Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.15-20/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.15-20/

Норвегийн Мишельсен хүрээлэнгээс “Эрүүгийн хариуцлага тооцох үйл явдал дахь авлига, үнэлгээг хэрхэн хийх тухай” гарын авлага гаргасан байна.

Берген. Эрүүгийн хариуцлага тооцох үе шатуудын аль нь хэсэгт, тухайлбал, мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүх ажиллагаа, эрх чөлөөг хязгаарлан шоронд ял эдлэх гэх мэт, авлигын эрсдэл оршиж байгаад шинжилгээ хийх тухай гарын авлага гаргажээ. Бүлэг болгон нэг үе шатад зориулагдсан ба шийдвэр гаргах эрх бүхий оролцогч нарыг жагсаан ямар эрсдэл оршиж байгааг илрүүлэх, эрсдлийг үнэлэх зэрэг аргачлалуудыг зааж өгсөн байна.

Эх сурвалж

Хилийн чанадад мөнгөө нуух боломжгүй болох нь.

Вьетнам. Намын улс төрийн товчооны харьяа Дотоод явдлын төв хороо төр засгийн болон намын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад гадаадын банкинд данстай байх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглохыг санал болгосон байна. Тус хорооноос авлигад автсан албан тушаалтнуудын хөрөнгийг буцаан олж авах асуудлаар хурал зохион байгуулсан юм. Уг хурал дээр төр засгийн болон намын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад гадаадын банкинд данстай байх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглох явдал нь тэдгээрийг оргон зайлахаас урьдчилан сэргийлэх онцлогтой хэмээн хорооны Судалгааны газрын дарга Ву Ту Хан үгэндээ тэмдэглэсэн байна. Албан бус статистик мэдээллээр 2013 онд авлига, хээл хахуулийн улмаас алга болсон мөнгөний 10 хувийг эргүүлэн олж авч чадсан бол 2014 онд энэ нь 22 хувьд хүрсэн гэж Судалгааны газраас мэдээлжээ. Авлига, хээл хахуулийн улмаас шамшигдаж буй мөнгө, хөрөнгийг эргүүлэн олж авна гэдэг бол авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал гэдгийг бүх оролцогчид онцлон тэмдэглэсэн байна. Авлигад автсан албан тушаалтнууд болон хувь хүмүүст зохих шийтгэлийг ногдуулахаас гадна мөнгө, хөрөнгийг олж илрүүлэх, улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл хууль ёсны өмчлөгчид нь эргүүлэн өгөх арга замыг төрийн байгууллагууд эрж хайх, сайжруулах шаардлагатай юм. Нөгөө талаас энэхүү санал нь олон улсын авлигын эсрэг конвенцийн зүйл заалтад нийцэж байх хэрэгтэй хэмээн профессор Ле Хонг Хан тэмдэглэсэн байна. Сангийн яамнаас төрийн өмчийг худалдан борлуулах, эсхүл авах эрх бүхий засгийн газрын болон төрийн байгууллагуудын тоог 100.000-аас 107 болгохыг санал болгосон юм. Хэрэв бүх улс даяар хэрэгжүүлж чадвал ойролцоогоор 30.200 тэрбум вьетнам доллар (1.47 тэрбум ам. доллар)-аар улсын төсвийг хэмнэх боломжтой болно.

Эх сурвалж

Шри Ланк болон хулгайлагдсан хөрөнгийг буцаах Дэлхийн банкны санаачилга. 

Шри Ланк. Үндэсний баялгыг идэж шамшигдуулан хил давуулагчид, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох асуудлыг дэвшүүлэн тавьсан олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтын талаарх Шри Ланк Улсад өрнөсөн шуугиан өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 сарын өмнө дээд цэгтээ хүрсэн. Энэ нь НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө эргүүлэн олж авах санаачилга (Stolen asset recovery Initiative)-ын тухай байсан юм. Учир нь хулгайлагдсан хөрөнгөд авлига, хээл хахууль болон бусад гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн асуудал багтана. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид Шри Ланк Улс 2004 оны 3 дугаар сард нэгдэн орсон. Шри Ланк Улс энэхүү конвенцийг дэмжин нэгдсэн анхдагч улс орнуудын нэг юм. Хэрэв Шри Ланк Улс авлига, хээл хахуультай бодитоор тэмцэхээр шийдсэн улс бол энэхүү конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байх. Өнөөгийн шинэ засгийн газар бүдүүн гартай хүмүүсийн хулгайлсан хөрөнгийг буцааж Шри Ланкад авчрах тал дээр Дэлхийн банк, НҮБ-д хандсан нь ядаж дэмий ярьж хэлж байдаг улс төрчдөөс хавьгүй дээр юм. Ер нь мэдэгдэл хийж улс төр хийх нь бодит ажил хэрэг болгохоос хөнгөн байх нь гарцаагүй. Төр засгаас Хулгайлагдсан хөрөнгө эргүүлэн олж авах санаачилга (Stolen asset recovery Initiative)-д тусламж хүсэн хандаад байгаа нөхцөлд авлигын гэмт хэргүүдийг улс төр, корпоратив болон хувь хүний аливаа шахалт дарамтгүй шалгаж эхэлнэ хэмээн олон нийт хүлээж байна. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол нөгөө л сонгуулийн өмнө байсан шиг дэмий яриа болон замхрана гэсэн үг.

Эх сурвалж

Малайзын Авлигатай тэмцэх хороо Бутаны Авлигатай тэмцэх хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Малайз. Малайзын Авлигатай тэмцэх хороо өнөөдөр (3 дугаар сарын 11-нд) Бутаны Авлигатай тэмцэх хороотой авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Хамтын ажиллагааны гэрээнд Малайзын Авлигатай тэмцэх хорооны дарга Тан Сри Абу Касим болон Бутаны Авлигатай тэмцэх газрын дарга Зэтэн Зангмо нар гарын үсэг зурав. Энэ нь Малайзын Авлигатай тэмцэх хорооноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гадаадын 13 дахь улс юм.

Эх сурвалж

Авлигаас ангид байна гэдэг нь хүний эрхийн үндсэн хэм хэмжээг хангахад оршино хэмээн судлаачид тогтоожээ. 

Вашингтон. Ихэнх улс орнууд төрийн албан хаагчийн үйлдсэн авлигын хэрэгт эрүүгийн хариуцлага тооцох хууль тогтоомжтой байдаг. Гэтэл Вашингтон дахь судалгааны хүрээлэнгийн хоёр судлаач авлигаас ангид байна гэвэл хүний эрхийн үндсэн хэм хэмжээг хангах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ричмондын их сургуулийн хуулийн профессор Андрью Спалдинг болон Бизнесийн ёс зүй болон корпорацийн засаглалын төвийг үндэслэгч Мюррэй нарын судалгааны ажил “төрийн албан хаагчдын авлигаас ангид байх явдал хүний үндсэн, халдашгүй дархан эрхийг хангах явдал” гэсэн дүгнэлтэд хүрснийг Бруклины хүрээлэнгээс нийтэлсэн байна. “Авлига болон хүний эрхийн хооронд ямар хамаарал байгаа талаар судалгааны ажлууд байдаг. Тэгэхдээ бидний ажлын хувьд авлига хүний халдашгүй эрхийг хөндөж байгаад дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахыг хүссэн юм” хэмээн Спалдинг Америкийн дуу хоолойн сурвалжлагчид ярив. Тэрээр авлигыг хүний сул тал гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв тэгэх нөхцөлд боолчлол, эрүүдэн шүүх зэрэг асуудлыг хүлээн зөвшөөрөх болно хэмээн тэрээр ярив. Харин түүний хамтрагч Мюрэй “Арабын хавар юунаас анх эхэлсэн билээ? Туннист жимс, ногоог шатааж эхэлснээс үүдэлтэй. Гэтэл энэ нь худалдаа эрхлэгчдээс цагдаагийхны мөнгө нэхэж авч байснаас худалдаачид залхсан юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байсан, албан хаагчдын авлига нэхэх асуудлаас залхаад тэд нөхцөл байдлаа өөрчлөхийг, шинэ засаг төртэй болохыг хүссэн юм. Ер нь авлигажсан засгийн эсрэг босох, тухайлбал, арабын хавар, Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг Киевийн Майдан дахь хувьсгал зэрэг нь 300 жилийн өмнө английн философич Жон Локкийн гаргаж тавьсан зарчмуудыг харуулж буй юм. Локк хэлэхдээ “Эрх чөлөө бол зөвхөн иргэний нийгэмд оршдог. Засгийн газрууд олон нийтийн эрх ашгийн төлөө бус хувийн ашиг сонирхолд тулгуурлан хууль ёсны дагуу бус үзэмжээр шийдвэр гаргаж байгаа нөхцөлд энэ бол эрх чөлөө биш юм”. 

Эх сурвалж

Хүнд суртал гаргах явдлыг авлигын үйлдэл хэмээн авч үзэх талаар Малайзын Авлигатай тэмцэх хороо санал болгож байна.

Малайз. Хүнд суртал гаргах явдлыг авлигын үйлдэл хэмээн авч үзэх асуудлыг Парламентад оруулахын өмнө Авлигатай тэмцэх хорооны түвшинд судалж байгаа талаар тус хорооны орлогч дарга Хасбилах Мохамад Салэх тэмдэглэв. Олон нийтийн зүгээс энэ асуудлыг тавьсны улмаас бид сайтар судалгаа хийж байна хэмээн тэрээр хятадын нийгэмлэгийн уулзалтын үеэр дурдсан байна. Одоогийн хууль тогтоомж болон Үндсэн хуульд өөрчлөлт орж байж энэ асуудал шийдэгдэх тул бид Ерөнхий прокурорын газраас санал хүлээж байна. Түүнээс “төрийн албан хаагч ямар нэгэн урамшуулал авах зорилготой өөрийн үүрэгт ажлаа хийхгүй байх явдлыг авлигын гэмт хэрэг гэж авч үзэх үү” гэж асуухад тэрээр “хэрэв төрийн албан хаагч өөрийн үүрэгт ажлаа залхуугийн улмаас хийхгүй байгаа бол энэ бол сахилга бат, ёс зүйн асуудал. Энэ талаар түүний шадар даргад мэдэгдэж сахилгын шийтгэл ногдуулж болно. Харин өөрийн үүрэгт ажлыг ямар нэгэн шан харамж авахын тулд хийхгүй байгаа нөхцөлд бид хээл хахууль авч байна гэж үзнэ. Олон нийт энэ талаар мэдээлэх хэрэгтэй юм. Бид бүхий л эх сурвалжийг ашиглаж байна. Тухайлбал, сонин, хэвлэл, интернетэд авлига, хээл хахуулийн талаар нийтлэл гарсан тохиолдолд бид тэр даруй шалгах ажлыг явуулдаг. Тэрээр цааш нь хэлэхдээ хятадын нийгэмлэг Малайзын авлигатай тэмцэх хорооны үйл ажиллагаанд идэвхтэй тусалж нүд, чих болох талаар уриалсан юм.

Эх сурвалж

Өнөөдөр 20 жилийн өмнөхтэй харьцуулахад авлига илүү их болжээ.

Ямайка, Кингстон. Олон улсын Транспарэнси интернэшнл байгууллагын тэргүүн Жосе Угаз Ямайкад тус байгууллагын салбарыг нээх үйл ажиллагааны үеэр тус байгууллага анх 20 жилийн өмнө байгуулагдаж байсан үетэй харьцуулахад өнөөдөр авлига улам ихэсчээ гэсэн байна. Маш их мөнгө, сая сая бус бүр тэрбумаар тоологдох мөнгө улам их эрх мэдэлд хүргэнэ. Энэ нь том авлига гэсэн аймшгийг бий болгоод байна. Транспарэнси интернэшнл байгууллагаас энэхүү авлигын хэлбэртэй үр ашигтай тэмцэх зорилгоор “Шийтгэлгүй үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зорилтот бүлэг бий болгон ажиллаж байна. Латин америкийн орнууд, тухайлбал, хэдэн тэрбум долларын Петробасын хээл хахуулийн хэргээс Бразил бараг ганхаж байсан. Панам Улсад гэхэд Ерөнхийлөгч асан нь 1.2 тэрбумаас 5 тэрбум ам доллар шамшигдуулсан байхад Чили Улсын Ерөнхийлөгчийн хүүг худалдаанд нөлөөлөх гэсэн асуудлаар албан тушаалаас нь огцруулсан, Аргентинд Ерөнхийлөгч Нестор Киршнер болон түүний эхнэрийг төрийн эрхэнд хэдэн арван жил болохдоо хууль бусаар баяжсан гэж буруутгагдаад байна. Хүний амьдрал, хүний эрх, амгалан тайван байдлыг алдагдуулахад хүргэдэг том авлигатай тэмцэх ажлыг Транспарэнси интернэшнл байгууллага эрчимжүүлж байгаа талаар Угаз дурдсан юм. 

Эх сурвалж