Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.24-28/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.24-28/

Тайландын цэргийн дэглэмийн авлигатай хийж буй дайн

Тайландад иргэний мөргөлдөөнөөс зайлсхийх зорилготой 2014 оны 5 дугаар сараас засгийн эрхэнд гарсан цэргийн хунт тус улсыг авлигаас ангижруулах амлалт өгөөд байгаа. Энэ амлалт нь эхнийх биш бөгөөд Тайландчууд үнэхээр авлигыг устгахыг хүсч байгаа тул амлалтыг нааштай хүлээж авсан юм. Төрийн эргэлтийг дэмжиж байсан хүмүүс цэргийн хунт засгийн эрхэнд гарвал генералууд амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байв. 

Юнглик Синаватрагийн засгийн газрыг авч хаяснаас хойш 6 сар өнгөрсөн бөгөөд Праюутын засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр ямар амжилт гаргасныг дүгнэхэд хангалттай хугацаа юм.

Юнглик Синаватрагийн засгийн газар сонгуулиар тариаланчдад цагаан будааны татаасын талаар амлаж ялалт байгуулсан түүхтэй. Цэргийн дэглэмээс ард түмэндээ өгсөн анхны амлалтуудын нэг нь цагаан будааны татаасын асуудлыг шийдвэрлэх явдал бөгөөд энэ нь тариаланчдыг тайвшруулах чухал алхам байв. Гэтэл төрөөс олгох цагаан будааны татаасын асуудлаас болж 500 тэрбум бат буюу 15.25 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм. Цагаан будааны татаасын асуудал буруу байснаас гадна авлигын асуудал их байна. Одоогоор Авлигатай тэмцэх үндэсний хорооны мэдсэнээр 3 сая тонн цагаан будаа алга болсон байна. Үүнээс гадна цагаан будааг өөр орноос хямд үнээр авчирч Тайландын засгийн газарт зах зээлийн үнээс дээгүүр борлуулсан гэх асуудлыг ч шалгаж байгаа аж. Хунтын зүгээс дээрх асуудлыг шуурхай шалгасаар Юнгликийг буруутгах үндэслэл бий болсон юм.

Авлигатай тэмцэх чиглэлээр өөр нэг хийж буй ажил бол газрын хууль бус худалдааг зогсоох явдал. Үндэсний хэв журам, тайван байдлын хороо улсын хэмжээнд 50000 рай буюу 80 мянган кв.м. газрыг төрийн өмчид шилжүүлж авсан байна. Үүнд: Сукотай, Лампанг, Пукет, Краби зэрэг мужууд хамаарч байна. Газрыг төрийн мэдэлд авах ажиллагааны үр дүнд хууль бус барилга, байгууламж, амралтын газруудыг нураахад хүргэсэн бөгөөд Тайландын нэртэй жуулчны газрууд ч орсон байна. Пукетын наран шарлагын газар орчмын газрын дуудлага худалдаа хууль бус байсан, үүнд Кароны захирагч холбоотой болох нь тогтоогдсон асуудал 9 дүгээр сард шуугиан тарьсан. Түүнчлэн Патонгийн захирагч хууль бус таксины үйлчилгээтэй холбоотойгоор баривчлагдсан. Пукетын авлигын асуудал, олон нийтийн шарлагын газруудыг “мафийн ор” болгон түрээслэх, магадгүй бусад амралтын газрууд болох Самуи, Ча ам, Чонбури зэрэгт мөн адил энэ асуудал оршиж буйг таслан зогсоох юм.

Шинэчлэл хийх шаардлагатай өөр нэг байгууллага бол Тайландын цагдаагийн байгууллага юм. “Ажил хийхийн тулд хахууль” өгөх ёстой гэсэн сэтгэлгээг халах, устгах явдал авлигыг үгүй болгоход чухал алхам бөгөөд одоогоор энэ чиглэлээр ямар нэгэн ахиц, дэвшил ажиглагдаагүй байна.

Хэдийгээр сүүлийн хагас жилийн хугацаанд цагдаагийн байгууллага авлигатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаагаа харуулах сонирхолтой байгаа хэд хэдэн цагдаагийн албан хаагчдыг авлигын хэрэгт буруутгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласнаас өөр зүйл алга. Үүнд: тайландын хойд хэсэгт Чиан Райд гэх цагдаагийн албан тушаалтныг хууль бус хар тамхи, мансууруулах бодис авч явахад нь баривчилсан ба тэрээр 160 сая бат буюу 4.9 сая ам долларын үнэ бүхий метафетамин авч явж байхдаа хураалгасан байна. Түүнчлэн мөрийтэй тоглоом болон бусад хууль бус үйл ажиллагаанд оролцож байсан цагдаагийн албан хаагчдыг баривчилсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн бага, дунд тушаалын албан хаагчид аж. Замын хөдөлгөөнд оролцогчдоос хээл хахууль аваагүйн төлөө цагдаагийн албан хаагчдад 10 000 бат буюу 305 ам.долларын урамшуулал олгох санаачилга 10 дугаар сараас хэрэгжүүлэв. Замын цагдаагийн албан хаагчдад хахууль өгөх гэсэн жолоочдыг саатуулсан ба албан хаагчдад урамшуулал олгосон байна. Гэвч энэ асуудал олон нийтийн дунд шуугиан дэгдээж одоогоор дахин авч хэлэлцэхээр хойшлуулаад байна. Тайландад замын хөдөлгөөнд оролцоход мөнгөн төлбөр хийх явдал хэвшил, амьдралын хэв маяг болсон байсныг нэг өдөр л үгүй хийнэ гэдэг нь бодит бус. Нөгөө талаас цагдаагийн албан хаагчдад хээл хахууль аваагүйн төлөө урамшуулал олгох нь тийм ч үр ашигтай биш юм.

Тайландад авлига нь амьдралын хэв маяг, хэвшмэл зүйл болсон нь авлигатай тэмцэх явдалд бэрхшээл учруулж байна. Тайландын бүх түвшинд авлига оршиж байна. Зам, сургууль, төрийн байгууллага, цагдаагийн хэсгүүд – бүр гэмт хэргийн хохирогч хүртэл богино хугацаанд өөрийн хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор хээл хахууль өгөх явдал гардаг. Энэ мэт асуудлыг түргэн шийдвэрлэхийн тулд хахууль өгдөг байна. Гаалиар бараа, бүтээгдэхүүнээ түргэн авах, тусгай зөвшөөрөл авах, газар тариалан эрхлэх, хүүхдээ сайн сургуульд сургах гэх мэт асуудлыг мөнгө шийдвэрлэдэг гэдгийг мартах хэрэггүй юм. 

Цагаан будааны татаасын асуудал, газрын наймаа, цагдаагийн байгууллагын авлига гэх мэт одоогийн байдлаар мөсөн уулын зөвхөн гадаргууг маажих мэт харагдаж байна. Гэтэл засгийн эрхэнд гарсан цэргийн дэглэмийн засгийн газар хүртэл шударга ёсыг тогтоогчид гэсэн нэр хүндээ алдаж байна. Хурлын танхимын дууны системийг сайжруулах зорилготой 145.000 батын үнэтэй 192 микрофон худалдан авсан асуудал олныг гайхшруулсан бөгөөд энэ нь Праюутын засгийн газрын зарим сайд нарын хураасан хөрөнгийн талаарх мэдээллээр үргэлжлэв. Сүүлийн хэдэн арван жилийн турш гарцаагүй шинэ засгийн гишүүд ашиг олж байсан бололтой. Цэргийн алба хашиж байсан гэхэд шинэ засгийн 8 офицерийн хуримтлуулсан хөрөнгө 1 сая давсан гэсэн мэдээлэл гарчээ.

Авлигатай хийх тэмцлийн төлөвлөгөөг хэн гаргав? Хаанаас эхлэх вэ? Ямар тохиолдлуудыг шалгах вэ? Хүн бүрийг шалгаж болох уу? Яагаад зарим наран шарлагын газрыг шалгаж, заримыг нь огт шалгахгүй орхив? Яагаад газрын хууль бус худалдаатай холбоотой зарим газрыг шалгаад заримыг нь үлдээсэн бэ? Хэрэв авлига нь тайландчуудын амьдралын хэв маяг юм бол авлигын гэмт хэргийг шалгаж буй мөрдөн байцаагчид шударга ажиллаж байгаа гэдгийг хэн нотлох вэ? Үндэсний хэв журам, тайван байдлын хорооноос авлигатай тэмцэх чиглэлээр хийж буй ажлууд үнэн, бодит юм гэдгийг олон нийтэд итгүүлэхийн тулд улс төрийн харьяалал болон харилцаа, холбооноос үл хамааран хэнийг ч авлигын хэрэгт шалгадаг байх нь чухал байна. 

Үүнээс гадна зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх бус Үндэсний хэв журам, тайван байдлын хороо нь авлигатай тэмцэх үр ашигтай системийг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Ингэхийн тулд тэд засгийн газрын ил тод байдлаас эхлэх шаардлагатай. Авлигын тохиолдлыг мэдээлдэг, шалгадаг талууд хараат бус байх явдал нь авлигын асуудлыг иргэд, олон нийтээс мэдээлэх явдлыг нэмэдүүлнэ. Залууст авлигын хэлбэр, хор хөнөөлийг ойлгуулан соён гэгээрүүлнэ гэдэг нь бас нэг чухал алхам юм. 

Эх сурвалж

Энэтхэг - Медиликс: Эрүүл мэндийн салбар дахь авлигын талаарх мэдээллийг судлав.

Эрүүл мэндийн салбар дахь авлигын асуудал хүндэрч байгаатай холбоотой Медиликс цахим хуудсыг ажилд оруулснаар өвчтөн болон бусад үйлчлүүлэгч, оролцогчид эрүүл мэндийн салбарын талаарх туршлага солилцох боломжоор хангасан байна. Цахим хуудсын тусламжтай өвчтөн, үйлчлүүлэгч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад мэдээлэл, баримт болон туршлага солилцох боломжтой болсноос гадна бусдад эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг түгээж байна. Цахим хуудас нь ашгийн төлөө бус бөгөөд Сунил Нандраж, Алам Сингх нар санхүүжүүлж байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хайнга ажилласантай холбоотой мэдээ, мэдээлэл зарим нөхцөлд хэрээс хэтэрч болох талтайг Сир Ганга Рам эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх болон гастроэнтерелогийн мэс заслын тасгийн эрхлэгч Самиран Нунду анхааруулав. Сайтын нээлтийн үеэр эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зонхилох хэсэг хувийн хэвшилд ногддог тул маш нарийн зохицуулалт шаардлагатай гэдгийг Иргэдийн эрүүл мэндийн хөдөлгөөний тэргүүн Амит Сэнгупта анхааруулав. Эрүүл мэндийн салбар дахь ёс зүй, хүнд суртал, авлигын асуудлыг хөндөх тул Медиликс нь олон нийтийн хандив туслалцаанд тулгуурлах юм. Иргэд, олон нийт чөлөөтэй мэдээлэл оруулах боломжтой байх ба сайн дурын ажилтнууд харин оруулсан мэдээлэлд боловсруулалт хийж нэр ус, хаяг зэргийг авч тавих юм. Мэдээлэл нь олон нийт хандаж болохоор нээлтттэй байх юм.

Эх сурвалж

БНСУ: Хэзээ ч төгсөхгүй авлига.

Хэрэв хяналт шалгалт хангалтгүй бол төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд албан тушаалаа урвуулан ашиглах явдал ихээр гарахыг төрийн өмчийн оролцоотой Солонгосын цахилгаан эрчим хүчний корпораци (Korea Electric Power Corporation (Kepco)) харуулж байна. Кепсо мэдлэг, мэдээллийн сүлжээ компани (Kepco Knowledge, Data & Network Co. (KDN)) нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд харш хуулийн төслийг батлуулахгүйн тулд хууль тогтоогчдыг лоббидсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллага олж авсан байна. Үүнээс гадна удирдлагуудын хуурамч томилолтод нэлээд хөрөнгө зарлагдсан талаарх баримтуудыг олсон байна. Зарим тохиолдолд тус компанийн туслан гүйцэтгэгч компаниас хээл хахууль авсан болон үнэтэй бэлэг, тухайлбал, седан машин авсан асуудлыг прокурорууд шалгаж байна. Компаниудын лоббидох авьяас чадвар өндөр ба зохион байгуулалт сайтай байдаг. Тухайлбал, Программ хангамж худалдан авах тендерт жижиг, дунд компаниудыг хамгаалах зорилгоор төрийн өмчийн оролцоотой том компаниудыг оролцохыг хориглосон тухай хууль өргөн барих болоход тэр даруйд нь зорилтод бүлэг зохион байгуулж төр барьж буй болон сөрөг хүчний намын 2 хууль тогтоогчтой холбоо тогтоож тэдгээрт тус бүрд нь 10 сая вон (9000 ам. доллар)-оос 18 сая вон улс төрийн хандив өгсөн ба компанийн 500 ажилтны нэрийн өмнөөс 100.000 вон өгсөн. Одоогийн үйлчилж байгаа системээр тодорхой хувь хүнээс бага хэмжээний улс төрийн хандив өргөхөд татварын хөнгөлөлт эдэлдгийг Кепсо мэдлэг, мэдээлллийн сүлжээ компани (KDN) ашигласан байна. Хууль тогтоогчдын зохион байгуулсан арга хэмжээний үеэр тэдний борлуулж байсан номноос компанийн удирдлагууд зуу зуугаар нь худалдан авсан байна. Ингээд эцэст нь төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудыг хориглосон заалт ороогүй хууль батлагдсан. Кепкогийн ажилтнууд болон удирдлагуудаас 1.1 тэрбум воны хуураамч томилолтын зардлуудыг гаргуулж авахаар болсон байна. Зарим ахлах албан тушаалтнууд машин болон их хэмжээний бэлэн мөнгө авсан асуудалд буруутгагдсан байна. Иймд төрийн өмчийн оролцоотой компаниудын шинэчлэлийг тус компаниас эхлэн хийх хэрэгтэй юм. Хууль батлах үйл ажиллагаан дахь дөрвөн хууль тогтоогчийн үүрэг, ролийг тогтоох зэргээр нарийн шалгах шаардлагатай юм. 

Эх сурвалж

Тонга дахь Шинэ Зеландын цагдаагийн комиссарыг гэр лүү нь буцаав. 

Тонгад цагдаагийн алба хашиж байсан Шинэ Зеландын хоёр дахь иргэнийг ямар нэгэн тайлбаргүй нутаг буцаасан байна. Шинэ Зеландын Грант О’Фи гэгч нь 2012 оноос Тонгад цагдаагийн комиссараар ажиллаж байна. Тонгаагийн цагдаад авлига, хүнд суртал газар авсан ба мэдлэг боловсрол, ур чадварт суурилсан болгох чиглэлээр ажиллаж байсан О’Фид цагдаагийн байгууллагын хуучин албан хаагчид дургүй байна. Канива пасифик гэх Тонгагийн нэгэн цахим сайт дээр бичсэнээр О’Фи гэрээ дуусахаас 8 сарын өмнө гэртээ харих болсон хэмээн мэдээлжээ. Тонга шинэ цагдаагийн комиссар хайж байгаа талаар ч мөн дурдсан байна. Шинэ Зеланд интернэшнл радиод О’Фи өгсөн ярилцлагадаа ”Тонгагийн цагдаа хүний нөөц хомс, авлига, хүнд суртал, шударга бус байдал зэрэг асуудал ихтэй ч би Тонгад байсандаа бахархаж байна” гэжээ. 2011 онд Крис Келли гэгч цагдаагийн ажилтан Тонгагийн цагдаагийн комиссарыг хийж байгаад мөн ажлаа өгсөн байна. Тэрээр О’Фигийн нэгэн адил Тонгагийн цагдаагийн ахмад ажилтнуудын өөрчлөлт шинэчлэлийг эсэргүүцдэг талаар дурдаж байсан юм. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт буруутай албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Тайландын Авлигатай тэмцэх үндэсний хороо нь авлигын хэрэгт холбогдсон улс төрчид болон албан тушаалтнуудад хатуу хатуу арга хэмжээ авахыг санал болгож байна. Авлигатай тэмцэх үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сансерн Полжакийн мэдэгдэж байгаагаар тус хорооноос авлигатай тэмцэх тухай органик хуулийн төслийг боловсруулсан ба төсөлд авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад бүх насаар хорих, эсхүл цаазаар авах ял оногдуулах тухай тусгасан байна. Эдгээр ялын төрлийг Эрүүгийн хуульд мөн тусгасан ба авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг ч мөн дурдсан байна. Энэ нь хуулиа олон улсын стандартад нийцүүлэх, ялангуяа, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх зорилготой гэсэн байна. Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг Үндэсний хууль тогтоох ассамблейд шилжүүлээд байгаа гэжээ. Авлига нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зөрчил юм. Ийм шийтгэл ногдуулах асуудлыг нэвтрүүлэхийг төрийн албан хаагчид эсэргүүцэх нь тодорхой хэмээн тэрээр тэмдэглэв.

Эх сурвалж

Батлан хамгаалах салбар дахь авлигатай тэмцэх зорилгоор засгийн газар хамтарсан баг байгуулав.

БНСУ-ын Батлан хамгаалах салбар дахь авлигатай тэмцэх зорилгоор прокурор, цэрэг, төрийн албан хаагч зэргээс бүрдсэн хамтарсан баг Баасан гаригт байгуулагдав. Энэ нь батлан хамгаалахын албаны хүмүүс болон батлан хамгаалах салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбоотой гомдол ихээр гарах болсонтой холбоотой юм. Түүнчлэн цэргийн худалдан авалт хариуцсан байгууллага болон цэргийн компаниуд дахь тэтгэвэртээ гарсан албан хаагчидтай холбоотой байна. Тусгай баг нь прокурор, цэргийн прокурор, цагдаа болон бусад төрийн байгууллагуудын албан хаагчид зэрэг 105 хүнээс бүрдсэн байна. Тусгай баг нь цэргийн худалдан авалтын үйл ажиллагааны зөрчлүүдийг шалгах аж. Батлан хамгаалах салбар дахь авлигын асуудал нь ужгарсан өвчин ба энэ нь зөвхөн төрийн төсөв санхүүд хохирол учруулаад зогсохгүй үндэсний аюулгүй байдлыг сулруулна” хэмээн Ерөнхий Прокурор мэдэгдэв. 

Эх сурвалж

Хээл хахууль өгдөг филиппинчуудын тоо цөөрсөн байна.

Омбудсманы газраас 2013 онд зохион байгуулсан судалгааны үр дүнгээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгдөг филиппин гэр бүлийн тоо буурсан ба зөвхөн хээл хахууль нэхсэн тохиолдолд өгдөг гэжээ. Судалгааны үр дүнгээр 20 гэр бүл тутмын нэг нь буюу судалгаанд оролцогчдын 5 хувь нь төрийн албан хаагч хээл хахууль авагчтай таарсан байна. Филиппин дэхь өрхийн 2013 оны авлигатай холбоотой судалгаагаар респондентын авлигын бодит тохиолдлыг тогтоох, ялангуяа, хээл хахуулийн асуудлыг тодруулах байв. Филиппинд үндэсний хэмжээнд 21.9 сая өрхтэйгээс судалгаанд 10864 өрх оролцсон байна. Судалгааны үр дүнгээр ядуу өрхүүдийн үндсэн үйлчилгээг авах гэсэн нэн шаардлагын улмаас хээл хахууль өгдөг болох нь харагдлаа. Судалгаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, ажил эрхлэлт, амьжиргаа, хүнсний тусламж зэрэг салбар багтсан байна. Судалгааны үр дүнгээр эдгээр төрийн нийгмийн үйлчилгээ шаардлагатай өрх бүлүүд орлого багатай өрхүүдийн бүлэгт хамаардаг. Омбудсманы газар судалгааны үр дүнг Транспарэнси интерншнл байгууллагын Дэлхийн авлигын хэмжүүр 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулсан ба хээл хахуулийн тохиолдол 2010 онтой харьцуулахад 16 хувиар буурсан гэжээ. Хээл хахуулийн тохиолдол буурч байгаа нь олон нийтийн дунд авлигыг үл тэвчих явдал өсөж байгаагийн шинж юм. Энэ нь авлигын үр дагаврыг ядуу өрхүүд ч бүхэлдээ нийгэм ч тэр ойлгож эхэлсний үр дүн гэжээ. Шударга бус явдлаас хамгаалах ёстой төрийн албан хаагчид нь авлигыг өдөөн хатгагчид болж байгаад Омбудсманы газар санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бүртгэлийн бичиг баримт, тусгай зөвшөөрөл хариуцсан төрийн байгууллагын албан хаагчид нь бусад төрийн байгууллагатай харьцуулахад хээл хахууль нэхэгчид байгааг судалгааны үр дүн харуулав. Бүртгэлийн бичиг баримтад иргэний бүртгэлийн баримтууд, өмч, хөрөнгийн бүртгэлийн баримтууд байхад тусгай зөвшөөрлийн баримтуудад барилга барих зөвшөөрөл, ариун цэврийн зөвшөөрлүүд хамаарч байна. 

Эх сурвалж