Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.04-10/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.04.04-10/

Зүүн Европ болон төв Азийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагааны туршлага, сургамж (2015.4.1)

Нийтлэлийг бичсэн: Дэлхийн банкны зөвлөх асан Ричард Э. Мессик /Авлигатай тэмцэх асуудал болон хууль зүйн асуудлаар олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг/ 

Дэлхий дахинд авлигын эсрэг эрчимтэй тэмцэх бодлого явуулсан энэ мянганы эхний 10-аад жилийн туршлага, сургамжийн талаар сүүлийн жилүүдэд багагүй үнэлгээ, дүгнэлт хийгдэх болжээ. Эдгээрээс 

Их Британийн олон улсын хөгжлийн агентлаг-“Why Corruption Matters: Understanding Causes, Effects and How to Address Them”

U4 авлигын эсрэг судалгааны төв-“Mapping Evidence Gaps in Anticorruption”;

Кеннедигийн их сургууль –“The Effectiveness of Anticorruption Policy: What has Worked, What Hasn’t, and What We Know”

Норвегийн тусламжийн агентлаг-“Joint Evaluation of Support to Anticorruption Efforts, 2002 – 2009”;

“Hertie” засаглалын сургууль-“Contextual Choices in Fighting Corruption: Lessons Learned”

Улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын –“Lessons Learnt from the Three Evaluation Rounds (2000 – 2010): Thematic Articles”

Дэлхийн банк - A Review of World Bank Support for Accountability Institutions in the Context of Governance and Anticorruption зэргийг дурдаж болох юм.

Энэ удаа би Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй Зүүн Европ, төв Азийн Авлигын эсрэг сүлжээ (Армен, Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Тажикстан, Украин, Узбекистан)-ний улсын авлигын эсрэг үйл ажиллагааны туршлага, сургамжийг харуулахыг хичээлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр 8 улс орны 1-рт авлигын эсрэг явуулж буй стратеги, авлигатай тэмцэх мэргэшсэн байгууллага, 2-рт хуулийн шинэчлэл, хууль сахиулах байгууллага, 3-рт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны туршлага, сургамжийн талаар товч авч үзье. 

Үндэсний авлигатай тэмцэх стратеги/авлигатай тэмцэх агентлаг 

* Эдгээр 8 улс бүгд авлигатай тэмцэх стратегитай. Зарим нь 2 болон 3 дахь удаагийн стратегиа батлуулан мөрдөж байна. Хэдий тийм ч улс орнуудад бүрэн хэрэгжүүлж чадаагүй өмнөх стратегиа улам боловсронгуй болгон (тодорхой зорилготой, хугацаатай, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлттэй, тодорхой судалгаанд тулгуурласан) ашиглах явдал түгээмэл байна. Стратеги бүрэн хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь тухайн стратегийн хэрэгжилтэд мониторинг болон үнэлгээ хийх явдал хангалтгүй, Засгийн газрууд яг юунд хүрсэн байх талаар тодорхой зорилтот шалгуураа бүрэн тодорхойлоогүй зэрэгтэй холбоотой байна. 

* Авлигатай тэмцэх стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа болон ажлын уялдааг хангах /coordination/ явдал хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх стратегийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, яам, агентлаг, газрууд бүгд нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг. Үүнээс гадна хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд стратегийн хэрэгжилтийн шатанд ихээхэн ач холбогдол өгч, санаачилгатай ажиллах. Ихэнх улс орнуудад төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцохгүй байна. Дээрх 8 улсын хувьд стратегийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй шийдэл нь төрөл бүрийн байгууллага, агентлаг, засгийн газар болон эрх мэдлийн бүхий л түвшний төлөөллийг оролцуулсан өндөр түвшний зөвлөлдөх зөвлөл байгуулан ажиллаж байна. Гэхдээ зарим улс орнуудад эдгээр зөвлөлд улс төрийн манлайлал, эсхүл захиргааны дэмжлэг үзүүлэх явдал дутмаг байсан. Улс орнуудад стратегийн хэрэгжилтэд уялдуулан зохицуулах үүргийг тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага гүйцэтгэж байна. Авлигатай тэмцэх байгууллагууд нь эрүүгийн чиглэлийн хуулийн хэрэгжилтийг хангуулахад ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд авлигатай тэмцэх бодлогыг улс орны хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нь хангуулах, бусад байгууллага салбарт нөлөө үзүүлэх талын туршлага болон эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна. 

Эрүүгийн хуулийн шинэчлэл/ хууль сахиулах байгууллага 

* Ихэнх улс орнууд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид тусгасан авлигын гэмт хэрэг тухайлбал, хээл хахууль, хөрөнгө хураан авах зэргийг өөрийн хууль тогтоомждоо тусгаж оруулсан байгаа ч зарим улс орнуудын хувьд дорвитой шинэчлэл хийгдээгүй байна. 

* Эрүүгийн болон авлигын эсрэг хууль тогтоомжийг сахиулах үүрэгтэй байгууллагуудын нөөц болон чадавхи хангалттай бүрдээгүй. Улс төрийн дарамт ихтэй, ажиллах хүчний хувьд томоохон авлигын хэргүүдэд ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин хангалттай бус байна. Үүнээс гадна, нийтлэг дутагдал бол авлигын хэргийг яллах прокурорын мэргэшсэн байдал улс орнуудад дутагдалтай байна. Украйн зэрэг улс орнуудад прокурорууд үйл ажиллагааны дараалал, процедурыг л сайн мэдэж байхаас бус өөр төрлийн /авлигын/ гэмт хэргийн талаар нарийвчлан мэргэшээгүй, яллах чадвар дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, чадвар муутай прокурорууд нь зөвхөн хэргийн мөрдөн байцаалтын шат зөв явсан эсэхэд хяналт тавих болон хэргийн нотлох баримт, материалыг шүүх хуралд танилцуулах л үүргийг гүйцэтгэж байна. 

* Улс орнуудад авлигын гэмт хэргийн мөрдөн байцаалт, яллах, шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой тоон мэдээлэл нэг шугамаар нэгтгэгдэхгүй байгаа нь хууль сахиулах үйл ажиллагаан дахь үр дүнг хэмжих, үнэлгээ хийх явдлыг бууруулж байна. 

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь их өргөн хүрээг хамарч байна. Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагаанаас төрийн худалдан авах ажиллагааны системийн шинэчлэл хүртэлх өргөн хүрээнд авлигын бүхий л боломжийг хумих асуудал үүнд хамарч байна. Улс орнуудын хувьд 6 үндсэн чиглэлээр урьдчилан сэргийлэх, авлигын боломжийг хумих алхам хийж байна. Үүнд: 

  • Сонирхлын зөрчлийн хуулиар дамжуулан төрийн үйлчилгээг шударга явуулахыг дэмжих, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулах, ёс зүйн дүрмийг шинэчлэх; 
  • Төрийн худалдан авах ажиллагааны системд шинэчлэл хийх; 
  • Иргэд, олон нийт мэдээлэл авах, мэдээлэх эрхийг нь дэмжсэн хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэх; 
  • Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг шинэчлэх; 
  • Шүүхийн шударга байдлыг нэмэгдүүлэх; 
  • Төр болон хувийн хэвшилд авлигын хяналтын төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Эдгээрийн дунд онцлох туршлагуудыг дурдвал: 

* Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үе шат бүрийг ил тод, шударга байлгах үүднээс улс орнууд цахим худалдан авалт (E-procurement)-ын аргыг түгээмэл нэвтрүүлж байна. 

* АНУ болон Баруун Европын улс орнуудад сонгуульд нэр дэвшигч болон улс төрийн намд хандив өгөх явдал болон түүний зарцуулалтын системийг нарийн хуульчилж өгсөн байдаг бөгөөд улс орнууд эдгээр зохицуулалтыг авч нэвтрүүлэх хэрэгтэй юм. Гэхдээ, бодит амьдралд АНУ болон Баруун Европын системийн туршлагаас харахад намуудад адил тэгш оролцох, тэнцүүгийн зарчмыг бий болгоход маш их хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, АНУ болон Баруу Европын энэ систем нь шинэ нам үүсэх, шинэ нам санхүүжилт олж авах явдлыг хязгаарлаж, одоо байгаа томоохон намуудын үйл ажиллагааг илүү бататгасан хуулийн зохицуулалт болж байгаа билээ. 

Эх сурвалж

Канадын Ерөнхий сайдын экс-туслахыг (хээл хахуулийн хэргийг) шүүх хурал болж байна (2015.04.06)

Канад. 10 дугаар сард болох сонгуульд эрх барьж буй Консерватуудын ялалтад хохирол учруулж болохуйц буюу Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа (шүүх хурал) энэ пүрэв гарагт эхэллээ. 

Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэргүүд нь бүгд Харпер парламентийн дээд танхимын Сенатад түүнийг томилсноос хойших хугацаанд холбогдож байгаа юм.

Засгийн газраа илүү хариуцлагатай болгохоо амлан 2006 оны эхээр эрх мэдлийг авч байсан Консерватуудад энэ шүүх хурал ноцтой бэрхшээл учруулж магадгүй болоод байгаа юм. 

Эдгээр хэргийн дунд 2013 онд Ерөнхий сайд Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтад 72000 ам. долларын чек өгсөн талаараа өөрийн амьжиргааны зардлын тайландаа тусгаагүй байгаа юм. Өнгөрсөн онд энэ хэргийн талаар олон нийт мэдэх болсны дараа ажлын албаны дарга Нигель Райт ажлаасаа халагдаж, Харпер хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Хэдий тийм ч, сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд Харперын тайлбарыг үнэмшилгүй зүйл хэмээн үзэж байгаа юм.

Харперийн нарийн бичгийн дарга Пол Каландра “Майк Даффийг хууль бус зарцуулалт хийсэн хэрэгт буруутгаж байгаа. Энэ нь үнэн бол тэр хуулийн дагуу хариуцлага бүрэн хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдээд байна. 

Хэргийн шүүх хурлыг 4, 5, 6 дугаар сард явуулах бөгөөд нийтдээ 41 өдөр хуралдахаар тов гарсан байна.

Эх сурвалж

Авлигын хэргээр Хятадын хотын дарга “Бульдозер Жи” 15 жилийн хорих ял авлаа (2015.4.7)

БНХАУ. Ши Зиньпин даргын тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд, авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүний авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав. 

Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүх өөрийн “Weibo” хуудсанд 1999-2012 оны хооронд хээл хахуульд 2.37 сая ам. доллар авсан хэрэгт Жи Жианийг буруутай болохыг тогтоосон талаар мэдэгдэв. Шүүхийн мэдэгдэлд “өөрийнхөө бурууг хүлээж, чин санаанаас гэмшсэн Жи Жианьэд шүүхээс зарим ялыг нь хөнгөрүүлсэн” гэжээ.

“Бульдозер Жи” гэх хочтой Жи Жианьээс хууль сахиулах байгууллагууд 420000 ам. долларыг өртөг бүхий хөрөнгө хураан авсан байна. 

Нанжин бол Жянсу мужийн нийслэл хот бөгөөд хөрш Шаньдун мужид орших Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн түүнийг шийтгэсэн юм. Хятадад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудыг амьдарч байгаа нутгийнх нь эрх мэдэл бүхий этгээдүүдээс ангид байлгахын тулд хэргийг өөр мужийн шүүхээр шийдвэрлэдэг юм. 

Бульдозер Жи нь 2010 нь Нанжин хотын дарга болохоосоо өмнө Куньшань болон Яньжоу хотыг удирдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Жи Жианьийн улс төрийн бүхий л замнал Жянсу мужтай холбоотой юм. 

Жи болон түүний гэр бүлийн гишүүд үлэмж хэмжээний мөнгө болон бэлэг хүлээн авсан, хууль зөрчсөн талаар тус улсын хууль сахиулах байгууллагууд мэдэгдсэний дараа буюу 2014 оны 1 дүгээр сард түүнийг Коммунист намаас хөөсөн билээ. Жи-гийн улс төр дэх уналтыг өөрийн ойр дотнын этгээдийн компанид барилгын төслүүдийг шилжүүлсэн явдалтай холбоотой хэмээн төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм. 

Үүнээс гадна, Аньхуй мужийн орлогч дарга асан Ни Пак -ийг нийтдээ 2.7 сая ам. долларын өртөг бүхий урлагийн зүйлс, үнэт чулуу, бэлэн мөнгийг хээл хахуульд авсан болохыг шүүхээс өнгөрөгч 2 дугаар сард тогтоон 17 жилийн хорих ял оногдуулаад байгаа билээ. 

Эх сурвалж

Дели хотын авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага ирсэн (2014.4.16)

Энэтхэг. Дели хотын захиргаанаас ням гарагт ажиллагаанд оруулсан авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна. 

Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад аль хэдийн шилжүүлсэн байна. 

"Дээрх дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол байсан” гэж тус Захиргааны зүгээс хийсэн албан мэдэгдэлд дурдлаа. 

Авлигын талаар мэдээлэл авах уг утас нь нийслэл Дели хот дахь авлигыг үлэмж хэмжээгээр бууруулахад туслах хэрэгсэл болно гэж “Aam Aadmi” намаас үзэж байгаа юм. Тус намаас Делийг Энэтхэг Улс дахь авлигагүй хот болгохоо удаа дараа амлаад байгаа юм. 

Эх сурвалж

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк авлигыг үл тэвчих байр суурьтай (2015.03.22) 

БНХАУ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДХБ) авлигыг үл тэвчих байр суурийг баримтлах болно хэмээн Хятадын хөгжлийн форумын үеэр тус банкны олон талт хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жин Ликун мэдэгдлээ. Үүнээс гадна ноён Жин Ликун “нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд АДХБ ажиллах болно” хэмээн мэдэгдсэн юм. 

Түүний хэлснээр энэ сарын эцэс гэхэд АДХБ-ийг үүсгэн байгуулах 35 ба түүнээс дээш тооны улс орон гишүүнээр нэгдэхээр болоод байгаа ажээ. “Хятад Улс Азийн дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор АДХБ-ийг байгуулахаар ажиллаж байна. Энд Хятад Улс илүү их хариуцлагыг үүрэх замаар Азийн улс орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх болно” хэмээн тэрээр хэлсэн юм. 

АДХБ-ийг Азийн дэд бүтцийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх олон улсын санхүүгийн институц болгохоор зорьж буй бөгөөд энэ оны эцэс гэхэд тус банкийг байгуулсан байхаар төлөвлөж байгаа юм. 

АДХБ-ийг үүсгэн байгуулах гишүүн 27 улстай болоод байгаа бөгөөд Их Британи, Франц, Герман, Итали, Люксенбург, Швейцари зэрэг улсууд АДХБ-д гишүүн болохоор хүсэлтээ хүргүүлээд байгаа билээ. 

Эх сурвалж

Сонгуульд нэр дэвшигч нар шударга ёсны амлалт өгч байхыг зөвлөв (2015.04.03)

Малайз. Ерөнхий сайдын томилодог Малайзын Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөлдөх зөвлөл -өөс сонгуульд нэр дэвших гэж буй хүмүүс шударга байх амлалт өгч байх хэрэгтэйг зөвлөв. Тус зөвлөлийн тэргүүн Тан Шри Жон Жафарын хэлснээр олон нийтийн төлөөлөн болж сонгогдох гэж буй хүмүүс шударга байх, мөн шударга ёсны соёлыг илэрхийлэгч, тусгал байх ёстой аж. 

Үүнээс гадна “Малайзын эрх баригч “Barisan Nasional” намын парламент дахь гишүүдийг албан тушаалаа урвуулан ашиглах явдлаас зайлсхийх, авлигагүй орчныг бүрдүүлэх, шударга ёсны соёлыг түгээн дэлгэрүүлэх амлалт өгч, гарын үсэг зурвал сайшаан, талархаж хүлээн авах болно” гэдгээ Тан Шри Жон хэлсэн байна. 

Эх сурвалж