Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатын ярилцлагыг хүргэж байна.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд хэчнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн бэ?
-АТГ байгуулагдаж, үйл ажиллагааг эхэлснээс хойш найман жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны тухайд өмнөх онуудтай жишихэд харьцангуй олон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Мөн иргэдээс олон тооны өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байгаа юм. Эрүүгийн хэргийн тухайд нийт 239 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Эдгээр хэрэгт 598 хүн холбогджээ. Эрүүгийн хэрэгт шалгасан үйлдлийн тоо нь 721. Гэмт хэргийн шинжтэй 498 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх онуудынхаас мөн өссөн.
-Өнгөрсөн хугацаанд олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүллээ. Тухайлбал, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, ИНЕГ-ын дарга С.Батмөнх гээд…
-АТГ-ын харьяалан шалгадаг эрүүгийн хэргүүд ихээхэн хэмжээний хохирол дагуулж байдаг. Тухайлбал, өнгөрсөн онд шалгасан 239 хэргийн улмаас учирсан хохирол нь 61 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ хохирлоос мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлүүлэхийн тулд 22 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. Шүүхээр 33 хэргийг шийдвэрлэж, 18.6 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэхээр болсон байх жишээтэй.
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарт холбогдох хэргийн тухайд нэг тэрбум гаруй төгрөгийн хохиролтой. Уг хэргийг шүүхээр шийдвэрлэж холбогдсон дөрвөн хүн ял шийтгүүлсэн. Завшсан гэж үзсэн тэрбум гаруй төгрөгийг буцаан төлүүлэхээр болсон. Дээрх хүмүүс иргэний нисэхийн салбарт, ялангуяа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хийж үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан зорчигч хөдөлгөөний бүртгэлийн нэгдсэн системийг ЗТЯ-ны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд ороогүй байхад нь дахиж төсөв гарган, өмнөх жилд хийсэн ажлыг дараа жил нь дахиж хийхээр удирдлага дороо ажилладаг хүмүүстэй нийлж сонгон шалгаруулалт зарлан мөнгийг гаргасан. Улмаар шалгаруулалтад ялсан гэх компанид мөнгийг шилжүүлээд тэндээс буцаагаад өөрсдөө мөнгийг нь авсан юм. Тэр мөнгөнийх нь зарим хэсэг нь гадаад улсын офшор бүсэд байгуулагдсан аж ахуйн нэгжийн дансаар орсон байсан. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдэж зохих хүмүүс нь ял шийтгүүлсэн.
-Мөнгө угаах гэснээс манай улсад мөнгө угаасан гэмт хэргийг шийдвэрлэсэн тохиолдол байна уу? МИАТ-ын удирдлагыг мөнгө угаасан гэж шалгаж байсан ч эцэстээ тэр үйлдэл нь хэрэгсэхгүй болсон шүү дээ.
-Монгол Улсад мөнгө угаасан гэмт хэргийг шийдвэрлэсэн тохиолдол сүүлийн жилүүдэд бараг байхгүй шүү дээ.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд холбогдох хэрэг прокурорт шилжсэн үү, эсвэл танайх шалгасан хэвээр байна уу?
-Энэ хэргийн мөрдөн байцаалт явагдаад дуусах шатандаа орж байгаа. Удахгүй бид прокурорт шилжүүлэхээр төлөвлөсөн. Цаашлаад шүүхээр шийдвэрлүүлэх байх.
-Танайхаас “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал АНУ-ын иргэн Жастин Капла нарыг эхлээд мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан шүү дээ. Сүүлдээ татвараас зайлсхийсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгаж хэдхэн хоногийн өмнө шүүхээр шийдвэрлэлээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор ажиллаж байсан компанийнхан төдийгүй АНУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан мэдэгдэл гаргасан. Танайд эхэлж шалгаж байсны хувьд тайлбар өгөхгүй юү?
-2012 онд АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Д.Батхуяг нар нь “Саусгоби сэндс” мэдэлд байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийнхөө найзын компанийн нэр дээр хууль бусаар сэргээн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Саусгоби сэндс” компанид эрэл хайгуул хийгээгүй, цуцлах нөхцөл бүрдсэн лицензийг сунгаж өгөөд, нэг тусгай зөвшөөрлийг нь хахуульд авсан гэсэн үндэслэлээр шалгасан. Лиценз эзэмшигч компани хуульд зааснаар жил бүр эрэл хайгуулын ажил хийж, АМГ-т тайлагнаж мэдүүлж байх ёстой. Эрэл хайгуул хийгээгүй компанийн лиценз цуцлагдаж байх хуультай. Гэтэл “Саусгоби сэндс” компанийнхан худлаа тайлан өгдөг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд бид бүх эрэл хайгуул хийсэн цооногийг газар дээр нь шалгаж, санхүүгийн тайлан, нягтлах бодох бүртгэлийн баримтуудыг нягталсан. Шинжээч томилж дүгнэлт гаргуулахад газар дээрээ ямар нэгэн зардал гаргаж хайгуулын ажил хийсэн нь байдаггүй, харин санхүүгийн баримт дээрээ зардал гаргасан мэтээр баримт бүрдүүлж байсан нь тогтоогдсон. Манайх хахуулийнхаа асуудлыг шалгаж Д.Батхуяг нарын хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Харин “Саусгоби сэндс” компанийн татвараас зайлсхийсэн асуудал нь АТГ-ын харьяаллын шалгах асуудал биш гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Манайд шалгаж байхад нь хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гарч байв. Явцын дунд цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм билээ.
АНУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл хийснийг өнгөрсөн долоо хоногийн өдөр тутмын сонинуудаас үзсэн. Мэдээж хэрэг ЭСЯ-ныхан нь иргэнийхээ эрх ашгийг хамгаалах, санаа тавих үүднээс боломжоороо тусалж дэмжих үйл ажиллагаа явуулах ёстой байх. Бид тэдний мэдэгдэлд хүндэтгэлтэй хандаж байна.
Гэхдээ Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэнэ, тусгаар тогтнолоо дээдэлсэн, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг эрхэм зорилгоо болгоно гэж тогтоож өгсөн. Үндсэн хуульдаа нийцүүлэн нийгмийн олон талт харилцааг зохицуулах хуулиуд баталсан. Өнөөдөр манай улсад 540 хууль батлагдсан байна. Энэ хуулийн заримыг нь зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ хууль хүн бүрт, нийтэд адил тэгш үйлчлэх ёстой. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол гадаад, дотоодын хэн ч байсан хариуцлага хүлээх л ёстой. Энэ зарчмаар л Жастин Капла нарт холбогдох асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа.
Манай байгууллагын тухайд бусармаг зорилгоор хэн нэгнийг мөрддөг шалгадаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. АТГ байгуулагдсанаас хойш тасралтгүй Мөрдөн байцаах албанд нь удирдах ажил хийж байна. Хуулийн байгууллагад би 18 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд гаднын нөлөөнд автсан, хэн нэгнийг зориуд захиалгаар хэрэгт холбогдуулан шийдсэн зохион байгуулалттай зүйлийг би мэдэхгүй. Ийм зүйл байж таарахгүй.
АТГ-ын Мөрдөн шалгах албанд шалгаж буй хэргийг прокурор байнга хянаж байдаг. Прокурорын хянасан хэргийг шүүх дээр хэлэлцдэг. Нэг талд нь прокурор улсын яллагч оролцож байдаг бол нөгөө талаас нь өмгөөлөгч, хэргийн холбогдогчид өөрсдөө байж мэтгэлцэж байж гэм буруугаа шийдвэрлүүлж байдаг. Тэгэхээр энд хэн нэгнийг санаатайгаар хэрэгт холбогдуулна гэсэн ойлголт байж таарахгүй.
-АТГ-т гадаадын хэчнээн иргэн холбогдон шалгуулсан бэ?
-АТГ-т гадаадын иргэн холбогдон шалгуулсан тохиолдол цөөхөн. Сүүлийн таван жилийн статистикаас харахад манайд нийт 1944 хүн эрүүгийн хэрэгт шалгуулсан. Үүний дотор гадаадын 28 иргэн байгаа юм. Тэдний тав нь ял шийтгүүлсэн. Тэдний тоонд АНУ-ын иргэн Жастин Капла нар ороогүй.
Цаашдаа гадаадын иргэд холбогдсон хэрэг хэрхэн өөрчлөгдөхийг би хэлж мэдэхгүй. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй компаниуд нийгмийн ямар харилцаанд орох вэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Монгол Улс хуультай, гадаад дотоодын хэн ч байсан дураараа байж болохгүй, энэ улсын хуулийг дагаж мөрдөх учиртайн жишээ дээрх тохиолдол боллоо гэж ойлгож байна. Гадаадын иргэд хахуулийн болон татвараас зайлсхийсэн хэрэгт л ихэнхдээ холбогддог юм.
-АТГ руу чиглэсэн дайралт өнгөрсөн жил их байлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэхэд “Ардын нам, АТГ ажил хийлгэхгүй байна” гэх зэргээр хэлж байсан. Мөн баялаг бүтээгчдийг барьж хорьж шалгаж хэлмэгдүүлэх боллоо гэх зэрэг мэдээлэл ч нийгэмд тарж байсан шүү дээ. Үүнд та ямар тайлбар өгөх бол?
-АТГ хэн нэгнийг хэлмэгдүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулаад байгууллага, аль нэг алба хаагч ашиг олсон явдал байхгүй. Хэрэв баримттай мэдээлэл байдаг бол иргэд зохих байгууллага, албан тушаалтанд хандаж шалгуулах хэрэгтэй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хараат бусаар, нөлөөнд автахгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Хэрэв нөлөөнд автсан бол энэ нь өөрөө гэмт хэрэг шүү дээ. Яагаад биднийг ингэж аль нэг намынхныг шалгаж байгаа мэтээр харагдуулж байна вэ гэдэгт тайлбар өгье. Манайд хэн нэгэн иргэн гомдол гаргаж шалгуулдаг. Бид шалгаад араас нь хөөцөлдөөд явдаг. Энэ нь нийгэмд ямар нэг байдлаар хүлээлт үүсгэчихдэг юм байна л даа. Бид иргэний гаргасан өргөдлийг улстөрийн зорилготой байна, хүлээж авахгүй гэх эрх байхгүй. Гомдол нь гэмт хэргийн шинжтэй л бол ямар нэг нам, улстөрийн хүчин байна хамаагүй шалгах л ёстой. Үүнийхээ дагуу л шалгаж байгаа.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяатай холбоотой хэргийн тухайд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулах ёстой мөнгийг “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон нягтлан бодогчоор нь ажиллаж байсан М.Хулан нар томилогдоод 3-4 сар болоод л завшиж эхэлсэн. Энэ мөнгөнүүд бүгд төрийн сангаас гарч байсан. Төрийн сангаас мөнгө гарахад заавал Сангийн яамны Төрийн сангийн газраар дамждаг. Тус газрын ажилтан холбогдох баримтын бүрдлийг хянаж байх ёстой. Тэр ажлын байранд А.Саранзаяа ажиллаж байсан. Тэрбээр албан ёсны гэрээ баримтыг нягталж шалгалгүйгээр 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Шүүх М.Хулангаас 4.2 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа шүү дээ. Хэрэв эдгээр дурдсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан бол өнөөдөр нийслэлийн утаа буурах байсныг үгүйсгэхгүй. Ийм хариуцлагатай ажил хийж байгаа хүн баримтыг яагаад хянадаггүй юм бэ гэж л шалгасан. Шат болгон дээр л ажиллаж байгаа хүнийг хуулийн дагуу шалгасан. Аав нь Ерөнхий сайд хийж байгаа хүн гээд Н.Алтанхуяг гэдэг хүн рүү чиглээгүй шүү дээ. Зөвхөн “Цэвэр агаар” сангийн гэх хэрэгт л холбогдлоороо А.Саранзаяа орж ирсэн.
-Өнгөрсөн жил шалгасан 498 гомдол мэдээлэлд магадгүй хэн нэгнийг гүтгэсэн үйлдэл байсан, нэр төрд нь халдсан нь тогтоогдож, тухайн өргөдөл гаргасан хүнд хариуцлага тооцсон тохиолдол бий юү?
-Худал мэдээлснийхээ төлөө хүн хариуцлага хүлээх ёстой. Худал мэдээлснийхээ төлөө ийм хариуцлага хүлээнэ шүү гэдгийг бичгээр сануулж байх хэрэгтэй. Бид иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж байхад ямар ч үндэслэлгүй, огт үйл явдал болоогүй байхад болсон мэтээр гүтгэсэн байна гэх байдал тогтоогддоггүй. Гомдол мэдээллийн цаана тухайн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байж таардаг.
-Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд мөрдөн байцаагч хэрхэн оролцдог вэ. 60 гаруй тэрбумын хохирлоос 20-оод тэрбумыг нь төлүүлнэ гэдэг хангалттай үзүүлэлтэй гэж бодож байна уу?
-Нуугдмал болон бусад эд хөрөнгийг нь илрүүлж битүүмжлэх нь мөрдөн байцаагчийн үүрэг. Мөрдөн байцаалтын явцад шалгаж буй хэргийн зарим үйлдэл хэрэгсэхгүй болдог. Зарим тохиолдолд хөрөнгүүдийг хурааж авсан ч зарим хөрөнгө нь үрэгдсэн байдаг. Тэгэхээр нуугдмал хөрөнгийг богино хугацаанд ил болгох асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй.
-Танайх харьяалан шалгаж буй хэргүүдийн төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай юу?
-Нэмэгдүүлэх шаардлагатай. Шинээр УИХ-д өргөн барьж байгаа Гэмт хэргийн тухай хууль маань эргээд Эрүүгийн хууль нэртэйгээр өргөн баригдаж буй. Энэ хуульд зарим зүйл заалт нэмж өгсөн. Тухайлбал, хахууль өгөхийг шаардсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хахууль өгөхийг санал болгосон тохиолдолд ч хариуцлага хүлээлгэх заалт оруулсан байгаа. Мөн албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн хэрнээ бусдаас шан харамж аваад байгаа явдлыг нь гэмт хэрэгт тооцох механизм бүрдүүлсэн.
Мөн эрх нөлөөгөө урвуулан ашигласан албан тушаалтанд хариуцлага тооцох санал ч оруулсан байгаа. Учир нь ажлаа хийж байгаа төрийн албан хаагч биш, түүнд нөлөөлөөд байгаа албан тушаалтан “Наад хүндээ зөвшөөрлийг нь гаргаж өг, асуудлыг хурдан шийд” гэх тохиолдолд нөлөөлсөн этгээд хариуцлага хүлээхгүй байгааг эрүүжүүлэх ёстой. Хахууль өгч байгаа хүн илчилж ирэх юм бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт оруулах саналаа бас өргөн барьсан байгаа.
Ярилцсан Г.Цолмон “Өнөөдөр” сонин. 2015.02.04