Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт зөрчил арилгуулах албан тоот хүргүүлэв

A- A A+
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт зөрчил арилгуулах албан тоот хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэн Г-ээс ирүүлсэн гомдол, мэдээллийг тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт зөрчил арилгуулах албан тоот хүргүүллээ. 

Иргэн Э.Чинзоригийн эзэмшлийн газарт хамааралгүй 6 айлын байшинг түүний эзэмшлийн газарт байгаа мэтээр “Тотал меп” ХХК-ийн хийсэн кадастрын зургийг үндэслэн тухайн үед мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Мөнхтуяа мэдээллийн санд зургийг оруулж, кадастрыг баталгаажуулжээ. Кадастрын зургийг мэдээллийн санд оруулахын тулд ямар нэгэн судалгаа хийгээгүй, газар зохион байгуулагчид мэдэгдэлгүй хийсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Авлигатай тэмцэх газар нь 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээлэл нэг бүрийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй биш бол зөрчил арилгуулах албан тоотыг холбогдох албан тушаалтанд хүргүүлж ажилладаг юм. Энэ хүрээнд хуулийн дагуу буруутай этгээдэд зохих арга хэмжээг тооцож, дахин ийм асуудал гаргахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулж, хариу мэдэгдэхийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт мэдэгдэв.