Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.28-04.03/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.03.28-04.03/

Шагнал урамшуулалаар авлигыг илрүүлнэ. 

Камбож.Тус улсын Сэтгүүлчдийн Клуб (CCJ) болон Камбожийн Транспарэнси Интернэшнл байгууллагуудаас “Олон улсын авлигыг мэдээлэх бага хурал”-д оролцсон сэтгүүлчдийг урамшуулснаар сэтгүүлчид авлигын асуудлыг ил тод, нээлттэй мэдээлэлэд маш том түлхэц болно хэмээн найдаж байна гэдгээ илэрхийлсэн байна. 

“Камбож Улсын Сэтгүүлчдийн Клуб (CCJ) болон Камбожийн Транспарэнси Интернэшнл (TI) байгууллагууд нь энэ оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 15 хүртэл хугацаанд сэтгүүлчдийн дунд явуулсан эрэн сурвалжлах ажлын тайланг хүлээн авч байна” гэж Камбож Улс дахь Транспарэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Преап Кол хэлсэн байна. Эдгээр сэтгүүлчдэд олгох эхний урамшуулал нь 2015 оны 09 дүгээр сард Малайз Улсын Куала Лампур хотод болох Авлигыс эсрэг хуралд оролцох эрх болон нь 1.200 ам доллар бэлнээр өгөх юм байна. 

“Одоогийн байдлаар гэмт хэрэг, улс төрийн хуйвалдаан, тэр дундаа авлигын хэргийн мөрдөн байцаалтын талаарх мэдээллийг мэдээлдэг ийм үйл ажиллагаа бидэнд маш ихээр хэрэгтэй байна. Манай улсын сэтгүүлчид авлигын эсрэг илүү анхаарал хандуулах ёстой, ингэснээр авлигад өртсөн хүмүүс айн эмээж, авлигад өртөх эрсдэл багасна. Харамсалтай нь одоогийн байдлаар томоохон мэдээллийн хэрэгслээр сэтгүүлч, сурвалжлагч нарт авлига, авлигын гэмт хэргийг асуудлаар мэдээлэл гаргах цаг олгоддоггүй, аль ч мэдээллийн хэрэгслэлд тийм цаг байдаггүй. Тиймээс урамшуулал олгосноор энэ асуудал харьцангуй нээлттэй болно гэж бид найдаж байна” хэмээн тус улсын Сэтгүүлчдийн клубын удирдах зөвлөлийн гишүүн Чхэй Софал хэлсэн байна. 

Эх сурвалж

Судалгааны дүнгээр антибиотикт тэсвэртэй байдал нь авлигатай холбогдов. 

Мельбурн. Судлаач, эрдэмтэд антибиотикт тэсвэртэй байдлыг муу засаглал, дэлхий даяар тархсан авлига хээл хахуультай холбож үзсэн байна. 

"Муу засаглал, авлига хээл хахуулийн өндөр түвшин нь антибиотикт тэсвэртэй байдалтай холбоотой юм гэдгийг бид олж тогтоолоо. Энэ бол анагаах ухааны салбарт олон хүнийг гайхшруулсан ололт болсон" хэмээн Австралийн Үндэсний Их Сургуулийн Анагаахын Сургуулийн тэргүүлэх судлаач Питер Коллигнон мэдэгдсэн байна. 

Нянд тэсвэртэй байдал нь дэлхий нийтээр эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь үүнийг эрүүл мэндийн салбар дахь хямрал гэж нэрлэж байгаа ба энгийн, эмчилж болохуйц халдвар ч амь насанд аюул учруулж байна.Авлига, хээл хахууль ба антибиотикийн хяналтад анхаарлаа хандуулснаар антибиотикт тэсвэртэй байдлыг бууруулж, хүмүүсийн амь насыг аврах боломжтой гэсэн судалгааны дүгнэлт гарсан байна.

Энэхүү судалгаагаар Европ дахь антибиотикт тэсвэртэй байдлыг анагаахын болон улс төр, эдийн засгийн талаас нь авч үзсэн байх ба аливаа улс орны антибиотикт тэсвэртэй байдлын түвшин нь тухайн улсын эдийн засагтай хамааралгүй байна.Судалгаанд хамтран ажилласан Санжаяа Сенанаяаке “Авлига, хээл хахуулийн түвшин өндөртэй улс орнууд ил тод, нээлттэй бус үйл ажиллагаатай, антибиотикт тэсвэртэй байдалтай холбоотой салбарт тавих хяналт муу байсаар ирсэн. Антибиотикт тэсвэртэй нян нь ус, хоол хүнсэнд илүү их тархаж байгаа ба халдварын тархалтад тавих хяналт муу байна” гэжээ. 

Эх сурвалж

Засгийн газар авлига, хээл хахуулийн эсрэг маш хатуу шийтгэл ногдуулна. 

Исламабад. Тус улсын Засгийн газраас авлига, хээл хахуулийн эсрэг хатуу шийтгэл ногдуулах байр сууриа илэрхийлсэн байна. “Ямар түвшинд, ямар хэмжээгээр авлигад өртснөөс үл хамааран тухайн албан хаагчид төр төмөр нударга үзүүлэх болно. Засгийн газар эрчим хүч, эдийн засаг, терроризмын гол асуудлуудыг шийдэх 25 жилийн хэтийн хөтөлбөр боловсруулж байна. Мөн Засгийн газар улс орныхөө хөгжлийг баталгаатай болгохын тулд эдийн засаг ба дэд бүтцийн хөгжлийг ил тод, нээлттэй байдалтай байлгахад анхаарч ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдсэн байна. 

Тэрээр “Пакистанд тулгарч байсан асуудлууд хуучирсан, өнгөрсөн хугацаанд хэн ч эдгээр асуудлын шийдлийг олохын төлөө хүчин чармайлт гаргаагүйд маш их харамсаж байна. Бид хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал Пакистаныг хөгжил дэвшлийн замд нь хөтөлж оруулсан нам гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. 

Харин Ерөнхий сайд өөрийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон талт бодлогуудаа тайлбарлахдаа “Улсынхаа эдийн засгийг бэхжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт. Учир нь бид их хэмжээний нөөцийг бий болгож, улс оронд тулгараад байгаа олон асуудлуудаа шийдэх боломжтой болно. Учир нь бидний ажиллаж байгаа засгийн газарт авлига, гэмт хэргийн асуудал гараагүй тул бид одоогийн үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байна.”гэжээ.

Эх сурвалж

Хариуцлагатай бизнес төв цар хүрээгээ өргөжүүллээ. 

Мьянмар. Тус улсын Хариуцлагатай бизнесийн төв нь Мьянмар Улсын 2015 оны Аж ахуйн нэгжийн тайланд ил тод байдлын судалгааны үе шатыг эхлүүлсэнтэй холбогдуулан цар хүрээгээ өргөжүүлж, компаниудын үйл ажиллагаатай холбоотой тодорхой гомдол мэдээлэл, олон нийтийн саналыг системтэйгээр хүлээн авч эхэлсэн байна. 

“Бид бодитой шалгалт явуулж, үр дүнг гаргахын тулд аль болох олон санал гомдол олон нийтээс хүлээн авахыг хүсч байна. Жишээ нь: Тухайн компани газрын луйвартай холбогдож байсан эсэх, ажилтныхаа эрхийг зөрчиж байгаа эсэх зэрэг асуудлаар санал, гомдол хүлээж авах хэрэгтэй” гэж Хариуцлагатай бизнесийн төвийн захирал Вики Бауман мэдэгдсэн байна.

Тус төв нь Ил тод байдлын тухай анхны тайлангаа өнгөрсөн жил гаргасан бөгөөд энэ нь авлигын эсрэг, тухайн байгууллагын ил тод байдал, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны салбарт Мьянмар Улсын бизнесийн салбарынханыг ил тод, нээлттэй байхыг уриалах зорилготой байсан байна. 

Хариуцлагатай бизнесийн төв нь Яангоны санаачилгаар 2013 онд Англи, Дани, Норвеги, Швейцар, Нидерланд, Ирланд улсуудын санхүүжилттэйгээр байгуулагдсан ба энэ жил тус төв нь олон нийтийн салбарт мэдээллийг нэмэгдүүлж, холбогдох бодлогуудыг боловсронгуй болгох зорилгоор 100 томоохон компанид судалгаа явуулах юм байна. 

Эх сурвалж

Азийн Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк авлига, хээл хахуулийн эсрэг маш хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

БНХАУ. “Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк авлигын эсрэг хатуу шийтгэл оногдуулах байр суурь баримтлах болно” гэж БНХАУ-ын Хүрээлэнгийн түр хугацааны олон талт Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Жин Личунь мэдэгдсэн байна. 

Үүний зэрэгцээ Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын Банк нь ногоон, нүүрстөрөгч багатай эдийн засгийн бодлогыг дэмжиж ажиллах болно гэдгээ БНХАУ-ын хөгжлийн форум дээр илэрхийлсэн байна. 

Азийн дэд бүтцийн салбарт шаардагдаж буй асар их хэмжээний санхүүжилтийг хангахын тулд БНХАУ Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк байгуулахыг санал болгосон ба БНХАУ нь илүү хариуцлагатай ажилласнаар Азид хамтын ажиллагаагаа хөгжүүлж, өргөжүүлэх бүрэн боломжтой. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны гол зорилго нь Азид дэд бүтцийн төслийг дэмжих олон улсын санхүүгийн байгууллага болох явдал бөгөөд энэ ондоо цар хүрээгээ тэлж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар тус банк нь 27 ирээдүйтэй гишүүдтэй байгаа ба саяхан Их Британи, Франц, Герман, Итали, Люксембург, Швейцарь зэрэг улс орнууд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны гишүүн хүсэлтээ гаргаад байна. Эдгээр улсуудыг зөвшөөрвөл ирээдүйтэй гишүүдийн тоо 33 болох юм байна. 

Эх сурвалж

Авлигыг уг үндсээр нь устгахын тулд ядууралтай тэмцэнэ. 

Бангладеш. Авлигын эсрэг хорооноос 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Авлигаас урьдчилан сэргийлэх долоо хоног”-ийн аяны хүрээнд зохион байгуулсан уулзалтын үеэр тус улсын Хөдөө аж ахуйн сайд Матиа Чоудхари “Авлигын үндсэн шалтгаан нь ядуурал юм, авлигыг уг үндсээр нь тасалж, устгахын тулд ядуурлыг бууруулж, авлигатай биш эхлээд ядууралтай тэмцэх хэрэгтэй. Улсаас энэ асуудалд голлох үүрэг гүйцэтгэж, анхаарах хэрэгтэй” гэж 

Мөн “Хэрэв төр нь өөрөө эрүүл бус орчинтой, эсхүл хариуцлага хүлээдэггүй бол бид авлигаас хэзээ ч ангижирч чадахгүй. Туйлдаа хүрсэн ядуурлыг бууруулахад төр нь хариуцлага хүлээх ёстой. Донор улсууд өөрсдөө авлигаас ангижирсны дараа л бидэнд тусламж, дэмжлэг үзүүлэх болно” гэж авлигын эсрэг байр сууриа илэрхийлэхдээ олон донор улс орнууд болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг давхар тэрээр шүүмжилсэн байна. 

Авлигатай тэмцэхэд ажилд хүчин чармайлт гаргаж буй Авлигын эсрэг хорооны үй ажиллагааг сайшааж буй ч үүнээс бүрэн ангижрахын тулд бидний туулах зам маш урт байна гэж тэмдэглэжээ. 

Авлигын эсрэг хорооны дарга Мед Бадиуццаман “Хэрэв бид оюутан залуучуудын авлигын эсрэг үзэл санааг дэмжиж эхэлбэл Бангладеш улс авлигагүй улс болох боломжтой. Хүүхэд, залуучуудад бага наснаас нь зөв үнэ цэнийг ойлгуулснаар авлигатай тэмцэж чадна” гэсэн байна. 

Эх сурвалж

Төсөвт таналт хийснээр тухайн салбарыг авлигад өртөх эрсдэлд оруулж байна гэж Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос мэдэгдлээ. 

Австрали. Баруун Австралийн авлигын хоточ бүлгийн сэрэмжлүүлснээр “Төсвийн хязгаарлалт, мөн хилийн үйлчилгээний дарамт шахалт нь тухайн байгууллагуудын авлигад өртөх эрсдлийг нэмэгдүүлж, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна” гэж Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос парламентад хэлэлцэгдсэн “Албан тушаалын гэмт хэргийн судалгаа”-ны үр дүнгийн тайлангийн үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

Тухайн улсад төрийн байгууллагуудын төсөвт хязгаарлалт хийж, хилийн чанад дахь үйлчилгээнд нөлөөлөх оролдлого хийснээр авлига үүсэх эрсдлийг нэмэгдүүлээд байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьснаар үр дүнтэй, үр ашигтай байдлыг сайжруулна гэсэн баталгаа багассан байна. 

“Албан тушаалын гэмт хэргийн судалгаа”-ны тайланд дурьдсанаар төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хувийн салбарыг ашиглах, төсвийн хөрөнгөнөөс гадна эдийн засгийн эх үүсвэр нь хувийн хэвшлийнхэнтэй хамааралтай болж байгаа нь төрийн үндсэн үйлчилгээг төрийн бус байгууллага гүйцэтгэх зохицуулалтуудыг бий болгосон. 

Төрийн байгууллагууд санхүүгийн боломжийн эх үүсвэрийн загварыг судалж, ашиглаж байгаа ба хамгийн тохиромжтой загвар нь тэтгэмж, тэтгэлэг, хандив,тусламж болоод байна. Төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагууд тэтгэмж, тэтгэлэг, хандив, тусламжийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, төрийн үйлчилгээг хүргэж байгаа нь авлига, албан тушаалын гэмт хэргийн эрсдлийг өсгөж байгаа гол шалтгаан. 

Эх сурвалж

Непал Улсыг “Орон нутгийн авлига” эрсдэлд оруулж байна. 

Непал. Их Британи Улсын Засгийн газраас Непал улс нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулан орон нутгийн авлигыг хязгаарлахгүй бол тус улсад үзүүлэх тусламжийг бууруулна гэж мэдэгджээ. 

Нэгдсэн Вант Улсын гадаад тусламжийг нарийвчлан шалгах үүрэг бүхий Тусламжийн үр нөлөөний бие даасан хорооноос шийдвэр гаргасны дараа зөвлөмж гарсан ба өнгөрсөн оны 11 дүгээр сард Орон нутгийн засаглал ба олон нийтийн хөгжлийн хөтөлбөрөөс дэмжсэн төсөлд гарсан авлигын асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. 

Англи улс нь Их Британийн тусламжийн агентлагаас санхүүжилт авдаг олон донортой, төслийн гол түншүүдийн нэг юм. 2008 онд эхэлсэн 4 жилийн төсөлд донорууд 160 орчим сая ам.долларыг санал болгосон ба хөтөлбөрийн хоёрдугаар шатны тусламж нь 151 сая ам.доллар байна гэж тооцоолж байгаа юм байна. 

“Хэрэв Непал Улсын авлигатай тэмцэх, тэр дундаа орон нутаг дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ахиц гарсан бол Непал дахь Олон улсын хөгжлийн төлөө байгууллагын төслийн зарцуулалтыг зөвтгөж болох юм. Гэтэл Непал Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үр дүнтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул Олон улсын хөгжлийн төлөө байгууллагын төслийг бууруулах ёстой,” гэж Английн Парламентын Олон улсын хөгжлийн хорооны дарга Малкольм Брюс тэмдэглэсэн байна.

Эх Сурвалж

Авлигатай тэмцэх боловсрол ба авлигын эсрэг соёл 

Индонези. Авлигыг системтэйгээр устгах нь тухайн улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Индонези Улсын авлигын эсрэг стратегийн төв нь тус улсын авлигын эсрэг байгууллагуудыг бэхжүүлснээр ирсэн ба ихэнх байгууллагыг нэгтгэж 2002 онд Индонезийн Авлигын эсрэг хороог байгуулсан байна. 

Индонезийн Авлигын эсрэг хороо нь сүүлийн арваад жил амжилттай ажилласан боловч авлига, хээл хахуультай хэвээр байна. 

Төрийн албан хаагчид нь авлига, хээл хахууль нэхэхээс ичдэггүй, олон нийт болон хөрөнгө оруулагчид төлөхөөс татгалзаж, дургүйцдэггүй. Индонезийн зарим төрийн албан хаагчид өөрсдийн авлига, хээл хахуулийн үйлдлээ буруу эсхүл хууль бус гэдгээ ч мэддэггүй байна. Жишээ нь: Тус Улсын Шашны сайд Сурьядхарма Алиг Хажж сангийн хөрөнгөнөөс хууль бусаар мөнгө авсан хэрэгт сэжиглэж шалгахад тэрээр энэ үйлдлээ авлига, хээл хахуулийн асуудал гэдгээ мэдээгүй гэжээ.

Индонези Улсад амьдарч байсан хүмүүст хууль бус, буруу зүйл гэдэг нь илтэд ойлгомжтой зүйл байхад харин индонезчүүдийн хувьд авлига хууль бус зүйл гэдгийн мэддэггүй байна. Жишээ нь: Төрийн албан хаагчид иргэний үнэмлэх гаргаж өгсөнийх нь төлөө “талархал” болгож жаахан бэлэн мөнгө өгөх явдлыг ихэнхи нь авлигын үйлдэл гэж үздэггүй, байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг байна. 

Индонезийн авлигын эсрэг соёл нь энгийн зүйлээс буюу хуулийн шинэчлэл, байгууллагын шинэчлэл, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээнээс эхлэх хэрэгтэй. Мөн орон нутгийн авлигыг устгахын тулд шинэ стратеги ба хандлагыг бий болгох хэрэгтэй ба үүний нэг нь авлигын эсрэг боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх явдал. Урт хугацаанд хэрэгжүүлэх авлигын эсрэг боловсролын хөтөлбөрт дараахь 3 саналыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа юм байна. Үүнд: 

Нэгдүгээрт, Засгийн газраас бүх төрийн албан хаагчдыг авлигын эсрэг боловсрол эзэмшихийг шаардах хэрэгтэй. Авлигын эсрэг хорооноос төрийн албан тушаалтнууд, албан хаагчдад зориулсан авлигын эсрэг боловсролын хөтөлбөр боловсруулсан боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй байна. 

Хоёрдугаарт, Индонезийн засгийн газар Авлигын эсрэг хороогоор дамжуулан Индонезийн нийт ард иргэдийг авлигыг жигшүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор зарим амжилттай хэрэгжиж болохуйц санаачлагыг хэрэгжүүлээд байна. 

Гуравдугаарт, Бага, дунд, ахлах сургуулиудад авлигын эсрэг сургалтын хөтөлбөр боловсруулж, авлигын эсрэг боловсролыг багаас нь олгосноор хүүхдэд авлига гэж юу болохыг таниулах ач холбогдолтой юм. 

Эх сурвалж