Гаалийн улсын ахлах байцаагчид 2 жилийн хорих ял оноов

A- A A+
Гаалийн улсын ахлах байцаагчид 2 жилийн хорих ял оноов

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. 

Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэхгүйгээр урьдчилан амлаж, иргэн Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөгийг хээл хахуульд авч, татварт төлөх 20.507.658.94 төгрөгийг төлүүлэлгүйгээр улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаас Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих, иргэн Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус оноов. Иргэн Б.Очирхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн Ю.Эрдэнэчимэгийг цагаатгаж, П.Нямдоржийн хээл хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.