Авлигатай тэмцэх газар 2014 онд

A- A A+
Авлигатай тэмцэх газар 2014 онд

Авлигатай тэмцэх газар нь 2014 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үр дүнд суурилан хэрэгжүүлэх, албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлдэг мэдэгдлийг тухай бүрт нь гаргадаг дадлыг хэвшүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийг төгөлдөршүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуульч шуурхай ажиллагааг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд анхаарч ажиллав. Авлигатай тэмцэх газрын 2014 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаанаас товчлон хүргэе. 

Төрийн 124 байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэв

Авлигын хор аюулыг нийгмийн бүхий л хүрээнд ухуулан таниулах чиглэлээр оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал, парламентын мэтгэлцээн, зурагт хуудас бүтээх уралдаан, багш нарын дунд “Шударга ёс бидний тэмүүлэл” хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Би дүүдээ шударга ёсыг тайлбарлаж өгсөн” эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж, “Ус дээшээ урсдаг” телевизийн 28 ангит кино, “Төр түмэн нүдтэй” цуврал баримтат нэвтрүүлэг, “Авлига бол хүний эрхийн зөрчил” сэдвээр бэсрэг жүжиг бүтээж, “Ард олны ашиг өндөр тэнгэртэй адил”, “Нийтийн албан тушаалтны гарын авлага”, “Баадай болон түүний гэр бүлийн ашиг сонирхлын зөрчил” зэрэг гарын авлага боловсруулж хэвлүүллээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, тэдгээр хуулийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөд нь төрийн албан хаагчдад туслах сургалтыг нийт 28721 төрийн албан хаагч, иргэдэд хүргэж зохион байгуулсан. 

Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг улам боловсронгуй болгон ажиллав. Энэхүү аргачлал нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, 16 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 26 агентлаг, 22 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 44 хуулийн этгээд, нийт 124 байгууллага хамрагдаж, улсын дундаж үнэлгээ 60 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 11.8 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. 

Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнтэй холбогдуулан Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 123 суманд авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор албан томилолтоор ажиллав. Орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, хуулиар хориглосон хандив зохион байгуулах, хууль тогтоомжоор тогтоосноос бусад нэмэлт төлбөр хураамж тогтоох, давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалт, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг зөрчих асуудал нийтлэг байгаа бөгөөд илэрсэн зөрчил бүрийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллалаа. 

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлига түгээмэл байна 

Төрийн байгууллагын шударга байдлын түвшний 2014 оны судалгааг Баянхонгор, Говь-Алтай, Увс, Орхон, Говьсүмбэр зэрэг 5 аймаг болон нийслэлийн хэмжээнд, төрийн үйлчилгээний 10 салбараар үйлчлүүлсэн 3765 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг хоёр удаа зохион байгуулжээ. Энэ оны судалгааны дүнгээр “Дээд” түвшний авлигын үзүүлэлт 3.58 буюу өмнөх судалгааны дүнгээс 0.10 пунктээр буурсан сөрөг үзүүлэлттэй гарсан нь шинжээчдийн төсөөллөөр Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлига түгээмэл байгааг илтгэж байна. Хүүхдийн шударга байдлын 2014 оны судалгааг Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан судалгаагаар Хүүхдийн шударга байдлын түвшин 4.03 гэсэн дүнтэй гарч өмнөх оныхоос 0.32 пунктээр өссөн байна. 

Хяналт шалгалтын ажлын ачаалал эрс нэмэгджээ 

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 266 өндөр албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. Харин улсын хэмжээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 112 байгууллагын 51579 албан хаагч мэдүүлгээ 99,99 хувьтай бүртгүүлжээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцууллаа. Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийг зөрчсөн асуудлаар нийт 344 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 310-ыг нь хянан шийдвэрлэх буюу холбогдох зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллав. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд төрийн 76 байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулав. Хяналт шалгалтын чиглэлээр 2528 мэдүүлэг гаргагчийн 2012, 2013 оны мэдүүлэгт хяналт хийж, мэдүүлгээ хуульд заасан хугацаандаа мэдүүлээгүй, хожимдуулж мэдүүлсэн 260 албан тушаалтанд сахилгын арга хэмжээг авахуулж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулалгүй томилогдсон 771 албан тушаалтны томилгоог хүчингүй болгуулжээ. Мэдүүлгийн хяналт шалгалтын дүнгээр хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 2013 оныхоос 54-өөр, зөрчилгүй албан тушаалтны тоо 83-аар тус тус буурсан байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2736 мэдүүлгээр буюу 26,4 хувиар нэмэгдсэн нь хяналт шалгалтын ажлын ачаалал төдий хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байгаа юм. 

Хариуцлага тооцуулсан байдлыг шалгалтын төрөл бүрээр үзүүлбэл:

Хариуцлагын төрөл

Шалгалтын төрлөөр

Хариуцлага тооцуулсан албан тушаалтны тоо, бүгд

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар

Өргөдөл, гомдлын хяналт шалгалтаар

ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн хяналтаар

1

Сануулсан

15

2

251

268

2

Цалинг бууруулсан

24

17

20

61

3

Албан тушаал бууруулсан

1

4

0

5

4

Ажлаас халсан

5

22

6

33

 

Дүн

45

45

277

367

 

Мөрдөн байцаалтын шатанд 4 тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газар 2014 онд 781 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 498 нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 18 хувиар өсчээ. Хуульд заасан харьяаллын 598 холбогдогч, 721 үйлдэлтэй 239 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар өссөн байна. 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 69 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 28.9 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.0 хувиар өссөн, 48 хэргийг буюу 20.1 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан, 47 хэргийг буюу 19.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсч, 19 хэргийг буюу 7.9 хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 14 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж, 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. 

Эрүүгийн хэрэгт нийт 598 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар өсөв. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл улс төрийн албан тушаалтан 45 буюу 7.5 хувь, төрийн захиргааны албан тушаалтан 141 буюу 23.6 хувь, төрийн тусгай 58 буюу 9.7 хувь, төрийн үйлчилгээний 48 буюу 8.0 хувь, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын албан тушаалтан 90 буюу 15.1 хувь, гадаадын иргэн 9 буюу 1.5 хувь, бусад 207 буюу 34.6 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 61 тэрбум 145 сая 500 мянган төгрөгийн хохирол учирснаас 4 тэрбум 858 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 17 тэрбум 355 сая 700 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна. Анхан шатны шүүхээс 18 тэрбум 691 сая 229 мянга 940 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ. 

2014 онд байгууллагын батлагдсан урсгал төсөв 11.843.085.700 төгрөг байсан бөгөөд тухайн жилийн төсвийн тодотголоор 45.8 сая төгрөг хасагдаж урсгал төсвийн санхүүжилт 11.797.237.800 төгрөгөөр шинэчлэн батлагдсан гүйцэтгэл нь 11.223.616.237 төгрөг байгаа ба хөрөнгө оруулалтын төсөв 3.5 тэрбум төгрөг батлагдсанаас 2.131 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч, авлигатай тэмцэх, авлигын эсрэг үндсэн хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд байгууллагын үндсэн чиг үүргээ ханган биелүүлэх үйл ажиллагаанд зарцуулж ажиллав. Урсгал зардлаас нийт 573.621.563 төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэлээ. 

Авлигатай тэмцэх газар 2015 онд авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнг сайжруулах, соён гэгээрүүлэх ажлыг зорилтот бүлэг бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад үндэслэн зохион байгуулж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аливаа судалгаа шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, арга зүйн дагуу цахим технологид тулгуурлан, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үр дүнг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд ашиглах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуульч шуурхай ажиллагааг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.