Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа мэдээлэв

A- A A+
Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа мэдээлэв

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг оролцож, тус газраас 2015 оны нэгдүгээр улиралд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр “Төрийн нийт 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх ажил бол ганц АТГ-ын үүрэг биш. Энэ бол төрийн байгууллагуудын удирдлагын, төрийн албан хаагчдын авлигын эсрэг хүсэл зориг байх ёстой. Хамтын хүч чармайлт, оролцоо байх ёстой. Үүнийг одоогийн байдлаар хэмжих шалгуур нь төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө юм. Бид төлөвлөгөөг батлуулчихаад орхидоггүй, араас нь заавал үр дүн, тайлан нэхдэг. Энэ ажил маань нэлээд тогтолцооны шинжтэй болж төлөвшчихсөн. Төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах бас тодорхой механизм байгаа. Хөндлөнгийн шинжээчдээр, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, тухайн төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийлгэдэг. Нэлээд бодитой, цаашид үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж болох үнэлгээ гардаг. Он гарсаар өнөөг хүртэлх хугацаанд АТГ нийслэлийн зарим дүүргүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж ажилласан. Ингэж ажиллах явцад хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрээр ой тэмдэглэх хүрээнд иргэд, байгууллагаас хандив хүлээн авах журам баталсан байсныг хянаж үзээд хүчингүй болгуулсан. Өөр бусад зөрчлийн асуудлаар АТГ-ын албан ёсны цахим хуудас АТГ.мон-д холбогдох мэдээллийг байршуулсан байгаа”-г мэдээлэв. 

Түүнчлэн “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг парламентад суудалтай намууд болон төрийн захиргааны төв, хууль сахиулах байгууллагууд, шүүхийн төлөөлөлд танилцуулсан байна. Энд нэг зүйлийг манай хэвлэлийнхэн анхаарах ёстой. Энэ үнэлгээг АТГ өгдөггүй. Энэ бол хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээ юм. Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, иргэний нийгэм зэрэг салбараас сонгосон шинжээчдийн улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээлэлд өгсөн үнэлгээ дүгнэлт юм. Тэгэхээр 3.58 гэдэг бол өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өндөр түвшний авлига түгээмэл байнаа гэдгийг харуулж байна. Үүнд чухам юу юу нөлөөлж байгаа талаар шинжээчид мөн тодорхой хариултыг өгсөн байгаа. Одоогийн байдлаар АТГ нийт 4-5 төрлийн судалгааг хийдэг. Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0,05 пунктээр нэмэгдсэн байна. Бага ч гэлээ энэ үзүүлэлт нь төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж ажилладаг болсонтой холбоотой” гэлээ. 

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг цааш мэдээлэхдээ “Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 гэдэг утас ажилладгийг та бүхэн мэднэ. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс энэ утсаар болон бас биечлэн, мөн шуудангаар авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээллээс гадна албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой, бас төрийн албан хаагчийн ёс зүйтэй, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг байнга ирүүлдэг. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой нийт хүлээн авсан гомдол, мэдээлэл 2015 оны 1 дүгээр улиралд өсчээ. Гомдол, мэдээлэл нэмэгдэнэ гэдэг бол эерэг үзүүлэлт. Магадгүй, өмнө нь мэдээлдэггүй байсан, мэдээлэхийг хүсдэггүй байсан, мэдээлж зүрхэлдэггүй байсан асуудал ил гарч байгаа хэрэг гэж бид харж байна. Ирүүлсэн гомдол, мэдээлэл бүрийг хянан шалгаж шийдвэрлэж байгаа хувь өмнөхөөс бас нэмэгдсэн байна. Шийдвэрлэлт 20 хувиар нэмэгдсэн байгаа” гэв. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа ажээ. Энэ нь төрийн албанд халаа сэлгээ их байгааг харуулж байна. 3 сарын хугацаанд бараг 3000 шахам хүн шинээр болон шилжин томилогдож байна гэдэг бол төрийн алба хир зэрэг хөдөлгөөнтэй болсныг илтгэж байгаа үзүүлэлт гэж үзэж болох юм.

“Энэ оны 1 дүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ. Авлигатай тэмцэх газар нь орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй бөгөөд 2015 оны 1 дүгээр улиралд тус газрын 50 (давхардсан тоогоор) албан хаагч 187 хоног хөдөө орон нутагт томилолтоор ажиллажээ” гэж мэдээллээ. 

Мэдээллийн төгсгөлд Т.Мөнхтунгалаг “Шалгагдаж байгаа хүний талаарх мэдээллээр хөөцөлдөж нийгэмд дуулиан шуугиан тарьж байснаас хэрхэн авлигаас урьдчилан сэргийлэх вэ, авлигын шалтгаан нөхцөл нь юу юм, цар хүрээ, тархалт нь ямар байна вэ, хаанаа өсөөд, хаанаа буураад байна вэ гэдэгт бүгдээрээ анхаарлаа хандуулъя гэж би та бүхнээс уриалж байна. Нэгэнт шалгагдаж байгаа, шүүхээр шийдэгдээгүй байгаа, гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа хэргийн талаар ярих боломжгүй” гэж хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлч, сурвалжлагчдад хандан уриалав. 

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд бүрэн дүүрэн хүргэхийг зорьсноороо энэ удаагийн мэдээллийн цаг онцлог байв.