Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.24-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.01.24-30/

Авлигын эсрэг 'хатуу тэмцэх' хэрэгтэй. 

Герман. Германы “Die Welt” мэдээний агентлаг “Холбооны Эрүүгийн цагдаагийн газар (BKA)-ын статистик мэдээллээр тус байгууллага 2013 онд 1403 авлигын хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь 2012 оныхоос 2 хувиар өссөн дүн болж байгаа аж. Гэхдээ энэ дүн нь өмнөх жилүүдийн дундаж түвшнээс доогуур дүн юм” гэж мэдээлж байна. 

Энэхүү статистик мэдээлэлд дурдсанаар Хойд Рейн–Вестфали мужид 464 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хамгийн өндөр дүн болж байгаа бол үүний дараа Бавар мужид 209 гэмт хэрэг, Бранденбург мужид 163 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Гэмт хэргийн тоог хүн амын тоотой харьцуулахад ихээхэн анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бранденбург муж улсад 100.000 хүн тутамд 6.7 авлигын гэмт хэрэг ногдож байгаа нь хамгийн өндөр дүн болж байна. Мөн түүнчлэн Саарланд муж 100.000 хүн тутамд 2.9 авлигын гэмт хэрэг ногдож байгаагаараа дэд байрт орж байгаа бол Хойд Рейн-Вестфали болон Хамбург муж улсад тус бүр 100.000 хүн тутамд 2.6 авлигын гэмт хэрэг ногдож байгаагаараа гутгаарт оржээ. Харин Рейнланд-Палатинат муж 100.000 хүн тутамд 0.4 авлигын хэрэг ногдож байгаагаараа хамгийн сүүлд бичигдсэн байна. 

Берлин хотноо байрлах Транспарэнси Интернэшнл байгууллагын үзэж байгаагаар “зарим муж улс бусдаасаа авлигын гэмт хэргийн тоогоор өндөр байгаа ч энэ нь тухайн муж авлигажсан эсэхийг тодорхой илэрхийлэхгүй. Харин тухайн муж авлигын хэргийг илрүүлэхийн тулд тууштай тэмцэж байгааг илэрхийлж болох үзүүлэлт” гэжээ. 

“Энэхүү статистик мэдээлэл нь муж улсууд авлигын эсрэг өөр өөр замаар тэмцэж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ олон мужуудад авлигын эсрэг урьд өмнөхөөсөө илүү ихийг хийх шаардлагатай байгааг харууллаа” хэмээн Транспарэнси Интернэшнл байгууллагын ажилтан Рейнэр Хүпер хэлсэн байна. 

“Хойд Рейн–Вестфали муж улс авлигатай тэмцэх, цагдаа нарт тусгай дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 прокурорын газрыг шинээр байгуулсан, харин Рейнланд-Палатинат муж авлигын хэргийн эсрэг тэмцэх ямар ч мэргэшсэн прокуроргүй байна” хэмээн Рейнэр Хүпер онцлон тэмдэглэсэн байна. 

Бусад улс орны иргэдэд хууль бусаар виз олгосон хэрэгт Гадаад яамны болон Засгийн газрын бусад ажилтнууд оролцсон 19 гэмт хэрэгт 2013 онд мөрдөн байцаалт явуулсан байна. 

Мөн дээрх хугацаанд сонгогдсон албан тушаалтнуудын оролцсон 12 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан юм. Тухайлбал Тюринг мужийн дотоод яамны сайд асан Кристиан Кохерт хээл хахууль авсан хэргээр шалгагдан, буруутай болох нь тогтоогдсон юм. 

Эх сурвалж

Руанда Улсад авлигын эсрэг тэмцэгчийг хөнөөсөн этгээдүүдэд 20 жилийн ял ногдуулав. 

Руанда. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас эрдэс баялаг хууль бусаар хил давуулан оруулж ирж байгааг илрүүлэхээр ажиллаж байсан авлигын эсрэг тэмцэгч Густав Маконенийг хөнөөсөн Руанда Улсын цагдаагийн хоёр ажилтанд 20 жилийн ял ногдуулаад байна. 

Транспарэнси Интернэшнл байгууллагын ажилтан Густав Маконений цогцсыг 2013 оны 7 дугаар сард ашигт малтмалын нөөц ихтэй, хилийн хууль бус худалдаа цэцэглэсэн Конго Улстай залгаа хилийн ойролцоо бүс Рубаву орчмоос олсон юм. 

Шүүхээс цагдаагийн ажилтан болох Исаак Ндабаринз болон Нелсон Иякареми нарыг уг хэрэгт буруутай болохыг тогтоож, дээрх шийтгэлийг ногдуулсан байна. 

Хэргийг мөрдөн шалгах явцад хэргээ хүлээснийг үндэслэн тэдэнд бүх насаар нь хорих ял ногдуулалгүй 20 хүртэлх жилийн ялыг ногдуулсан хэмээн шүүгч Эсрон Гасуэнд хэлсэн байна. 

Харин “Транспарэнси Интернэшнл Руанда”-ийн гүйцэтгэх захирал Мупигани Апполинайр энэхүү шийтгэлийг хэтэрхий хөнгөн байна гэж үзэж байгаа юм. Тэрээр Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Бид энэ шүүх хурлын явцыг анхааралтай ажигласан. Энэ аллага бол хэн нэгний захиалгат байсан хэмээн гэмт хэрэгтнүүд хэлсэн. Бид Руандагийн эрүүгийн хуулийн дагуу хамгийн хүнд шийтгэлийг тэдэнд ногдуулахыг хүсч байсан” гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ холбогдох дүрэм журмыг бүрэн судалсныхаа дараа хэргийг давж заалдах талаар шийдвэр гаргах болно гэсэн юм. 

Конго Улсын зүүн хэсэг бол цагаан тугалга, гянт болд болон тантал зэрэг эрдэс баялгаар арвин бөгөөд хэдэн арван жилийн турш армийнхан болон босогчдын тулалдааны талбар болоод байгаа уг бүс нутагт Конго улсын Засгийн газраас бүрэн хэмжээний хяналт тавьж чадахгүй байсан юм. Энэ бүс нутагт хилээр хууль бусаар бараа тээвэрлэх явдал ихээхэн газар авсан үзэгдэл билээ. 

Эх сурвалж

Данийн хөл бөмбөгийн холбоо спорт дахь авлигатай тэмцэхийн тулд тусгай шүүх байгуулахыг хүсч байна 

Дани. Данийн хөл бөмбөгийн холбоо хөл бөмбөгийн тоглолтын үр дүнг урьдчилан тохирох зэрэг спорт дахь авлигатай тэмцэх явдлыг бэхжүүлэхийн тулд тусгай шүүх байгуулахыг Данийн Засгийн газарт уриалсан байна. 

Өнгөрөгч 7 хоногт Соёлын сайд Марианн Жэлвэд Данийн Данийн Парламентад нэгэн хуулийн төсөл өргөн барьсан юм. Тус хуулийн төсөлд зааснаар тоглолтын үр дүн урьдчилан тохирох явдалтай тэмцэх, спорт дахь авлигыг гэмт хэрэг болгох зохицуулалт байгаа аж. 

Даваа гарагт Данийн хөл бөмбөгийн холбооноос мэдэгдсэнээр тэд дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа ч илүү ихийг хийх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус байгууллагын үзэж байгаагаар тоглолтын үр дүнг урьдчилан тохирох үйлдлийг мөрдөн байцаах чиглэлээр цагдаагийн чадавхийг бэхжүүлэх, буруутай этгээдэд шийтгэл ногдуулах, энэ талаар тусгай мэргэшсэн шүүх байгуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. 

“Авлигыг үл тэвчихийн тулд тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцох явдалд хамгийн боломжит хэмжээгээр нь хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй байна” хэмээ Данийн хөл бөмбөгийн холбооны дарга Жэспэр Мюллэр хэлсэн байна. 

“Шинэ хуулийн төслийг батлах нь зөв чиглэлд хийж байгаа нэг алхам болно. Гэхдээ хангалттай биш юм. Үүнтэй тэмцэхийн тулд бусад нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй, тоглолтын үр дүн урьдчилан тохиролцох явдалтай тэмцэхийн тулд бид боломжит бүхий л түвшинд хамтран ажиллах шаардлагатай байна” гэж тэрээр хэлсэн байна. Данийн хөл бөмбөг дэх бүхий л түвшинд тоглолтын үр дүнг урьдчилах тохиролцох явдлын хор хохирлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд тус холбооноос кампанит ажил явуулахаа тэрээр мөн амлаад байгаа юм. 

Эх сурвалж

Ядуурлыг устгахын тулд? Авлигатай тэмцэхээс эхэл. 

Зохиогч: Кобус Дэ Свардт(Транспарэнси Интернэшнлийн Удирдах зөвлөлийн гишүүн)
Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд ядуурлыг устгасан, Тогтвортой хөгжлийг бий болгосон байхын тулд нэн тэргүүнд нэг зүйлийг хэрэгжүүлсэн байх хэрэгтэй байна. Энэ бол авлигыг устгах зорилго юм. 

Анх 2000 онд дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн 8 зорилт (Мянганы хөгжлийн зорилт)-ыг дэвшүүлсэн юм. Одоогийн байдлаар МХЗ-уудын зөвхөн 4 нь л дэлхийн түвшинд биелсэн байна. Транспарэнси интернэшнл байгууллагаас бусад зорилт биелээгүй байгаа шалтгааныг авлигын өндөр болон засаглалын доогуур түвшинтэй холбоон тайлбарлаж байгаа юм. 

Хэрвээ бид 2030 он гэхэд ядуурлыг устгасан байхыг хүсч байгаа бол МХЗ-уудад тусгагдаагүй сайн засаглал, авлигатай тэмцэх асуудлыг шинэ зорилго буюу Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудад нэг бүлэг зорилго болгож тусах ёстой. Эдгээр зорилгыг бүх улс орнууд дэвшүүлэн, тус бүрдээ зорилтод түвшиндээ хүрсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, авлигагүй, сайн засаглал бүрдсэн ямар ч улс одоогоор алга. 

Дэлхий юуг хүсэв

Хариуцлагатай, хүртээмжтэй институцийг бүрдүүлэх асуудал бол зөвхөн ТХЗ-уудын асуудал ч биш юм. НҮБ-аас явуулсан “UN My World survey” судалгаагаар дэлхийн хүн амын хүсч байгаа тэргүүлэх 4 хүслийн нэг нь засаглалын асуудал болохыг тогтоогоод байна. 

Транспарэнси интернэшнл байгууллагын үзэж байгаагаар мэдээлэл олж авах, эрх зүйт ёсыг бий болгох, авлигыг үл тэвчих эрх зүйн орчинг хөгжүүлэх зэрэг нь эхийн эрүүл мэнд, бичиг үсэг тайлагдах, цэвэр усны хангамжийн асуудлаарх МХЗ-уудад эерэг нөлөө үзүүлж байгаа ч мөн бусад биелэгдэхгүй байгаа зорилтуудтай авлига нь ихээхэн хамааралтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, ядуурал, өлсгөлөн, боловсрол, эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, ундны ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой хөгжлийн бүхий л зорилгууд биелэхгүй байгаатай авлига холбоотой юм. 

Яагаад авлига гэж 

Транспарэнси интернэшнл байгууллагаас 100 гаруй улс орнуудад явуулсан судалгаагаар ямар нэгэн улсын хөгжил нь авлигын түвшинтэй урвуу хамааралтай болохыг тогтоосон. Тухайлбал, хүн амынх нь 60 гаруй хувь нь хээл хахууль өгдөг гэж хариулсан улс орнуудад амьдарч байгаа, өдрийн 1 хүртэл долларын орлоготой хүмүүсийн тоо хүн амынх нь 30 хүртэлх хувь нь хээл хахууль өгдөг гэж хариулсан улс орнуудад амьдарч байгаа өдрийн 1 хүртэлх долларын орлоготой хүмүүсийн тооноос даруй 5 дахин илүү байсан юм. 

Анхдагч үйлчилгээг авахдаа хээл хахууль өгдөг улс орнуудад хүүхдээ төрүүлэхийн тулд илүү олон тооны эх амь насаа алдаж, цөөн тооны хүүхэд 5-аас дээш насалж, илүү олон тооны хүн ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжгүй, маш цөөн тооны охид ахлах сургуулиа дүүргэж байна. 

Төрийн байгууллага дахь авлигын хэлбэрүүд нь хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Бидний зохион байгуулж явуулсан судалгааны дүнгээр хээл хахууль түгээмэл байгаа улс орнуудад сургуулийн хүүхдийн 50% нь сургуулиа дүүргэж чадахгүй байна. Авлигын үр нөлөөгөөр сургууль барих, сурах бичиг худалдан авах зэрэг хөрөнгө өөр зүйлд зарцуулагдсаны улмаас багш хичээлээ таслах , сурах бичгийн хүрэлцээгүй байдал зэрэг нь хүүхдүүдийг бага сургуулиа төгсөж чадахгүйд хүргэж байна.

Ил тод, хариуцлагатай засаглал хөгжилд шууд нөлөөлж байна. Эрх зүйт ёс нь бэхэжсэн, дэвшилттэй байгаа улс орнууд МХЗ-уудад энэ оны сүүлээр хүрэхээр байна. Үнэхээр, эрх зүйт ёс бол зөвхөн ядуурлыг бууруулах эдийн засгийн өсөлт шиг чухал зүйл юм. 

Дэлхийн улс орнууд 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт илүү цогц, харьцуулагдахуйц, ил тод, хариуцлагатай байдлын түвшинг илэрхийлэх үзүүлэлтийг бий болгон тусгах нь амжилтын үндэс болоод байна. Тиймээс, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хяналтын системийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах асуудал ихээхэн чухал байна. 

Бид эхлээд авлигын эсрэг дайнд ялахгүйгээр ядуурлын эсрэг дайнд ялж чадахгүй. 

Эх сурвалж

Сүүлийн 20 жилийн хугацаанд 700 тэрбум ранд авлигын улмаас алдсан. 

Өмнөд Африк. Өмнөд Африк сүүлийн 20 жилийн хугацаанд 700 тэрбум рандтай тэнцэх хөрөнгийг авлигын улмаас алдсан хэмээн “Institute of Internal Auditors” байгууллагаас мэдээллээ. 

Йоханнесбург хотноо зохион байгуулагдсан нэгэн форумын үеэр тус байгууллагын гүйцэтгэх захирал Клауделл вон Эк “сүүлийн 20 жилийн хугацаанд авлигын өртөг...бид 700 тэрбум ранд алдсан” гэж хэлсэн юм. 

Энэ форумын зорилго бол авлигын талаар, ялангуяа авлигыг хэрхэн илчлэх, шүгэл үлээх талаар форумд оролцогчдод зөвлөгөө өгөх, тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх явдал юм хэмээн Клауделл вон Эк хэлсэн юм. 

Уг форумын өөр нэг зорилго нь тус улс дахь засаглалын асуудлаар мэргэжлийн хүмүүсийн нэгдсэн дуу хоолойг илэрхийлэх явдал аж. “Мэргэжлийн хүмүүсийн хувьд, бид хариуцлагатай. Бидний хариуцлага зөвхөн бидний ажил эсхүл ажлын өрөөнд л байдаг асуудал биш. Бид Өмнөд Африкийг хөгжүүлэх ёстой” хэмээн тэрээр хэлсэн байна. 

Эх сурвалж

Хятадын Спортын ерөнхий газраас спортынхонд хандан шударгаар тоглох, алтан медалийн төлөөх хэт халуунаа бууруулахыг санууллаа. 

БНХАУ. Хятадын коммунист намын Сахилгын хяналтын төв хорооноос спортын авлига, ялангуяа тоглолтын үр дүнг урьдчилан тохирох зэрэг явдлыг бууруулахыг анхааруулсны дараагаар тус улсын Спортын ерөнхий газраас үндэсний хэмжээнд зөвхөн алтан медалийн төлөө гэсэн хэт хавтгайрсан үзэл, халуунаа бууруулахыг санууллаа. 

Бүхнийг золиослон байж алтан медаль авах гэсэн Хятадын эрмэлзлэлийн улмаас олон тооны тамирчид спорт дахь гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд Хятадын ашиглаж буй Социалист-хэв загварын спортын энэхүү систем нь тамирчдыг амжилт үзүүлэхийг шаардан тэдэнд хэтэрхий их ачаалал үүрүүлдгээрээ шүүмжлэлтэй байдаг юм. 

Зөвхөн алтан медалийн төлөө гэсэн хэт хүсэлдээ автсан “тэмцээн, уралдаанд амжилт үзүүлэхээс нааш юунд ч үл автах тодорхой тооны тамирчид, дасгалжуулагчид” бий гэж Спортын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Тус байгууллагаас мэдэгдсэнээр “Зөвхөн алтан медалийн төлөө гэсэн явцуу үзлийн дагуу спорт дахь эдгээр хууль бус, ичгүүргүй үйлдлүүд нь спортын сайхныг үгүй хийхийн зэрэгцээ үндэсний ашиг сонирхол, тухайн тамирчны амжилтад сөргөөр нөлөөлж байна” гэсэн юм. Мөн түүнчлэн “Энэхүү байдал нь спортын дүр төрхийг алдагдуулж байна. Бид үүнийг устгах, эсэргүүцэх ёстой” гэсэн байна. 

“Олимп болон Азийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдыг мужаар нь ангилах, эсхүл 4 жил тутамд болдог “Үндэсний наадам”-д ялж алтан медаль хүртсэн тамирчдыг хот, мужаар нь ялган эрэмбэлж, харьцуулж үзэх нь Хятад Улсын хувьд ямар ч ач холбогдолгүй зүйл юм” гэж тус байгууллагаас мэдэгдсэн байна. 

Хятадад спорт, ялангуяа хөл бөмбөгийн үр дүнг урьдчилан тохирох зэрэгт авлигын асуудал ихээхэн тархсан үзэгдэл болоод байгаа юм. Авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудаас 2009 оноос хойш 9 албан тушаалтан (хамгийн багадаа), 4 шүүгч, 13 хөл бөмбөгчин, дасгалжуулагч, 17 клубийн ажилтнуудад ямар нэгэн шийтгэл ногдуулаад байгаа юм. 

Хэдэн зуун сая нутаг нэгтнүүдийнхээ адил хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийн нэг болох Хятадын дарга Ши Зиньпин Хятадын хөл бөмбөг дэх авлигын асуудалд ихээхэн санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа билээ. 

Мөн Хятадын усан сэлэлтийн тамирчдын дунд ч сэргээш хэрэглэсэн хэрэг гарсан. Өнгөрсөн жил, Хятадын усанд сэлэлтийн бахархалт тамирчин Сун Янгийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарснаар түүнийг усанд сэлэхийн нууцаар хориглосон талаар хэвлэлийнхэн мэдээлж, ихээхэн шуугиан дэгдээгээд байсан юм. 

2012 оны Лондонгийн Олимпийн үеэр, Олимпийн тамирчин усанд шумбагч Ву Миньсиагийн эцэг эх нь охиныхоо бэлтгэл, сургуулилтыг тасалдуулахгүйн үүднээс ээж нь хөхний хорт хавдраа охиндоо хэлэлгүй нууж байсан талаар хэвлэлийнхэн мэдээлсний дараагаар Хятадын блогчид энэ үйл явдалд дургүйцлээ илэрхийлж байсан билээ. 

Эх сурвалж