Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.21-27/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.21-27/

Бразилийн “Petrobras” компанийн гүйцэтгэх захирал асан Постер: авлигын хэрэг гарсан нь ‘ичгэвтэр’ зүйл боллоо гэв (2015.03.26)

Бразил. Төрийн мэдлийн газрын тосны компани “Petroleo Brasileiro SA (Petrobras)” компанийн гүйцэтгэх захирал асан Мариа дас Гракас Постер өөрийнх нь удирдлагад байсан компани авлигын хэрэгт холбогдсон нь ичгэвтэр явдал, мөн энэ асуудалтай холбоотойгоор юу ч мэдэхгүй гэдгээ илэрхийллээ. 

Өнгөрөгч 2 дугаар сарын 4-ний өдөр албан тушаалаа өгсөн Постер Бразилийн Конгрессийн хороонд “компанийн дотоод хяналтаас гадуур хуйвалдсан, албан тушаал бүхий этгээдүүдийн нууц бүлэглэлийн үйл ажиллагааг компани хянаж чадаагүй” гэдгийг мэдэгдсэн юм. 

Сүүлийн 30 гаруй жил тус компанид ажиллаж байгаа хатагтай Постер компанийн нэрийг урт хугацаанд гутаах энэхүү авлигын хэргээс ихээхэн ичиж байгаагаа болон, өөрөө болон түүний удирдлага доор байсан ихэнх захирлууд хууль ёсны дагуу, шударга ажиллаж байсан гэдэгт итгэлтэй байдгаа мөн илэрхийлсэн байна. 

"Би та бүхэнтэй энэ асуудлаар, энд сууж байгаадаа ихээхэн сандарч, ичиж байна. Гэхдээ би шударга хүн. Энэ бүхний худлаа байгаасай, ямар ч авлигын асуудал болоогүй байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна” хэмээн хатагтай Постер конгресс дахь мэдэгдлийн үеэр хэлсэн байна. 

Постерийн удирдлагад ажиллаж байсан захирлууд болон тус компанийн өмнөх захирал асан Хосе Серхио Габриелль нараас цагдаа болон прокурорынхон гэрчийн мэдүүлэг аваад байгаа юм. Цагдаа, прокуроруудын үзэж байгаагаар улс төрийн томилгоогоор томилогдсон “Petrobras” компанийн захирлууд барилга, тээвэр, инженерийн компаниудтай гэрээ байгуулахдаа, хуйвалдах замаар үйлчилгээг нь хэт их үнэлж, илүү төлбөр төлж дундаас нь ашиг хүртдэг байсан байна. 

Улс төрийн томилгоогоор томилогдсон захирлууд энэхүү ашгаасаа улс төрчдийн сонгуулийн компанит ажилд хандив өгдөг, улс төрчид нь тэдний дахин томилдог байсан байж болох юм. Улс төрийн сонгуулийн компанит ажиллагаанд компаниуд дэмжлэг үзүүлэх явдал бол хууль ёсных бөгөөд энэ нь авлигатай ямар ч хамааралгүй хэмээн Хосе Серхио Габриелль хэлсэн байна.

"Миний үзэж байгаагаар энэ зүйл Petrobras-ийг гадна явагдсан. Манай дотоод хяналтын систем үүнийг илрүүлэх боломж хязгаарлагдмал” хэмээн Постер хэлсэн байна. 

Дани Улсын газрын тос тээвэрлэгч усан онгоц түрээслэг “SBM Offshore NV” компанийн талаар энэ удаагийн Конгрессийн хороонд “бүрэн мэдээлэл” өгч чадаагүйдээ тэрээр хүлцэл өчсөн байна. “SBM Offshore NV” компани нь Petrobras-ийн хэрэгт холбогдоод байгаа билээ. 

“SBM Offshore” компани нь далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг бөгөөд “Petrobras” бол “SBM Offshore” компанийн усан онгоцны хамгийн том хэрэглэгч нь юм. 

Эх сурвалж

Македонийн сөрөг хүчний тэргүүн Ерөнхий сайдаа авлигын хэргээр буруутгав (2015.03.26)

Македони. Зүүний чиглэлийн намуудын Социал-демократ эвслийн тэргүүн Зоран Заев хурдны зам барих олон сая еврогийн гэрээг Хятадын компанитай авлигын журмаар байгуулсан хэмээн Ерөнхий сайд Никола Груевски -ийг буруутгаад байна. 

Хурдны зам барих тендерт Хятадын компанийг ялуулах талаар Ерөнхий сайд Груевски болон түүний шадар туслахууд, Тээврийн сайд нарын олон тооны яриаг энэ асуудалд холбогдуулан Зоран Заев олон нийтэд ил болгоод байгаа юм.

Хурдны зам барих 570 сая еврогийн гэрээнээс хээл хахуульд 20 сая еврог эргүүлэн авах боломжтой талаарх Ерөнхий сайд Грувескийн утасны яриаг ил болгосон юм. Зоран Заевийн мэдэгдэж байгаагаар энэхүү гэрээг 2013 оны 10 дугаар сард парламентаас баталсан байна. Гэвч Ерөнхий сайд Груевски уг мэдэгдлийг үндэслэлгүй, энэ асуудалд ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлээд байна. 

Эх сурвалж

Хятад улс “авлигач” албан тушаалтнуудаа шилжүүлэн авахаар АНУ-д нэрсийн жагсаалт өгөв (2015.03.25)

БНХАУ. Авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа, улмаар Хятад Улсыг орхин гарсан албан тушаалтнуудыг шилжүүлэн авахаар тэдний нэрсийн жагсаалтыг АНУ-д өгсөн хэмээн Хятадын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. 

Нийтдээ 150 гаруй “эдийн засгийн оргодол” буюу ихэнх нь авлигач төрийн албан хаагчид АНУ-д байгаа талаар Хятадын холбогдох албан тушаалтнууд 2014 онд мэдэгдэж байсан юм. 

Хятадын прокурор дахь авлигатай тэмцэх товчооны тэргүүн Ши Жинхуй “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “авлигын хэрэгт буруутгагдаж байгаа Хятад албан тушаалтнуудын ихэнх нь АНУ-д байгаа. Энэ талаарх мэдээллийг АНУ холбогдох байгууллагууддаа хүргүүлсэн” гэжээ. Түүний хэлснээр хилийн чанадад байгаа авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудын тоонд Хятадын засгийн газар болон төрийн өмчийн компаниудад ажиллаж байсан албан тушаалтнууд багтаж байгаа юм.

Төрийн хөрөнгөөс олон тэрбум доллар хулгайлсан хэрэгт буруутгагдсан, Америкт ирсэн байгаа Хятадын албан тушаалтнуудыг эх оронд нь буцаах талаар Хятадын талтай ирэх 8 дугаар сард хэлэлцээр хийнэ хэмээн өнгөрөгч сард АНУ-ын Засгийн газрын нэгэн ажилтан мэдэгдэж байсан билээ. 

Хятадын холбогдох байгууллагууд авлигач албан тушаалтнуудын хилийн чанад дахь хөрөнгийг хууль ёсны дагуу хураах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ши Жинхуйн хэлснийг тус сонинд нийтэлжээ. “Нэгэнт хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдвол, бид хуулийн дагуу хөрөнгийг хураах ажиллагааг эхлүүлэх болно” хэмээн тэрээр хэлсэн байна. 

АНУ болон БНХАУ нь гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хоёр талын гэрээ байгуулаагүй юм. Учир нь Хятадын шүүхийн систем болон ил тод бус байдлын улмаас сэжигтэнд ял тулгаж байна хэмээн барууны улс орнууд шүүмжилдэг юм.

Дарга Ши Зиньпиний авлигын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг болох хууль бусаар олсон хөрөнгөө авч хилийн чанадад зугтсан албан тушаалтан болон бизнес эрхлэгч нарыг мөрдөх “Үнэгний ангууч ажиллагаа”-г Хятад Улс эхлүүлсэн билээ. 

Өнгөрсөн 7 хоногт Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдсэнээр 2014 онд нийт 500 сэжигтнийг, 3 тэрбум юанийн хамт шилжүүлэн авсан байна. 

Эх сурвалж

Хятадын эрчим хүчний салбараас хээл хахуулийн хэрэгт буруутгагдав (2015.03.23)

БНХАУ. Хятадын прокуророос тус улсын газрын тосны хамгийн том компани болох “PetroChina”-ийн толгой компани Хятадын Үндэсний газрын тосны корпорац -ийн дэд дарга асан Ван Ёончун -ыг авлига, хээл хахуулийг хэргээр буруутгаж байгаагаа мэдэгдсэн нь тус улсаас авлигын хэрэгт холбогдоод байгаа хамгийн сүүлийн албан тушаалтан болоод байна. 

Ван Ёончун нь өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдох хүртлээ тус корпорацийн дэд даргын албан тушаалыг хашиж байсан билээ. 

Мөн Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт прокуророос албан ёсоор буруутгагдаад буй корпорацийн дарга асан Жиан Жиэмин ч үүнд багтаж байгаа юм. 

Хятадын прокурорын мэдэгдэлд дурдсанаар Ван Ёончуныг ихээхэн хэмжээний хээл хахууль авсан, өөрийнхөө хөрөнгөөс үлэмж хэсгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан хэмээн буруутгаж байна. Мөн төрийн мэдлийн эрчим хүчний салбарт ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэмээн түүнийг буруутгасан байна. 

Эх сурвалж

АНУ-ын Засгийн газрын тайланд Австрали улсыг ‘тэргүүлэх мөнгө угаагч’-аар нэрлэсэн байна (2015.03.18)

Австрали. Тус Улсыг мөнгө угаагч, терроризмыг санхүүжүүлэгч дэлхийн тэргүүлэх улсын нэг хэмээн АНУ-ын Засгийн газрын тайланд нэрлээд байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Төрийн Департаментаас гаргасан “Олон улс дахь мансууруулах бодисны хяналт стратегийн тайлан-2015 ”-д Австрали Улсыг тэргүүлэх мөнгө угаагч улсын нэгээр нэрлэв. Үүний зэрэгцээ уг тайланд Австралийн Засгийн газраас мөнгө угаах явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх системийг хэрэгжүүлж эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. 

АНУ-ын Төрийн Департаментын энэ оны тайланд Австрали, Афганистан, Иран, Ирак, Бразил, Орос, Их Британи, Хятад зэрэг 60 улсыг тэргүүлэх мөнгө угаагч улсад хамруулсан байна. 

Олон улсын түвшин дэх мансууруулах бодисны хууль бус худалдаатай холбоотой бэлэн мөнгөний шилжүүлэгт тухайн улс орнуудын санхүүгийн институцийн оролцож буй байдалд нь үндэслэн тэргүүлэх мөнгө угаагч улсыг тодорхойлсон байна. 

Мөн “Австрали Улс дахь мөнгө угаах явдал онц хүнд болон зохион байгуулалттай гэмт хэргийг бий болгох үндсэн хүчин зүйл болж байна. Жил бүр 15 тэрбум орчим долларыг дээрх гэмт хэргийн улмаас Австрали Улс алдаж байна” хэмээн тайланд дурдсан байна. 

Уг тайланд Дэлхийн 200 орчим бүс нутаг, улс орнуудыг 3 ангилал (1.Тэргүүлэх мөнгө угаагч улс /major money laundering countries/, 2.Дунд зэрэг буюу анхаарал татсан улс /Jurisdictions of Concern/, 3.Хяналттай улс /Other Jurisdictions Monitored/)-д хуваасан бөгөөд Монгол Улсыг дунд зэрэг буюу анхаарал татсан улс бүлэгт оруулан байна.

Эх сурвалж

Авлигын эсрэг ширүүн тэмцэхийг Ерөнхийлөгч Парк уриаллаа (2015.03.17) 

БНСУ. Улсаа илүү цэвэр, ил тод улс болгохын уриалсан Ерөнхийлөгч Парк Гын Хе -ийн цуврал мэдэгдлийн хамгийн сүүлийнх нь Солонгосын нийгэмд өргөн тархсан авлигыг үндсээр нь устахын тулд ширүүн тэмцэл хийх хэрэгтэй гэж уриалах явдал байв. 
Өмнөд Солонгос Улсад авлига болон хууль бус үйлдэлтэй тэмцэхгүйгээр эдийн засгийн өндөр өсөлтөд хүрэх боломжгүй болохыг тэрээр Засгийн газрын хуралдаанд оролцох үеэрээ анхааруулсан юм.

Мөн Ерөнхий сайд Ли Ван-когийн зүгээс авлигын эсрэг хийж буй үйл ажиллагааг нь Парк сайшаасан юм. Ерөнхий сайд Ли Ван-ко нь авлигын эсрэг “бүх нийтийн дайн” зарлаад байгаад бөгөөд тэрээр Засгийн газрын бүхий л хүчин чадлыг авлигыг устгахад зарцуулахаа амласан билээ. 

Энэ сарын эхээр, тус улсын Үндэсний Ассамблейгаас авлигатай тэмцэх талаар ихээхэн маргаан дагуулсан нэгэн хуулийг баталсан юм. 

Уг шинэ хуулиар төрийн албан хаагч, сэтгүүлч, хувийн сургуулийн багш нар албан үүрэгт нь холбоотой эсэхээс үл хамааран нэг удаа хэн нэгнээс 1 сая вон (900 ам. доллар)-оос илүү хэмжээний мөнгө болон үнэ бүхий зүйл авсан бол гурав хүртэл жил шоронд хорих, эсхүл авсан мөнгө, үнэ бүхий зүйлийн дүнг 5 дахин нэмэгдүүлж торгох ял ногдуулахаар болсон юм. 

Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн 2014 оны дүнгээр Өмнөд Солонгос Улс 100 онооноос 55 оноо авч, дэлхийн 175 улс орноос 43-т эрэмбэлэгдсэн юм. 

Эх сурвалж