд маш чухал үүрэгтэй хэмээн шинжээч мэдэгдэв. “Зөвхөн нийгэм нь авлигыг хянаж, авлигаас урьдчилан сэргийлж чадна. Тухайлбал, гэр бүлээрээ авлигад өртөж авлигачид болсон олон жишээг бид харсан. Нөхөр, эхнэр, хүүхдүүд нь бүгд авлигын хэрэгт хамт оролцсон” хэмээн Авлигатай тэмцэх газрын орлогч дарга Бамбанг Виджожанто ярилцлагын үеэр мэдэгдсэн. Тэрээр орон нутгйн хэвлэлийн хэрэгслүүд олон нийтэд авлигын эсрэг боловсрол олоход туслалцаа үзүүлэх хэрэгтэй байгааг дурдаад, тухайлбал, тосгон дахь радиостанц гэх мэт Индонезийн нийгмийн бүх бүлэг, хэсгийн хэвлэлийн хэрэгслүүд авлигын эсрэг дуу хоолойг хүргэж байх хэрэгтэй байна. Авлигын эсрэг комисс болон Индонезийн радио сүлжээтэй хамтран авлигатай тэмцэх чиглэлээр соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулсан байна. Ихээр тархсан авлигаас хохирогч индонезийн иргэд хамтран авлигатай тэмцэх шаардлагатай байгааг Бамбанг онцолсон. Авлигатай тэмцэх төрийн бодлогын нэг сул тал бол олон нийтийг энэхүү ажилд төдийлөн сайн татаж оруулаагүйд оршиж байна. Гэтэл бусад нийгмийн үр дагавраас гадна тус үзэгдлийн улмаас төр ихээр алдагдалд орж байна. Жишээ нь, эрүүл мэндийн салбар дахь авлигын улмаас эрүүл мэндийн сайн тусламж авч чадаагүйгээс эхийн эндэгдэл өсөх магадлал өндөр юм. Авлигын эсрэг комисс байгуулагдан үйл ажиллагаа явуулсан 10 жилд 248 триллион рупий буюу 20.58 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төрд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Авлигын эсрэг комисс болон Индонезийн радио сүлжээтэй хамтарч ажилласнаас хойш радиогийн ажилтнууд болон тэдний сонсогч нар авлигыг ойлгодог болсон хэмээн Индонезийн радио сүлжээний захирал Синам М.Сутарно тэмдэглэлээ. Индонезийн 17 бүс нутагт нийгмийн бүлэг, хэсгийн хэвлэлийн 423 радио байдаг ба нэг хэсэг, нэг тосгон эсхүл нэг бүлэгт ойролцоогоор 250 сонсогс байдаг байна. “Авлигын ойлголттой болсноор жишээ нь, тосгоны оршин суугч тосгоны захиргааны албан хаагчдаас асуулт асуух зоригтой болсон байдаг. Тосгоны хурлыг шууд радиогоор дамжуулдаг” хэмээн Синам ярив.

Эх сурвалж

Дотоод явдлын сайд Тайланд Улсын бүх газар нутгаас авлигатай холбоотой гомдол хүлээн авах төв байгуулахаар болов.

Дотоод явдлын сайд генерал Анупонг Паожинда (Anupong Paojinda) тус улсын бүх нутгийг хамруулсан авлигын хэрэг шалгах хороо байгуулахаар болсон байна. Ингэснээр хүмүүс авлигын асуудалтай холбоотой гомдлыг Дамгонгам (Damrongtham) төв болон түүний Тайландын нутаг дэвсгэр дэх бүх салбаруудаар дамжуулан өгч болох юм байна. Авлигын гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг бөгөөд ялангуяа, орон нутагт чухал юм хэмээн генерал мэдэгдсэн байна. Авлигын хэрэг шалгах хороо нь дүүргийн дарга, мужийн амбан захирагч нартай холбоотой гомдлыг шалгах юм. Иргэд засгийн газрын төслүүдтэй холбоотой ч гомдол өгч болно. Авлигын асуудалд буруутай хэн ч байсан хуулийн дагуу хариуцлага хүлээх болно хэмээн генерал онцолсон байна. 

Эх сурвалж

Гадаадыханд хээл хахууль өгөх асуудлыг олон засгийн газрууд шийдэж чадахгүй байна.

Зөвхөн 4 улс гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн компаниудыг шалгаж шийтгэл ногдуулах асуудлыг идэвхтэй хийж байна хэмээн Транспарэнси интернэшнл байгууллагын Пүрэг гаригт гаргасан судалгааны тайланд дурдагжээ Гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх асуудлыг гэмт хэрэгт тооцох тухай конвенцид нэгдэн орсон 41 улсын талаас илүү хувь нь тус асуудалтай тэмцэж чадахгүй байна. Эдгээрт Япон, Өмнөд Солонгос, Голанд болон гол экспортлогч орнууд багтаж байна. Газар нутагтаа үйл ажиллагаа эрхлэн, татвараа төлж, ажлын байр бий болгож байгаа ч гадаад улсад хээл хахууль өгч буй ихэнх улс орны засгийн газруудад улс төрийн хүсэл зориг дутагдаж байна хэмээн Транспарэнси интернэшнл байгууллагын судалгааны тайланг боловсруулагчдын нэг Адам Фолдс ярьсан байна. Арав дахь удаагийн тайланд дурдагдсанаар АНУ, ХБНГУ, Англи, Швейцари гэсэн 4 улс тэргүүлэн ажиллаж байна. Хил дамнасан хээл хахууль цэцэглэж байгаагийн нэг шалтгааныг мөрдөн байцаагчид шалгах нөөц хүрэлцэхгүй байгаатай холбож байна. Улс төрийн хүсэл зориггүй байна гэдэг нь хууль хяналтын байгууллагууд хангалттай хөрөнгө нөөцгүй байгаатай холбоотой гэжээ. Ямар төрлийн эрүүгийн гэмт хэрэг шалгаж, яллах гэж байгааг тодруулахад мөн бэрхшээлтэй тулгардаг. Учир нь гадаад улсад болж буй гадаадын төрийн албан хаагчдыг хээл хахуулийн хэргийг шалгах асуудал маш хэцүү байдаг. ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн эсрэг конвенцийн гишүүн улсууд нь дэлхийн экспортын гуравны нэгийг үйлдвэрлэгч болон шууд хөрөнгө оруулагч нарын бараг 90 орчим хувийг эзэлдэг хэмээн Транспарэнси интернэшнл байгууллага мэдэгдэв. Хээл хахуулиар бизнес хийх нь сайн нийлүүлэгч нарыг гэрээлж чадахгүй болох, хууль бус төлбөрийг нөхөхийн тулд үнэ хэт өндөр болох, татвар бүрдүүлж чадахгүйд хүрэх, байгаль орчныг бохирдуулах зэрэг дэлхийн хөгжилд хохирол учруулдаг байна. Шинэ ажлын байр бий болгох, эсхүл боловсролд зарцуулах хангалттай хөрөнгө байдаггүй учир эдгээр хохирол нь хөгжиж буй орнуудад илүүтэйгээр тод харагддаг. Тэгэхдээ хээл хахууль бизнест ч хохирол учруулдаг. Урт хугацаандаа гадаадад хээл хахуулиар бизнес эрхэлж буй компаниуд сул, өрсөлдөх чадвар буурах аюултай юм. Хэрэв тэдгээрийн бүтээгдэхүүн хангалттай сайн байсан юм бол тэд хээл хахууль өгөөд байх шаардлага байхгүй юм. Конвенцийн дагуу өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа улс орнууд авлигаас ангид дэлхийн худалдаа бий болгоно гэсэн зорилгодоо хүрч чадахгүй юм хэмээн тайланд онцолсон байна. Улс болгон өөрсдийн хууль хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлж болно. Ингэхийн тулд хууль хяналтын салбарт хөрөнгө мөнгө төсөвлөж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эдгээр байгууллагууд энэ ажлыг хийх чадвартай ч хийхгүй байгаа юм гэсэн байна. Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад зөвхөн Канад, Шинэ зеланд гэсэн 2 улс гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх асуудалтай тэмцэх ажилд үр дүнг сайжруулж чадсан бол Болгар, Дани улс тус үзүүлэлтийг бууруулсан байна. Бүртгэлийн байгууллагуудад шаардлагатай өөрсдийн жинхэнэ хөрөнгө оруулагчдаа ил болгох тухай компаниудад тавьж буй шинэ шаардлага илүү чухал гэж тайлан онцолсон байна. Учир нь компаниудын хөрөнгө оруулагчдын нэрсийг нууц байлгах нь мөнгө угаахад ашиглагддаг ба гадаадын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхийг таслан зогсоох явдлыг улам хэцүү болгодог гэжээ.

Эх сурвалж