Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаараа тэргүүллээ

A- A A+
Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаараа тэргүүллээ

Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус шинжээчдийн баг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан авлигын эсрэг үйл ажиллагаа тэргүүллээ. 

Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны үнэлгээгээр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн муу буюу 2, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар 24 оноо авсан юм. Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилж дээрх 2 аймгийн бүх суманд ажилласны үр дүнд энэ жил шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар 75.7, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар 79 оноо авсан байна. 

Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр энэ жил Орхон аймаг 82.3 оноо авчээ. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэдийн өргөдөл, гомдлыг олон талт хэлбэрээр хүлээж авах нөхцөлийг бүрдүүлсний зэрэгцээ төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шат дамжлагыг цөөрүүлэх, шуурхай үйлчлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511” төвийг ажиллуулснаар иргэд төрийн үйлчилгээний талаарх саналаа шууд гаргах, шийдвэрт тусгуулах боломжийг бүрдүүлжээ. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх www.erdenet.mn цахим хуудасны үйл ажиллагааг сайжруулж, байнгын ажиллагаатай болгоод байна. Тус аймаг нь Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй “Шударга нийгмийн төлөө хамтдаа” аянд санаачилгаараа нэгдэж, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр хүүхэд залуусын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулжээ. 

Хөндлөнгийн хараат бус шинжээчдийн багаас хангалттай үнэлгээ авсан Орхон, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудын ажлыг Авлигатай тэмцэх газар онцгойлон сайшааж, цаашид үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэн, бусдадаа үлгэр дуурайл үзүүлж ажиллахыг тэмдэглэж байна.