УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

A- A A+
УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирэв. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд танилцах уулзалтыг нээж хэлэхдээ “Монгол Улсад харьцангуй шинэ тулгар байгуулагдсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцах боломжийг та бүхэнд олгож байна. Ингэснээр УИХ-ын дэргэдэх төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо илүү нягтарч, бидний харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Танилцах уулзалтад оролцогчид Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн ажил байдалтай танилцаж, зарим ажилтан, албан хаагчтай ярилцав. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын явц, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, дэд дарга Р.Содхүү, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр, Монгол банкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн ахлах хянан шалгагч Д.Гэрэлчулуун нар оролцов.