Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас дэлхийн улс орнуудын авлигын индексийг зарлалаа. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцав.
-“Транспарэнси интернэшнл” байгууллагаас 2014 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг албан ёсоор зарлалаа. Манай улс байр ахисан байсан. Энэ талаар тодруулна уу?
-“Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг сүүлийн 20 жилийн туршид гаргаж байна. Манай улс энэ онд уг индексийн үнэлгээгээр 39 оноо авч, дэлхийн 175 улс орноос 80 дугаар байрт эрэмбэлэгдсэн дүнтэй гарлаа. Уг индексээр манай улс сүүлийн жилүүдэд дараалан байр ахиж байгаа буюу 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт тус тус ороод байна. Ер нь Монгол Улс дахь авлигын түвшинг бууруулах ажилд тодорхой хэмжээний эерэг хандлагууд ажиглагдаж байгааг зөвхөн энэ ч биш, дотооддоо зохион байгуулан явуулж байгаа өөр бусад судалгааны дүн ч харуулсаар байна.
-Судалгаануудын дүн эерэг хандлагатай байгаа юм байна. “Транспэрэнси интернэшнл”-ийн Авлигын төсөөллийн индексийн үнэлгээ өссөнийг Та юутай холбож тайлбарлах вэ?
-Индексийн дүн эерэг өөрчлөлттэй байгаа нь Монгол Улс авлигын эсрэг тууштай тэмцэл хийж байгаатай холбоотой. Тухайн оны индексийг тооцон гаргахдаа индекс тооцохоос өмнөх буюу 2013, 2014 оны тоо, мэдээллийг ашигладаг юм билээ. Бид буюу Монгол Улс дээрх хугацаанд зөвхөн эрх зүйн орчинд л гэхэд томоохон шинэчлэлүүдийг хийж чадсан, өмнө нь батлуулсан хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр онцгой алхам хийсэн үе байлаа. Тухайлбал, 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг хангуулах, УИХ-аас Шүүхийн шинэтгэлийн багц хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг шинээр болон шинэчлэн батлуулан хэрэгжүүлж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэн шаардлагатай буюу нийтийн албан тушаалтныг аливаа эрсдлээс хамгаалах чухал механизмыг бий болгосон. Үүнээс гадна 2014 онд л гэхэд Шилэн дансны тухай хуулийг баталсан нь улс, орон нутгийн төсөв, өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахад холбогдох шийдвэр, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах, түүнд хяналт тавих иргэдийн оролцоог хангахад чухал алхам болсон зэргийг тэмдэглэж болох юм.
-Авлигатай тэмцэх газар болон “Транспэрэнси интернэшнл”-ийн судалгаануудаас харахад төсөөлөлд үндэслэн авлигыг хэмжиж байна. Төсөөллөөр тухайн улс дахь авлигын түвшинг хэмжиж болох уу? Өөрөөр хэлбэл, бодитой гэмт хэргийн статистикийн тоогоор хэмжиж болохгүй юу?
-Авлигыг нарийн хэмжих нь хүндрэлтэй асуудал. Авлигыг гэмт хэргийн гаралт буюу тоогоор хэмжих нь ихээхэн учир дутагдалтай байдаг. Авлига нь бусад хэргүүдтэй харьцуулахад нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг. Нөгөө талаас авлигын хэргийг илрүүлэх нь тухайн улсын хууль сахиулах байгууллага болон шүүх засаглалын байгууллагын чадавхаас ихээхэн хамаарч байдаг бөгөөд мөрдөн шалгаж байгаа болон шалгасан хэргийн тоо, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо зэрэгт суурилан авлигыг хэмжих нь бодит хэмжээний зөвхөн нэг хэсэг нь байдаг тул авлигыг олон нийт болон шинжээчдийн төсөөлөл, үнэлгээнд үндэслэн хэмжиж явдал түгээмэл байна.
-Энэ удаагийн судалгаагаар манай хоёр хөрш ямар үнэлгээтэй гарсан бэ?
-ОХУ энэ онд 27 гэсэн үнэлгээтэйгээр 136 дугаар байрт буюу үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан, мөн БНХАУ-ын хувьд 36 гэсэн үнэлгээтэйгээр 100 дугаар байрт буюу өмнөх оныхоос буурсан байсан. Хятад улс сүүлийн үед авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа ч оффшор данс ашигласан албан тушаалтан олон байгааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциуаас мэдээлсэн. Нийтдээ тус улсад 22 мянга орчим оффшор данс хэрэглэгч байгааг гаргасан байсан. Харин Оросын хувьд албан тушаалтнууд нь Кипр Улсын хэд хэдэн банкийг ашиглан мөнгө угаасан, хөрөнгө завшсан хэргүүд гарсан зэрэг олон хүчин зүйлс үнэлгээнд нөлөөлсөн байж болох юм. Нөгөө талаас авлигын эсрэг тэмцлийг зөвхөн хэрэг илрүүлснээр ч юм уу, гэмт хэрэгтнийг шийтгэснээр ч юм уу сайн муу гэж үнэлж болохгүй, тухайн улс орон авлигын эсрэг эрх зүйн орчноо хэр бүрдүүлсэн, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгаа, иргэд нь төр, засагтаа хэр итгэж байгаа зэрэг олон талаас нь судалж үнэлэх шаардлагатай гэдгийг илтгэж байж болох юм. Авлигад нөлөөлөх шалтгаан гэдэг бол улс төр, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс хамаарсан шинжтэй байдаг.
-Үнэлгээ, эрэмбэ 2-ын ялгааны талаар дэлгэрүүлж өгнө үү?
-Тухайн улсын төрийн байгууллага дахь авлигын түвшинг төсөөлөлд үндэслэн 0-100-ийн хооронд үнэлж байгаа бөгөөд 0 үнэлгээнд ойр байх тусам авлигад автсан, 100 үнэлгээнд ойр бол цэвэр гэж үнэлж байгаа. Эдгээр үнэлгээгээр авсан оноонд нь үндэслэн улс орнуудыг эрэмбэлж байгаа юм.
-Та ярилцлагын эхэнд өөр бусад судалгааны талаар цухас дурдсан. Өөр ямар судалгааны дүнд эерэг өөрчлөлт гарч байна вэ?
-Үндэсний хэмжээнд тодорхой салбар, хэсгүүдийг хамруулсан судалгааг Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд хийж байна. Эдгээрээс хамгийн томд тооцогдох судалгаануудын нэг бол Авлигатай тэмцэх газраас 2 жил тутамд зохион байгуулан явуулж үр дүнг нь олон нийтэд мэдээлж байгаа Авлигын индексийн дүн юм. Зарим хүн “Транспэрэнси интернэшнл”-ийн Авлигын төсөөллийн индекс болон Авлигатай тэмцэх газраас гаргаж байгаа Авлигын индексийг зөрүүлж ойлгох тал байдаг. Эдгээр индексүүд нь тус бүртээ онцлогтой. “Транспэрэнси интернэшнл”-ийн Авлигын индекс тухайн улсын талаар гадны болон хөндлөнгийн шинжээч, байгууллагын үнэлгээнд үндэслэдэг бол Авлигатай тэмцэх газрын Авлигын индекс нь манай иргэд, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч болон шинжээчдийн төсөөлөл, үнэлгээнээс гадна Монгол Улсад үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад захиргааны статистик мэдээлэлд үндэслэн тооцогддогоороо онцлог юм. Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг хамгийн сүүлд 2013 онд тооцоход 0-1 хүртэл үнэлэгдэхээс 0.64 буюу өмнөх оныхоос 0.02 пунктээр нэмэгдсэн эерэг дүнтэй гарсан зэрэг нь “Транспэрэнси интернэшнл”-ийн Авлигын төсөөллийн индексийн дүнтэй адил байгаа юм. Дээрээс нь нэмж хэлэхэд манай байгууллагаас зохион байгуулан явуулж байгаа “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа”-ны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд мөн тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа.
Ярилцсан Г.Цолмон