Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөртэй ярилцлаа.
-НҮБ-аас зарласан авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж танай газраас ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ?
-Шударга ёсны өдрийг угтаж манай албан хаагчид хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж, авлигын гэмт хэрэг бүрийг бүрэн илрүүлэх, шуурхай шийдвэрлэхэд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцож, тэдний санал бодлыг сонслоо. Бизнес эрхлэгчид өдөр тутам авлига, хээл хахуулийн шинжтэй үйлдэлтэй тулгардаг тул ийм тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.
-“Транспэрэнси интернэшнл” байгууллагын авлигын төсөөллийн индексийн энэ оны судалгаагаар манай улс өмнөх жилээс гурван байраар урагшилсан эерэг дүнтэй гарсан нь Монгол Улс авлигатай тэмцэж байгаагийн илрэл мөн болов уу?
-Монгол Улсын авлигын түвшинг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу Авлигатай тэмцэх газар олон нийт, шинжээчдийн дэмжлэгтэйгээр авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг хоёр жил судлан авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар энэ онд 175 орноос 39 оноогоор 80-д жагссан. Энэ нь өмнөх оны 83-т жагссан үзүүлэлтээсээ гурван байр урагшилсан үзүүлэлт юм. Эндээс дүгнэлт хийхэд авлига буурсан нь харагдаж байгаа.
-Сүүлийн дөрвөн жилд манай улс авлигын төсөөллийн индексээр байр урагшилж байгаа нь авлига буурч байгаагийн гол үзүүлэлт. Авлига буурсан нь юутай холбоотой вэ?
-Монгол Улсын авлигын түвшинг олон улсын байгууллагууд, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу манай газраас зохион байгуулсан хөндлөнгийн шинжээчид, иргэд, олон нийт, төрийн албан хаагчдыг оролцуулсан, судалгааны дүнгээр авлигын индекс буурсан, авлигын цар хүрээ зохих хэмжээнд хумигдаж эхэлсэн байна. Энэ нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааны нааштай эхлэл гэж дүгнэж болно.
-Иргэдээс авлигын асуудлаар ирэх гомдол мэдээлэл ихэссэн гэж сонссон юм байна. Энэ нь юутай холбоотой бол?
-Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдон иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн тоо өсч, ажлын ачаалал энэ хэрээр нэмэгдэж байна. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 487 гомдол хүлээн авсан бөгөөд үүнээс 84 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 45.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоож, 2.2 тэрбумын хохирол барагдуулж, 15.2 тэрбум төгрөгийн эд зүйлс битүүмжилснийг шүүхээс улсын орлого болгох шийдвэр гаргасан.
-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд ихэвчлэн ямар албан тушаалтнууд холбогдож байна вэ?
-2012 онд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон 93 мэдээлэл ирж байсан. Өнгөрсөн онд 103 болж өссөн бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 82 гомдол, мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өнгөрсөн онд 72, өнөөдрийн байдлаар 102 ирээд байна. Харин яамдын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өнгөрсөн оноос 5-аар нэмэгдэж, 28-д хүрсэн бол УИХ-ын гишүүнд холбоотой нэг гомдол, мэдээлэл ирсэн. Хөдөө орон нутаг болон нийслэлийн хэмжээнд ирж байгаа мэдээллийн ихэнх нь бичгээр ирж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд 97 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Эдгээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан хүмүүсийг албан тушаалаар ангилбал ямар дүн гарч байна вэ?
-Олонх нь буюу 49 хүн нь төрийн албан хаагч байна. Харин баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгч 33 хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар 27 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд өнгөрсөн оноос 43.8 хувиар буурсан байгаа.
-Шийдвэрлэж байгаа хэргүүдээс аль төрлийн гэмт хэрэг давамгайлж байна вэ?
-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэг өнгөрсөн онд 70 байсан бол арваннэгдүгээр сарын байдлаар 76-д хүрлээ. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөх чиг хандлагатай байгаа. Харин авлига авсан хэргийн тоо өнгөрсөн онд 9 байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 39-д хүрээд байна.
-АТГ баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлдэг гэсэн яриа нийгэмд байдаг. Энэ төрлийн шалгагдаж байгаа хэргүүдийн тоон мэдээлэл байгаа юу?
-Баялаг бүтээгчдийн талаар бид сүүлийн 3 жилийн судалгаа явуулсан. Эрүүгийн хуульд төрийн бус байгууллагын албан тушаалтны албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан асуудал байвал шалгах үүрэг бидэнд байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар яг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан компанийн захирлууд буюу төрийн бус байгууллагын аж ахуйн нэгжийн албан тушаалтантай холбогдолтой 48 хэргийг шалгасан. Тодруулбал, 2012 онд 13, 2013 онд 19, энэ оны эхний 11 сарын байдлаар 16 хүнийг шалгажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг Авлигатай тэмцэх газар баялаг бүтээгчдийг хэдэн зуугаар нь хориод, шалгаагүйг эндээс харж болно.
Ярилцсан Б.Даваатогтох “Засгийн газрын мэдээ” сонин