Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Ойн ангийн дарга Д.Тэрбишийг 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оноов

A- A A+
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Ойн ангийн дарга Д.Тэрбишийг 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оноов

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын Ойн ангийн дарга Д.Тэрбиш нь 2013 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид онц их хэмжээний буюу 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр нь мод бэлтгэж эхлэхээс өмнө газар тусгаарлалт хийх ёстой байсан боловч мод бэлтгэж эхэлснээс хойш 5.5 га газарт тусгаарлалт хийж албан үүрэгтээ хайнга ханджээ. 

Сум дундын 20 дугаар шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулав. Түүнчлэн Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.