Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхантай ярилцав.
-Өнөөдөр НҮБ-аас тунхагласан авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. 2014 он ч шувтарч байна. Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр өнгөрч буй онд ямар үр дүн гаргав?
-2014 онд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 99,99 хувьтай бүрдүүлэлт хийсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт болсон. Мөн бүсчилсэн сургалтыг зохион байгуулж мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий нийт 1175 албан тушаалтныг хамрууллаа. Авлигатай тэмцэх газар албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэн шалгахаас гадна зөрчилтэй бас тэмцдэг, шалгадаг чиг үүрэгтэй буюу гэмт хэргийн шинжгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хууль зөрчсөн асуудлыг хянан шалгадаг. Сүүлийн 2 жилд албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоо дутуу мэдүүлэх болон ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, захиргааны акт гаргасан асуудлууд хяналт шалгалтаар нэлээд илэрч байна. Иймд бид уг хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа, гарч буй хүндрэл бэрхшээл, гаргаж буй зөрчлийг арилгах талаар хяналт шалгалтын үйл ажиллагаандаа түлхүү анхааран ажилласан.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын түвшинд хууль бусаар нөлөөлөх, төрийн албан хаагч нь хэд хэдэн хуулийн этгээдийн удирдах зөвлөлд давхар гишүүнчлэлтэй байх, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд “хамтын шийдвэр гаргах” нэрийн дор хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх, гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль бус аливаа хэлбэрээр нөлөөлөн хүний нөөц, санхүү, худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, өөрт ашигтай мэдээллийг шуурхай олж авах, албаны мэдээллийг хувийн сонирхолд ашиглах, ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, төрийн өмчийн удирдлага хэсэг бүлгийн гарт төвлөрөх, нэг гэр бүлийн гишүүд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдох, хамаарал бүхий этгээдүүд нь тухайн чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн үүсгэн байгуулагч, захирал байх тохиолдол нэлээд гарсан. Бид эдгээр асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж Засгийн газарт үүрэг, чиглэл болгож, асуудлыг шийдвэрлүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан.
-Хяналт шалгаж, зөрчил дутагдал илрүүлж, хариуцлага тооцуулах нь нэг хэрэг. Харин та бүхний илрүүлсэн зөрчил дутагдал дахин гарахгүй байх нь өөр хэрэг. Дахин давтагдахгүй байх эсэхэд анхаарч ажилладаг уу? Үүгээр АТГ-ын ажлын нэг үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болов уу?
-Мэдээж зөрчил гаргасан албан тушаалтанд нэг удаа хариуцлага тооцуулснаар авлига, ашиг сонирхлын зөрчил арилна гэж үгүй. Хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа гол зорилго бол албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад зөрчил үүсгэх нөхцөл байдлыг багасгах, хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан зөрчил дутагдлыг арилгах болон хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөмж чиглэл өгч ажиллах явдал юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд төрийн байгууллагын удирдлагын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх үүргийг тусгайлан зааж өгсөн бөгөөд бид энэ үүргийн хүрээнд байгууллагын удирдлага, удирдах албан тушаалтнуудын хүрээнд хуулийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөмж чиглэл өгч, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар хамтран ажиллаж байна.
-Авлигын индекс өмнөх оныхоос 3 байраар ахисан тухай мэдээлэгдэж байна. Үүнд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудал ямар хэмжээгээр нөлөөлсөн бэ?
-Жилээс жилд төрийн албан тушаалтнууд мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх асуудал үр дүнтэй хийгдэж байгаа ажлын нэг. Өнгөрсөн жилд 51000 орчим мэдүүлэг гаргагчийн 99,99 хувь нь мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаж бүртгүүлсэн. Мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Мөн дан ганц хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаад өгөх биш энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хүлээн авч буй мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг хариуцлага нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн үед төрийн байгууллага дахь хууль бус үйлдлийг шалгуулахаар хандсан эрх бүхий албан тушаалтны тоо нэмэгдэх хандлагатай байна.
Авлигатай тэмцэх газар энэ онд 387 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 325 гомдол, мэдээллийг хянан шалгалаа. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 12800 гаруй нэр дэвшигчийн мэдүүлгийг хянан шалгасан байна. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар 2014 онд хууль зөрчин томилсон нийт 1214 этгээдэд холбогдох тушаалыг хүчингүй болгосон. Хяналт шалгалтын хүрээнд 308 албан тушаалтанд нийтийн албанаас халах хүртэлх хариуцлагыг тооцуулсан зэрэг нь тодорхой хэмжээний үр дүн гэж үзэж байна.
-АТГ мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр цаашид юунд анхаарч ажиллах вэ?
-Мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбоотойгоор цаашид мэдүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн цахим хэлбэрээр авч, цаасан мэдүүлгээс татгалзана. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 50000 гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргаж байгаа. Үүнийг цөөлж 30000 орчим хүн гаргадаг байхаар болгоно. Өөрөөр хэлбэл, ямар албан тушаал дээр эрх мэдлээ худалдах, худалдагдаж болох эрсдэл өндөр байна, түүн дээр ажиллаж байгаа хүмүүсээс л мэдүүлэг авахаар холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Авлигатай тэмцэх газарт ирүүлж байгаа гомдол, мэдээлэл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд гомдол, мэдээллийн шийдвэрлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Манай хэлтэст шалгагдаж байгаа гомдол, мэдээллийн талаас илүү хувь нь орон нутаг дахь төрийн байгууллагуудтай холбоотой байна. Ялангуяа хамаарал бүхий этгээдүүд буюу төрсөн ах, дүү, гэр бүлийн гишүүд нэг дор ажиллаж байгаа, хамаарал бүхий этгээд нь тендерт оролцож төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, сонирхлын зөрчилтэй томилгоо хийдэг гэх өргөдөл, гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Иймд орон нутгийн түвшинд удирдах албан тушаалтнуудын болон мэдүүлэг гаргагчдын хүрээнд холбогдох сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулахаар анхааран ажиллаж байна.
Ярилцсан Г.Улсболд