Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцав.
-Авлигатай тэмцэх газар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан талаар мэдээллээ. Ямар зорилгоор энэ шалгалтыг хийсэн бэ?
-Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж батлагдаад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид уг хуулийг сурталчлах, олон нийтэд ойлгон таниулах талаар сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмжөөр хангах зэргээр ажиллаж байсан. Харин хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж байгаа, гарч буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг арилгах талаар хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг, мөн холбогдох албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан. Хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа гол зорилго бол албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад зөрчил үүсгэх нөхцөл байдлыг багасгах, хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан зөрчил дутагдлыг арилгах болон хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөмж чиглэл өгч ажиллах явдал юм.
-Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал юу вэ?
-Ганц Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэлтгүйхяналт шалгалтад хамрагдаж байгаа төрийн байгууллагууд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ нийтлэг хэд хэдэн зөрчлийг гаргаж байна. Хуульд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулсны дараа тухайн албан тушаалтныг томилох эрх үүсдэг байхаар заасан. Гэтэл мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, материалыг нь ирүүлсэн боловч тус газраас дүгнэлт гаргаагүй байхад урьдчилж томилох, түүнчлэн албан тушаалтнуудын хувьд албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, мэдэгдэл тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь цаашлаад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлалтай байна.
Ялангуяа хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн албан үүргийг гүйцэтгэхээс татгалзах, мөн албан үүргийг гүйцэтгэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа дарамт шахалтын талаар мэдэгдэх үүргийг төдийлөн хэрэгжүүлж ажиллахгүй байна. Шүүгч нар хүртэл шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа асуудлын талаар байгууллагадаа мэдэгдэн ажиллах болсон шүү дээ.Ингэж албан үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа дарамт шахалтын талаар мэдэгдсэнээр албан тушаалтан та ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, эрсдэл үүсэх нөхцөлийг багасгаж байгаа юм.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын ажлын байрыг сэлгэж ажиллуулах зөвлөмж хүргүүлсэн байсан. Ингэж сэлгэх нь ашиг сонирхлын зөрчлийг хэр хэмжээгээр багасгаж чадах вэ?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийхдээ бид авлигад өртөх эрсдэл өндөртэй нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 38 албан тушаалтан буюу 20 хувь нь 11 жил, 96 албан тушаалтан буюу 51 хувь нь 5-10 жил тухайн байгууллагад ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг хэрэгжүүлж дагнан ажилласан байна. Хяналт шалгалтын чиг үүргийг дагнан хэрэгжүүлж нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болох эрсдэлтэй байна. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нь сургуулийн өмнөх насны боловсролыг хариуцан нийслэл, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг бөгөөд ганцаараа уг хяналтын үйл ажиллагааг 10 гаруй жил хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ нь зөвхөн нэг албан тушаалтан бүх дүүргийн улсын болон хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд дангаараа хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилласан гэсэн үг. Бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урдьчилсан мэдүүлгийг хянуулаад байна.